| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2019/0762/Э |
| Дугаар | 031 |
| Огноо | 2020-01-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Гүнсэл |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 14 өдөр
Дугаар 031
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Гүнсэл,
хохирогч У.Х-, түүний өмгөөлөгч Ч.Эрдэнэбат,
шүүгдэгч Т.Б-, түүний өмгөөлөгч Б.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Т-ын Б-д холбогдох эрүүгийн 1910006890756 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Т.Б- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 7 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, байрны автобусны буудал дээр байсан ... улсын дугаартай “Соната-6” маркийн тээврийн хэрэгсэл дотор иргэн У.Х-ыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Т.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Хохирогч У.Х- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хэрэг гарсан өдөр Б- надаас тамхи асуугаагүй. Харин Б- ирэнгүүнтээ намайг шууд л цохиод авсан. Автобусны буудал дээр Б-ыг хүнтэй маргаж байгааг нь харсан. Б-тай эв зүйгээр ярих боломж надад байгаагүй, тэрээр шууд л зодоон хийсэн. Гавлын ясны хагалгаанд ороход толгойн тал хэсгийг хуулж төмөр тавиад буцаагаад оёсон тул 1-2 жилийн дараа духандаа хийлгэсэн төмрөө авахуулах бодолтой байгаа. Миний духны дээд хэсгээр цоорсон ба тухайн хэсэгт төмөр тавьсан. Би 3 удаа эмнэлэгт хэвтсэн. Оёдол тавиулаад 7 хоногийн дараа оёдол нь задалсан тул дахиад эмнэлэгт хэвтсэн. Би Б-аас эмчилгээний зардалд 6.000.000 төгрөг авсан тул гомдолгүй. Харин цаашид эмчилгээ хийлгэнэ гэв.
Эрүүгийн 1910006890756 дугаартай хэргээс:
Хохирогч У.Х-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-20-р хуудас/,
Гэрч Г.М-ий мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №9434 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 30-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн №1383 дугаартай бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлт /хх-ийн 36-38-р хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9-р хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12-р хуудас/,
Хохирогчийн өвчний түүх /хх-ийн 60-65, 67-71-р хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 54-59, 72-95-р хуудас/,
Шүүгдэгч Т.Б-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Б.Н-ий мэдүүлэг /хх-ийн 27-28-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 96-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 97-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 98-р хуудас/, бусад /хх-ийн 103-112-р хуудас/, Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 520 дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 116-117-р хуудас/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 118-119-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Т.Б-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Т.Б- нь 2019 оны 7 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр, байрны автобусны буудал дээр байсан ... улсын дугаартай “Соната-6” маркийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч У.Х-ыг зодож, биед нь “духны өмнөд хана, зүүн нүдний ухархайн дээд ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, духны өмнөд ханын хугарлын зассан хагалгааны дараах байдал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Хохирогч У.Х-ын ...2019 оны 7 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны байрны буудал дээр найз М-ий машинтай Х-, Т-, Б- нар хамт ирээд Х-, Т-, Б- гурав ТҮЦ орохоор машинаас буусан. Машин дотор М-э бид хоёр үлдсэн. Би арын суудал дээр сууж байсан. М-э жолоо барьж явсан. М-э “машины урд нэг юм хавираад байна” гээд үзэхээр буусан. Тэгтэл цаанаас нь Б- согтуу “ална” гэж орилоод гүйж ирэхэд М-э зугтаачихсан. Гэтэл Б- миний сууж байсан талын машины хаалгыг онгойлгоод “Х- чи намайг ахаа гэх үү, хөгшөөн гэх үү” гээд миний шанаа болон эрүү рүү гараараа 4-5 удаа цохиж, хөлөөрөө миний гэдэс рүү жийж өшиглөсөн. Би машины арын суудал дээр дээшээ хараад хэвтэж байхад Б- машин дотор орж ирээд миний хоолойг боогоод гараараа намайг өөр рүүгээ татаж дух руу мөргөсөн. Би “цагдаа дуудаарай” гэж орилоход Б- машинаас гарч зугтаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 16-20-р хуудас/,
Гэрч Г.М-ий ...Б- согтуу ирээд “чи намайг ахаа гэх үү, би чамайг ахаа гэх үү” гээд намайг зодох гээд дайрсан. Би машин тойрч зугтааж хойшилсон. Б-ыг Х-ын биеийн аль хэсэгт нь цохиж байгааг хараагүй. Ямартай ч зодолдох чимээ гарсан. Тэгээд би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 24-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн №1383 дугаартай бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтэнд: У.Х-ын биед духны өмнөд хана, зүүн нүдний ухархайн дээд ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, духны өмнөд ханын хугарлын зассан хагалгааны дараах байдал бүхий гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. 9434 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. /хх-ийн 36-38-р хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 8-9-р хуудас/,
Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-12-р хуудас/,
Хохирогчийн өвчний түүх /хх-ийн 60-65, 67-71-р хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 54-59, 72-95-р хуудас/,
Шүүгдэгч Т.Б-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: ...Х- ... улсын дугаартай автомашинтай явж байхаар нь би тухайн автомашинд суугаад Х-оос тамхи асуусан чинь “би чиний тамхийг бэлдэх ёстой юм уу” гээд томорсон өнгө аястай ярьсан. Үүнээс болж Х- бид хоёр маргалдсан. Би уурандаа Х-ын нүүрэн тус газарт баруун гараараа 3-4 удаа цохичихоод яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 46-47-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч Т.Б- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч У.Х-ыг гараараа цохих, мөргөх, өшиглөх зэргээр зодож хохирогчийн биед “духны өмнөд хана, зүүн нүдний ухархайн дээд ханын цөмөрсөн хугарал, тархи доргилт, духны өмнөд ханын хугарлын зассан хагалгааны дараах байдал бүхий” бүхий хөнгөн гэмтэл учирсан ба шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн биед учирсан гэмтэл хоёр шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Т.Б- нь хохирогч У.Х-ыг гараараа цохих, мөргөх, өшиглөх зэргээр зодож хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.
Иймд шүүгдэгч Т.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Т.Б-, түүний өмгөөлөгч Б.Уранчимэг нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдав.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч У.Х-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь хор уршигтай холбоотой эмчилгээний зардалд 3.707.909 төгрөгийн /хх-ийн 74-87-р хуудас/, бусад зардалд 3.339.390 төгрөгийн /хх-ийн /хх-ийн 88-92-р хуудас/, нийт 7.047.299 төгрөгийн нотлох баримт ирүүлсэн бөгөөд тэрээр “эмчилгээний зардалд 6.000.000 төгрөг авсан тул гомдолгүй, харин цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилнэ” гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн тул шүүгдэгчийг энэн тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Харин хохирогч У.Х- нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдав.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан, хохирогчийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбатаас “Т.Б- нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан хэдий ч хохирогчийн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн санал гаргасан, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Уранчимэгээс нь улсын яллагчийн гаргасан эрүүгийн хариуцлагын талаар маргаагүй болно.
Шүүхээс шүүгдэгч Т.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлж барагдуулсан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ гэмт хэрэг гарсан байдал болон тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой хувийн байлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Б-д мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Т.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Б- овогт Т-ын Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Т.Б-д мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б- нь хохирогч У.Х-од эмчилгээний зардалд 6.000.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.
5. Хохирогч У.Х- нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Шүүгдэгч Т.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Т.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР