| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0042/Э |
| Дугаар | 023 |
| Огноо | 2020-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 023
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гүнсэл /томилолтоор/,
шүүгдэгч Х.Л- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Өөлд овогт Х-ын Л-д холбогдох эрүүгийн 1929003020885 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Х.Л- 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын ... гэх газарт “...” боомтоор зорчигч тээвэрлэх үйлчилгээ эрхэлж байхдаа таксинд суух хүнээ булаацалдан маргалдаж, улмаар Н.Ц-ын нүүрэн тус газар нь гараараа маажиж, хөл рүү нь өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь “дух баруун нүдний зовхи, шанаа, хамрын зулгаралт, баруун гуяны цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Х.Л- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Эрүүгийн 1929003020885 дугаартай хэргээс:
Хохирогч Н.Ц-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,
Гэрч Б.Г-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,
Гэрч Б.Ц-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №599 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-р хуудас/,
Шүүгдэгч Х.Л-гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-38-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: гадаад паспортын хуулбар /хх-ийн 40-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 46-р хуудас/, жолоочийн үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 48-р хуудас/ зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Х.Л- 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Бүгд Найрамдах Хятад Ард улсын ... гэх газарт зорчигч тээвэрлэх үйлчилгээ эрхэлж байхдаа хохирогч Н.Ц-тай таксинд суух хүнээ булаацалдан маргалдаж нүүрэн тус газар нь гараараа маажиж, хөл рүү нь өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь “дух баруун нүдний зовхи, шанаа, хамрын зулгаралт, баруун гуяны цус хуралт бүхий” хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч Н.Ц-ын ...Би 2019 оны 10 дугаар сарын 13-ны өглөө БНХАУ-ын “...” гэх газарт хүн зөөдөг “Истана” машин дээрээ оочерт зогсож байгаад Л-гээс “чи надад 5 хүн өгөөч, би түрүүлээд ... хилийн боомтоор гарч байя” гэхэд “чадахгүй, би өөрөө хүн авч орох гэж байна, чи дуртай юм бол өөрөө оочерлож байгаад хүнээ ачаад ор” гэж хэлсэн. Тэгэхээр нь Л-д “чи надаас хүн гуйгаад ачаад явдаг байсан биз дээ” гэж хэлж байтал такси ирээд хоёр хүн буулгаад яваад өгсөн. Би тэр хоёр хүнийг өөрийнхөө машинд суулгахад Л- “чи яагаад миний хүнийг аваад байгаа юм бэ” гээд над руу уурласан. Би Л-гийн цээж рүү нэг удаа түлхээд өөрөөсөө холдуултал Л- над руу дайрч эхэлсэн. Тэгэхээр нь би Л-гийн үснээс нь зуураад автал миний нүүрийг маажсан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
Гэрч Б.Г-ын ...Тухайн үед би машин дотроо сууж байсан юм. Гэтэл оочерноос болоод манай эхнэр Ц- нь Л-тэй хэрэлдээд байсан. ...Нэг харсан чинь Л- эхнэр Ц-ын нүүрийг маажаад урчихсан. Манай эхнэр Л-г үснээс нь дараад зуурчихсан байхаар нь би очиж салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,
Гэрч Б.Ц-гийн ...БНХАУ-ын “...” гэх газарт байдаг цайны газарт цай уугаад сууж байтал “Истана” маркийн машин оочерлодог газарт Л-, Ц- хоёр хоорондоо маргалдаж байсан. Би тэр хоёрыг маргалдсаны дараа очоод оочерын машин дээрээ байж байтал Л-, Ц- хоёр дахин хоорондоо маргалдаад байхаар нь “та хоёр боль” гээд салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/,
Өмнөговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №599 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Н.Ц-ын биед дух баруун нүдний зовхи, шанаа, хамрын зулгаралт баруун гуяны цус хуралт хуралт гэмтэл үүсчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 28-р хуудас/,
Шүүгдэгч Х.Л-гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн Ц- намайг үсдээд доошоо дарсан. Би гарыг нь тавиулах гэж байгаад санамсаргүйгээр нүүрийг нь маажсан...гэх мэдүүлэг /хх-ийн 36-38-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Шүүгдэгч Х.Л- нь хохирогч Н.Ц-тай Найрамдах Хятад Ард улсын ... гэх газарт таксинд суух хүнээ булаацалдан маргалдаж, улмаар хохирогч Н.Ц-ын нүүрэн тус газар нь маажиж, хөл рүү нь өшиглөх зэргээр эрүүл мэндэд нь “дух баруун нүдний зовхи, шанаа, хамрын зулгаралт, баруун гуяны цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн хангасан байна.
Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Х.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Н.Ц-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь хор уршигтай холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй бөгөөд тэрээр “Х.Л-д гомдол санал байхгүй” /хх-ийн 17-р хуудас/ гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Харин хохирогч Н.Ц- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Х.Л-гээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдав.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсын иргэн, … гадаад улсад энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдэж, тухайн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага хүлээлгээгүй бол энэ хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Х.Л-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Х.Л- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг хохирогч Н.Ц-, шүүгдэгч Х.Л- нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүгдэгч Х.Л- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй ял шийтгэлгүй байна.
Шүүхээс шүүгдэгч Х.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан ялын саналын хүрээнд шүүгдэгч Х.Л-д торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Л-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Х.Л- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Ө овогт Х-ын Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Л-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Л-д мэдэгдсүгэй.
4. Хохирогч Н.Ц- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шүүгдэгч Х.Л-гээс нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
5. Шүүгдэгч Х.Л- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР