| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/02755/и |
| Дугаар | 2755 |
| Огноо | 2016-03-29 |
| Маргааны төрөл | Нөхөх олговор, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2755
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, Энхтайваны өргөн чөлөө 53А байрны 51 тоот хаягт оршин суух Жамьяан пайтан овогт Цэдэндоржийн Эрдэнэ Очир /РД:ВЭ44021071/-ын 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гаргасан Нөхөх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ц.Эрдэнэ Очир, Төрийг төлөөлж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хяналтын Прокурор Батсүрэнгийн Батхишиг /054 тоот үнэмлэхтэй/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Эрдэнэ Очир нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний авга ах болох Ж.Сэнгэдоо нь 1938 онд Онцгой бүрэн эрхт комиссын ялын дээд хэмжээгээр шийтгэгдэж, 1992 онд Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн магадлалаар цагаатгагдсан.
Иймээс, ач дүү миний биед олгогдох нөхөх олговрыг олгож өгнө үү, миний бие эхээс 16-уулаа бөгөөд одоо үлдсэн нь ах Ц.Дулам, эгч Ц.Бал нар амьд байгаа юм. Бид энэхүү цагаатгалын нөхөх олговроор ах Ж.Сэнгэдоод Суварга босгоход зориулах юм гэжээ.
Төрийг төлөөлж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хяналтын Прокурор Б.Батхишиг шүүхэд гаргасан тайлбартаа: Ж.Сэнгэдоо нь 1938 оны 03 дугаар сарын 17-ны өдөр баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 17 тоот тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 17 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгджээ. Хэргийг Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 118 тоот дугаартай магадлалаар цагаатгасан байна.
Иймд, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлд зааснаар нөхөх олговор олгох үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчид хуульд заасан нөхөх олговрыг олгохоос татгалзах зүйлгүй байна гэв.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Ц.Эрдэнэ Очир нь улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж цагаатгагдсан Ж.Сэнгэдоогийн нөхөх олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй этгээдүүдийн талаар зохицуулсан байх бөгөөд тэдгээр нь тус хуульд зааснаар ийнхүү нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлийн бүрдүүлбэрийн болон нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны шаардлагыг тус тус хангасан байх ёстой ажээ.
Нэхэмжлэгч Ц.Эрдэнэ Очирын хувьд дараах нотлох баримтуудыг нэхэмжлэлдээ хавсаргаж, шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн. Үүнд:
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчид олгох нөхөх олговрыг тодорхой этгээдүүдэд нэхэмжлэх эрхтэй бөгөөд хуулийн 10.4-д “энэ зүйлийн 1 дэх хэсгийн 1, 2, 3-т заасан хүмүүс байхгүй бол хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээ нар нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч өөрөө, хэлмэгдэгч нас барсан бол түүний эхнэр буюу нөхөр нь түүнийг нас барснаас хойш өөр хүнтэй гэрлэсэн эсэхээс үл хамааран нэхэмжлэл гаргах эрхтэй байхаас гадна хэлмэгдэгчийг амьд байхад нь төрсөн болон үрчилж авсан, түүнчлэн хэлмэгдэгчийг нас барснаас нь хойш 10 сараас илүүгүй хугацааны дотор төрсөн хүүхэд тус тус нэхэмжлэл гаргах эрхтэй боловч эдгээр этгээдүүд байхгүй тохиолдолд хэлмэгдэгчийн төрсөн эцэг, эх, ах, эгч, дүү, ач, зээ нар нөхөх олговрыг нэхэмжлэх эрхтэй юм.
Нэхэмжлэлд хавсаргасан баримтуудаас үзвэл Жамьяангийн Сэнгэдоо нь Өвөрхангай аймгийн Эрдэнэцогт сумын 4 дүгээр багийн харъяат бөгөөд 1901 онд төрсөн, 37 настай, халх, лам, гавж, мяндагтай, гэвхүй тушаалтан байхдаа 1938 оны 03 дугаар сарын 17-ны өдөр баривчлагдан Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 17 тоот тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 17 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдэж, улмаар Дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 118 тоот дугаартай магадлалаар цагаатгагдсан байна.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болоод хэрэгт цугларсан баримтаас үзвэл хэлмэгдэгч Э.Сэнгэдоо нь эхнэр, төрсөн болон үрчилж авсан хүүхэдгүй, төрсөн эцэг, эх нь нас барсан байх бөгөөд түүний төрсөн дүү болох Ж.Цэдэндоржийн хүү Эрдэнэ Очир, Ж.Цэдэндоржийн хүү Бал, Ж.Цэдэндоржийн охин Дулам нар байгаа ажээ.
Жамьяан пайтан овогт Цэдэндоржийн Эрдэнэ Очирыг Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 8820 тоот шийдвэрээр улс төрийн хилс хэрэгт хэлмэгдсэн Ж.Сэнгэдоогийн авга дүү мөн болохыг тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч Ц.Эрдэнэ Очир нь Ж.Сэнгэдоогийн ач дүү болно.
Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 8 дугаар зүйлд зааснаар Улсын дээд шүүх улс төрийн хилс хэрэгт ял шийтгүүлсэн этгээдэд холбогдох хэргийг хянан үзэж, хилсээр ял шийтгүүлсэн нь тогтоогдвол хилс хэргийг хэрэгсэхгүй болгож уг этгээдийг цагаатгах, эсхүл хилс хэрэгт ял шийтгүүлсэн нь тогтоогдоогүй бол гомдлыг хэрэгсэхгүй болгох тухай шийдвэрийн аль нэгийг гарган гэсний дагуу Ж.Сэнгэдоогийн хэргийг Улсын дээд шүүхийн цэргийн коллегийн 1992 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 118 тоот дугаартай магадлалаар цагаатгагдаж, 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 17115 тоот дугаартай Үнэмлэх олгосон байна.
Хэдийгээр Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-т хилс хэрэгт хэлмэгдсэн этгээдийн ач дүүг нэхэмжлэх гаргах эрхтэй гэж шууд заагаагүй боловч уг хуулийн зорилго, хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, Гэр бүлийн тухай хуулийн зааснаар 3 дугаар зүйлийн 3.1.4, Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.11-т тус тус зааснаар Ц.Эрдэнэ Очир нэхэмжлэл гаргах эрхтэй юм.
Мөн уг хуулийн 12 дугаар зүйлийн энэ хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хүчин цагаатгагдсан хүмүүсийн хувьд цагаатгасан шийдвэрийг хүлээн авсанаас хойш 3 жилийн хугацаанд нэхэмжлэл гаргах эрхтэй байх бөгөөд нэхэмжлэгч Ц.Эрдэнэ Очир нь цагаатгасан үнэмлэхийг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авсан, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах комиссын нөхөх олговрыг нэхэмжлэх нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтанд хамрагдсан байх тул тэрээр ийнхүү нэхэмжлэлийг хуульд заасан хугацаанд гаргажээ.
Тус хуулийн 13 дугаар зүйлд нөхөх олговрын хэмжээг зохицуулсан байх ба хуулийн 13.1-д улс төрийн хилс хэрэгт холбогдуулан цаазаар авах ял шийтгүүлсэн хэлмэгдэгчийн гэр бүлийн гишүүдэд болон хорих ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчид, хэрэв хэлмэгдэгч нас барсан бол түүний гэр бүлийн гишүүдэд нэг сая төгрөгийн, бусад хэлмэгдэгчид 500000 төгрөгийн нэг удаагийн нөхөх олговор олгоно гэжээ.
Хэрэгт цугларсан баримтаас үзвэл хэлмэгдэгч Ж.Сэнгэдоо нь Онцгой бүрэн эрхт комиссын 1938 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 17 тоот тогтоолоор Шүүх цаазын бичгийн 43, 17 дугаар зүйлээр хуулийн дээд хэмжээгээр шийтгэгдсэн ба нэхэмжлэгч Ц.Эрдэнэ Очир нь Монгол Улсын Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т зааснаар Ж.Сэнгэдоогийн гэр бүлийн гишүүнд хамаарах ба түүний ач дүү гэдгийг Нийслэлийн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 8820 тоот шийдвэрээр тогтоосон шийдвэр хүчин төгөлдөр байна.
Түүнчлэн Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10.2-т зааснаар нэхэмжлэл гаргах эрхтэй хэд хэдэн этгээд байх тохиолдолд тэдгээрт нөхөх олговрыг адил хэмжээгээр тэгш хувааж олгох эсхүл аль нэг нь дангаараа буюу өөр өөр хувь хэмжээгээр нөхөх олговрыг авахаар нэхэмжлэгчид харилцан тохиролцсон байвал шүүх түүний дагуу шийдвэрлэх заалттай.
Нэхэмжлэгч Ц.Эрдэнэ Очирын ах Ц.Дулам, эгч Ц.Бал нар 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдөр гаргасан тайлбартаа нөхөх олговрыг хэлмэгдэгч Ж.Сэнгэдоогийн Суваргад зориулахаар шийдвэрлэсэн байх тул Ц.Эрдэнэ Очир нь нэхэмжлэл гаргах эрхтэй этгээдээр өөрийгөө тодорхойлуулсан байна.
Иймд, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуульд зааснаар улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэж, цагаатгагдсан Ж.Сэнгэдоогийн нөхөх олговорын 1,000,000.00 төгрөгийг Ц.Эрдэнэ Очирт олгох үндэслэлтэй байна гэж дүгнэв.
Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүргийн төрийн сангаас 1,000,000.00 төгрөг гаргуулж, Жамьяан пайтан овогт Цэдэндоржийн Эрдэнэ Очир /РД:ВЭ44021071/-т олгосугай.
2. Монгол Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгч Ц.Эрдэнэ Очироос 2016 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот дансанд төлсөн 70,200.00 төгрөгийг түүнд буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гарсан хугацааг хуулинд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй ба шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР