Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 024

 

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Оюунжаргал,

шүүгдэгч Н.Г- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Арбулаг овогт Н-ийн Г-т холбогдох эрүүгийн 1910016300526 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Н.Г- нь 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 08 цаг 20 минутын орчимд Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Засаг даргын тамгын газрын хойд замд “...” ХХК-ны эзэмшлийн ... улсын дугаартай автобусыг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчиж, огцом тоормослосны улмаас, зорчигч Б.З- унаж, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Г- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хохирогч Б.З- автобусанд суусан. Гэтэл миний жолоодож явсан автобусны урд явж байсан Приус маркийн автомашин зогсохоор нь би тоормосоо гишгэхэд хохирогч унасан. Би хохирогчид 300.000 төгрөгийн хохирол төлсөн гэв.

 

Эрүүгийн 1910016300526 дугаартай хэргээс:

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 28-29-р хуудас/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 62-67-р хуудас/,

Хохирогч Б.З-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 9-11, 71-р хуудас/,

Гэрч /иргэний хариуцагч/ О.Г-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 19-20, 77-78-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн №5565 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 22-р хуудас/,

Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн №372 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 25-26-р хуудас/,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 42-р хуудас/,

Шүүгдэгч Н.Г-ийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 36-39-р хуудас/, ажлын байрны тодорхойлолт /хх-ийн 40-41-р хуудас/, гэрч Н.Ц-ийн мэдүүлэг /хх-ийн 81-р хуудас/, гэрч Б.А-ийн мэдүүлэг /хх-ийн 83-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 85-р хуудас/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 114 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 88-90-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 92-р хуудас/, жолоочийн үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 93-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Г-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Н.Г- нь 2019 оны 5 дугаар сарын 03-ны өглөө 08 цаг 20 минутын орчимд “...” ХХК-ийн эзэмшлийн ... улсын дугаартай автобусыг жолоодон “...” чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явж байхдаа огцом тоормослосны улмаас тус автобусанд зорчиж явсан хохирогч Б.З- шат руу унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учирсан болох нь:

 

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: хохирогч Б.З- баруун гараараа хаалганы бариулаас бариад эргэж хараад зүүн гараа сольж хаалганы хажуу талын бариулаас барьж гараа тавин баруун гараараа дээд талын бариулаас барьж зогсохдоо хөндлөн хаалтнаас барьж байсан зүүн гараа тавив. Автобус тооромслоход Б.З- автобусны урд хаалганы шатны хэсэг рүү оров. Хаалганы харалдаа зогсож байсан эмэгтэй Б.З-г зүүн гараараа татан өндийлгөж хяналтын камерын үзэгдэх орчинд орж ирэв. Автобусны баруун талын хоёр дахь суудалны харалдаа зогсож байсан эрэгтэй Б.З-г босгож баруун урд талын сандал дээр суулгаж буй дүрс бичлэг /хх-ийн 28-29-р хуудас/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 62-67-р хуудас/,

 

Хохирогч Б.З-гийн ...Би 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 07 цаг 30 минутанд гэрээсээ гараад Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Заводын автобусны буудлаас 08 цагийн үед ... улсын дугаартай, “...” чиглэлийн автобусанд суугаад нуруугаараа хаалганы хажуу талын босоо бариулаас түшиж зогсоод цүнхнийхээ арын цахилгаантай хэсгээс автобусны картаа гаргаж уншуулаад буцаагаад цүнх рүүгээ картаа хийгээд эргэж хараад бариулаас барихад автобус тоормос гишгэхэд би автобусны урд хаалганы гишгүүр рүү унасан. Тэр үед хар куртиктай залуу намайг босгож автобусны урд талын суудал дээр суулгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 9-11, 71-р хуудас/,

 

Гэрч /иргэний хариуцагч/ О.Г-гийн ...Хяналтын камерын бичлэгийг үзэхэд 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрийн 08 цаг өнгөрч байхад ... улсын дугаартай “.........” маркийн автобус нь гэрлэн дохион дээр зогсоход зорчигч З- нь урд талын хаалганы завсар руу унаж буй бичлэг байсан. ...Манай байгууллага уг жолоочид ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20, 77-78-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №5565 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Б.З-гийн биед зүүн дунд чөмөгт ясны хүзүү хэсгийн далд хугарал, зүүн бугалга, тохой, бүсэлхийн зүүн тал, зүүн өгзөгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь тухайн ослын үед үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. /хх-ийн 22-р хуудас/,

 

Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн №372 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт: 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах заводын автобусны уулзвар дотор “...” ХХК-ний ... улсын дугаартай автобусан дотор иргэн З- нь унасан гэх хэрэг нь зам тээврийн осол мөн, /МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 1.2.17-д “зам тээврийн осол” гэж, “Зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч, гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг/ “... улсын дугаартай автобусны жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /1.2.20. “Замын хөдөлгөөнд оролцогч” гэж замаар явж байгаа жолооч, тээврийн хэрэгслээр зорчигч, явган зорчигчийг/ Тухайн автобусанд зорчиж явсан зорчигч З- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. /Осол болох үед чиглэлийн тээврийн хэрэгсэл дотор зогсоогоор зорчиж яваа зорчигч нь зориулалтын бариулаас барьж яваа байдал тогтоогдож байна. /хх-ийн 25-26-р хуудас/,

Тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 42-р хуудас/,

 

Шүүгдэгч Н.Г-ийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: 2019 оны 5 дугаар сарын 03-ны өглөө 06 цагт “...” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг аваад ... чиглэлд гарсан. Өглөө 08 цаг болж байхад ХУД-ийн нутаг Заводын автобусны буудлаас урд талын хаалгаар нэг эмэгтэй /З-/ орж ирээд картаа уншуулах үед би автобусаа хөдөлгөөд хөдөлгөөнд оролцсон. Урд талд явж байсан машин явган гарцан дээр ирээд зогсохоор би тоормос гишгээд зогссон. Тэгтэл урд зогсож байсан нэг эмэгтэй /З-/ урд талын шат руу уначихсан.../хх-ийн 46-47-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н.Г-ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Н.Г- нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүгдэгч Н.Г- нь ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа огцом тоормослосны улмаас, зорчигч Б.З- автобусны шат руу унаж, түүний биед хүндэвтэр гэмтэл учирсан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” гэсэн заалтыг зөрчсөн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

            Шүүгдэгч Н.Г-ийн жолоодон явсан “... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “...” ХХК-ийн эзэмшлийн хөрөнгө болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар /хх-ийн 42-р хуудас/ тогтоогдсон.

 

            Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж, 499 дүгээр зүйлийн 499.1 дэх хэсэгт “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус заасан.

            Шүүгдэгч Н.Г-ийн үйлдсэн зам тээврийн осол хэргийн улмаас иргэн Б.З-гийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл бүхий хохирол учирсан ба хохирогч нь хор уршигтай холбоотой нотлох баримт ирүүлээгүй бөгөөд тэрээр “эмчилгээний зардалд 300.000 төгрөг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 72-р хуудас/ гэсэн хүсэлтийг прокурорын шатанд бичгээр гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

            Хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас “шүүгдэгч Н.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч нь өөрөө өөрийгөө өмгөөлөн оролцохдоо улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаар маргаж мэтгэлцээгүй болно.

          Шүүгдэгч Н.Г- нь хэдийгээр гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн хэдий ч замын хөдөлгөөнд оролцож байхдаа Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан хор уршгийн шинж чанар болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Г-ийн орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  тогтов.

 

          Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Г-т мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч Н.Г- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. А овогт Н-ийн Г-ийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г-ийг 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Г-т оногдуулсан 600.000 төгрөгөөр торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Н.Г-т мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г- нь хохирогч Б.З-д 300.000 төгрөг төлсөн ба хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шүүгдэгч Н.Г- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР