Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 09 өдөр

Дугаар 019

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гүнсэл,

шинжээч эмч Ц.Б-,

шүүгдэгч Ц.В- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигин овогт Ц-ы В-д холбогдох эрүүгийн 1910020350807 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Ц.В- нь 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо ...и хорооллын автомашины зогсоол дээр иргэн Н.Д-ийг найз охинтойгоо хардаж, улмаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.В- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Шинжээч эмч Ц.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Зүүн нүдний ухархайн дээд болон дотор хананы духны хөндий рүү цөмөрч хугарсан гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын заалтад хамаардаггүй. Учир нь духны хөндий нь өмнөд болон ар ханатай бөгөөд гэмтэл нь арын хана руу гүн цөмөрч ороогүй тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарахгүй. Арын хана хугарч байж гэмтлийн хүнд зэрэгт хамаардаг. Харин хөндийн урд хэсэг хугарсан тохиолдолд хүнд зэрэгт хамаарахгүй. Иймд дүгнэлтэнд тусгагдсан олон тооны гэмтлүүд эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэв.

 

Эрүүгийн 1910020350807 дугаартай хэргээс:

 

Хохирогч Н.Д-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

Гэрч Д.С-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №9998 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 23-р хуудас/,

Шүүгдэгч Ц.В-гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 26-р хуудас/, гэрч Б.Ч-ийн мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/, Ерөнхий боловсролын 121 дүгээр сургуулийн тодорхойлолт /хх-ийн 36-р хуудас/, бусад /хх-ийн 38-43-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ц.В-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Ц.В- нь 2019 оны 8 дугаар сарын 17-ны шөнө 04 цаг 30 минутын үед Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо ...и хорооллын автомашины зогсоол дээр хохирогч Н.Д-ийг найз охинтойгоо хардаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь “тархи доргилт, зүүн нүдний ухархайн дээд, дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны хоёр хажуу хананы зөрүүтэй далд хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алимны салстад цус харвалт, духанд зулгаралт, цус хуралт, дух, зүүн хацар, эрүү, хүзүү, баруун сарвууны алга зүүн тохойд зулгаралт, хүзүүнд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Н.Д-ийн ...С- бид хоёр машины хойд суудал дээр юм ярьж сууж байгаад үнсэлцэж байтал гадаа нэг залуу /В-/ ирчихсэн цонх хүчтэй цохиод байхаар нь хаалга онгойлготол С- гараад урд суудал руу суучихсан. Тэр залуу /В-/ С-ын найз залуу нь бололтой хардаад миний зүүн нүд хэсэг болон нүүрэнд гараараа 2-3 удаа цохисон. Би машинаас буугаад В-тэй эвлэрэх гээд “больё” гээд хэлтэл тэрээр миний нүүрэнд дахиад 2-3 удаа цохисон. В-тэй зууралдаж байтал С- ирээд салгасан. Тэгтэл В- юм ярьж байгаад миний хувцаснаас угзраад газарт унагаасан. Би газар унахдаа замын боржуранд нүүрний зүүн хэсгээ зулгарсан. Надад учирсан гэмтлүүдийг В- учруулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12-р хуудас/,

 

Гэрч Д.С-ын ...Д- бид хоёр миний машины арын суудалд үнсэлдээд, тэврэлдээд байж байхад В- гэнэт гарч ирээд машины хаалга онгойлгохгүй хэсэг сууж байгаад цонх хагалах гээд хүчтэй нүдээд байхаар нь би цонхны шилийг доош буулгахад гараа оруулаад хаалга онгойлгосон. Би В-г ирэнгүүт нь арын суудлаас босоод машины урд талын суудал дээр суучихсан юм. В- машины арын хаалгыг нээгээд надтай сууж байсан Д-ийг цохичих шиг болсон. Би машинаас буугаад харахад тэд газар уначихсан, хоорондоо ноцолдож байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 14-р хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн Шүүх эмнэлгийн №9998 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Н.Д-ийн биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дээд, дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны хоёр хажуу хананы зөрүүтэй далд хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алимны салстад цус харвалт, духанд зулгаралт, цус хуралт, дух, зүүн хацар, эрүү, хүзүү, баруун сарвууны алга зүүн тохойд зулгаралт, хүзүүнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 23-р хуудас/,

 

Шүүгдэгч Ц.В-гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: Намайг машины цонхоор харахад тэр залуу /Д-/ ямар нэгэн хувцасгүй, манай найз охины өмдийг тайлаад дээр нь гараад хэвчихсэн байсан. Би “машины хаалгаа онгойлго” гэж хэлэхэд онгойлгохгүй байхаар нь чулуугаар цонхыг нь хагалах гэтэл машины хаалгыг нөгөө залуу /Д-/ онгойлгохоор нь түүнийг цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 32-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.

Шүүгдэгч Ц.В- нь Д.С-ыг хохирогч Н.Д-тэй хардаж цохисон үйлдлийн улмаас хохирогчийн биед “тархи доргилт, зүүн нүдний ухархайн дээд, дотор хананы цөмөрсөн хугарал, хамрын ясны хоёр хажуу хананы зөрүүтэй далд хугарал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алимны салстад цус харвалт, духанд зулгаралт, цус хуралт, дух, зүүн хацар, эрүү, хүзүү, баруун сарвууны алга зүүн тохойд зулгаралт, хүзүүнд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учирсан ба шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн биед  учирсан гэмтэл хоёр шалтгаант холбоотой байна.

 

            Шүүгдэгч Ц.В- нь хохирогч Н.Д-ийг нүүрэнд нь гараараа црхиж, татаж унагаах зэргээр зодож хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

             Иймд шүүгдэгч Ц.В-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

           Шүүгдэгч Ц.В- нь өөрөө өөрийгөө өмгөөлөх оролцохдоо хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдав.

 

           “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.Д-ийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь хор уршигтай холбоотой нотлох баримт ирүүлээгүй бөгөөд тэрээр “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 12-р хуудас/ гэж мөрдөн байцаалтын шатанд бичгээр хүсэлт гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ц.В-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан, шүүгдэгч нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ц.В-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ гэмт хэрэг гарсан байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой хувийн байлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.В-д мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Ц.В- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Ц-ы В-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.В-г 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.В-д мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ц.В- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ц.В- авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР