Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 952

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дуламсүрэн даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “П” ХХК,

Хариуцагч: Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, түүний үнэлгээний хороо, 

Нэхэмжлэлийн шаардлага: 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зарласан “Боловсролын байгууллагуудад хөгжмийн зэмсэг худалдан авах” ***** /2017-04-013 дугаартай тендер шалгаруулалтыг хууль бус явагдсаныг тогтоож, хүчингүй болгуулах, уг тендер шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, О.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.О, Д.Б, гуравдагч этгээд “П” ХХК-ийн төлөөлөгч Н.Г шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Чингис нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “П” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний хууль зүйн үндэслэлдээ: “П” ХХК нь 2003 оноос Япон улсын Yamaha, Америкийн Нэгдсэн Улсын Нагmаn, Shure болон бусад дэлхийд танигдсан 20 гаруй брэндийн бараа бүтээгдэхүүнийг албан ёсны дистрибьютерийн эрх, үйлдвэрлэгчийн зөвшөөрөл, стандартын дагуу Монгол улсад импортлон оруулж ирж байгаа билээ. Тус хугацаанд бид бүх төрлийн мэргэжлийн тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалт, мэргэжлийн тоног төхөөрөмжийг төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн албан байгууллагуудад найдвартай, чанартай үйлчилгээгээр үйлчлэн ажиллаж байна. Манай компани нь 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зарласан “Боловсролын байгууллагуудад хөгжмийн зэмсэг худалдан авах” ***** /2017-04-013 дугаартай тендерт холбогдох материалыг хуульд заасны дагуу бүрдүүлж оролцсон. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зарласан “Боловсролын байгууллагуудад хөгжмийн зэмсэг худалдан авах” ***** /2017-04-013 дугаартай тендер нь 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдөр нээлт хийх байсан боловч тендерт оролцогч өөр этгээдээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт гомдол гаргасны дагуу тодорхойгүй хугацаагаар хойшлогдсон. Бид удаа дараа Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар луу холбогдож гомдлын талаар асуусан боловч гомдол шийдэгдээгүй байгаа гэсэн хариу ирсэн. 2017 оны 08 дугаар сарын 01, 02-нд гомдлын талаар дахин асуухад Сангийн яамнаас хариу ирээгүй гэсэн мэдээлэл өгсөн. 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар луу дахин залгахад тендерийн шалгаруулалт дуусч бусад оролцсон байгууллагууд руу шуудангаар бичиг явуулсан гэсэн хариу өгсөн боловч бидэнд ямар нэг албан бичиг ирээгүй. 2017 сарын 08 дугаар сарын 11-ний өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас манай байгууллага нь очиж тус албан бичгийн хуулбарыг авсан. 

Бид дээрхи асуудлыг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт 2017 оны 08 дугаар сарын 11-ний өдөр 17/288 тоот албан бичиг хүргүүлсэн. Албан бичгийн хариуг 2017 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн орой Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 226 тоотоос очиж авсан. Тус албан бичигт дурдсанаар захиалагч тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулсан тухай мэдээллийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А-1/1501 тоот албан бичгээр tender.gov.mn сайтад мэдээлсэн ба тендер шалгаруулалтын үр дүнг 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн албан бичгээр мэдэгдсэн бөгөөд шуудангийн байгууллага болон утсан холбоо ашиглан тендерт оролцогчдод хүргүүлсэн гэх боловч манай байгууллагад огт мэдээлэл ирээгүй, зориуд биднээс уг тендер шалгаруулалтын талаарх мэдээллийг нууж байсан учраас уг тендер шалгаруулалтыг хууль бус явагдсан гэж үзэж байна. Тус өдрүүдэд манай байгууллагын утас ажиллаж байсан болно.

Энэ нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын “Боловсролын байгууллагуудад хөгжмийн зэмсэг худалдан авах” ***** /2017-04-013 тендер Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дугаар зүйлийн 29.1, 29.2, 29.5 дахь хэсэгт заасан тус тус заалтуудыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Бид тендерт оролцогчийнхоо хувьд уг тендерийн үйл ажиллагаатай холбоотой шийдвэр гарсан болон уг шийдвэрийг хуулийн хугацаанд хүлээн авах бүрэн эрхтэй. Гэтэл захиалагч тал зориудаар манай компанид уг тендер шалгаруулалтын талаарх мэдээллийг өгөхгүй байсаар байгаад өдийг хүргэсэнд гомдолтой байна. Манай компани уг тендер шалгаруулалтанд ямар шалтгаанаар шалгараагүй болон ямар компани шалгарсан талаар одоог хүртэл мэдээгүй байна. 

Мөн манай компани уг асуудлаар Сангийн яаманд гомдол гаргасан боловч Сангийн яамны 2017 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 6-1/5072 тоот албан бичгийг 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авсан ба захиалагчийн хууль бус үйлдлээс болж манай компани тендерт эрх тэгш оролцох, мэдээлэл хүлээн авах, гомдол гаргах зэрэг эрх ашиг маань ноцтой зөрчигдөж байх тул 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зарласан “Боловсролын байгууллагуудад хөгжмийн зэмсэг худалдан авах” ***** /2017-04-013 дугаартай тендер шалгаруулалтыг хууль бус болсныг тогтоож, хүчингүй болгож, тендер шалгаруулалтыг дахин явуулахыг даалгаж өгнө үү. 

Манай компани уг тендерт ямар оролцогч ялсан болон манай компани ямар шалтгаанаар шалгараагүй талаар болон тухайн үнэлгээний хорооны шийдвэрийн талаар огт мэдээлэл одоог хүртэл аваагүй байна. Иймд нэхэмжлэлийг хүлээн авч, хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Н*******оос шүүхэд гаргасан хариу тайлбар, түүний хууль зүйн үндэслэлдээ: “Х. 1.3.10 "Боловсролын байгууллагуудад хөгжмийн зэмсэг худалдан авах” төсөл арга хэмжээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахим тендер шалгаруулалтын нээлтийг товлосон хугацаанд буюу 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 30 минутад хийхээр төлөвлөсөн боловч тендерт оролцохыг сонирхогч этгээдээс Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт тендерийн баримт бичигтэй холбоотойгоор гомдол гаргасны дагуу тус газраас тендер шалгаруулалтын үйл ажиллагааг түр түдгэлзүүлсэн. 

Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тендерийн баримт бичигтэй холбогдуулан гаргасан гомдлыг хянан үзээд 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1/754 дүгээр албан бичгээр хууль зөрчсөн бөгөөд өрсөлдөөнийг хязгаарласан гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул худалдан авах ажиллагааг цаашид үргэлжлүүлэхийг мэдэгдсэний дагуу тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулж, тендер хүлээн авах эцсийн хугацааг 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг 00 минут хүртэл хойшлуулж, нээлтийг тухайн өдрийн 09 цаг 30 минутад  хийхээр  болсныг  Засгийн  газрын  цахим  худалдан  авах  ажиллагааны нэгдсэн систем /tender.gov.mn/-ээр дамжуулан тендерт оролцогчдод  2017  оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А-1/1501 дүгээр албан бичгээр мэдэгдсэн.

Товлосон хугацаанд 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 09 цаг 30 минутад нээлтийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 106 тоот өрөөнд үнэлгээний хорооны гишүүд, тендерт оролцогчдын төлөөллийг байлцуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасан мэдээллийг зарлан, тэмдэглэл үйлдэн, тендерт оролцогчид болон үнэлгээний хорооны гишүүдээр гарын үсэг зуруулсан.

X.1.3.10 ”Боловсролын байгууллагуудад хөгжмийн зэмсэг худалдан нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер шалгаруулалтад оролцогчдийн үнийн саналыг хүснэгтээр үзүүлэв.

Д/д

Тендерт оролцогчийн нэр

Тендерийн үнийн санал /төгрөг/

Тендерийн үнийн хөнгөлөлт

Тендерийн баталгаа

1

“П” ХХК

291,729,900

Үзүүлэхгүй.

Ирүүлсэн.

2

“*******" ХХК

247,500,000

Үзүүлэхгүй.

Ирүүлсэн.

3

“О*******” ХХК

259,888,884

Үзүүлэхгүй.

Ирүүлсэн.

4

“Э*******" ХХК

263,665,000

Үзүүлэхгүй.

Ирүүлсэн.

5

“Н*******” ХХК

288,900,153

Үзүүлэхгүй.

Ирүүлсэн.

6

“С*******” ХХК

269,809,155

Үзүүлэхгүй.

Ирүүлсэн.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, Сангийн сайдын 2012 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 81 дүгээр тушаалаар батлагдсан “Бараа нийлүүлэх тендерийн жишиг баримт бичиг”, Сангийн сайдын 2014 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 212 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Үнэлгээний хорооны зохион байгуулалт, үйл ажиллагаа, урамшуулалыг зохицуулах журам” болон бусад холбогдох журам, тендерийн бичиг баримтад заасан шалгуур үзүүлэлтүүдийг хангасан байдлыг харгалзан үзэж тендерийн үнэлгээг тендерт оролцогч тус бүрээр нарийвчлан хийсэн.
X.1.3.10 “Боловсролын байгууллагуудад хөгжмийн зэмсэг худалдан авах” нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт оролцогчдийн ирүүлсэн тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн дагуу хянан үзэхэд “П” ХХК, "*******” ХХК, “Э*******" ХХК-иуд тендерийн баримт бичгийн шаардлагыг хангасан, шаардлагад нийцсэн тендер ирүүлсэн байсан бөгөөд “П” ХХК-ийн ирүүлсэн тендер нь тендерийн баримт бичгийн дараах шаардлагыг хангаагүй байсан байна. Үүнд:

 

Тендерийн баримт бичгийн заалт

“Протөк” ХХК-ийн ирүүлсэн төндер

ТОӨЗ

21.1

       Тендерийн баталгааны үнийн дүн: 3.000.000 /Гурван сая/ төгрөгийн тендерийн баталгаа гаргаж ирүүлнэ.

        Хүчинтэй байх хугацаа: 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийг дуустал.

       3.000.000 /Гурван сая/ төгрөгийн тендерийн баталгааг 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хүчинтэй байхаар тооцож ирүүлсэн нь шаардлагад нийцээгүй.

 

 

 

 

 

 

 

Х.1.3.10 “Боловсролын байгууллагуудад хөгжмийн зэмсэг худалдан авах" төсөл, арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийн тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгтний ТОӨЗ 21.1-д заасан тендерийн баталгааны хүчинтэй хугацааг дутуу тооцож ирүүлсэн “П" ХХК-ийн ирүүлсэн тендерээс татгалзах тухай үнэлгээний хорооны дүгнэлт гарсныг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн А-1/1834 дүгээр албан бичгээр мэдэгдэж, уг албан бичгийг шуудангаар хүргүүлсэн байна. Иймд нэхэмжлэгчийн хууль бус нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.
Гуравдагч этгээд “П” ХХК-иас шүүхэд гаргасан хариу тайлбар, түүний хууль зүйн үндэслэлдээ: 
"П" ХХК нь 2017 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2017 оны 05 дугаар сарын 10-нд зарласан Х.1.3.10. "Боловсролын байгууллагуудад хөгжмийн зэмсэг худалдан авах" нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерт "хамгийн сайн" үнэлгээгээр шалгарч гэрээнд заасан хугацаандаа тендерийн хууль дүрмийн дагуу бараа бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд "Studio master", "Carlsbro brand"-ийн хөгжим тоног төхөөрөмжүүдийг Нийслэлийн болон Орон нутгийн сургууль цэцэрлэгүүдэд тараан хүлээлгэн өгч дууссан болохыг мэдэгдэж тайлбар хүргүүлж байна. 
"П"-ийн Нийслэлийн дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан гомдол нь ямар ч үндэслэлгүй бөгөөд манай компани нь тендерийн үйл ажиллагааг Монгол Улсын болон тендер шалгаруулах хууль дүрмийн дагуу явуулж бүрэн дуусгасан болно.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас гаргасан тайлбар зэргийг харьцуулан судалж үнэлээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч “П” ХХКомпани, түүнийг төлөөлж Гүйцэтгэх захирал О.М******* тус шүүхэд хандаж “2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зарласан “Боловсролын байгууллагуудад хөгжмийн зэмсэг худалдан авах” ***** /2017-04-013 дугаартай тендер шалгаруулалтыг хууль бус явагдсаныг тогтоож хүчингүй болгуулах, уг тендер шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба шүүх хуралдааны явцад “уг тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах, уг тендер шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагуудаас татгалзсанаар “2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зарласан “Боловсролын байгууллагуудад хөгжмийн зэмсэг худалдан авах” ***** /2017-04-013 дугаартай тендер шалгаруулалтыг хууль бус явагдсаныг тогтоолгох” шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн болно.

Түүнчлэн нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...тендер шалгаруулалтыг хэдий хугацаагаар хойшлуулснаа мэдэгдээгүй, үүнээс болж тендерийн нээлтэд оролцоогүй...тендер шалгаруулалтын талаарх мэдээллийг нууж байсан учраас уг тендер шалгаруулалт хууль бус...” гэж тодорхойлон, хариуцагч “...цахим хуудсанд байршуулж мэдэгдсэн, шалгараагүй тухай мэдэгдлийг шуудангаар хүргүүлсэн...” гэж тайлбарлан мэтгэлцэж байна.

2017 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газраас зарласан “Боловсролын байгууллагуудад хөгжмийн зэмсэг худалдан авах” ***** /2017-04-013 дугаартай тендерт “П” ХХК 291,729,900 төгрөг, “П” ХХК 236,577,250 төгрөг, “*******” ХХК 247,500,000 төгрөг, “О*******” ХХК 259,888,884 төгрөг, “Э*******” ХХК 263,665,000 төгрөг, “Н*******” ХХК 288,900,153 төгрөг, “С*******” ХХК 269,809,155 төгрөгийн үнийн санал ирүүлсэн, тухайн тендер нь цахим тендер бөгөөд уг тендерийн нээлтийг 2017 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 10 цаг 30 минутад хийхээр товлосон байсан боловч оролцогч этгээдээс гомдол гарсан үндэслэлээр тендерийн нээлтийн ажиллагааг тодорхойгүй хугацаагаар хойшлуулсан энэ талаар талууд маргаагүй болно.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас тендерт оролцогчийн гаргасан гомдлыг хянаад 2017 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 1/754 дугаар албан бичгээр “тендер шалгаруулалтыг цааш үргэлжлүүлэх тухай” мэдэгдсэн, үүний дагуу хариуцагч байгууллагаас тендерийн баримт бичигт өөрчлөлт оруулж, 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А-1/1501 дугаар албан бичгээр тендерт оролцогчдод мэдэгджээ.

Түүнчлэн Тендерийн үнэлгээний хорооноос үнэлгээ хийх явцад хамгийн сайн үнэлэгдсэн тендерээр хамгийн бага үнийн санал ирүүлсэн “П” ХХК 236,577,250 төгрөгийн санал шалгарсан байх ба харин нэхэмжлэгч “П” ХХК-ийг 3,000,000 төгрөгийн тендерийн баталгааг 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдрийг дуустал хүчинтэй байхаар тооцож ирүүлсэн нь шаардлагад нийцээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэгчийн тендерээс татгалзсан байна.
Нэхэмжлэгчээс үнэлгээний хороо тендерийг хэдий хугацаагаар хойшлуулсан талаар мэдээлэл өгөөгүйгээс тендерийн баталгааны хүчинтэй хугацааг сунгаж ирүүлээгүй гэж маргаж байх боловч дээр дурдсан “тендерт оролцогчдод” хаяглагдсан 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн А-1/1501 дугаар албан бичгээс үзвэл тендерийн баталгааны хүчинтэй хугацааг 2017 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүртэл, тендер хүлээн авах эцсийн хугацааг 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг, тендерийн нээлт хийх хугацааг 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 09 цаг 30 минут гэж тус тус өөрчлөлт оруулсан, уг албан бичгийг өөрийн байгууллагын tender.gov.mn цахим сайтад байршуулсан болох нь шүүх хуралдааны явцад хийсэн үзлэгээр тогтоогдсон, уг албан бичгийг тухайн хугацаанд нь tender.gov.mn сайтад байршуулсан болох нь тендерийн оролцогч бусад байгууллагуудаас ирүүлсэн тендерийн баталгааны хүчинтэй хугацааг сунгаж ирүүлсэн үйл баримтуудаар давхар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Энэ нь Шилэн дансны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан “тогтоосон хугацаанд, тогтмол, шуурхай мэдээлдэг байх” зарчимд нийцсэн байна.
Иймд тендерийн баримт бичигт оруулсан өөрчлөлтийн дагуу баримт бичгээ бүрдүүлж ирүүлээгүй нь нэхэмжлэгч байгууллагын буруутай үйл ажиллагаа байх тул энэ үндэслэлээр тендер шалгаруулалтыг хууль бус гэж үзэх үндэслэлгүй юм.
Түүнчлэн нэхэмжлэгчээс “тендерт шалгараагүй тухай мэдэгдэл”-ийг манай байгууллага аваагүй, мэдээлэл авах эрхийг зөрчсөн гэж маргаж байх боловч хариуцагч захиргааны байгууллагаас “П” ХХК-д явуулсан 1834 дугаартай RD126491622MN албан бичгийг “Монгол шуудан” ХК-ийн 49 дүгээр салбарт хүлээлгэн өгсөн болох нь шуудангийн 49 дүгээр салбарын менежер Б.Дуламсүрэнгийн тодорхойлолтоор тогтоогдож байна.
Эдгээрээс дүгнэвэл хариуцагчийн үйл ажиллагаа нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан нээлттэй тендер шалгаруулалтын журамд нийцсэн, үнэлгээний хорооны үйл ажиллагаа хууль зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үззх үзсэн болно.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:


1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлийн 27.3, 27.4, 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “П” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “П” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “уг тендер шалгаруулалтыг хүчингүй болгуулах, уг тендер шалгаруулалтыг дахин явуулахыг даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагуудаас татгалзсаныг баталж холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь энэхүү шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Н.ДУЛАМСҮРЭН