| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/02793/и |
| Дугаар | 2793 |
| Огноо | 2016-03-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2793
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, 1-40 мянгат, А4 дүгээр байрны 9 тоот орших Жэй Эй Эс Эм ББСБ /РД:5154154/-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Баяндөхөм 19 дүгээр гудамж, 6 тоот хаягт оршин суух Хатгин овгийн Доржийн Баатар /РД:ХК63121410/-т холбогдох 1,998,848.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Жэй Эй Эс Эм ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Д.Баатар нь манай байгууллагаас хэрэглээний зээл авах хүсэлтээ гарган, зээлийн нөхцлийг хүлээн зөвшөөрсний үндсэн дээр 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Зээлийн болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, 5,000,000.00 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай зээлж, зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу сар бүр төлж дуусгахаар тохирсон.
Гэрээнд заасан хугацаанд үндсэн зээл болон хүүг төлөөгүй нөхцөлд үндсэн зээлийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөх үүргийг Зээлдэгч хүлээсэн ба Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Баяндөхөм 19 дүгээр гудамж, 6 тоот хаягт байрлах 700 м,кв талбайтай газрыг барьцаалуулсан. Зээлдэгч Д.Баатар нь Зээлийн гэрээний 3.2.5-д заасан үүргээ зөрчиж, 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрөөс биелүүлэхгүй байсаар өдий хүрлээ.
Иймд, хариуцагч Д.Баатараас үндсэн зээлийн үлдэгдэл 1,465,750.06 төгрөг, зээлийн хүү 448,091,96 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 85,005.51 төгрөг, нийт 1,998,848.07 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байх тул шийдвэрлэж өгнө үү, мөн барьцаа хөрөнгө болох ба Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Баяндөхөм 19 дүгээр гудамж, 6 тоот хаягт байрлах 700 м,кв талбайтай газрыг шүүхийн шийдвэрийн дагуу албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулах хүсэлттэй байна гэжээ.
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсныг тус тус баталгаажуулсан байна.
Хариуцагчийн зүгээс 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр бичгээр өгсөн хариу тайлбартаа Миний бие Жэй Эй Эс Эм ББСБ-аас 5,000,000.00 төгрөгийн зээл авсан нь үнэн, 2015 оны 06 дугаар сар хүртэл төлсөн. Ингээд 2015 оны 06 дугаар сараас ажилгүй болж, төлбөрөө төлж чадахгүй болсон. Үлдсэн төлбөрийг хүү, алдангитай нь төлнө, одоогоор ажилгүй байна, хүүхдүүдээ БНСУлс руу явуулсан, тэд нар маань мөнгө явуулна гэсэн гэжээ.
Нэхэмжлэлд цугларсан баримтаас үзвэл Д.Баатар нь 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Жэй Эй Эс Эм ББСБ-тай Зээлийн гэрээ байгуулж, 5,000,000.00 төгрөгийг сарын 3.5 хувийн хүүтэйгээр 12 сарын хугацаатай авахаар тохирч, зээлийн эргэн төлөлтийн хуваарийг гэрээний Хавсралт 1-ийн дагуу баталгаажуулсан байна. Түүнчлэн талууд тус Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулж, Э.Эрдэнчимэг, Д.Баатар, Б.Болорчимэг, Б.Болорцэцэг нарын 4 /дөрөв/ хүний өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Баяндөхөм 19 дүгээр гудамж, 6 тоот хаягт байрлах 700 м,кв талбайтай газрыг барьцаалуулж, зохих ёсоор улсын бүртгэлд бүртгүүлжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зорилгоор хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах хуулийн зохицуулалттай.
Хэрэгт цугларсан баримтаас дүгнэвэл хариуцагч Д.Баатарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч татгалзаагүй, аливаа хэлбэрээр мэтгэлцэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн нь түүний 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр бичгээр өгсөн хариу тайлбар, тэрхүү тайлбарыг үндэслэн нэхэмжлэгчийн зүгээс 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн бичгээр өгсөн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай хүсэлт, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны талаар танилцсан Тэмдэглэл зэргийг тус тус үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж дүгнэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-д зааснаар Эвлэрлийн гэрээ нь Иргэний хууль зөрчөөгүй гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөхгүй байх зохицуулалттай.
Хэдийгээр Д.Баатарын Жэй Эй Эс Эм ББСБ-тай 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр байгуулсан Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон барьцаалуулсан Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Баяндөхөм 19 дүгээр гудамж, 6 тоот хаягт байрлах 700 м,кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний газар нь Э.Эрдэнчимэг, Д.Баатар, Б.Болорчимэг, Б.Болорцэцэг нарын 4 /дөрөв/ хүний өмчлөлийн зүйл мөн боловч тэдгээр нь энэхүү Зээлийн болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээ байгуулахад 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Д.Баатарт итгэмжлэл олгож, тэдгээрийг төлөөлөн тус газрыг барьцаалуулах, улсын бүртгэлд бүртгүүлэх, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зэрэг эрхийг өгсөн байна.
Монгол Улсын Иргэний хуулийн 153 дугаар зүйлд зааснаар барьцаа нь үүрэг гүйцэтгүүлэгч бусад үүрэг гүйцэтгүүлэгчээс тэргүүнд ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхийг олгодог ба 2014 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн итгэмжлэлээс дүгнэхэд Э.Эрдэнчимэг, Б.Болорчимэг, Б.Болорцэцэг нар Иргэний хуулийн 128 дугаар зүйлийн 128.2-т зааснаар Д.Баатарт энэхүү газрыг бусдад барьцаалуулах, үүргийн гүйцэтгэлийг хангуулах зөвшөөрлийг өгсөн байх тул хариуцагчийн зөвшөөрөл нь Иргэний хууль зөрчөөгүй, тэдгээрийн ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж дүгнэв.
Нэгэнт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгчийн гаргасан шаардлагын хүрээнд 1,998,848.07 төгрөгийг төлөхөөр хүсэл зоригоо илэрхийлсэн, энэхүү зөвшөөрөл нь Иргэний хууль зөрчөөгүй гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул Жэй Эй Эс Эм ББСБ-ийн гаргасан Д.Баатарт холбогдох 1,998,848.07 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлжлэлтэй иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Жэй Эй Эс Эм ББСБ-ийн гаргасан Д.Баатарт холбогдох 1,998,848.07 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Жэй Эй Эс Эм ББСБ-иас урьдчилан төлсөн 46,932.00 төгрөгийн тал хувь болох 23,466.00 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас, үлдэх 23,466.00 төгрөгийг хариуцагч Д.Баатараас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдсугай.
4.Захирамжийг зохигч сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тэдгээрт сануулсугай.
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР