| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/02517/и |
| Дугаар | 2517 |
| Огноо | 2016-03-21 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 03 сарын 21 өдөр
Дугаар 2517
Талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Залуучуудын өргөн чөлөө гудамж, 2/1 байр, 20 тоот хаягт оршин суух Тайж овогт Сүхээгийн Наранхүү /РД:ЧН85051667/-гийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр хороо, Яргайтын 2 гудамж, 41 тоот хаягт оршин суух Боржигон овогт Бундтогтохын Мягмарсүрэн /РД:ЙЮ81102004/-д холбогдох 693,638.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.Наранхүү шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Б.Мягмарсүрэн болон түүний нөхөр Ч.Алтангэрэл нартай харилцан тохиролцон Зээлийн гэрээ байгуулж, 1,350,000.00 төгрөгийг зээлдүүлсэн юм.
Зээлийн гэрээний хугацаа дуусах өдөр 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр байсан бөгөөд энэ өдөр Ч.Алтангэрэл 400,000.00 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл аливаа төлбөр төлөхгүй байж байгаад 400,000.00 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 200,000.00 төгрөгийг тус тус төлсөн. Энэ хугацаанд Зээлийн гэрээний 2.7-д зааснаар алдангийг тооцож байсан бөгөөд зээлийн үлдэгдлийг төлөхгүй өдий хүрч байна.
Иймд, хариуцагч Б.Мягмарсүрэнгээс 693,638.00 төгрөг дээр шүүхийн шийдвэр биелүүлэх өдөр хүртэлх хугацааны алданги болон улсын тэмдэгтийн хураамж болох 21,200.00 төгрөгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 15-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, баримтыг тус тус баталгаажуулсан байна.
Хариуцагч Б.Мягмарсүрэн 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр гаргасан хариу тайлбартаа Би 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр С.Наранхүүгээс 2,350,000.00 төгрөгийн үнэ бүхий гэр худалдан авсан. Гэр худалдан авахдаа урьдчилгаа 1,000,000.00 төгрөгийг төлж, үлдэх 1,350,000.00 төгрөгийг 1 /нэг/ сарын дараа өгөхөөр тохиролцсон. Үүний дараагаар 1,000,000.00 төгрөгийг төлөөд байна, мөнгө төлөх хугацаанд цөсний хагалгаанд орсон, элэг рүү нөлөөлсөн учир хүнд хагалгаа болсон тул эмнэлэгт хэвтэх шаардлагатай болж эмчлүүлсээр цаг алдсан. Бэлэн мөнгөөр авахад бүрэн бүтэн гэр байсан гэвч зээлээр авах болоход гэрийн хаяавч, тоонын рам нь дутуу байсан ч нэхээгүй. Тиймээс иргэн С.Наранхүүгийн алданги тооцон нэхэмжилж буй мөнгөний хэмжээг зөвшөөрөхгүй байгаагаа мэдэгдэж байна, үлдсэн 350,000.00 төгрөгийг барагдуулах болно гэжээ.
Хэрэг цугларсан баримтаас үзвэл нэхэмжлэгч С.Наранхүү нь 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Б.Мягмарсүрэн, Ч.Алтангэрэл нартай Зээлийн гэрээ байгуулж, тэдгээрт 1,350,000.00 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүртэл аливаа хүүгүй 1 /нэг/ сарын хугацаатай зээлдүүлэхээр болсон байна.
Зохигч нарын хооронд байгуулсан 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээ нь Монгол Улсын Иргэний хуулийн 189 дүгээр зүйл, 232, 281 дугаар зүйлд тус тус нийцэж, тус хуулийн 195, 196 дугаар зүйлд зааснаар талуудын хүсэл зориг зохих ёсоор тусгагдаж, эрх зүйн үр дагавар үүсгэхээр болжээ.
Хэдийгээр хариуцагчийн тайлбарт дурдснаар энэхүү 1,350,000.00 төгрөгийн зээл нь 2,350,000.00 төгрөгийн үнэ бүхий гэр худалдан авах тухай гэрээний үлдэгдэл төлбөр гэж тайлбар өгч байгаа боловч талууд нэгэнт үүргийг сольж, Зээлийн гэрээ байгуулсан нь Монгол Улсын Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т зааснаар өмнөх гэр Худалдах, худалдан авах тухай гэрээ дуусгавар болж, харин тэдгээрийн хооронд Зээлийн гэрээ шинээр бий болсон байна.
Талуудын хооронд байгуулсан 2015 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Зээлийн гэрээний үүрэг гүйцэтгэгч нь Б.Мягмарсүрэн, Ч.Алтангэрэл нар боловч Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-т зааснаар нэхэмжлэгч С.Наранхүү нь хэн алинаас ч үүргийг шаардах эрхтэй ба ийнхүү Б.Мягмарсүрэнгээс 693,638.00 төгрөг нэхэмжилж байгаа ажээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зорилгоор талуудын Эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах хуулийн зохицуулалттай.
Хэрэгт цугларсан баримтаас үзвэл нэхэмжлэгч С.Наранхүү болон хариуцагч Б.Мягмарсүрэн нар 2016 оны 03 дугаар сарын 21-ний өдөр Эвлэрлийн гэрээ байгуулж, дараах зүйлийг тохирчээ. Үүнд:
Энэхүү Эвлэрлийн гэрээнд зааснаар нэхэмжлэгч тал 714,838.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлээс 264,838.00 төгрөгөөс татгалзаж байна гэжээ. Гэтэл хэрэгт цугларсан баримтаас үзвэл нэхэмжлэгч нь анх нэхэмжлэл гаргахдаа 693,638.00 төгрөгийг нэхэмжилж, түүнд тохирсон улсын тэмдэгтийн хураамж төлсөн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлээгүй байх тул нэхэмжлэгчийг 243,638.00 төгрөгөөс татгалзаж, талуудын эвлэрлийг 450,000.00 төгрөгийн хэмжээнд эвлэрсэн гэж үзэж дүгнэв.
Түүнчлэн нэхэмжлэгч тал Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болох алдангийн хэмжээг тооцохдоо хариуцагчийн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алдангийг тооцох тухай хуулийн заалтыг зөрчиж, 64,888.00 төгрөгийн алдангийг илүү тооцжээ. Гэвч талуудын хооронд байгуулсан Эвлэрлийн гэрээ нь нийтдээ 450,000.00 төгрөгийн хэмжээнд эвлэрч байгаа ба үүнд үндсэн зээлийн үлдэгдэл 350,000.00 төгрөг, алданги 278,750.00 төгрөг тус тус багтаж, тэдгээрийн хэмжээнд эвлэрч байх тул буруу гэж үзэхгүй юм.
Энэхүү эвлэрэл нь хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч татгалзаагүй, аливаа хэлбэрээр мэтгэлцэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг төлөх тухай тэдгээрийн хооронд байгуулсан гэрээ, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай зэрэг баримтуудаар тус тус тогтоогдож байна.
Нэгэнт талууд эвлэрч гэрээ байгуулсан, шүүхэд гаргасан гэрээ, тайлбартаа хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг дурдаж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны талаар Тэмдэглэлтэй танилцаж, баталгаажуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж дүгнэв.
Түүнчлэн талуудын эвлэрэл нь нэхэмжлэлд цугларсан бусад баримт болоод нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих ёсоор оролцож байгаа этгээдүүдийн чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн үр дүн байхаас гадна Эвлэрлийн гэрээ нь Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс үүнийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байна.
Иймд, С.Наранхүүгийн гаргасан Б.Мягмарсүрэнд холбогдох 693,638.00 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.С.Наранхүүгийн гаргасан Б.Мягмарсүрэнд холбогдох 693,638.00 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 21,200.00 төгрөгийн 50 хувь болох 10,600.00 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн 2611016627 тоот данснаас, хариуцагчийн хүлээн зөвшөөрч төлөх болсон 450,000.00 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 7,075.00 хариуцагчаас гаргуулан тус тус нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдсугай.
4.Захирамжийг зохигч сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР