Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 2322

 

                                 Талуудын эвлэрлийг баталж,

                              хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 16 дугаар хороо, 16 дугаар хороолол, Данзан гудамж, 19-22 тоот хаягт оршин суух Дорждэрэмийн Ганболд /РД:ШГ82120517/-ийн гаргасан,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 17 дугаар хороо, Да хүрээ, 65б-40 тоот хаягт оршин суух Болорсүрэнгийн Энхчимэг /РД:ЕЙ96091543/-д холбогдох Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 15,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад,

ТОДОРХОЙЛОХ НЬ:

            Нэхэмжлэгч Д.Ганболд шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Б.Энхчимэгтэй Зээлийн гэрээ байгуулж, 10,000,000.00 төгрөгийг түүнд сарын 10 хувийн хүүтэйгээр 2015 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл зээлдүүлсэн ба Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн хангуулахаар Барьцааны гэрээг мөн адил байгуулж, 10,000,000.00 төгрөгийг бэлнээр өгсөн.

            Гэрээний хугацаанд Зээлдэгч Б.Энхчимэг нь сар бүрийн 25-ны өдөр 10 хувийн хүү болох 1,000,000.00 төгрөгийг төлөх үүргээ биелүүлээгүй, би гэрээний хугацаа дуусахад үндсэн зээл болоод зээлийн хүүгийн хамт нийт 11,000,000.00 төгрөгийг төлөхийг шаардсан боловч тэрээр өнөөдрийг хүртэлх хугацаанд гэрээний үүргээ биелүүлээгүй болно.

            Иймд, нэхэмжлэлийн шаардлага үндсэн зээлд 10,000,000.00 төгрөг, хүү 1,000,000.00 төгрөг, алданги 4,000,000.00 төгрөг, нийт 15,000,000.00 төгрөгийг түүнээс нэхэмжилж байна гэжээ.

Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт шүүхээс 2016 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан баримтыг тус тус баталгаажуулсан байна.

Хариуцагчийн зүгээс 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр бичгээр өгсөн хариу тайлбартаа “Би 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Д.Ганболдоос 10,000,000,00 төгрөгийг бэлнээр авсан. Энэ мөнгийг авахдаа эргэлдүүлэх журмаар авсан бөгөөд барааны эргэлтийн муугаас болж шатсан. 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор 10,000,000.00 төгрөгийг 5,000,000.00 төгрөгийн хүүгийн хамт өдөрт 55,000.00 төгрөгөөр өдрийн зээл маягаар төлж дуусгана” гэжээ.

Зохигчид 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Зээлийн гэрээ байгуулж, нэхэмжлэгч Д.Ганболд нь хариуцагч Б.Энхцэцэгт 10,000,000.00 төгрөгийг 1 /нэг/ сарын хугацаатай сарын 10 хувийн хүүтэй зээлдүүлэхээр тохирчээ.

Талууд тус Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгож дараах хөрөнгүүдийг барьцаалахаар Барьцааны гэрээ байгуулжээ. Үүнд:

  • Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 2 дугаар баг, Рашаант 4 дүгээр гудамж, 08 тоот хаягтай 2500 м,кв талбай бүхий 000193223 тоот гэрчилгээний болон Г-1903000833 тоот улсын бүртгэлийн дугаартай газар,
  • Говьсүмбэр аймаг, Шивээговь сум, 2 дугаар баг, Рашаант 4 дүгээр гудамж, 06 тоот хаягтай 2500 м,кв талбай бүхий 000193222 тоот гэрчилгээний болон Г-1903000832 тоот улсын бүртгэлийн дугаартай газар.

Талуудын хооронд байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Зээлийн гэрээ нь Монгол Улсын Иргэний хуулийн 189 дүгээр зүйл, 281, 232 дугаар зүйлд тус тус нийцэж, тус хуулийн 195, 196 дугаар зүйлд зааснаар талуудын хүсэл зориг зохих ёсоор тусгагдаж, эрх зүйн үр дагавар үүсгэхээр болжээ. Харин Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон байгуулсан Барьцааны гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйл, 182 дугаар зүйл, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 12 дугаар зүйл, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 28 дугаар зүйлд тус тус зааснаар бүртгэгдэж, хүчин төгөлдөр болсон эсэх нь тодорхой бус байна.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зорилгоор талуудын Эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах хуулийн зохицуулалттай.

Хэрэгт цугларсан баримтаас үзвэл хариуцагч Б.Энхчимэгийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч татгалзаагүй, аливаа хэлбэрээр мэтгэлцээгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг тодорхой хугацааны дараа төлөх талаар түүний 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гаргасан хариу тайлбарыг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн авч, талууд 2016 оны 03 дугаар сарын 10-ний өдөр Эвлэрлийн гэрээ байгуулж, доорх зүйлийг тохирчээ. Үүнд:

 

  1. Хариуцагч Б.Энхчимэг нэхэмжлэлийн шаардлагаас 12,500,000.00 төгрөгийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөх,
  2. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн нийт шаардлага болох 15,000,000.00 төгрөгөөс 2,500,000.00 төгрөгийн шаардлагаасаа татгалзах.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь үндсэн зээл 10,000,000.00 төгрөг, хүү 1,000,000.00 төгрөг, алданги 4,000,000.00 төгрөг, нийт 15,000,000.00 төгрөгийг нэхэмжлэх тухай байсан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талууд 12,500,000.00 төгрөгийн хэмжээнд эвлэрэхээр болжээ.

Талуудын хооронд байгуулсан 2015 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах тухай нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд байгуулсан энэхүү Эвлэрлийн гэрээ нь хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, төлбөрийг тодорхой хугацааны дараа төлөх тухай түүний тайлбар, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн гаргасан тайлбарын хүрээнд нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзаж, талууд эвлэрч байх бөгөөд энэ нь дээрх Эвлэрлийн гэрээ болоод хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай талуудын хүсэлт, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны талаар танилцсан Тэмдэглэл зэргээс тодорхой тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж дүгнэлээ.

Түүнчлэн энэхүү Эвлэрлийн гэрээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа зохигч нарын нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд байгуулагдаж, эвлэрч байгаа нь Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна. Хэдийгээр талууд Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах арга болгон Барьцааны гэрээ байгуулсан байдаг хэдий ч нэхэмжлэлийн шаардлага болон Эвлэрлийн гэрээнд барьцаа хөрөнгөөс шаардлага хангуулах талаар тусгаагүй, энэ тухай зохицуулаагүй байгааг үүгээр дурдав. 

Иймд, Д.Ганболдын гаргасан Б.Энхчимэгт холбогдох 15,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талуудын Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Д.Ганболдын гаргасан Б.Энхчимэгт холбогдох 15,000,000.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаасаа 2,500,000.00 төгрөгөөс татгалзаж, хариуцагч тал үлдэх 12,500,000.00 төгрөгийг Эвлэрлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх талаар тохиролцсон Эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 233,000.00 төгрөгийн 50 хувь болох 116,500.00 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас, хариуцагчийн хүлээн зөвшөөрч төлөхөөр болсон 12,500,000.00 төгрөгт ногдох тэмдэгтийн хурааамжийн 50 хувь болох 107,475.00 төгрөгийг хариуцагч Б.Энхчимэгээс тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдсугай.

4.Захирамжийг зохигч сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.

                                   

 

                        ШҮҮГЧ                                                           Б.МАНДАЛБАЯР