| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярын Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 185/2020/0059/Э |
| Дугаар | 60 |
| Огноо | 2020-01-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Доржмаа |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 20 өдөр
Дугаар 60
2020 01 20 2020/ШЦТ/60
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,
нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;
улсын яллагч: О.Доржмаа;
хохирогч: Н.Э;
шүүгдэгч: Э.Ө, түүний өмгөөлөгч Г.Тамир нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ө-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 2001 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Холбооны *** хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** Бизнесийн сургуулийн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 2, эхийн хамт , ял шийтгэлгүй, Э.Ө
Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:
Яллагдагч Э.Ө нь 2019 оны 09 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэр "Гранд рояал" нэртэй рестораны гадаа Н.Э-н нүүрэн тус газарт цохиж, хамар ясны баруун талд зөрүүтэй хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ө мэдүүлэхдээ: Харамсаж байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.Энхмандах мэдүүлэхдээ: “...2019 оны 09 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө “Гранд рояал” караокед сууж байгаад дуудлагын жолооч дуудсан. Би түрүүлж гарсан. Хойно маргаан болсон. Ариунбаатар маргалдаж байсан. Би салгах гэтэл 1 залуу цохисон. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр очсон. Миний хамрын яс цөмөрсөн байсан. “ЭМЖЖ” эмнэлэгт томографт харуулахад баруун талаасаа 3 хэсэг газар ясны хугаралттай гэж гарсан. Би хүүхэд байхдаа бөмбөгөөр цохиулсны улмаас хамрын мөгөөрс далийж, зүүн тал зөөлөн эдийн гэмтэл авч байсан. Энэ гэмтлээсээ болж агаарын дутагдалтай, даралт ихэссэн гэх шалтгаанаар 2016 онд Тайвань Улсад хагалгаанд орж байсан. “ЭМЖЖ” эмнэлэгт үзүүлж байсан материалуудаа Тайвань Улс руу явуулсан. Тухайн үед үзлэг хийж байсан эмч нь шалгаад 2020 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр хариу өгнө гэсэн. Цаашдаа Тайвань Улсад очиж эмчилгээ хийлгэх төлөвлөгөөтэй байна. Дотор гэмтэл тархины даралтад нөлөөлж байгаа. Зөвхөн гаднах гэмтэл яригдаж байна. Иймд хохирлоо иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү...” гэв.
Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Н.Э-н мэдүүлэг /хх-ийн 4-5/, гэрч Б.А /хх-ийн 37-38/, гэрч Б.Э /хх-ийн 39-40/ нарын мэдүүлэг, иргэний хариуцагч И.Э-н мэдүүлэг /хх-ийн 22/, Э.Өийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 8, 19-20/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 12012 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 10/, Э.Өийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 23-28, 32/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Ө нь 2019 оны 09 дүгээр сарын 20-21-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сүхбаатар дүүргийн ** дүгээр хорооны нутагт байрлах “**” нэртэй рестораны гадаа иргэн Н.Э-н зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:
хохирогч Н.Э-н /хх-ийн 5-6/: “...2019 оны 09 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө “*****” нэртэй газар найз нарын хамт орж үйлчлүүлсэн. Тухайн газраас гарахад найз А-тай үл таних залуу мөргөлдсөн. Тэгээд маргалдаж байсан. А руу 2-3 хүн дайрсан. Би салгах гэсэн чинь саарал өнгийн хувцас өмссөн залуу нь миний хамар хэсэг рүү нэг удаа цохисон. Хамарнаас цус гарсан. ...цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.-н /хх-ийн 37-38/: “...2019 оны 09 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “****” ресторанд найз Н.Э, Ц нарын хамт сууж байгаад гарцгаасан. ...машин руугаа алхаж байтал хажууд явж байсан үл таних хүүхдүүд намайг мөрлөөд гарсан. Би “миний дүү тойроод гарчихаач ээ” гэж хэлэхэд Н.Э-г цохисон гэх залуу “чиний дүү байснаа санахгүй байна, ална шүү” гэж хэлээд хүрээд ирсэн. Ц “боль боль” гэж хэлэхэд тухайн залуу “зүгээр байгаарай” гэж хэлсэн. Би тухайн залууг түлхэхэд намайг цохисон. Н.Э- “болиоч ээ” гэж хэлэхэд Н.Э-г цохисон. Тэгээд тухайн залуу зугтаад явсан...” гэх мэдүүлгээр,
гэрч Б.Э-н /хх-ийн 39-40/: “...2019 оны 09 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн нутагт шөнийн эргүүлийн үүргийг гйүцэтгэж ажилласан. Тухайн орой албаны 20-46 УНҮ улсын дугаартай машинтай Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “***” рестораны гадаа явж байтал үл таних хэсэг бүлэг залуучууд хоорондоо маргалдаж байсан. Тэгээд машинаасаа мөрдөгч, дэслэгч Э.И-н хамт буугаад очтол цагдаагийн байгууллагад гомдол гаргасан залууг саарал өнгийн хувцастай залуу нүүрэн хэсэг рүү нь цохичихоод зугтсан...” гэх мэдүүлгээр,
Э.Өийн гэрчээр болон яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 8, 19-20/: “...2019 оны 09 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах ...байрны сааданд найз Б, А, Б нарын хамт “***” нэртэй 2 литрийн пиво хоёрыг хувааж ууцгаасан. Бид нар харих гээд “***” рестораны тэнд явж байсан. 2 ах, нэг эгч хажуугаар зөрөхдөө нэгийг нь мөрлөсөн юм шиг байсан. Нэг залуу нь “хөөе бандидуудаа ална шүү” гэж орилсон. ...Баясгалан “ах нар адилхан ууж идчихээд яах гээд байгаа юм бэ, зүгээр салъя” гэж хэлэхэд нөгөө ах “яасан том дуутай бацаан бэ” гэж хэлээд цохисон. Би нөгөө найзтай нь хэрэлдээд “аятайхан явж чадахгүй, лай болов оо” гэж хэлсэн. Тэгтэл “чи муу юу гээд байгаа юм бэ” гээд над руу дайраад байхаар нь уур хүрээд гараа савсан чинь өргөдөл өгсөн ахын нүүрийг шүргэсэн. Цагдаагийн машин дугарахаар нь зугтсан...” гэх мэдүүлгээр,
Н.Э-н биед “хамар ясны баруун талд зөрөөтэй хугарал” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 12012 дугаартай дүгнэлт /хх-ийн 10/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг, гэрч, шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.
Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Э.Өийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Ийнхүү шүүгдэгч Э.Өийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.
Шүүх хуралдаанд хохирогч Н.Э нь гэм хорын хохиролтой нотлох баримтыг гаргаж өгөөгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Харин хохирогч Н.Э нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорын төлбөртэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгж буюу /1 нэгж=1000 төгрөг/ 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.
Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Э.Ө-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө-ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ө торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
4. Шүүгдэгч Э.Ө нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Хохирогч Н.Энхмандах нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохиролтой холбоотой цаашид эмчилгээ хийлгэх болон гэмт хэргийн хор уршигтай холбоотой гарах зардлаа шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлж иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Ө-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХ-ЭРДЭНЭ