Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 05

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямдаваа

            Улсын яллагч Г.Мөнхболд

            Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ

Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Б холбогдох 1940002190113 дугаартай хэргийг 2019 оны 12 сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Дархан суманд эрэгтэй, яс үндэс халх, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Д.Б

            Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын малыг хулгайлсан” гэмт хэрэгт холбогджээ.

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Б нь 2019 оны 11 сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутаг “Буйлан” гэх газарт бэлчээрээс тээврийн хэрэгсэл буюу БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, улаан өнгийн “Даюун” маркийн улсын дугааргүй мотоцикль ашиглан Д.Б эзэмшлийн 5 тооны адууг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад дүгнэвэл:

-Хохирогч Д.Б 2019 оны 12-р сарын 20-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Манайх Төв аймгийн Баян сумын 2 дугаар багийн нутагт байдаг бөгөөд эхнэр хүүхдийн хамт мал маллаж амьдардаг. Дорноговь аймгийн Иххэт сумын нутаг руу оторт явахаар болж 2019 оны 11 сарын 20-ны өдөр Төв аймгийн Баян сумаас гарсан. Төв аймгийн Баян сумаас гарахдаа нийт 950 орчим тооны адуу, 1500 гаруй тооны баг мал, 40 гаран тооны үхэртэй оторт гарч замдаа хоноглоод явж байсан юм. Оторлож явж байгаад 2019 оны 11 сарын 29-ний өдөр Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутаг Буйлан гэх газарт ирж хоноглосон юм. Тэгээд маргааш нь буюу 2019 оны 11 сарын 30-ны өдөр бэлчээрээс манай адуунаас хээр азаргатай 27 тооны адуу алга болсон байсан. Би алга болсон хээр азаргатай адуугаа Дархан сумын нутгаар хайж байгаад 2019 оны 12 сарын 02-ны өдөр олоход нар саран тамгатай зээрд халзан гүү, хар гүү, халиун гүү, хүрэн гүү, цавьдар морь нийт 5 тооны адуу алга болсон байсан. Эдгээр алга болсон 5 тооны адууг эрж хайсан боловч олдоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 62-63-р хуудас/

-Гэрч О.Г-ын 2019 оны 12-р сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар багт Н гэх айлын малчин хийдэг. Би 2019 оны 11 сарын 29-ний өдөр сумын төвд орж ирээд хэд хонож байсан юм. Би 2019 оны 12 сарын 03-ны өглөө 10 цагийн үед Дархан сумын тамхины цэгээс тамхи авах гээд явж байтал манай нутгийн Ням-Очир гэх залуу таараад хэдэн адуу хийлцээд өгөөч мөнгийг нь өгье гэж хэлсэн. Тэгээд намайг үдээс хойш хүрээд ирээрэй гэж хэлээд явсан. Би үдээс хойш 15 цагийн үед сумын төв дээр байдаг гэрт нь очтол хашаанд нь 4 тооны адуу байсан. Тэгээд Ням-Очир энэ 4-н тооны адууг ажиллана одоо Д.Б ирнэ гээд Д.Б ирэхээр бид гурав нийлж байгаад 4 тооны адууг ажилласан. Тухайн үед би хэнээс авсан талаар асуугаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 30-31-р хуудас/

-Гэрч Ө.Н-ын 2019 оны 12-р сарын 12-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би Хэнтий аймгийн Дархан сумын 4 дүгээр багт мал, мах авч Улаанбаатар хот Хүчит шонхор зах дээр зардаг юм. Би 2019 оны 11 сарын 30-ны орой 21 цагийн үед гэртээ байж байтал манай нутгийн Д.Б залуу 4 тооны адуу өгөх гэсэн юм гээд ирсэн. Д.Б нь надад тухайн үед 2800000 төгрөгний өртэй байсан юм. Тэгээд өрөөндөө гурван тооны адууг нь өгөөд 1 тооны адууг нь зараад өгөөч гэж хэлсэн. Надад авчирч өгсөн 4 тооны адуу нь хар гүү, хүрэн гүү, халиун гүү, цавьдар морь эдгээр 4 тооны адуу байсан. Би тухайн үед адуун махны үнэ муу байсан болохоор хашаандаа 3 хонуулаад 2019 оны 12 сарын 03-ны өдөр ажилласан. Би тухайн өдөр адуу хийлцэх хүнгүй байсан болохоор тамхи авах гээд явж байтал манай нутгийн ах Ганбаатар гэдэг хүнтэй тааралдаад үдээс хойш манайд очиж 4 тооны адуу хийгээд өгөөрэй мөнгө төгрөгийг нь өгнө гэж хэлсэн. Тэгээд үдээс хойш буюу 16 цагийн үед адуугаа хийж байтал манай сумын цагдаа Ганбаатар нь ирж шалгасан. Тэгээд хаанаас авсан талаар асуухаар нь Д.Б гэх залуугаас авсан гэж хэлсэн. Харин Д.Б нь цагдаад хулгайн адуу байсан талаараа хэлсэн. Тэгээд би хулгайн адуу байсныг мэдсэн. Надад Д.Б нь адуугаа зарахдаа өөрийнхөө адуу гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/

- 2019 оны 12-р сарын 12-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 404 тоот шинжээчийн дүгнэлт / 5 адууны үнэ 5.700.000 төгрөг/ /хх-ийн 37-р хуудас/

- 2019 оны 12-р сарын 20-ны өдрийн Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 412 тоот шинжээчийн дүгнэлт /мотоциклийн үнэ 900.000 төгрөг / /хх-ийн 68-р хуудас/

- Яллагдагч Д.Б-ын 2019 оны 12-р сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтад өгсөн: “Би Дархан сумын харьяат Ням-Очирт 2800000 төгрөгний өртэй байсан юм. 2019 оны 11 сарын 30-ны өдөр өөрийнхөө адууг хайж байгаад Дархан сумын 2 дугаар баг Буйлан гэх газарт явж байхад эзнийг нь мэдэхгүй, манай нутгийн биш гадны 20 гаран тооны адуу таарахаар нь хулгай хийгээд өөрийнхөө өрийг барагдуулъя гэсэн санаа төрөөд 5 тооны адууг тасдаж хөөгөөд Дархан сумын урд талд байх айлын эзгүй хашаанд хашаад барьж аваад хооронд нь холбож хөтлөөд Дархан сумын төв рүү орж Н хашаанд нь очсон. Ням-Очирынх руу явж байхдаа хөтөлж явсан нэг адуугаа алдчихсан. Хөтөлгөө нь тасарсан зээрд халзан зүсмийн гүү нь гүйгээд явчихсан, би араас нь хайж яваагүй. Тэгээд Ням-Очиртой уулзаад хөтөлж ирсэн 4 тооны адууны гурвыг өр болох 2800000 төгрөгөндөө аваарай, нэг адууг нь зарж борлуулаад мөнгийг нь өгөөрэй гэж хэлсэн. Би Н нэг адууны махны мөнгөө аваагүй байсан. Улаанбаатар хот руу яваагүй байхад нь цагдаад баригдсан” гэх мэдүүлэг /хх-ийн 49-50-р хуудас/

-Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, прокурорын зөвшөөрөл /хх-ийн 02-27-р хуудас/

-Хохирогч Д.Б өгсөн: “Д.Б нь 5 адууны хохирол 5.700.000 төгрөг болон бензины зардал 300.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Санал, гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй” гэх хүсэлт /хх-ийн 83-р хуудас/

-Шүүгдэгч Д.Б-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутаг “Буйлан” гэх газраас 2019 оны 11 сарын 30-ны өдөр Д.Б 5 тооны адууг хулгайлсан. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох тухайд:

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судалж дүгнэвэл: шүүгдэгч Д.Б нь  2019 оны 11 сарын 30-ны өдөр Хэнтий аймгийн Дархан сумын 2 дугаар багийн нутаг “Буйлан” гэх газарт бэлчээрээс тээврийн хэрэгсэл буюу БНХАУ-д үйлдвэрлэгдсэн, улаан өнгийн “Даюун” маркийн улсын дугааргүй мотоцикль ашиглан хохирогч Д.Б эзэмшлийн 5 тооны адууг хулгайлж, 5.700.000 төгрөгний хохирол учруулсан  гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Д.Б, гэрч О.Г, Ө.Н нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, шинжээчийн хөрөнгийн үнэлгээ, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Тухайлбал шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Бусдын 5 тооны бод малыг хулгайлсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Д.Б холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Иймд шүүх шүүгдэгч Д.Б “бусдын 5 тооны бод малыг хулгайлсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийтгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

            Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар

              Шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийн улмаас хохирогчид 5 тооны адуу буюу 5.700.000 төгрөгийн хохирол учруулсан байна.

Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2019 оны 12-р сарын 12-ны өдрийн 404 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогчийн  5 адуу 5.700.000 төгрөгөөр үнэлэгдсэн байна.

Мөн Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний- 2019 оны 12-р сарын 20-ны өдрийн 412 тоот шинжээчийн дүгнэлтээр гэмт хэрэг үйлдэхэд ашигласан мотоцикль 900.000 төгрөгөөр үнэлэгдсэн байна.

              Хохирогч Д.Б гэмт хэргийн улмаас 5 тооны адуу буюу 5.700.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь хохирлыг бүрэн төлсөн болох нь хохирогчийн мэдүүлэг, хүсэлт, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүгдэгч Д.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын 5 тооны бод малыг хулгайлсан” гэмт  хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, бусад баримтаар тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.

Хавтаст хэргийн 78 дугаар талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар шүүгдэгч Д.Б нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.Б эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Б холбогдох хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, гэмт хэрэг үйлдсэний улмаас учруулсан хохирлыг төлсөн нь “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”-д тооцсон бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно. 

Иймд шүүгдэгч Д.Б анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Б хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг оногдуулах нь зүйтэй байна.  

Улсын яллагчийн шүүх хуралдаанд шүүгдэгч Д.Б 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүх хүлээн авах боломжгүй, шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн хугацаагаар тэнсэх боломжтой байна гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн уяа 1 ширхэг, ногт 3 ширхэг, хутга 4 ширхгийг тус тус шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Д.Б-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Д.Бат-Очирын эзэмшлийн түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 900.000 төгрөгний үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн, улсын дугааргүй, улаан өнгийн, L7GPCKLY2K1070912 арлын дугаартай, DY162FMJ-2, K5068217 моторын дугаартай, Даюун маркийн мотоциклийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Д.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан 5.700.000 төгрөгний хохирлыг нөхөн төлсөн, түүнээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй байх тул хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан мотоциклийг хурааж улсын орлого болгох нь хуульд нийцнэ.

                    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл,

 36.2, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2

дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь: 

  1. Шүүгдэгч Д.Б Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “бусдын малыг хулгайлж 5.700.000 төгрөгний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б хорих ял оногдуулахгүйгээр 01  /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар шүүгдэгч Д.Б тэнсэгдсэн 01 /нэг/ жилийн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг оногдуулсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмын дагуу ял оногдуулахыг сануулсугай.

5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн 11 метр урт уяа 1 ширхэг, 3.5 метр урт цагаан өнгийн ногт 3 ширхэг, бариулын урт 12.5 см, ажлын хэсгийн 13.5  см урт нийт 26 см урттай хүрэн өнгийн бариултай “Columbia” гэх бичигтэй хутга 1 ширхэг, бариулын урт 12.5 см, ажлын хэсгийн урт 12.5 см нийт 25 см урттай хүрэн өнгийн модон бариултай хутга 1 ширхэг, бариулын урт 11.5 см, ажлын хэсгийн урт 11.5 см урт нийт 23 см урттай хүрэн өнгийн модон бариултай “Труа-Вача” гэх бичигтэй хутга 2 ширхэг нийт хутга 4 ширхгийг тус тус устгаж, шүүгдэгч Д.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.3 дугаар зүйлийн 1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Д.Бат-Очирын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан БНХАУ-д үйлдвэрлэсэн улсын дугааргүй улаан өнгийн Даюун маркийн мотоциклийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шүүгдэгч Д.Бат-Очирын эзэмшлийн түүний гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 900.000 төгрөгний үнэлгээ бүхий БНХАУ-д үйлдвэрлэсэн, улсын дугааргүй, улаан өнгийн, L7GPCKLY2K1070912 арлын дугаартай, DY162FMJ-2, K5068217 моторын дугаартай, Даюун маркийн мотоциклийг хурааж улсын орлого болгосугай.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.Б урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                        М.ЭНХМАНДАХ