Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 28 өдөр

Дугаар 2718

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу-3/9, Кодем ХХК-ийн байр гэсэн хаягт үйл ажиллагаа явуулдаг Жи-Мобайл ХХК /РД:5055873/-ийн гаргасан,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, 026 дугаар ангийн гудамж, 3 тоот хаягт оршин суух Рааш овогт Зоригтын Уянга /РД:ЦВ87021463/-д холбогдох 180,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч Жи-Мобайл ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Хэрэглэгч З.Уянга нь манай компанитай 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1183584 тоот Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, NP10 төхөөрөмжийг худалдан авсан. Гэвч тэрээр сүүлийн 6 сарын хугацааны төлбөр болох 120,000 төгрөгийг төлөхөөс зайлсхийж байна. Иймд, З.Уянгаагаас худалдан авсан төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 120,000.00 төгрөг, гэрээний 5 дугаар зүйлийн 5.3-т заасан 180 хоногийн алданги болох 60,000.00 төгрөг, нийт 180,000.00 төгрөгийг гаргуулж, манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 19-ний өдөр  иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг хүргүүлж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсныг тус тус баталгаажуулсан баримтууд нэхэмжлэлд авагдсан байна.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн С.Амаржаргалын зүгээс 2016 оны 03 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ: Жи-Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй З.Уянгад холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн зүгээс 180,000.00 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

  ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлд хавсаргасан баримтаас үзвэл талууд 2015 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр 1183584 тоот Төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, худалдан авагч З.Уянга нь NP10 төхөөрөмжийг худалдан авахаар тохирчээ.

Энэхүү гэрээнд талуудын хүсэл зориг зохих ёсоор тусгагдаж, гэрээний гол нөхцөл болсон эд зүйл, үнэ, хугацаа, урьдчилгаа төлбөр болоод сар бүр төлөх төлбөрийн хэмжээний талаар тус тус тохиролцсон байна. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зорилгоор хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах хуулийн зохицуулалттай.

Хэрэг хянан хэлэлцэх ажилагааны явцад хариуцагч З.Уянгын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч татгалзаагүй, аливаа хэлбэрээр мэтгэлцэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, биелүүлсэн нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай түүний тайлбар, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны талаар танилцсан Тэмдэглэл зэргээс тодорхой харагдаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж дүгнэлээ. 

Нэгэнт нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч талыг нэхэмжлэлийг шаардлагыг хүлээн зөвшөөрч биелүүлсэн гээд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байх тул энэ нь Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тохиолдолд шүүхээс тухайн хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэх үүрэгтэй билээ.

Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-ийн Ерөнхий захирал Г.Магнай нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөгчөөрөө дамжуулан оролцохоор хүсэл зоригоо илэрхийлж, С.Амаржаргал /РД:АА86081605/-д итгэмжлэл олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн эдлэх эрх, үүргийг түүнд эдлүүлэхээр болжээ.

Монгол Улсын Иргэний хуулийн 63 дугаар зүйлийн 63.2-т зааснаар төлөөлөгч нь төлөөлөгчөөс олгосон бүрэн эрхийн хүрээнд, түүний нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй хэлцэл хийх бөгөөд уг хэлцлээс үүсэх эрх, үүрэг нь гагцхүү төлөөлүүлэгчид бий болно, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 хуулийн этгээд төлөөлөгчөөрөө дамжуулан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож болон гэсэн заалтыг тус тус үндэслэн зохих журмын дагуу олгосон итгэмжлэлийн хүрээнд итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан уг хүсэлтийг бүрэн эрхгүй этгээд гаргасан гэж үзэх үндэслэл алга байна.

Түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байдал болоод нэхэмжлэлд хавсаргасан бусад баримтаас тус тус үзэхэд нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн нь Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд, Жи Мобайл ХХК-ийн гаргасан З.Уянгад холбогдох 180,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

            1.Жи Мобайл ХХК-ийн гаргасан З.Уянгад холбогдох 180,000.00 төгрөг гаргуулах иргэний хэрэгт хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлсэн байх тул хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-иас төлсөн 6,050.00 төгрөгийн тал хувь болох 3,025 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас, үлдэх 3,025.00 төгрөгийг хариуцагч З.Уянгаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдсугай.

            4.Захирамжийг зохигч сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг тэдгээрт сануулсугай.

                                   

ШҮҮГЧ                                                           Б.МАНДАЛБАЯР