Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 2851

 

        Талуудын эвлэрлийг баталж,

                                      хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянзүрх, Сүхбаатар, дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 29 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө, Сүлжмэл ХХК-ийн байр хаягт үйл ажиллагаа явуулдаг Хаан хүнс сүлжээ ХХК /РД:5786878/-ийн гаргасан,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 26 дугаар байр, 16 тоот хаягт оршин суух Булгадар овогт Лосолын Хосбаяр /РД:ХЗ87123119/-т холбогдох 7,996,404.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч Хаан хүнс сүлжээ ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л.Хосбаяр нь тус компанид 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдрөөс худалдааны төлөөлөгчөөр томилогдон ажиллаж байх хугацаандаа компанийн орлогын мөнгөөс хувьдаа шамшигдуулж, компанид нийт 7,996,404.00 төгрөгийн хохирол учруулсан байсныг санхүүгийн нэгдсэн шалгалтаар тогтоосон.

Хариуцагч Л.Хосбаяр биеэр манай компанид ирж өргөдөл бичихдээ дээрх мөнгөн дүнг хүлээн зөвшөөрч, санхүүгийн баримт бичиг дээр тооцоо нийлж, эргэн төлөх график гаргасан нь энэхүү мөнгийг хувьдаа авснаа 100 хувь хүлээн зөвшөөрсөн үйлдэл болсон гэж бид үзэж байна.

Бид Л.Хосбаярт боломж олгож төлбөр тооцоо барагдуулах уян хатан нөхцлөөр хангаж, 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс төлбөр төлж эхлэхээр тохиролцсон боловч одоо хүртэл төлөхгүй байна.

Иймд, Л.Хосбаяраас 7,996,404.00 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж 142,900.00 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.

Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 03 дугаар сарын 04-ний өдөр  иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсныг тус тус баталгаажуулсан байна.

Хариуцагчийн зүгээс 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр бичгээр өгсөн хариу тайлбартаа “Миний бие 2015 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр хүртэл Хаан хүнс сүлжээ ХХК-нд ажиллах хугацаанд Худалдааны төлөөлөгчөөр ажиллаж байсан. Ажиллах хугацаанд бараа бүтээгдэхүүнийг зээлээр тавиулж, сүүлд тооцоо нийлсэн актыг зээл авсан газруудтай нийлдэг.

Компанийн зүгээс зээлтэй газруудын зээлийн хяналт шалгалт хийдэггүй, 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдөр ажиллаж байсан надтай адил 8 /найм/ Худалдааны төлөөлөгчийг ажлаач чөлөөлж, 2015 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд хариуцсан Нягтлан бодогчтой зээлтэй газруудаар тооцоо нийлсэн акт үйлдүүлэн дараагийн Худалдааны төлөөлөгчид хүлээлгэн өгсөн. Миний тооцоо нийлсэн зээлтэй газруудыг зээл нь өндөр тавигдсан шалтгаанаар дараагийн Худалдааны төлөөлөгч хүлээн аваагүй. Иймээс зээлтэй газрууд хаягдаж, алга болж, түрээслэгч нь солигдон тус газруудын зээл миний нэр рүү шилжсэн болно. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.

Гэвч Хаан хүнс сүлжээ ХХК-ийн нэхэмжлэлтэй, Л.Хосбаярт холбогдох 7,996,404.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэх шүүх хуралдааныг 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн 11 цаг 30 минутад хэлэлцүүлэхээр тус шүүхийн шүүгчийн 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 11393 дугаар захирамж гарч, шүүх хуралдаан товлогдсон боловч нэхэмжлэгч, хариуцагч нар шүүх хуралдаанаас өмнө буюу эвлэрч, эвлэрлийн гэрээг шүүхэд бичгээр ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн болохыг дурдаж байна.

Талууд хэрэг хянан хэлэлцэх ажиллагааны явцад 2016 оны 03 дугаар сарын 31-ний өдөр Эвлэрлийн гэрээ байгуулж, дараах зүйлийг тохирчээ. Үүнд:

Хариуцагч Л.Хосбаяр нь

  1. 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр 2,665,468.00 төгрөг төлөх,
  2. 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр 2,665,468.00 төгрөг төлөх,
  3. 2016 оны 06 дугаар сарын 20-ны өдөр 2,665,468.00 төгрөг төлж, нийт 7,996,404.00 төгрөгийг төлж дуусгахаар болжээ.

 ҮНДЭСЛЭХ НЬ:

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зорилгоор талуудын Эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах хуулийн зохицуулалттай.

Хэрэгт цугларсан баримтаас дүгнэвэл хариуцагч Л.Хосбаяр 2015 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр Хаан хүнс сүлжээ ХХК-тай Хөдөлмөрийн гэрээ, Эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулж, Худалдааны төлөөлөгчийн албан тушаалд томилогдон ажиллахаар болсон байна. Тус компанийн Гүйцэтгэх захирлын 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн А-01 тоот тушаалаар баталсан Худалдааны төлөөлөгчийн ажлын байрны тодорхойлолтонд зааснаар Худалдааны төлөөлөгч нь бүсийн харилцагч бүрт бүтээгдэхүүнийг шууд нийлүүлж, төлбөр тооцоог хийх, зээлээр бүтээгдэхүүн олгох харилцагчийг тодорхойлж, гэрээ хийснээр бүтээгдэхүүн олгох, зээлийг эрсдэлийг хариуцах, бүтээгдэхүүний нэр, төрөл байршлыг бүрэн гүйцэт байлгахад анхаарч ажиллах үүрэгтэй ажээ.

Хариуцагч Л.Хосбаяр нь 2016 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хаан хүнс сүлжээ ХХК-тай тооцоо нийлж, улмаар 7,996,404.00 төгрөгийг тодорхой хугацаанд төлж барагдуулах талаар тус компанид тайлбар гаргаж байсан зэрэг баримтууд тус тус хэрэгт авагдсан байна.

Хэдийгээр хариуцагчийн зүгээс 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр бичгээр өгсөн хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг эс хүлээн зөвшөөрч татгалзаж байсан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд эвлэрч, нэхэмжлэлийн шаардлага болох 7,996,404.00 төгрөгийг тодорхой хугацаанд төлөх тухай Эвлэрлийн гэрээ, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны талаар танилцсан Тэмдэглэл зэргийг тус тус үндэслэн Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж дүгнэлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д зааснаар Эвлэрлийн гэрээ нь Иргэний хууль зөрчөөгүй гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байх зохицуулалттай.

Талуудын эвлэрэл нь нэхэмжлэгчээс гаргасан шаардлагын хүрээнд, хариуцагчийн хүлээн зөвшөөрсөн хэмжээнд эвлэрч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа бүрэн эрх бүхий этгээдүүд хүсэл зоригоо илэрхийлж, гэрээний гол нөхцлийг хуулийн хүрээнд тодорхойлж байгуулсан байгаа нь Иргэний хууль зөрчөөгүй гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж үзэв.

Иймд, Хаан хүнс сүлжээ ХХК-ийн гаргасан Л.Хосбаярт холбогдох 7,996,404.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

            1. Хаан хүнс сүлжээ ХХК-ийн гаргасан Л.Хосбаярт холбогдох 7,996,404.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Хаан хүнс сүлжээ ХХК-иас урьдчилан төлсөн улсын тэмдэгтийн хураамж 142,900.00 төгрөгийн тал хувь болох 71,450.00 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас, үлдэх 71,450.00 төгрөгийг хариуцагч Л.Хосбаяраас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдсугай.

            4.Захирамжийг зохигч сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тэдгээрт сануулсугай.

                                   

  

ШҮҮГЧ                                                           Б.МАНДАЛБАЯР