Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 20 өдөр

Дугаар 210

 

М.Дорждамбын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, Ч.Тунгалаг, П.Соёл-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга С.Баяртуяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Содболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Октябрь, гуравдагч этгээд И.Рэнзориг нарыг оролцуулан хийж, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 247 дугаар магадлалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор М.Дорждамбын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч П.Соёл-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч М.Дорждамба шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2007 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 64 дүгээр захирамжийн дагуу 26 га газар эзэмших эрхийн гэрчилгээ авч, Сэлэнгэ аймгийн Орхон суманд үр тарианы чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан. Би эхний жил тус талбай дээрээ тариа тарьж, дараа жилээс нь өөрийн гэсэн техникгүй, хөрөнгө мөнгөний бололцоо муу байсан тул ангийн хүүхэд болох “Арвин буудай” ХХК-ийн захирал И.Рэнзоригт аман гэрээгээр үр тарианы талбайгаа 5 жилийн хугацаагаар түрээсэлсэн. Гэтэл И.Рэнзориг нь Үр тарианы зээл авах гэсэн юм, газрынхаа гэрээ, гэрчилгээг эх хувиар нь өгч байгаач гэхээр нь итгээд гэрээ, гэрчилгээгээ өгсөн. Мөн Сумын Засаг даргатай гурвалсан гэрээ хийнэ гэхээр нь И.Рэнзориг бид 2 сумын захиргаан дээр очиход сумын Засаг дарга Г.Булганчимэг ажил дээрээ байгаагүй. И.Рэнзориг нь Би сумын Засаг даргатай уулзаад гурвалсан гэрээ хийчихье гэхэд нь итгээд хоосон цаасан дээр гарын үсэг зурж өгсөн. Гэтэл И.Рэнзориг нь намайг үр тарианы газраа шилжүүлсэн гээд бичиг баримт бүрдүүлж, миний газрыг шилжүүлж авсныг би саяхан мэдсэн. Иймд Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/66 дугаар захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг дарга шүүхэд гаргасан тайлбартаа: Тус сумын 1 дүгээр багийн иргэн М.Дорждамба нь сумын Засаг даргын 2007 оны Газар эзэмшүүлэх тухай 64 дүгээр захирамжаар тус сумын 2 дугаар багийн нутагт 23 га газрыг эзэмшиж байсан нь шинэчилсэн кадастрын зургаар 19,4 га болж өөрчлөгдсөн.

Иргэн М.Дорждамба тус газраа “Арвин буудай” ХХК-д шилжүүлэхээр газар эзэмших, ашиглахыг хүссэн хуулийн этгээдийн өргөдөл, газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ, нотолгоо, бусад холбогдох материал зэргийг өөрөө ирж бөглөн, “Арвин буудай” ХХК-ийн захирал И.Рэнзоригийн хамт нотариатаар батлуулан, газрын даамалд өгч, сумын Засаг даргын 2012 оны А/66 дугаар захирамж гарсан.

Иргэн М.Дорждамба нь захирамж гарахаас өмнө буюу 2010 оноос хойш “Арвин буудай” ХХК-д газар эзэмших эрхээ шилжүүлэхээр хэд хэдэн удаа хандаж байсан. Тэрээр тус газартаа тариалангийн үйл ажиллагаа явуулахаар дэмжлэг авсан төлбөрөө барагдуулаагүйгээс Тариалан эрхлэлтийг дэмжих санд 1400000 төгрөгийн өртэй, өрөө барагдуулаагүйн улмаас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжсэн байсан. Иймээс тус газартай холбоотой шилжилт хөдөлгөөн хийхгүй учир газар эзэмших эрх шилжихгүй гэдгийг танилцуулсан. Гэвч И.Рэнзориг нь Миний ангийн хүүхэд, найз минь гэж удаа дараа хүсэлт гаргаж, улмаар “Арвин буудай” ХХК М.Дорждамбын өр төлбөрийг Тариалан эрхлэлтийг дэмжих санд төлж, газар эзэмших эрхээ шилжүүлэн шийдвэрлүүлсэн. М.Дорждамба, И.Рэнзориг 2 өөрийн биеэр ирж, холбогдох маягтаа бөглөн, газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээгээ эх хувиар нь хавсаргасан байсан. Иймээс Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д заасныг үндэслэн гарсан Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/66 дугаар захирамж хууль зүйн үндэслэлтэй тул иргэн М.Дорждамбын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд “Арвин буудай” ХХК-ийн төлөөлөгч И.Рэнзориг шүүхэд гаргасан тайлбартаа: Манай компанийн зүгээс иргэн М.Дорждамбыг хуурч мэхэлсэн зүйл байхгүй бөгөөд түүний шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлийн утга нь оргүй худал, гүтгэлгийн шинжтэй, нэхэмжлэлийн шаардлага нь хуулийн үндэслэлгүй. М.Дорждамба бид 2 дунд сургуулийн 1-8 дугаар ангид хамт суралцаж байсан. Тэрээр 2010 оны 7 дугаар сарын 21-ний өдөр надад би өөрийн газраа ашиглах боломжгүй байна. Чи миний газрыг түр ашиглаж бай. Надад жилийн 300000 төгрөг өгчих гэж хэлсэн. Түүнээс хойш М.Дорждамба надаас удаа дараа мөнгө авч байсан ба 2012 онд над дээр газрын гэрчилгээгээ барьж ирээд Миний газар хураагдах гээд байна, найздаа туслаач. Тариалан эрхлэлтийг дэмжих санд өртэй, өр шүүхийн шийдвэр гүйцэтгэлд шилжсэн. Миний өрийг дараад, газрыг минь ав гэж хэлсний дагуу М.Дорждамбын газрын гэрчилгээг “Арвин буудай” ХХК-ийн нэр дээр шилжүүлэн авч, 2012 оны намрын ургацаас М.Дорждамбын Тариалан эрхлэлтийг дэмжих санд тавьсан өрийг барагдуулсан. Мөн Орхон сумын нутаг дэвсгэрт байрлалтай нэгж талбарын 1853943054451 дугаар бүхий 19.4 м.кв газрыг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2-т заасны дагуу хууль ёсоор өөрийн эзэмшилдээ шилжүүлэн авсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр шийдвэрээр: Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн М.Дорждамбын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/66 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцээд 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 247 дүгээр магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 2 дугаар сарын 01-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч М.Дорждамбын Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/66 дугаар захирамжийг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнхцэцэг, түүний өмгөөлөгч Б.Содболд нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: 1. Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг дарга Г.Булганчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Октябрь нарын шүүхэд гаргасан тайлбараар 2010 онд М.Дорждамба "Арвин буудай" ХХК-нд газар эзэмших эрхээ шилжүүлэхээр хэд хэдэн удаа хандсан боловч Орхон сумын Засаг дарга, газрын даамал нар иргэн М.Дорждамбыг ТЭДСанд өртэй гэсэн үндэслэлээр шилжүүлээгүй. Харин 2012 онд "Арвин буудай" ХХК ТЭДСангийн өрийг төлж барагдуулан гэсэн учир газар эзэмших эрхийн гэрчилгээг 2010 онд бүрдүүлсэн материалыг үндэслэн шилжүүлсэн гэж ойлгогдож байна. Гэтэл Сайхан сумын шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхэд ирүүлсэн 2016 оны 1 дүгээр сарын 14-ны өдрийн 27 дугаартай албан бичгээр ТЭДСанд төлбөр төлөгч нь төлбөрийг бүрэн төлж барагдуулсан ба 2013 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төлбөр бүрэн төлөгдсөн тухай нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн байна. Мөн Үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн яам тариалан эрхлэлтийг дэмжих сангаас 2013 оны 11 дүгээр сарын 28-ний №13-11 тоот Сайхан сумын шийдвэр гүйцэтгэх албан бичгээр М.Дорждамба төлбөрийг бүрэн төлж барагдуулсан талаар ирүүлсэн албан бичиг зэрэг баримтуудаас үзэхэд Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргын 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн “Газар эзэмших эрх шилжүүлэх тухай" А/66 дугаартай захирамж гарч иргэн М.Дорждамбын газрыг шилжүүлэх үед М.Дорждамба ТЭДСанд өр төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй өртэй хэвээр байсан буюу өмнө нь газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэхээс татгалзаж байсан үндэслэл арилаагүй байхад газар эзэмших эрхийг хууль бусаар 2010 оны материалд үндэслэн шилжүүлсэн болох нь тогтоогдож байна.

2. Нэхэмжлэгч тал хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан тайлбар болон, анх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ "Арвин буудай" ХХК-ийн захирал И.Рэнзориг нь хоосон цаасан дээр гарын үсэг зуруулж авч явсан талаар тайлбар гаргадаг, 2010 онд бүрдүүлсэн “Газар эзэмших эрх шилжүүлэх” гэрээ зэрэг баримтууд дээрх гарын үсэг хэдийгээр шинжээчийн дүгнэлтээр иргэн М.Дорждамбын гарын үсэг мөн гэж дүгнэлт гарсан боловч шүүх нотлох баримтыг үүсээд буй маргааны зүйлд ач холбогдолтой талаас нь авч үзэж шийдвэрлэх нь зүйтэй. Өрөөр хэлбэл нэхэмжлэгч М.Дорждамба газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлсэн захирамжид гомдож шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тиймээс маргааны зүйлийг зөв тодорхойлж, үндэслэл бүхий шийдвэр гаргахын тулд шүүх Газар эзэмших эрхийг шилжүүлэхтэй холбоотой хууль, журам зэргийг судлан үзэж шийдвэрээ гаргах зүйтэй. Тухайн харилцааг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлээр зохицуулсан байхаас гадна “Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга"-ын 2008 оны 83 дугаар тушаалаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам"-аар нарийвчлан зохицуулсан байна.

Үүнээс үзэхэд 2010 онд газар эзэмших эрх шилжүүлэхтэй холбоотой хүсэлтийг захиргааны байгууллага шалгаж үзээд шилжүүлэхээс татгалзсан мэдэгдлийг өгч түс өргөдөл хүсэлтийг хаахаар байна. Гэтэл Орхон сумын Засаг дарга, газрын даамал нар тус журмын 4.6, 5.4 дэх заалтыг газрын тухай хуулийн 38.2, 38.4 дэх заалтуудын хамт зөрчиж 2010 онд өргөдлийн хамт хаагдсан материалыг 2012 оны 3 дугаар сарын 21-ний өдөр 10.45 цагт хүлээж авсан тухай тэмдэглэл үйлдэж газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх шийдвэр гаргасан нь хууль бус шийдвэр гэж үзэж байна. 2012 онд нэхэмжлэгч М.Дорждамба болон, "Арвии буудай" ХХК-ийн хооронд газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ байгуулагдаагүй, мөн түүнтэй холбоотой баримт үйлдэгдээгүй гэдэг нь хэрэгт цугларсан нотлох баримтаар хангалттай тогтоогдож байгаа бөгөөд Газар эзэмших эрхээ шилжүүлэх эсэх нь газар эзэмшигчийн хүсэл зоригийн илэрхийллээс шууд хамаарагдах бөгөөд захиргааны акт гарахаас 2 жилийн өмнөх, журмын дагуу хаагдсан өргөдөл, материал дээр үндэслэж 2012 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн А/66 дугаартай захирамж гаргаж иргэний газар эзэмших эрхийг бусдад шилжүүлсэн Орхон сумын Засаг даргын шийдвэр илэрхий хууль бус шийдвэр гэж үзэж байна.

Гэтэл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Өргөдлийг бүртгэж авсан огноонд ач холбогдол өгч захиргааны байгууллагын шийдвэрийг хуульд нийцсэн гэж шийдвэрлэсэн нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус шийдвэрийн улмаас хууль ёсны эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөн иргэнийг хохироосон үндэслэлгүй шийдвэр гарсан гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүхээс хэрэгт авагдсан баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч М.Дорждамба нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын Засаг даргад холбогдуулан 2012 оны 4 дүгээр сарын 2-ны өдрийн а/66 дугаар захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ. Маргаан бүхий захирамжаар 19,4 га газрын эзэмших эрхийг М.Дорждамбаас “Арвин буудай” ХХК-д шилжүүлсэн байх бөгөөд нэхэмжлэгчээс “газар шилжүүлэх хүсэлт гаргаагүй” гэсэн үндэслэлээр маргаж байна.

Анхан шатны шүүхээс “газар шилжүүлэх баримтыг хуулийн дагуу шинээр бүрдүүлж өгөөгүй байхад газар шилжүүлсэн нь хууль бус” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь буруу болжээ.

Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт зааснаар газар эзэмших эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргахаар зохицуулсан бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгчийн тухайд газар эзэмших эрхээ шилжүүлэх хүсэлтийг гаргаж байсан болох нь шинжээчийн дүгнэлт, нотолгоо, газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ, мөнгө шилжүүлсэн баримт зэрэг нотлох баримтаар тогтоогдож байна.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4 дэх хэсэгт зааснаар газар эзэмшигч нь захиргааны байгууллагын зөвшөөрөлтэйгээр тухайн газраа бусдад ашиглуулах эрхтэй ба нэхэмжлэгчийн тухайд газраа өөрөө ашиглаагүй, газрын төлбөр төлөөгүй, захиргааны зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд газраа түрээслүүлж байжээ.

Нэхэмжлэгчээс “газар шилжүүлэх хүсэлт гаргаж байгаагүй, хоосон цаасанд гарын үсэг зуруулсан” гэж маргаж байгаа нь үндэслэлгүй бөгөөд газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ, нотолгоо, өргөдөлд нэхэмжлэгч өөрөө гарын үсэг зурсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх тул дээрх тайлбар үндэслэлгүй. Нэхэмжлэгч нь иргэний эрх зүйн чадвартай этгээд болохын хувьд өөрийн үйлдлийн үр дагаврыг өөрөө хариуцах ёстой бөгөөд нэхэмжлэгч хоосон цаасанд гарын үсэг зурсан үйлдэл нь захиргааны байгууллагын шийдвэрийг хүчингүй болгох хууль ёсны үндэслэл биш юм.

Газар эзэмших эрхийг шилжүүлэх гэрээ, нотолгоо гэх баримтыг 2010 онд үйлдсэн атал газар шилжүүлэх захирамж 2012 онд гарсан байх боловч энэ нь нэхэмжлэгчийн газар шилжүүлэх хүсэл зоригоо илэрхийлсэн үйлдлийг үгүйсгэх хангалттай үндэслэл болж чадахгүй байна.

Учир нь нэхэмжлэгч газрын төлбөр төлөөгүй, түүний өмнөөс гуравдагч этгээд төлсөн, нэхэмжлэгчийн Тариалан эрхлэлтийг дэмжих санд төлөх төлбөрөөс 1,400,000 төгрөгийг гуравдагч этгээд төлсөн, нэхэмжлэгчийн дансанд гуравдагч этгээдээс удаа дараа мөнгө шилжүүлсэн болох нь Хаан банкны дансны дэлгэрэнгүй хуулга, мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг баримтаар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “захирамж гарах үед Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн өр төлбөр хэвээр байсан” гэх гомдлын тухайд:

Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нь 2010 онд маргаан бүхий газрыг шилжүүлэхээр хүсэлт гаргасан бөгөөд тухайн үед захиргааны байгууллагаас “нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих санд өр төлбөртэй” гэсэн үндэслэлээр газар эзэмших эрхийг шилжүүлэхээс татгалзаж байсан болох нь хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдсон байна.

Улмаар захиргааны байгууллагаас 2012 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр газар шилжүүлэх үед энэхүү нөхцөл байдал арилаагүй буюу нэхэмжлэгч Тариалан эрхлэлтийг дэмжих санд өр төлбөртэй хэвээр байсан боловч энэхүү нөхцөл байдал газар шилжүүлэх шийдвэр гаргах ажиллагааг шууд үгүйсгэх, захиргааны байгууллагыг буруутгах хангалттай үндэслэл болохгүй.

Учир нь Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2 дахь хэсэгт зааснаар газар шилжүүлэх ажиллагаа нь талуудын хүсэлтийн үндсэн дээр хийгддэг, энэ тохиолдолд нэхэмжлэгч газар шилжүүлэх хүсэлт гаргасан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон болно.

Дээрх үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 247 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                                 Х.БАТСҮРЭН

        ШҮҮГЧ                                                                                      П.СОЁЛ-ЭРДЭНЭ