Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2021/0231

 

 

 

 

 

 

 

 

 

“С” ХХК, “Ц” ХХК-уудын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч С.Мөнхжаргал, А.Сарангэрэл нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж, нэхэмжлэгч “Ц” ХХК-ийн төлөөлөгч Б.А, нэхэмжлэгч “С” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Ш.А, хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 119 дүгээр шийдвэртэй, “С” ХХК, “Ц” ХХК-уудын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У-ын давж заалдах гомдлоор, шүүгч А.Сарангэрэлийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 119 дүгээр шийдвэрээр: “... Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3, 37 дугаар зүйлийн 37.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “С” ХХК, “Ц” ХХК нарын нэхэмжлэлтэй, нийслэлийн Засаг даргад холбогдох хэргийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/788 дугаар захирамжийн нэхэмжлэгч нарт холбогдох хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ үйл баримтад тулгуурлан дүгнэлт хийгээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй.

Тус компанийн тусгай зөвшөөрлийг цуцлахдаа хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болгож байгаа гэх үндэслэлээр Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4, 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5, Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д заасны дагуу тусгай зөвшөөрлийг цуцалж газрын хэвлийн ашиглах эрхийг дуусгавар болгосон.

Монгол Улсын Үндсэн хуулийн арван зургаадугаар зүйлийн 2-т заасан иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхтэй гэсний дагуу тухайн газар оршин сууж байгаа иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахаар гаргасан шийдвэр болно.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зөрчигдсөн гэж үзэх нөхцөл байдал хөдөлбөргүйгээр тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн.

Түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож, газрын хэвлийг ухаж нүх, эрэг үүсгэн, олборлосон түүхий эдээ тээвэрлэн зам эвдэж, тухайн газарт тоосгоны үйлдвэр ажиллуулан тоосго үйлдвэрлэж байхад иргэд энэ үйл ажиллагааны хажууд амьдарч байгаа нь нийтэд илэрхий үйл баримт гэж үзэхээр байхад нөхцөл байдал тогтоогоогүй байна гэж дүгнэсэнд гомдолтой байна.

Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/18 дугаар захирамжаар Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хязгаарыг тогтоосон бөгөөд тус хязгаарт дээрх компаниудын тусгай зөвшөөрөл бүхий талбай багтаж байгаа бөгөөд захирамжийн үндэслэх нь хэсэгт оруулаагүй ч сонсох ажиллагааны баримтад энэ талаар тусгаж сонсох ажиллагаа хийсэн болно.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 128/ШШ2021/0119 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү.” гэжээ

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У-ын давж заалдах гомдлын хүрээнд хянаад анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “С” болон “Ц” ХХК-иас “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/788 дугаар захирамжийн “С” болон “Ц” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргажээ.

Ашигт малтмал, газрын тосны газраас 2007 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр нэхэмжлэгч “С” ХХК-д 30 гектар, нэхэмжлэгч “Ц” ХХК-д 13 гектар талбайд тус тус ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг[1] 30 жилийн хугацаатай олгожээ.

Хариуцагчаас хариу тайлбартаа[2] “уурхайн үйл ажиллагааны тайлан, төлөвлөгөөг хуулийн хугацаанд хянуулаагүй, 2014 онд Ажлын хэсэг Найрамдал ордод олборлох үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг шалгаж, үр дүнг Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэн, Нийслэлийн Засаг даргын 2014 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 01/970 албан бичгээр тухайн аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг 2015 оноос хааж, Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлагын баримт бичигт дурдагдсан бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлэх болсон. Мөн Нийслэлийн Газрын албаны мэдээллээр дээрх аж ахуйн нэгжүүдийн зөвшөөрөл бүхий талбайд 170 иргэний эзэмшил газрууд давхцдаг,  Мэргэжлийн хяналтын байгууллагаас зохион байгуулсан төлөвлөгөөт бус хяналт шалгалтын дүн, өмнөх үзлэг шалгалтуудаар илэрсэн зөрчил, дутагдал хэвээр байгааг харгалзан үзэж тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон” гэж дурдан, энэ тайлбартай холбоотой баримтууд хэрэгт авагджээ.

Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/18 дугаар захирамжаар Улаанбаатар хотын суурьшлын бүсийн хязгаарыг тогтоосон бөгөөд тус хязгаарт дээрх компаниудын тусгай зөвшөөрөл бүхий талбай багтаж байгаа” гэж маргажээ.

Гэвч маргаан бүхий Нийслэлийн Засаг даргын 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/788 дугаар захирамжаар[3] дээр дурдсан хариу тайлбар болон давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүдээр бус харин “шавар олборлож, тоосгоны үйлдвэрлэл эрхэлснээр тухайн нутаг дэвсгэрийн хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болгож байна” гэсэн үндэслэлээр нэхэмжлэгч компаниудын түгээмэл тархацтай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгожээ.

Маргаан бүхий акт нь Газрын хэвлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т “..., нийслэлийн Засаг дарга газрын хэвлийг ашиглах, хамгаалах талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: энэ хуулийн 21 дүгээр зүйлд заасан тохиолдолд газрын хэвлийг ашиглах эрхийг хуульд заасан эрх хэмжээнийхээ дотор дуусгавар болгох”, 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 5-д “Газрын хэвлийг ашиглах эрхийг дор дурдсан тохиолдолд бүрэн буюу хэсэгчлэн дуусгавар болгоно: хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон.”, Түгээмэл тархацтай газар нутгийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.3-д “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл доор дурдсан тохиолдолд дуусгавар болно: ..., нийслэлийн Засаг дарга тусгай зөвшөөрлийг цуцалсан.” гэж заасныг тус тус баримталжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д захиргааны үйл ажиллагаанд “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” зарчмыг баримтлахаар, 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ.”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно.” гэж тус тус заажээ.

Энэхүү Захиргааны ерөнхий хуульд заасан үүргийн дагуу хариуцагч захиргааны байгууллагаас нэхэмжлэгч нарын ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгож буй хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болгож байна” гэх үндэслэл бодит нөхцөлд бий болсон эсэх, хүн амын эрүүл мэндэд ямар аюултай байдал бий болсон, хэрхэн бий болсон, энэ талаар иргэд, өргөдөл гомдол гаргасан эсэх, хүн амын эрүүл мэндэд аюултай байдал бий болсон бол нэхэмжлэгч нарын ашигт малтмал ашиглах, олборлох, үйлдвэрлэл явуулж байгаа үйл ажиллагаанаас шалтгаалж байгаа эсэхийг мэргэжлийн байгууллагаар нарийвчлан шинжлэн судлуулж, холбогдох дүгнэлт гаргуулах зэрэг бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг хийсэн гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаас тогтоогдсонгүй.

Мөн хариуцагчийн итгэмжлэгдэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо дурдсан “нэхэмжлэгч компаниуд нь түгээмэл тархацтай ашигт малтмал олборлож, газрын хэвлий ухаж нүх, эрэг үүсгэн, олборлосон түүхий эдээ тээвэрлэн зам эвдэж, тоосгоны үйлдвэр ажиллуулж, иргэд энэ үйл ажиллагааны хажууд амьдарч байгаа нь илэрхий үйл баримт”  гэх үндэслэл нь дээр дурдсан хуульд заасан бодит нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулах, оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдал, маргаан бүхий актын үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүргээс хариуцагчийг чөлөөлөх, нэхэмжлэгч нарын тусгай зөвшөөрлийг цуцалж, газрын хэвлий ашиглах эрхийг дуусгавар болгосон хариуцагчийн үйлдлийг хууль ёсны гэж зөвтгөх үндэслэл болохооргүй байна.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 119 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

          2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                           Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                                    С.МӨНХЖАРГАЛ

ШҮҮГЧ                                                                     А.САРАНГЭРЭЛ

 

 

 

 

 

[1] Хэргийн 1-р хавтас 13-14, 101-104 дэх тал

[2] Хэргийн 1-р хавтас 27-28, 123-125 дахь тал

[3] Хэргийн 1-р хавтас 174 дэх тал