| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0724/Э |
| Дугаар | 017 |
| Огноо | 2020-01-08 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Алтанцэцэг |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 08 өдөр
Дугаар 017
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ш.Алтанцэцэг,
шүүгдэгч Д.О-, түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Д-ын О-т холбогдох эрүүгийн 1910021330724 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Д.О- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэн согтсон үедээ 2019 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны гадаа иргэн Ж.М-ыг үл ялиг шалтгааны улмаас биед нь халдаж түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.О- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Эрүүгийн 1910021330724 дугаартай хэргээс:
Хохирогч Ж.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-12, 20-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч М.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч О.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №1207 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-37-р хуудас/,
Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40-43-р хуудас/,
Шүүгдэгч Д.О-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 54-56-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Д.Г-ын мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/, гэрч Б.Б-ын мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 59-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 60-р хуудас/, сурагчийн хувийн хэрэг /хх-ийн 61-67-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 68-р хуудас/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 535 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 70-71-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Д.О-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Д.О- нь 2019 оны 9 дүгээр сарын 03-наас 04-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ... дугаар байрны гадаа хохирогч Ж.М-ыг “бусдыг дээрэлхлээ” гэж шалтаглан түүнийг зодож эрүүл мэндэд нь “доод уруулын дотор салстад шарх, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хоёр шүдний сулрал, хоёр тохой, зүүн сарвуунд зулгаралт, зүүн чихний дэлбээнд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч Ж.М-ын ...Би Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны Саарлын 7 дугаар байрны гадна талд машины зогсоол дээр өдрийн 14 цагаас хойш автомашинаа янзалж байхдаа байрныхаа хүмүүстэй хамт согтууруулах ундаа хэрэглэж байгаад оройн 20 цагийн үед гэртээ орж амарсан. Тэгээд оройн 23 цагийн үед гэрээсээ гарч дэлгүүр орж тамхи авчихаад буцаад явж байхдаа хоёр хүүхэдтэй таарахад “ахаа та утас авахгүй юу” гэхээр нь “үзье” гэж хэлээд дагаж явсан. Намайг бие засаж байхад өндөр эрэгтэй хүүхэд /О-/ ирээд юм хэлэх шиг болсноо гараараа цохисон. Намайг газар унахад дээрээс хөлөөрөө 2-3 удаа өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 8-12, 20-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч М.Б-ын ...2019 оны 9 дүгээр сарын 03-ны орой 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Саарлын 7 дугаар байрны гадна М- ахтай таараад “та гар утас авах уу” гэхэд “ах нь гар утасгүй байгаа, үзээд болвол авъя” гэж хэлээд Б- бид хоёртоо хамт явсан. Замдаа М- ах гудамжинд шээх гээд зогсож байхад нь О- М- ахад “яасан муухай хардаг юм бэ” гээд нүүр рүү нь баруун гараараа нэг удаа цохисон. Тэр үед М- ах газарт унахад О- дээрээс нь өшиглөж байснаа цаашаа гүйгээд яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
Насанд хүрээгүй гэрч О.Б-ын ...2019 оны 9 дүгээр сарын 03-ны орой 23 цагийн үед Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо Саарлын 7 дугаар байрны гадна М- ахтай таараад “та гар утас авах уу” гэхэд “ах нь гар утасгүй байгаа, үзээд болвол авъя” гээд Б- бид хоёртоо хамт явж байсан. ...М- ах гудамжинд шээх гээд зогсож байхад О- М- ахад “яасан муухай хардаг юм бэ” гээд нүүр рүү нь баруун гараараа нэг удаа цохисон. М- ахыг газарт унахад дээрээс нь өшиглөж байснаа цаашаа гүйгээд яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №1207 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Ж.М-ын биед доод уруулын дотор салстад шарх, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хоёр шүдний сулрал, хоёр тохой, зүүн сарвуунд зулгаралт, зүүн чихний дэлбээнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 36-37-р хуудас/,
Таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 40-43-р хуудас/,
Шүүгдэгч Д.О-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо ... дугаар байрны хажуугаар өнгөрөөд явж байхад зүс таних хоёр хүүхдийн /Б-, Б-/ хажууд согтуу эрэгтэй хүн /М-/ дээрэлхээд байгаа юм шиг харагдахаар нь очоод “дүү нарыг зүгээр байлгаарай” гэж хэлээд гараараа нэг цохиж унагаасан. Тэгээд дээрээс нь 1-2 удаа өшиглөөд нөгөө хоёр хүүхдийг /Б-, Б-/ гэр рүү нь явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 54-56-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч Д.О- нь хохирогч Ж.М-ыг гараараа цохиж, өшиглөж зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед “доод уруулын дотор салстад шарх, духанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, хоёр шүдний сулрал, хоёр тохой, зүүн сарвуунд зулгаралт, зүүн чихний дэлбээнд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учирсан ба шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн биед учирсан гэмтэл хоёр шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Д.О- нь хохирогч Ж.М-ыг гараараа цохиж, өшиглөж хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Д.О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.О- болон түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдав.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч Ж.М-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь хор уршигтай холбоотой 238.242 төгрөгийн баримт /хх-ийн 45-46-р хуудас/ ирүүлжээ.
Иймд Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-аас 238.242 төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.М-од олгохор шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Д.О-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг биелүүлээгүй байх тул арван таван нэгжийг нэг хоногоор тооцон 33 хоногийн хорих ялаар сольж, Энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1.000.000 төгрөгөөр торгох ялыг тус тусад нь эдлүүлэх дүгнэлт гаргасан ба,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс миний үйлчлүүлэгч нь ганцаараа ажил хийж ар гэрээ тэжээн тэтгэдэг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, уг ялыг цагдан хоригдсон нийт хоногт дүйцүүлэн хасаж ял эдэлсэнд тооцож өгнө үү. Мөн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 500.000 төгрөгөөр торгох ялыг энэ тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас тусад нь эдлүүлж өгнө үү гэсэн санал гаргаж мэтгэлцэв.
Шүүгдэгч Д.О-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр VIP караокед зөөгчөөр ажилладаг гэх боловч цалин, хөлсний талаархи баримт хэрэгт авагдаагүй, хохирогчид учирсан хохирлыг төлөөгүй зэрэг нөхцөл байдлаас үзэхэд торгох ял оногдуулах нь хувийн байдалд нь тохирохгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 568 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч Д.О-т 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийг хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна. /хх-ийн 95-р хуудас/
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.О-ын 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрөөс шийтгэх тогтоол гарсан энэ өдрийн байдлаар нийт 21 хоног цагдан хоригдсон ба нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцоход 168 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцож, түүнд оногдуулсан 568 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас хасч, үлдэх 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлүүлэхээр тогтоов.
Шүүгдэгч Д.О- нь Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 535 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг төлж барагдуулаагүй талаарх шалтгаан нөхцөлийг судалсан баримт Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас ирүүлээгүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй тул улсын яллагчаас гаргасан өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг хорих ялаар солих саналыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2-т “хэд хэдэн шийтгэх тогтоолоор өөр төрлийн ял оногдуулахдаа уг ялуудыг нэмж, нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.О-т оногдуулсан ялыг тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.О-т мэдэгдэх нь зүйтэй.
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хохирогчийн өвчний карт 4 хуудас болон 3 хуудас баримт нийт 7 хуудас, УБ Сонгдо эмнэлгийн Сиди 1 ширхэгийг хохирогч Ж.М-од буцаан олгох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б овогт Д-ын О-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-ыг 568 /таван зуун жаран найм/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.О-ын цагдан хоригдсон нийт 21 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож, түүнд оногдуулсан 568 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас 168 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял эдэлсэнд тооцож, үлдэх 400 /дөрвөн зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Д.О-т мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 535 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялаас тусад нь эдлүүлсүгэй.
6. Шүүгдэгч Д.О-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн, 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.О-аас 238.242 /хоёр зуун гучин найман мянга хоёр зуун дөчин хоёр/ төгрөгийг гаргуулж, хохирогч Ж.М-од олгосугай.
8. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, хохирогчийн өвчний карт 4 хуудас болон 3 хуудас баримт нийт 7 хуудас, УБ Сонгдо эмнэлгийн сиди 1 ширхэг зэргийг хохирогч Ж.М-од буцаан олгосугай.
9. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Д.О-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР