| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/02849/и |
| Дугаар | 2849 |
| Огноо | 2016-03-31 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 03 сарын 31 өдөр
Дугаар 2849
Зохигчдын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, 119 дүгээр байр, 98 тоот хаягт оршин суух Боржигон овогт Тулгаагийн Даш /РД:ХМ63122474/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 12 дугаар хороо, Натур төвийн урд байрлах 105 дугаар байрны 85 тоот хаягт оршин суух Бүдүүн овогт Дуламсүрэнгийн Соёлмаа /РД:ЙЛ69122501/-д холбогдох,
3,324,000.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Т.Даш, хариуцагч Д.Соёлмаа болон шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Даш 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Иргэн Т.Даш би Д.Соёлмаатай 2015 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр төмрийн худалдаа хийж, 32.9 тонн төмөр 5,922,000.00 төгрөгөөр худалдаад 3,522,000.00 төгрөгийг цувуулан авч, 2,400,000.00 төгрөг үлдсэн боловч хариуцагч Д.Соёлмаа одоо хүртэл өгөхгүй байна.
Бид энэ үлдэгдэл төлбөрийн талаар Төлбөр барагдуулах тухай хэлцэл хийж, гарын үсэг зурж, нотариатаар баталгаажуулсан. Гэрээний хугацаа дууссан боловч Д.Соёлмаа төлбөр төлөөгүй өнөөг хүрч байгаа ба гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутамп 0.5 хувийн алданги тооцож, 77 хононгийн алданги, үндсэн төлбөр 2,400,000.00 төгрөг, нийт 3,324,000.00 төгрөг болж байна.
Иймд, Д.Соёлмаагаас 3,324,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Соёлмаа 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдөр шүүхэд гаргасан хариу тайлбартаа “Би Дарханы төмөрлөгийн үйлдвэрт төмөр нийлүүлдэг, дээрх төмрийг тус үйлдвэрт өгсөн боловч тус байгууллага хариу төлбөр өгөхгүй байна, мөнгө бүтэхгүй болохоор өөрийн нэр дээр байгаа 14-80 УНӨ дугаартай портер маркийн машиныг аваач гэж 2015 оны 01 дүгээр сард үзүүлсэн боловч хариу хэлье гээд чимээгүй болсон, уг мөнгийг миний бие 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлнө” гэжээ.
Нэхэмжлэгч Т.Даш, хариуцагч Д.Соёлмаа нар шүүх хуралдаанд гаргасан Эвлэрлийн гэрээндээ:
Шүүх хуралдаанаар зохигчдын байгуулсан Эвлэрлийн гэрээ, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.Даш нь хариуцагч Д.Соёлмаад холбогдуулан 3,324,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүхээс иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан баримтыг тус тус баталгаажуулсан байна.
Дээрх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад талууд эвлэрч, хариуцагч Д.Соёлмаа нь нэхэмжлэлийн шаардлагаас нийт 2,600,000.00 төгрөгийг 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр төлөхийг хүлээн зөвшөөрч, харин нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 724,000.00 төгрөгөөр багасган Эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Монгол Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар 106.5-д зааснаар зохигч нар эвлэрсэн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалсан ашиг сонирхлыг хөндөөгүй эвлэрэл нь хуульд харшлаагүй бол шүүх зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж, тогтоол гаргах зохицуулалттай.
Хэрэгт цугларсан баримтаас үзвэл нэхэмжлэгч Т.Даш, хариуцагч Д.Соёлмаа нар 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулж, 2015 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн төмөр Худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл үнэ болох 2,400,000.00 төгрөгийг хариуцагч 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр төлөхөөр тохирч, талууд эрх зүйн харилцаанд оролцжээ.
Талууд зөвхөн өөрсдийн хооронд байгуулсан 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Төлбөр барагдуулах гэрэээний үүргийн гүйцэтгэлийг шаардах тухай нэхэмжлэлийн хүрээнд энэхүү Эвлэрлийн гэрээг байгуулж, гэрээний гол нөхцлийг тохирсон байх бөгөөд уг эвлэрэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих ёсоор оролцож байгаа эрх бүхий этгээдүүдийн чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн үр дүн байхаас гадна Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс үүнийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байна.
Иймд, шүүхээс зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Т.Дашийн гаргасан Д.Соёлмаад холбогдох 3,324,000.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 2,600,000.00 төгрөг болгосныг хариуцагч Д.Соёлмаа хүлээн зөвшөөрч, 2016 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөх, хэрэв хугацаандаа төлөхгүй тохиолдолд 2,700,000.00 төгрөг төлөх тухай харилцан тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68,140.00 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Д.Соёлмаагийн хүлээн зөвшөөрч төлөхөөр болсон 2,600,000.00 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж болох 56,550.00 төгрөгийг түүнээс гаргуулж, нэхэмжлэгч Т.Даш-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч Д.Соёлмаа сайн дураар биелүүлээгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 74 дүгээр зүйлийн 74.4-т тус тус зааснаар зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР