Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 035

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Намуун,

шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Н-гийн Б-т холбогдох эрүүгийн 1903006120300 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Н.Б- нь 2019 оны 5 дугаар сарын 30-ны оройн 21 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ...ны хойд замд “Тоёота Приус-20” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.” гэснийг зөрчин гарцаар гарч явсан явган зорчигч Н.Б-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Н.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Эрүүгийн 1903006120300 дугаартай хэргээс:

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 3-11, 13-19-р хуудас/,

Хохирогч Н.Б-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

Иргэний хариуцагч Б.Ц-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 64-р хуудас/,

Гэрч Н.Э-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 65-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №6898 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 70-р хуудас/,

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 97-103-р хуудас/,

Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 551 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 171-172-р хуудас/,

Согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 20-22-р хуудас/,

Хохирогчийн өвчний түүх /хх-ийн 37-59-р хуудас/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 78-р хуудас/,

Шүүгдэгч Н.Б-ийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг

/хх-ийн 91-92, 168-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 76-р хуудас/, жолоочийн үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 76-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 107-р хуудас/, гэрч Н.М-ын мэдүүлэг /хх-ийн 164-р хуудас/, гэрч Н.Б-ийн мэдүүлэг /хх-ийн 165-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Н.Б-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Н.Б- нь 2019 оны 5 дугаар сарын 30-ны оройн 21 цаг 30 минутын орчимд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ...ны хойд замд “Тоёота Приус-20” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.”, мөн дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавстралтын тээврийн хэрэгслийг ашиглах хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалтын 5.2-т заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан” гэсэн заалтыг зөрчиж ойрын гэрлийн тохиргоо алдагдсан бүрэн бус тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа гарцаар гарч явсан явган зорчигч хохирогч Н.Б-г мөргөж, эрүүл мэндэд нь “зүүн чамархай ясны шугаман хугарал, тархи доргилт, дух, зүүн зулай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хөмсөгт зулгаралт, баруун тохой, шагайд зулгаралт, цус хуралт, баруун мөр, ташаанд цус хуралт” бүхий хүнд гэмтэл учруулсан болох нь:

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, ослын хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 3-11, 13-19-р хуудас/,

 

Хохирогч Н. Б-гийн ...2019 оны 5 дугаар сарын 30-ны орой 21 цаг өнгөрч байхад Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ...ны хойд талын явган хүний гарцаар хойноосоо урагшаа чиглэлтэй зам хөндлөн гарч байтал дуут дохио өгөх шиг болсон. Тэгэхээр нь би баруун гар тал руугаа хартал баруунаасаа зүүн чиглэлтэй явсан суудлын автмашин нь намайг мөргөсөн. ...Тухайн үед би машин ирж  байгааг анзаараагүй. Осол болох үед би явган хүний гарцаар ганцаараа гарч явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-р хуудас/,

 

Иргэний хариуцагч Б.Ц-гийн ...“Тоёота приус 20” маркийн ... улсын дугаартай автомашин миний нэр дээр байдаг. Аав Б- над руу залгаад “би машин барьж яваад хүн мөргөчихлөө” гэж хэлэхээр нь ослын талаар мэдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 64-р хуудас/,

 

Гэрч Н.Э-ын ...2019 оны 5 дугаар сарын сүүлээр байх он, өдрийг нь сайн санахгүй байна. Би орой 20 цагаас 21 цагийн хооронд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, ...ны баруун талд байх уулзвар руу ертөнцийн зүгээр хойноосоо урагшаа чиглэлтэй явган хүний замаар гэр рүүгээ явж байтал гэнэт түс тас гэх чимээ гарахаар нь хойшоо эргээд хартал улаан өнгийн “Тоёота Приус 20” маркийн улсын дугаар болон серийг нь анзаараагүй тээврийн хэрэгсэл нь баруунаасаа зүүн чиглэлтэй явж байгаад нэг эмэгтэйг /Б-/ мөргөөд зогссон. Би өөрийнхөө ... гэсэн дугаараас 102-т дуудлага өгчихөөд, ослын газарт очтол баруунаасаа зүүн чиглэлтэй зорчих хэсгийн 2 дугаар эгнээнд тэр эмэгтэй /Б-/ нь хойшоогоо хараад сууж байсан. ...Замын хөдөлгөөн сийрэг, түгжрэлгүй байсан. Хохирогчийн толгойноос цус гарч байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 65-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №6898 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Н.Б-гийн биед зүүн чамархай ясны шугаман хугарал, тархи доргилт, дух, зүүн зулай, дагзны хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хөмсөгт зулгаралт, баруун тохой, шагайд зулгаралт, цус хуралт, баруун мөр, ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. /хх-ийн 70-р хуудас/,

 

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн шинжээчийн дүгнэлтэнд: Салхины шил зүүн гар талын доод хэсгээр цөмөрч цацарч хагарсан, капот зүүн гар талдаа бага зэрэг нугаларсан, зүүн гар талын урд крыло урд үзүүр хэсгээрээ бага зэрэг нугаларсан, зүүн гар талын их гэрлийн бүрхүүл шил хагарсан, урд оврын хоёр гэрлийн чийдэн асахгүй, хойд оврын хоёр гэрлийн чийдэн асахгүй, улсын дугаарын хоёр гэрлийн чийдэн асахгүй, зүүн гар талын их гэрлийн ойрын гэрлийн чийдэн асахгүй, баруун гар талын гэрлийн тусгал ойр дээрээ тохиргоо алдагдсан, иж бүрдэл байхгүй (гал унтраагуур, эмийн ослын зогсолтын тэмдэг г.м) зэрэг эвдрэл гэмтлүүдтэй байна. Урд оврын хоёр гэрлийн чийдэн асахгүй, хойд оврын хоёр гэрлийн чийдэн асахгүй, улсын дугаарын хоёр гэрлийн чийдэн асахгүй, баруун гар талын их гэрлийн тусгал ойр дээрээ тохиргоо алдагдсан, иж бүрдэл байхгүй (гал унтраагуур, эмийн сан, ослын зогсолтын тэмдэг г.м) зэрэг эвдрэл гэмтэл нь ослын өмнө буюу ашиглалтын явцад үүссэн эвдрэл гэмтэл байна.

Салхины шил зүүн гар талын доод хэсгээр цөмөрч цацарч хагарсан, капот зүүн гар талдаа бага зэрэг нугаларсан, зүүн гар талын урд крыло урд үзүүр хэсгээрээ бага зэрэг нугаларсан, зүүн гар талын их гэрлийн бүрхүүл шил хагарсан, зүүн гар талын их гэрлийн ойрын гэрлийн чийдэн асахгүй зэрэг нь ослын улмаас буюу ослын дараах эвдрэл гэмтэл байна. Урд оврын хоёр гэрлийн чийдэн асахгүй, хойд оврын хоёр гэрлийн чийдэн асахгүй, улсын дугаарын хоёр гэрлийн чийдэн асахгүй, баруун гар талын их гэрлийн тусгал ойр дээрээ тохиргоо алдагдсан, иж бүрдэл байхгүй (гал унтраагуур, эмийн сан, ослын зогсолтын тэмдэг г.м) нь ослын өмнө (хуучин) үүссэн эвдрэл гэмтэл нь тухайн зам тээврийн осолд нөлөөлөхгүй. /хх-ийн 97-103-р хуудас/,

 

Тээврийн цагдаагийн албаны 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 551 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэнд: “Тоёота Приус 20” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно, мөн дүрмийн 4 дүгээр хавстралтын тээврийн хэрэгслийг ашиглах хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалтын 5.2-т заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан”, мөн дүрмийн 3.5-д заасан “Зам тээврийн осолд холбогдсон жолооч дараах үүргийг хүлээнэ: в/ осолд холбогдсон тээврийн хэрэгсэл нь бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасны улмаас зорчих хэсгийг чөлөөлөх, мөн осолд өртсөн хүнийг эмнэлэгт уг тээврийн хэрэгслээр хүргэх зайлшгүй тохиолдолд хөндлөнгийн хоёроос доошгүй гэрчийг байлцуулан тухайн тээврийн хэрэгслийн ул мөрийн байрлалыг тодорхой тэмдэглэж, боломжтой бол гэрэл зураг, дүрс бичлэгээр баримтжуулсны дараа байрнаас нь хөдөлгөх”, мөн дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй байна. /хх-ийн 171-172-р хуудас/,

Согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 20-22-р хуудас/,

Хохирогчийн өвчний түүх /хх-ийн 37-59-р хуудас/,

Тээврийн хэрэгслийн лавлагаа /хх-ийн 78-р хуудас/,

Шүүгдэгч Н.Б-ийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: Б.Ц-гийн эзэмшлийн улаан өнгийн “Тоёота Приус 20” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр ...ны харалдаа хойд замд ертөнцийн зүгээр баруунаасаа зүүн чиглэлтэй зорчих хэсгийн хоёрдугаар эгнээгээр ойролцоогоор 40 км/цагийн хурдтай явж байтал зүүн гар талаас гэнэт эмэгтэй хүн /Б-/ гүйгээд гараад ирсэн. Би тухайн эмэгтэйг харсан даруйдаа тоормосоо гишгэсэн боловч амжилгүй тэрээр машины зүүн урд хэсэгт мөргөгдөж зам дээр унасан...гэх мэдүүлэг /хх-ийн 91-92, 168-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэм буруугийн болгоомжгүй хэлбэр нь гэмт этгээд өөрийн үйлдэл буюу эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг ухамсарлан ойлгоогүй байдаг боловч хэрэг үйлдсэн тодорхой нөхцөлтэй холбож үзвэл тийм хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсанд оршдог.

 

Шүүгдэгч Н.Б-ийн хувьд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө.”, мөн дүрмийн 3.4-т заасан “Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах”, мөн дүрмийн 4 дүгээр хавстралтын тээврийн хэрэгслийг ашиглах хориглох эвдрэл, гэмтэл, техникийн зөрчлийн жагсаалтын 5.2-т заасан “Хол, ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдсан” гэсэн заалтыг зөрчиж явган зорчигч хохирогч Н.Б-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2.3-д заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна. Шүүгдэгч Н.Б- нь гэмт хэрэг үйлдэхдээ гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн байна.

 

Иймд шүүгдэгч Н.Б-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Н.Б-, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нар нь “хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Н.Б-ийн жолоодон явсан “Тоёота Пирус 20” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Б- овогтой Ц-гийн эзэмшлийн хөрөнгө болох нь тээврийн хэрэгслийн лавлагаагаар /хх-ийн 78-р хуудас/ тогтоогдсон.

 

            Эрүүгийн хуульд зааснаар гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөөнд шууд учирсан үр дагаварыг гэмт хэргийн хохиролд тооцох ба хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаварыг хор уршигт тооцно.

           Шүүгдэгч Н.Б-ийн үйлдсэн зам тээврийн осол хэргийн улмаас иргэн Н.Б-гийн эрүүл мэндэд хүнд гэмтэл учирсан байна. Хохирогч Н.Б- нь эмчилгээний зардалд нэхэмжилсэн нийт 1.921.000 төгрөгийн нотлох баримт /хх-ийн 32-35, 67-68, 81-р хуудас/ хэрэгт ирүүлсэн бөгөөд хохирогч нь “эмчилгээний болон бусад зардалд нийт 4.200.000 төгрөг авсан тул гомдолгүй” гэж шүүхийн шатанд бичгээр хүсэлт /хх-ийн 196-р хуудас/ ирүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

          Хохирогч Н.Б- нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй.

 

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Н.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, 01 жилийн хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хандсүрэнгээс тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлыг төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон 66 настай, өндөр насны тэтгэвэрт байдаг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн санал гаргав.

 

Шүүгдэгч Н.Б- нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, тэрээр өндөр настай /66 настай/ хувийн байдлыг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзээд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01 жилийн хугацаагаар тэнсэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар шүүгдэгч Н.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодохыг 01 /нэг/ жилийн хугацаанд хориглох албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй.

 

 Тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг шүүгдэгч Н.Б-т мэдэгдэх нь зүйтэй.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолох нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Н-гийн Б-ийн ... дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Н.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б- овогт Н-гийн Б-ийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчиж, хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч Н.Б-ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 /нэг/ жилээр хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 01/нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4-т зааснаар шүүгдэгч Н.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодохыг 01 жилийн хугацаанд хориглосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хорих оногдуулахгүйгээр тэнссэн 01 жилийн хугацаанд шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Н.Б-т мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Н.Б-т  тайлбарласугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 01 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б- нь хохирогч Н.Б-д эмчилгээний зардалд 4.200.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

8. Хохирогч Н.Б- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг баримтлан Н-гийн Б-ийн ... дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

10. Шүүгдэгч Н.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

11. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

12. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Н.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР