| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/02431/и |
| Дугаар | 2431 |
| Огноо | 2016-03-16 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 2431
Талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 7 дугаар хороо, 15 дугаар хороолол, 41 дүгээр байрны М-2 тоот хаягт оршин суух Амгалангийн Шүрэнчимэг /РД:УК94101320/-ийн гаргасан,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эх гудамж, 10-1042 тоот хаягт оршин суух Нармандахын Солонго /РД:ЖЯ93030221/-д холбогдох гэрээний үүргийн гүйцэтгэлд 2,560,950.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч А.Шүрэнчимэг шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 10 жилийн найз Н.Солонгоогийн хүссэний дагуу түүнд 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2,500,000.00 төгрөгийг 1 /нэг/ сарын хугацаатай зээлдүүлсэн билээ. Уг нь хүүтэй зээлдүүлэн гэж тохиролцсон боловч надад хүү байтугай үндсэн зээлээ огт төлөлгүй байж байгаад 2015 оны 09 дүгээр сараас 12 дугаар сар хүртэлх хугацаанд 610,000.00 төгрөгийг цувуулж өгсөн. Би удаа дараа түүнээс мөнгөө нэхэж байсан бөгөөд Н.Солонго нь үлдэгдэл 1,890,000.00 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр төлж барагдуулахаар бид Төлбөр барагдуулах гэрээ байгуулж, нотариатаар гэрчлүүлсэн юм. Гэтэл дээрх гэрээний хугацаа дууссан боловч өнөөдрийг хүрсэн тул шүүхэд нэхэмжлэл гаргахаас өөр аргагүй боллоо.
Бидний байгуулсан гэрээний 4 дүгээр зүйлд зааснаар Зээлдэгчийн төлбөр төлөх хугацаа дууссан өдөр болох 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс өнөөдрийг хүртэлх хугацаагаар тоолоход алданги 670,950.00 төгрөг болж байна
Иймд, Н.Солонгоогоос үндсэн зээл 1,890,000.00 төгрөг, алданги 670,950.00 төгрөг нийт 2,560,950.00 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан баримтыг тус тус баталгаажуулсан байна.
Хариуцагчийн зүгээс 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр бичгээр өгсөн хариу тайлбартаа Би А.Шүрэнчимэгээс 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдөр 2,500,000.00 төгрөг зээлсэн нь үнэн. Авсан өдрөөсөө хойш нийт 610,000.00 төгрөгийг төлсөн бөгөөд одоо нэхэж буйг хүүтэй нь өгөх болно. Яг одоогоор надад энэ мөнгийг өгөх боломж, бололцоо байхгүй, энэхүү мөнгийг өөртөө болон өөрийн хэрэгцээнд 100 төгрөг ч хэрэглээгүй, эгчдээ авч өгсөн юм. Одоо эгчээсээ авч чадахгүй байгаа, тогтсон ажилгүй, өөрийн гэсэн эд хөрөнгө байхгүй, ажил хийж цалингаасаа сар болгон 300,000.00 төгрөгийг тогтмол өгч барагдуулах болно. 300,000.00 төгрөгөөр төлөхөд 8 сарын хугацаа орно, хугацаандаа төлж барагдуулна гэдгээ зөвшөөрч байна гэжээ.
Нэхэмжлэгч А.Шүрэнчимэгээс нь 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа Хариуцагчийн хариу тайлбарыг хүлээн зөвшөөрч, 300,000.00 төгрөгөөр 8 сарын хугацаатай авч, хохирлоо барагдуулахыг зөвшөөрч байна, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Талууд 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан байх бөгөөд тус гэрээ нь тэдгээрийн хоорондын 2015 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн харилцааг хожим зохицуулахаар ийнхүү гэрээ байгуулжээ. Уг гэрээнд зааснаар Зээлдэгч Н.Солонго нь үндсэн зээлийн үлдэгдэл болох 1,890,000.00 төгрөгийг 2015 оны 12 дугаар сарын 20-ны өдөр бүрэн төлж барагдуулах, хэрэв хугацаа хэтрүүлсэн тохиолдолд төлөгдөөгүй үнийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.5 хувийн алданги тооцож, төлөхөөр тохиролцсон байна.
Зохигч нарын хооронд байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн Төлбөр барагдуулах тухай гэрээ нь Монгол Улсын Иргэний хуулийн 189 дүгээр зүйл, 232 дугаар зүйлд тус тус нийцэж, тус хуулийн 195, 196 дугаар зүйлд зааснаар талуудын хүсэл зориг зохих ёсоор тусгагдаж, эрх зүйн үр дагавар үүсгэхээр байна.
Гэрээнээс дүгнэхэд талуудын тайлбар ёсоор зээлдэгч Н.Солонго нь 2,500,000.00 төгрөгийн зээлнээс 610,000.00 төгрөгийг төлсөн нь өнөөдрийн байдлаар уг зээлийн үлдэгдэл 1,890,000.00 төгрөг байх бөгөөд тус үндсэн зээлийн үлдэгдлээс гэрээнд зааснаар алданги тооцоход нэхэмжлэгч нь хугацаа хэтрүүлсэн өдрийг 71 өдрөөр, 1 /нэг/ өдрийн алдангийн хэмжээг 9,450.00 төгрөгөөр тус тус тооцож, алдангийн хэмжээ 670,950.00 төгрөг байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь тухайн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж, зээлийн үлдэгдэл 1,890,000.00 төгрөгийг алданги болох 670,950.00 төгрөгийн хамт нийт 2,560,950 төгрөг гэж тодорхойлж, нэхэмжилжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч нар эвлэрсэн бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зорилгоор Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах хуулийн зохицуулалттай.
Нэхэмжлэлд цугларсан баримт болох хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч татгалзаагүй, аливаа хэлбэрээр мэтгэлцэхгүйгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг тодорхой хугацааны дараа төлөх тухай түүний 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр бичгээр өгсөн хариу тайлбар, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн гаргасан тайлбарыг зөвшөөрч, төлбөрийг тодорхой хэмжээгээр тохирсон хуваарийн дагуу авах тухай эдгээр тайлбаруудаас тус тус үзвэл талуудыг эвлэрч байна гэж дүгнэв.
Нэгэнт талууд эвлэрч, шүүхэд гаргасан тайлбартаа хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхийг дурдаж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны талаар танилцсан Тэмдэглэлтэй танилцаж, баталгаажуулсан байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж үзэв.
Түүнчлэн талуудын эвлэрэл нь нэхэмжлэлд цугларсан бусад баримт болоод нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих ёсоор оролцож байгаа этгээдүүдийн чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийллийн үр дүн байхаас гадна Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүхээс үүнийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байхгүй байна.
Иймд, А.Шүрэнчимэгийн гаргасан Н.Солонгод холбогдох 2,560,950.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.А.Шүрэнчимэгийн гаргасан Н.Солонгод холбогдох 2,560,950.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 55,930.00 төгрөгийн 50 хувь болох 27,965.00 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас, үлдэх 50 хувь болох 27,965.00 төгрөгийг хариуцагч Н.Солонгоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдсугай.
4.Захирамжийг зохигч сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР