| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/02745/и |
| Дугаар | 2745 |
| Огноо | 2016-03-29 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2745
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 23 дугаар хороо, Хангайн 63-06 тоот хаягт оршин суух Боржигон овогт Авирмэдийн Норжинханд /РД:НХ76042109/,
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 3 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө 54, Пийс тауэр, 6 дугаар давхар, 626 тоот хаягт орших Энхтайван Өргөө талбай өмчлөгчдийн холбоонд холбогдох ажилласан хугацаанд олгогдох ёстой байсан цалингийн зөрүү 423,000.00 төгрөг, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, ээлжийн амралтын мөнгө гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Норжинханд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч өмгөөлөгч Дамбын Туяа /РД:ЧЕ63061104/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Норжинханд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хүртэл 1 /нэг/ жилийн хугацаатай, үндсэн цалин 550,000.00 төгрөг, ажлын хэвийн нөхцөлтэй Үйлчлэгчийн орон тоон дээр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, Энх тайван өргөө талбай өмчлөгчдийн холбоо ГҮТББ-д ажилласан.
2015 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Гүйцэтгэх захирал Д.Туяа манай ажлын Үйлчлэгч 3 /гурав/ эмэгтэйн хамт биднийг дуудаж, Удирдах зөвлөлийн хуралдааны тогтоолоор цалинг багасгаж, 500,000.00 төгрөг болгосон тухай дуулгаж, тухайн өдрөө тушаал гаргасан. Миний бие Хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн цалин биш энэхүү тушаалд заасан цалингаар 2015 оны 12 дугаар сарыг хүртэл цалинжсан ба 2016 оны 01 дүгээр сард 477,000.00 төгрөгийн цалин авсан. Гүйцэтгэх захирал нь Үйлчлэгчийн цалинг удаа дараа үндэслэлгүйгээр бууруулж байсан. Энэ байгууллагад 9 сар ажиллах хугацаандаа ээлжийн амралтаа авах хүсэлт гаргаж байсан боловч Гүйцэтгэх захирал Д.Туяа “би өөрөө амарсны дараа Үйлчлэгч нарын амралтыг эдлүүлнэ” гэж загнасан.
2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр миний бие цайны цагаар манай байгууллагын бүх ажилчид цай уух үеэр “Байгууллага цалингаа багасгаж байгаа мөн байгууллагын удирдлага солигдож байгаа тухай” яриаг сонссон, уг яриаг намайг тараасан гэж Гүйцэтгэх захирал гүтгэдэг. Гүйцэтгэх захирал Д.Туяа “тухайн яриа болж байх үед миний бие хэдэн төгрөгийн цалин авч байгаагаа хэлсэн нь ёс зүйгүй мөн байгууллагын нууцыг задруулсан учир Хөдөлмөрийн гэрээг цуцлахаас аргагүй байдалд орж байна” гэсэн.
Ингээд намайг 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 31 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн. Би энэ байгууллагад ажиллах хугацаандаа Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ ямар нэгэн байдлаар зөрчиж байгаагүй, мөн ажил үүргийн талаар холбоотой санал гомдол ирж байгаагүй гэжээ.
Мөн нэхэмжлэгч А.Норжинханд шүүхэд гаргасан тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж, ажилласан хугацаанд олгогдох ёстой байсан цалингийн зөрүү 423,000.00 төгрөг, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, ээлжийн амралтын мөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна гэв.
Хариуцагч Энхтайван Өргөө талбай өмчлөгдчийн холбооны зүгээс 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага Пийс моол худалдааны төвийн 1-6 давхар барилгын ашиглалтын үйл ажиллагааг хангах зорилгоор байгуулагдсан ашгийн төлөө бус төрийн бус байгууллага юм.
Энхтайван Өргөө талбай өмчлөгдчийн холбоо нь 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр ашиглалтын захиргааны үйл ажиллагаа эхлэхдээ дансандаа нэг ч мөнгөгүй байв. А.Норжинхандыг ажилд авах тухай сонин, интернэтээр хайж байсан ба Пийс моолын 3 дугаар давхрын худалдагч н.Алтанцэцэгийн хүсэлтээр А.Норжинхандыг 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 11 тоот тушаалаар ажилд авч, Хөдөлмөрийн гэрээ байгуулсан.
Тус холбооны 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн Удирдах зөвлөлийн хурлын 02 тоот тогтоолын 1 дүгээр хавсралтын 3 дугаарт Үйлчлэгчийн цалинг 500,000.00 төгрөгөөр баталсан. Мөн Удирдах зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдөр дахин хуралдаж, дээрх 02 тоот тогтоолыг хүчингүй болгож, тухайн өдрийн 03 тоот тогтоолын 2 дугаарт заахдаа Үйлчлэгчийн 550,000.00 төгрөг гэж заасан.
Түүнтэй байгуулсан Хөдөлмөрийн гэрээний 2.2.2-т цалинг 550,000.00 төгрөгөөр олгосугай гэсний дагуу А.Норжинханд нь 2015 оны 05 дугаар сард тус цалинг сар бүрийн 15, 30-ны өдөр түүний дансанд тогтмол шилжүүлдэг байв. Харамсалтай нь тус холбооны баталсан санхүүгийн төсөв хүрэхгүй, хувьсах зардал өссөн учраас нэн яаралтай төсвийн зарим хэсэгт өөрчлөх шаардлага гарснаас мөн тус холбооны Удирдах зөвлөлийн даргын үүрэг болгосны дагуу Гүйцэтгэх захирал Д.Туяа нь 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 19 тоот тушаал гаргаж, А.Норжинхандын цалинг 500,000.00 төгрөгөөр тогтоосон. Энэ тушаалыг гаргахдаа бүх ажилчдын хурлын шийдвэрийг үндэслэсэн, үйлчлэгч нар өөрсдийн цалинг 500,000.00 төгрөгөөр тогтоосныг зөвшөөрсөн.
Иймд, ажилласан хугацаанд олгогдох ёстой байсан цалингийн зөрүү 423,000.00 төгрөгийг нэхэмжлэх нь үндэслэлгүй.
Ээлжийн амралтын мөнгөн олговрын хувьд Гүйцэтгэх захирал Д.Туяа би нэхэмжлэгч А.Норжинхандад ээлжийн амралтын мөнгөн олговор гаргуулахаар Нягтлан бодогч Ц.Бумчимэгт үүрэг болгосон, ээлжийн амралтын мөнгөн олговор олгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна, ажлаас халагдсаны тэтгэмжийг хуульд зааснаар авах нь зүйтэй гэж үзэж байна.
Харин ажлаас үндэслэлгүй халсан болон ажилд эргүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын хувьд нэхэмжлэгч тал Үйлчлэгчээр 5 сар ажиллах хугацаандаа бусад ажилтнуудтай муудалцаж, хэрүүл маргаан байнга гарч, 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хурцадмал байдалд орсон. Ингээд 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр бүх ажилчдын хурлыг хуралдуулж, нэхэмжлэгчийн зан ааш, ёс суртахууны талаар хэлэлцээд 1 /нэг/ сарын хугацаанд ажиллах хугацаат даалгавар өгсөн.
Гэтэл А.Норжинханд гаргасан алдаагаа засах, өөртөө дүгнэлт хийхийн оронд хамт олонтойгоо муудалцан хэрүүл хийсэн учраас би 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хэд хэдэн үндэслэлээр ажлаас чөлөөлсөн, тус холбооны зүгээс А.Норжинхандыг хүлээн авах боломжгүй гэж үзэж байна гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Норжинханд нь хариуцагч Энхтайван Өргөө талбай өмчлөгчдийн холбоонд холбогдуулан ажилласан хугацаанд олгогдох ёстой байсан цалингийн зөрүү 423,000.00 төгрөг, ажлаас үндэслэлгүй халагдсаныг тогтоож, ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах, ээлжийн амралтын мөнгө гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас ээлжийн амралтын мөнгө гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрч, харин ажлаас үндэслэлгүй халагдсаны улмаас ажилд эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах тухай шаардлагыг үндэслэлгүй хэмээн татгалзаж, мэтгэлцэж байна.
Шүүхээс нэхэмжлэлд хавсаргасан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дараах баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн 23,000.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, 400,000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв. Үүнд:
Нэхэмжлэгч А.Норжинхандыг Энхтайван Өргөө талбай өмчлөгчдийн холбооны Гүйцэтгэх захирлын 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр тус холбоонд Үйлчлэгчээр томилж, 1 /нэг/ жилийн хугацаатай Хөдөлмөрийн гэрээ байгуулж, сарын цалинг 550,000.00 төгрөгөөр тогтоосон байна.
Тус холбооны Удирдах зөвлөлийн 2015 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 02 тоот тогтоолоор 2015 оны төсвийг батлахдаа Үйлчлэгч нарын сарын цалинг 500,000.00 төгрөгөөр тогтоосон байсныг Удирдах зөвлөлийн 2015 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 03 тоот тогтоолоор өөрчлөлт оруулж, төсвийг дахин батлахдаа Үйлчлэгч нарын цалинг 550,000.00 төгрөгөөр тогтоожээ. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч А.Норжинхандыг Үйлчлэгчээр 2015 оны 05 дугаар сарын 01-ний өдөр томилохдоо түүний сарын цалинг энэхүү тогтоолын хүрээнд 550,000.00 төгрөгөөр тогтоосон байх бөгөөд түүний Нийгмийн даатгалын дэвтрээс үзвэл тэрээр 2015 оны 05 дугаар сард 550,000.00 төгрөгөөр цалинжсан байна.
Харин 2015 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Энхтайван Өргөө талбай өмчлөгчдийн холбооны Гүйцэтгэх захирлын 19 тоот тушаал гаргаж, Үйлчлэгч нарын цалинг 500,000.00 төгрөг болгон өөрчилсөн байх бөгөөд нэхэмжлэгч А.Норжинханд уг цалингаар нийтдээ 2015 оны 06 дугаар сараас 2015 оны 12 дугаар сар хүртэлх 7 /долоо/-н сарын хугацаанд цалинжсан байна.
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 /гурван/ сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй. 129.2-т Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш 1 /нэг/ сарын дотор шүүхэд гаргана гэжээ.
Хуулийн дээрх заалтаас үзвэл нэхэмжлэгч А.Норжинханд нь ажилласан хугацаанд олгогдох ёстой байсан цалингийн зөрүүгийн талаарх гомдлоо Гүйцэтгэх захирлын 2015 оны 05 дугаар сарын 30-ны шийдвэр гарсан өдрөөс хойш 3 /гурван/ сарын дотор гаргах эрхтэй байсан атал ийнхүү гомдол гаргаагүй, тухайн тогтоосон 500,000.00 төгрөгийн цалингаар 7 /долоо/-н сарын хугацаанд цалинжсан байх тул түүнийг уг маргааны талаар гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн байна гэж дүгнэв.
Нэхэмжлэлд хавсаргасан Энхтайван Өргөө талбай өмчлөгчдийн холбооны бүх ажилчдын хурлын 2015 оны 25 дугаар сарын 05-ны өдрийн тэмдэглэлд дурдснаар Үйлчлэгч нарын болоод бусад ажилтны цалин хөлсийг өөрчлөлтийн талаар хэлэлцэж, хуралд оролцсон ажилтнууд тэмдэглэлд гарын үсэг зурсан байх бөгөөд нэхэмжлэгч А.Норжинханд тус хуралд оролцож, цалин хөлсийн өөрчлөлтийн талаар мэдсэн, түүний цалинг 500,000.00 төгрөгөөр 7 /долоо/-н сарын хугацаанд олгосон байгаа зэргээс дүгнэвэл тэрээр гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байна.
Иймд, ажилласан хугацаанд олгогдох ёстой байсан цалингийн зөрүү болох 423,000.00 төгрөгөөс 2015 оны 06 дугаар сараас 2015 оны 12 дугаар сард хүртэлх 7 /долоо/-н сарын цалингийн зөрүү 350,000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгов.
Харин хариуцагч талын зүгээс 2016 оны 01 дүгээр сард нэхэмжлэгчийн сарын цалинг олгохдоо ямар үндэслэлээр 477,000.00 төгрөгийн цалин хөлс олгосон нь ойлгомжгүй байна.
Хэдийгээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Энхтайван Өргөө талбай өмчлөгчдийн холбооны Удирдах зөвлөлийн даргын 2015 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 тоот шийдвэрээр надад санхүүгийн төлбөр тооцоог захиран зарцуулах эрхийг олгосон учраас би Үйлчлэгч нарын цалинг өөрчилсөн гэдэг боловч уг 01 тоот шийдвэрээс дүгнэхэд Гүйцэтгэх захирал Д.Туяа нь зөвхөн батлагдсан төсвийн хүрээнд захиран зарцуулах эрх эдлэхээр байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 62 дугаар зүйлд зааснаар ажил олгогч нь нийт ажилтны цалин хөлсний хэлбэр, хэмжээг хамтын гэрээний дагуу өөрчилснийг дагаж мөрдөхөөс өмнө 10, түүнээс дээш хоногийн өмнө мэдэгдэж, Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулах ёстой. Гэвч Энхтайван Өргөө талбай өмчлөгчдийн холбоо нь ямар шийдвэр, үндэслэлээр нэхэмжлэгч А.Норжинхандын цалинг 477,000.00 төгрөг болгон өөрчилж, олгосон талаар баримт байхгүй, түүнд мэдэгдээгүй, түүний Хөдөлмөрийн гэрээнд өөрчлөлт оруулаагүй байх тул хариуцагч талыг Хөдөлмөрийн хууль зөрчсөн гэж үзэв.
Иймд, нэгэнт тогтсон болон тухайн цалин хөлсний талаар маргаан гаргаагүй, түүгээр цалинжсан 500,000.00 төгрөгийг үндэслэлгүйгээр бууруулж, 477,000.00 төгрөгийн цалин хөлс олгосон нь буруу байх тул зөрүү 23,000.00 төгрөгийг хангаж, үлдэх 50,000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, нийт ажилласан хугацаанд олгогдох ёстой байсан цалингийн зөрүү 423,000.00 төгрөг гаргуулах шаардлагаас 400,000.00 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.
Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 55 дугаар зүйлд зааснаар ажилтанд ээлжийн амралтын хугацаанд амралтын олговор олгох бөгөөд олговрыг тухайн ажилтны жилийн дундаж цалин хөлсний хэмжээгээр тогтоодог. Нэхэмжлэгч нь ажиллах хугацаандаа ээлжийн амралтыг биеэр эдлэх гэхэд эдлүүлээгүй, Гүйцэтгэх захирал ээлжийн амралтаа эдэлсний дараагаар олгоно гэж хариу өгсөн гэдэг ба харин хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн уг шаардлагыг хүлээн зөвшөөрч байна.
Нэгэнт хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн тухайн шаардлагыг аливаа хэлбэрээр татгалзахгүйгээр хүлээн зөвшөөрч байх тул хариуцагчийн энэхүү зөвшөөрлийг батлах нь зүйтэй байна.
Шүүхээс нэхэмжлэлд хавсаргасан болон шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн дараах баримт, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангаж, А.Норжинхандыг ажилд нь эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 837,210.00 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэв.
Үүнд:
Хариуцагч Энхтайван Өргөө талбай өмчлөгчдийн холбооны Гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 31 тоот дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаалаар А.Норжинхандыг доорх үндэслэлээр ажлаас халжээ. Үүнд:
Хэрэгт цугларсан болоод шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн баримтаас тус тус үзвэл нэхэмжлэгч А.Норжинханд Хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.9-т заасан байгууллагын нууцад хамаарах, дотоод үйл ажиллагаатай холбоотой, хуулиар хамгаалагдсан нууц мэдээллийг задруулсан болон 5.3.1-д зааснаар албан тушаалын эрх мэдлээ хэтрүүлэх, бусад байгууллага хувь хүнтэй үгсэн тохиролцох, мөн байгууллагын болон санхүүгийн нууц мэдээллийг бусдад задруулах зэрэг байдлаар албан тушаалаа урвуулан ашигласан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.
Хэдийгээр хариуцагчийн зүгээс нэхэмжлэгч А.Норжинхандыг байгууллагын ажилтнуудын цалин хөлсний талаар бусдад ярьсан, энэхүү нууц мэдээллийг задруулсан гэж тайлбарлаж, мэтгэлцдэг боловч нэхэмжлэгч тал яг хэдийд энэ нууц гэх мэдээллийг бусдад тараасан, үүнээс болоод байгууллагад ямар хэмжээний хохирол, хор уршиг учирсан талаар тодорхой баримтаар нотолж чадахгүй байна.
Түүнчлэн Энхтайван Өргөө талбай өмчлөгчдийн холбоо нь Монгол Улсын Байгууллагын нууцын тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар ямар мэдээллийг өөрийн байгууллагын нууцад хамруулсан тухай журам, зааврыг баталж мөрдүүлсэн эсэх, батлагдсан журам, заавраа ажилтнууддаа танилцуулсан эсэх нь тодорхой бус байхаас гадна зөрчсөн тохиолдолд ноцтой зөрчилд тооцож, Хөдөлмөрийн гэрээг цуцлах талаарх заалтыг Хөдөлмөрийн гэрээндээ тусгайлан тусгаагүй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийг үгүйсгэсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд А.Норжинхандыг байгууллагын ямар нууц мэдээллийг задруулсан, эрх мэдлээ яаж хэтрүүлсэн, хэнтэй үгсэн тохиролцож ямар хохирол учруулсан талаарх баримтыг нотлоогүй, түүний гаргасан зөрчил нь нотлогдохгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Туяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа нэхэмжлэгч талыг өөрөө гаргасан алдаагаа зөвшөөрч, уучлалт гуйж байсан, түүнд зөрчил гаргахгүй ажиллах 1 /нэг/ сарын хугацаа олгосон, энэхүү хугацаанд дахин зөрчил гаргасан учраас ажлаас чөлөөлөхөөс өөр аргагүй болсон юм гэж тайлбарладаг.
Гэтэл нэхэмжлэлд хавсаргасан болоод шүүх хуралдаанд хэлэлцүүлсэн баримтаас үзвэл нэхэмжлэгч А.Норжинханд нь менежер н.Сарантуяатай муудалцсан болон өөр бусад шалтгаанаар өөрийн санаачилгаар ажлаас чөлөөлөгдөхийг хүссэн өргөдлийг 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гаргасан байна. Энэхүү өргөдөл болоод байгууллага дотор үүссэн бусад асуудлыг хэлэлцсэн Энхтайван Өргөө талбай өмчлөгчдийн холбооны бүх ажилчдын хурал 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр болж, тухайн хурлын тэмдэглэлээс дүгнэвэл ажлаас чөлөөлөгдөх өргөдөл өгсөн А.Норжинхандын хүсэлтийг хэлэлцэж, 1 /нэг/ сар ажиллах талаар ярилцаж, шийдвэрлэжээ.
Гэтэл ажилтны ажлаас гарах тухай хүсэлт, мөн түүний хамт олноосоо уучлалт гуйж, бичгээр 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдөр илэрхийлсэн хүсэл зоригийг түүний эсрэг ашиглаж, гаргасан үйлдэлдээ уучлалт гуйсныг ноцтой зөрчил гаргаснаа хүлээн зөвшөөрсөн баримт мэтээр тайлбарлаж, мэтгэлцэж байгаа нь шударга бус юм.
Иймд, А.Норжинхандыг Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн үндэслэл, үйл баримт тогтоогдохгүй байх тул түүнийг өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалд эгүүлэн тогтоох нь зүйтэй байна.
Дээр дурьдснаар нэгэнт нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлсөн Энхтайван Өргөө талбай өмчлөгчдийн холбооны Гүйцэтгэх захирлын 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 31 тоот тушаал үндэслэлгүй байх тул түүний ажилгүй байсан хугацааны цалинг олгохдоо Нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийсэн сүүлийн 3 /гурав/-н сарын цалингийн дунджийг үндэслэх нь зүйтэй боловч хариуцагч Энхтайван Өргөө талбай өмчлөгчдийн холбоо нь нэхэмжлэгч А.Норжинхандад 2016 оны 01 дүгээр сарын цалин хөлс олгохдоо хууль зөрчиж, 477,000.00 төгрөгийн цалин хөлс олгож, ажилтны эрх зүйн байдлыг дордуулсан байх тул тус цалинг тогтсон 500,000.00 төгрөгөөр тооцох нь шударга юм.
Нэхэмжлэгч А.Норжинхандын 1 /нэг/ өдрийн цалин хөлс 23,256.00 төгрөг, түүний ажилгүй байсан хугацаа 36 өдөр, нийт ажилгүй байсан хугацааны цалин хөлс 837,210.00 төгрөг байна.
Иймд, Энхтайван Өргөө талбай өмчлөгчдийн холбооноос Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийг үндэслэн 837,210.00 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч А.Норжинхандад олгох нь зүйтэй байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
5.
6.5195грөг улсын орлогод оруулсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР