| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0015/Э |
| Дугаар | 034 |
| Огноо | 2020-01-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 034
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гүнсэл,
шүүгдэгч Я.Д-, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонууд овогт Я-ын Д-д холбогдох эрүүгийн 1910023760857 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Я.Д- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо “...” гэх газар иргэн Г.Ц-тай маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Я.Д- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Эрүүгийн 1910023760857 дугаартай хэргээс:
Хохирогч Г.Ц-ы мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,
Гэрч Г.Ш-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №704 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 20-21-р хуудас/
Шүүгдэгч Я.Д-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 25-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 26-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 27-р хуудас/, гэрч Ц.Н-ын мэдүүлэг /хх-ийн 37-38-р хуудас/, гэрч Б.Д-гийн мэдүүлэг /хх-ийн 39-40-р хуудас/, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 56-60-р хуудас/, “Ягаан дэл” ХХК-ийн тоорхойлолт /хх-ийн 75-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Я.Д-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Я.Д- нь 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо “...” гэх газар хохирогч Г.Ц-тай маргалдаж, нүүрэн тус газар нь гараараа цохиж биед нь “эрүүний зүүн булангаас түүшин дайрсан хугарал, эрүүний оочны хэсгийн түүшин дайрсан хугарал, баруун зүүн шанааны зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:
Хохирогч Г.Ц-ы ...Би бие засаад гэрт орох гэтэл Д- намайг “би чамайг нэг цохих уу” гэхээр нь тоглоод байгаа юм болов уу гэж бодтол гараараа миний зүүн шанаанд нэг удаа цохисон. Тэгээд би гэртээ харьсан...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8-р хуудас/,
Гэрч Г.Ш-ын ...Гэрт орж ирээд байж байтал Д- эхэлж орж ирээд араас нь Ц- орж ирсэн. Ц-аас цус гарчихсан байхаар нь юу болсон талаар асуутал Д- “би цохисон юм” гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 12-р хуудас/,
Төв аймгийн Шүүхийн шинжилгээний албаны Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн шинжээчийн №704 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Г.Ц-ы биед эрүүний зүүн булангаас түүшин дайрсан хугарал, эрүүний оочны хэсгийн түүшин дайрсан хугарал, баруун зүүн шанааны зөөлөн эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. /хх-ийн 20-21-р хуудас/,
Шүүгдэгч Я.Д-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: Ц-тай урьд бэлчээрийн газрын маргаанаас болж хэрэлдэж байсан. Би Г.Ц-д “ чамайг цохичих уу” гэхэд “тэг тэг” гэхээр нь нүүрэн тус газарт гараараа нэг удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч Я.Д- нь хохирогч Г.Ц-ыг гараараа нүүрэнд нь цохисон үйлдлийн улмаас хохирогчийн биед “эрүүний зүүн булангаас түүшин дайрсан хугарал, эрүүний оочны хэсгийн түүшин дайрсан хугарал, баруун зүүн шанааны зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр гэмтэл учирсан ба шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн биед учирсан гэмтэл хоёр шалтгаант холбоотой байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудыг харьцуулан судалж үзвэл: шүүгдэгч Я.Д-, хохирогч Г.Ц- нарын хэн аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ маргалдаж, улмаар шүүгдэгч Я.Д- нь хохирогч Г.Ц-ы нүүрэн тус газарт гараараа цохисны улмаас хохирогчийн биед “эрүүний зүүн булангаас түүшин дайрсан хугарал, эрүүний оочны хэсгийн түүшин дайрсан хугарал, баруун зүүн шанааны зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Я.Д- нь хохирогч Г.Ц-ыг цохиж биед нь халдаж буй үйлдлээ хууль бус шинжтэй болохыг ухамсарласан боловч хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байдал нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Я.Д-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Я.Д- болон түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдав.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ц-ы биед хүндэвтэр гэмтэл учирсан байх боловч хохирогч нь хор уршигтай холбоотой нотлох баримтыг /хх-ийн 44-49-р хуудас/ хэрэгт ирүүлсэн боловч тэрээр “эмчилгээний зардалд 1.100.000 төгрөг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтийг /хх-ийн 42-р хуудас/ шүүхийн шатанд бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйг тооцов.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Я.Д-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нар нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болно.
Шүүхээс шүүгдэгч Я.Д-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ ялимгүй зүйлээр шалтаглан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал болон тэрээр Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр ялаа бүрэн эдэлж дууссан хэдий ч хүний эрүүл мэндийн эсрэг гэмт хэрэг дахин үйлдсэн хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Я.Д-д мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Я.Д- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. О овогт Я-ын Д-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Д-г 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Я.Д-д мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.Д- нь хохирогч Г.Ц-д 1.100.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
5. Хохирогч Г.Ц- нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шүүгдэгч Я.Д- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Я.Д-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР