| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/02791/и |
| Дугаар | 2791 |
| Огноо | 2016-03-29 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2791
Талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан Уул дүүрэг, 1-р хороо, Чигэсийн өргөн чөлөө, Орчлон 84-06 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг Төгөлдөр бьюти кэйр ХХК /РД:5302277/-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнж, 3-31 тоот хаягт оршин суух Нямдоржийн Адъяасүрэн /РД:ЧО62030776/-д холбогдох 3,930,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02-р сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Төгөлдөр бьюти кэйр ХХК нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2009 онд үүсгэн байгуулагдсан, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Н.Адъяасүрэн нь тус компанийн оруулж ирдэг Кирби Сентриа хивс цэвэрлэгч төхөөрөмжийг 2013 оны 10 дугаар сарын 26-ны өдөр худалдан авахаар гэрээ байгуулсан юм. Энэхүү төхөөрөмж нь 5,500,000.00 төгрөгийн үнэтэй бөгөөд худалдан авагч урьдчилгаа 500,000.00 төгрөгийг төлж, үүнээс хойш сар бүр 500,000.00 төгрөгөөр тооцоо нийлж, 10 сарын дотор худалдан авсан төхөөрөмжийн үнийг бүрэн төлж барагдуулахаар болсон.
Гэвч худалдан авагч тал урьдчилгаа 500,000.00 төгрөг болон 10 удаагийн төлөлтөөр нийт 2,380,000.00 төгрөг төлсөн бөгөөд 2015 оны 05 дугаар сарын 28-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй, гэрээний дагуу 2,620,000.00 төгрөгийн үлдэгдэл, алданги 1,310,000.00 төгрөг, нийт 3,930,000.00 төгрөг төлөх ёстой юм.
Иймд, Н.Адъяасүрэнгээс 3,930,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдөр шүүхээс иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан баримтыг тус тус баталгаажуулсан байна.
Талууд 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулж, дараах зүйлийг тохирчээ. Үүнд:
Зохигчид 2013 оны 10 дугаар сарын 26-ны өдөр худалдан авахаар гэрээ байгуулж, хариуцагч Н.Адъяасүрэн нийт 5,500,000.00 төгрөгийн үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнийг худалдан авахаар тохирч, урьдчилгаа төлбөрт 500,000.00 төгрөг төлж, үлдэх төлбөрийг гэрээнд заасан хувь хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр болжээ.
Талуудын хооронд байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Худалдах, худалдан авах тухай гэрээ нь Монгол Улсын Иргэний хуулийн 189 дүгээр зүйл, 243, 232 дугаар зүйлд тус тус нийцэж, тус хуулийн 195, 196 дугаар зүйлд зааснаар талуудын хүсэл зориг нийцэж, эрх зүйн үр дагавар үүсгэхээр болжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зорилгоор талуудын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах хуулийн зохицуулалттай.
Хэрэгт цугларсан баримтаас үзвэл хариуцагч Н.Адъяасүрэнгийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч татгалзаагүй, аливаа хэлбэрээр мэтгэлцэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг Эвлэрлийн гэрээнд заасан хэмжээ, хуваарийн дагуу төлөх, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгээс татгалзахаар харилцан тохиролцсон байна.
Нэхэмжлэгч Төгөлдөр бьюти кэйр ХХК нь энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцохоор 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ц.Тогтохмаад итгэмжлэл олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн эдлэх эрх, үүргийг тэдгээрт эдлүүлэхээр болсон байх бөгөөд уг итгэмжлэл нь хуулийн шаардлага хангажээ.
Монгол Улсын Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар төлөөлөгч нь төлөөлөгчөөс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болон гэсэн заалттай.
Нэгэнт талуудын хооронд байгуулсан 2013 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн Худалдах, худалдан авах тухай гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах тухай нэхэмжлэлийн хүрээнд энэхүү Эвлэрлийн гэрээг эрх бүхий этгээдүүд байгуулсан байх тул бүрэн эрхгүй этгээдүүд эвлэрсэн гэж үзэхгүй юм.
Талуудын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Эвлэрлийн гэрээнд зааснаар хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгчийн зүгээс нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзаж, эвлэрсэн, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны талаар танилцсан Тэмдэглэл зэргийг тус тус үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж дүгнэлээ.
Түүнчлэн талуудын эвлэрэл нь нэхэмжлэлд цугларсан бусад баримт болоод нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих ёсоор оролцож байгаа этгээдүүдийн чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн үр дүн байхаас гадна Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс үүнийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байна.
Иймд, Төгөлдөр бьюти кэйр ХХКийн гаргасан Н.Адъяасүрэнд холбогдох 3,930,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талуудын Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Төгөлдөр бьюти кэйр ХХКийн гаргасан Н.Адъяасүрэнд холбогдох 3,930,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаасаа 1,310,000.00 төгрөгөөс татгалзаж, хариуцагч тал үлдэх 2,620,000.00 төгрөгийг Эвлэрлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх талаар тохиролцсон Эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Зохигч нарын 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээг үндэслэн Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн урьдчилан төлсөн 77,830.00 төгрөгийн 50 хувь болох 38,915.00 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2611016627 тоот данснаас, хариуцагчийн хүлээн зөвшөөрч төлөхөөр болсон 2,620,000.00 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 28,435.00 төгрөгийг хариуцагч Н.Адъяасүрэнгээс гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдсугай.
4.Захирамжийг зохигч сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР