Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 2379

 

 

Талуудын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, 1-44 тоот хаягт оршин суух Лувсангийн Дондогмаа /РД:ЧТ60101464/-ийн гаргасан,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 15 дугаар хороо, 7 дугаар байр, 28 тоот хаягт оршин суух Даваанямын Гантулга /РД:ХП87041972/-д холбогдох 6,700,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч Л.Дондогмаа нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр Д.Гантулгад 8,000,000.00 төгрөгийг 2 /хоёр/ сарын хугацаатай 5 хувийн хүүтэй зээлдүүлсэн. Зээлийн гэрээнд гарын үсэг зурж, нотариатаар батлуулсан ба гэрээний хугацаа дуусч, зээлдэгч Д.Гантулга нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Иймд, Зээлийн гэрээнд заасны дагуу түүнээс 6,700,000.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулж, баримтыг тус тус баталгаажуулсан байна.

Хариуцагчийн зүгээс 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр бичгээр өгсөн хариу тайлбартаа 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 8,000,000.00 төгрөгийг 3 /гурав/ сарын хугацаатай зээлсэн, миний бие улирлын чанартай бизнес эрхэлдэг бөгөөд 2015 онд үйлдвэрлэл явуулж чадаагүй юм. Би нэхэмжлэгчтэй ярилцан тохиролцон зээлийн үлдэгдэл болох 6,400,000.00 төгрөгийг хугацаагүй болгож шийдвэрлэх хүсэлтэй байна. Тус төлбөрийг хурдан хугацаанд төлж барагдуулах болно гэжээ.

Нэхэмжлэгч нь хариуцагчаас гаргасан уг тайлбартай танилцаад хариуцагч тал нэхэмжилсэн төлбөрийг төлөхийг зөвшөөрсөн бөгөөд бид зээлийн төлбөрийг эргүүлэн төлөх хугацааг хоорондоо харилцан тохиролцсон, шүүхээс хугацаа тогтоох шаардлагагүй гэж үзэж байгаа тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Зохигчид энэхүү гаргасан хариу тайлбар, нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Эвлэрлийн гэрээ байгуулж, дараах зүйлийг тохирсон байна. Үүнд:

  • Нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаасаа 300,000.00 төгрөгөөс татгалзах,
  • Хариуцагч тал 6,400,000.00 төгрөгийг төлөх.

Талууд 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, нотариатаар баталгаажуулсан байх бөгөөд тус гэрээ нь тэдгээрийн хооронд 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн зээлийн харилцааг зохицуулахаар хожим ийнхүү гэрээ байгуулж, зохицуулахаар болжээ. Уг гэрээнд зааснаар талууд 2015 оны 08 дугаар сарын 20-ны өдөр зээлсэн 8,000,000.00 төгрөгийн зээлийн хугацааг тус өдрөөс эхлэн 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрөөр тохирч, сарын хүүг 5 хувиар тогтоож, зээлийн эргэн төлөлтийг 2015 оны 09 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн сарын хүү болох 400,000.00 төгрөгийн хамт төлөхөөр болжээ.

Зохигч нарын хооронд байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээ нь Монгол Улсын Иргэний хуулийн 189 дүгээр зүйл, 281 дүгээр зүйлд тус тус нийцэж, тус хуулийн 195, 196 дугаар зүйлд зааснаар талуудын хүсэл зориг зохих ёсоор тусгагдаж, эрх зүйн үр дагавар үүсгэхээр байна.

Гэрээнээс дүгнэхэд зээлдэгч Д.Гантулга нь 8,000,000.00 төгрөгийн зээлнээс 600,000.00 төгрөгийг 2016 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр, 1,000,000.00 төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдөр төлсөн байгаа нь өнөөдрийн байдлаар уг зээлийн үлдэгдэл 6,400,000.00 төгрөг байх бөгөөд тус үндсэн зээлийн үлдэгдэл болоод зээлийн хүүг хариуцагч Д.Гантулга нь 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн дотор төлж барагдуулахаар болсон байна. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь тухайн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж, зээлийн үлдэгдэл 6,400,000.00 төгрөгийг ашигласан хугацааны хүүгийн хамт нийт 6,700,000.00 төгрөг гэж тодорхойлж, нэхэмжлэл гаргасан байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зорилгоор талуудын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах хуулийн зохицуулалттай.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл хариуцагч Д.Гантулгын зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч татгалзаагүй, аливаа хэлбэрээр мэтгэлцээгүй, нэхэмжлэлийн шаардлагын хүлээн зөвшөөрч, төлбөрийг тодорхой хугацаанд төлөх талаар түүний гаргасан хариу тайлбарыг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн авч, талууд Эвлэрлийн гэрээ байгуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүссэн байна.

Талуудын хооронд байгуулсан 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах тухай нэхэмжлэлийн хүрээнд байгуулсан энэхүү Эвлэрлийн гэрээ нь хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа тухай тайлбар, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн гаргасан тайлбарын хүрээнд нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзсан зэрэг хүсэл зоригт тус тус тулгуурлан талууд эвлэрч байгаа нь дээрх Эвлэрлийн гэрээ болоод хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай талуудын хүсэлт, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны талаар танилцсан Тэмдэглэл зэргээс тус тус тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж дүгнэлээ.

Түүнчлэн энэхүү Эвлэрлийн гэрээ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих ёсоор оролцож байгаа этгээдүүд нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд байгуулж, зохигч үндсэн зээлийн хэмжээ болох 6,400,000.00 төгрөгийн хэмжээнд эвлэрч байгаа нь Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Иймд, Л.Дондогмаагийн гаргасан Д.Гантулгад холбогдох 6,700,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талуудын Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1.Л.Дондогмаагийн гаргасан Д.Гантулгад холбогдох 6,700,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаасаа 300,000.00 төгрөгөөс татгалзаж, хариуцагч тал үлдэх 6,400,000.00 төгрөгийг Эвлэрлийн гэрээнд зааснаар төлөхөөр тохиролцсон Эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 126,950.00 төгрөгийн 50 хувь болох 63,475.00 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас, хариуцагчийн хүлээн зөвшөөрч төлөхөөр болсон 6,400,000.00 төгрөгт ногдох тэмдэгтийн хурааамжийн 50 хувь болох 58,675.00 төгрөгийг хариуцагч Д.Гантулгаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдсугай.

4.Захирамжийг зохигч сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.

                                   

 

ШҮҮГЧ                                                           Б.МАНДАЛБАЯР