| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/02744/и |
| Дугаар | 2744 |
| Огноо | 2016-03-29 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 03 сарын 29 өдөр
Дугаар 2744
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хүсэлт гаргагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 13 дугаар хороо, Энхтайваны өргөн чөлөө гудамжны 127/1 байрны 23 тоотод оршин суух Тайж нар овогт Дамирангийн Лууваанчиг /РД:ИЮ48091474/-ийн хүсэлттэй,
Ганбаярын Батнайрамдал /РД:ФА87102615/, Н.Цэнгэл нарыг эрэн сурвалжлуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Золзаяа оролцов.
Хүсэлт гаргагч Д.Лууваангийн Итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбаяр нь хүсэлтийг өөрийн эзгүйд шийдвэрлэх талаар хүсэлт ирүүлсэн болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Лууваанчиг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Г.Батнайрамдал, Н.Цэнгэл нартай харилцан тохиролцож сайн дурын үндсэн дээр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 127 дугаар байрны 3 давхар, 23 тоотод байрлах 2 өрөө байрыг 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 3 /гурав/ жилийн хугацаатай түрээслүүлэх тухай гэрээ байгуулсан. Гэтэл тэд 2015 оны 11 дүгээр 30-ны өдрөөс хойш нүүж алга болсон байна.
Г.Батнайрамдал, Н.Цэнгэл нар нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс надад 1,474,461.00 төгрөгийн хохирол учруулсан болно. Би, тэдний иргэний үнэмлэхийн хаягаар очиход тус хаягтаа бүртгэлтэй боловч амьдардаггүй гэсэн засаг даргын тодорхойлолт гаргасан бөгөөд одоогоор хариуцагч нар хаана байгаа нь мэдэгдэхгүй байна.
Иймд, Г.Батнайрамдал болон түүний ээж Н.Цэнгэл нарыг эрэн сурвалжилж өгнө үү гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэбаяр нь 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр тус шүүхэд гаргасан хүсэлтдээ: Нэхэмжлэгч Д.Лууваанчигийн хариуцагч Г.Батнайрамдал, Н.Цэнгэл нарыг эрэн сурвалжлуулах тухай хэргийг хэлэлцэх шүүх хуралдаанд миний бие хувийн шалтгааны улмаас оролцох боломжгүй тул намайг эзгүйд хэрэгт цугларсан баримтуудыг үндэслэн шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн тайлбар, хэрэгт цугларсан бичгийн болон шүүх хуралдаанд хэлэлцсэн баримтыг тус тус шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Лууваанчиг нь Г.Батнайрамдал, Н.Цэнгэл нарыг Эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Д.Лууваанчиг нь 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Г.Батнайрамдал, Н.Цэнгэл нартай харилцан тохиролцож, Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо, 127 дугаар байрны 3 давхарт байрлах 23 тоот 2 өрөө байрыг 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс эхлэн 3 /гурав/ жилийн хугацаатай хөлслүүлэх гэрээ байгуулж, эрх зүйн харилцаанд оролцсон байна.
Талууд Орон сууц хөлслөх гэрээ байгуулснаас хойш хөлслөгч Г.Батнайрамдал, Н.Цэнгэл нар 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдрөөс тус орон сууцнаас нүүж алга болсон бөгөөд хөлслөгч нар гэрээний үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгч Д.Лууваанчигт 1,474,461.00 төгрөгийн хохирол учруулсан байна.
Улмаар хүсэлт гаргагч Д.Лууваанчигийн зүгээс хариуцагч Г.Батнайрамдал, Н.Цэнгэл нарт холбогдуулан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, 1,474,461 төгрөгийг нэхэмжилсэн боловч тус шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 06949 тоот захирамжаар хариуцагчийн хаяг тодорхойгүй гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 133 дугаар зүйлийн 133.1.9, 155 дугаар зүйлийн 155.1-т зааснаар Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно гэж заасан.
Хүсэлтэд хавсаргасан болон шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримт болох Д.Лууваанчиг болон Г.Батнайрамдал, Н.Цэнгэл нарын хооронд байгуулсан Орон сууц хөлслөх гэрээнээс үзвэл Г.Батнайрамдал, Н.Цэнгэл нь энэхүү хэргийн иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд мөн гэж дүгнэв.
Нэгэнт хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Г.Батнайрамдал, Н.Цэнгэл нар нь Сүхбаатар дүүрэг, 14 дүгээр хороо, Хандгайт гудамжны 50 тоот хаягт оршин суудаггүй болох нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 06949 тоот захирамж, Монгол шуудан ТӨХК-ийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн магадлагаа, хорооны тодорхойлолтоор тус тус нотлогдож байх тул тэдгээрийг эрэн сурвалжлуулах нь үндэслэлтэй байна.
Иймд, Г.Батнайрамдал, Н.Цэнгэл нарыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хангаж, тэдгээрийн оршин суугаа хаягийг тогтоох ажиллагааг Цагдаагийн байгууллагаар гүйцэтгүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.9 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар Ганбаяр овогтой Батнайрамдал /РД:ФА87102615/, Н.Цэнгэл нарыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-т зааснаар Г.Батнайрамдал, Н.Цэнгэл нарыг эрэн сурвалжлах, түүний оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст даалгасугай.
3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх заалтад зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200.00 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь заалтад зааснаар хүсэлт гаргагч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР