| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бадамдоржийн Мандалбаяр |
| Хэргийн индекс | 101/2016/02247/и |
| Дугаар | 2247 |
| Огноо | 2016-03-11 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 03 сарын 11 өдөр
Дугаар 2247
Талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан Уул дүүрэг, 1-р хороо, Чигисийн өргөн чөлөө, Орчлон 84-06 тоот хаягт үйл ажиллагаа явуулдаг Төгөлдөр бьюти кэйр ХХК /РД:5302277/-ийн гаргасан,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5-р хороо, 85б байр, 52 тоот хаягт оршин суух Ц.Жамсран /РД:ТИ66020131/-д холбогдох 5,099,500.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 02-р сарын 17-ны өдөр хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Төгөлдөр бьюти кэйр ХХК нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Манай компани 2009 онд үүсгэн байгуулагдсан, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Ц.Жамсран нь тус компанийн оруулж ирдэг Кирби Сентриа хивс цэвэрлэгч төхөөрөмжийг 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдөр худалдан авахаар гэрээ байгуулсан юм. Энэхүү төхөөрөмж нь 5,700,000.00 төгрөгийн үнэтэй бөгөөд худалдан авагч урьдчилгаа 1,000,000.00 төгрөгийг төлж, үүнээс хойш сар бүр 1,000,000.00 төгрөгөөр тооцоо нийлж, 5 сарын дотор худалдан авсан төхөөрөмжийн үнийг бүрэн төлж барагдуулахаар болсон.
Гэвч худалдан авагч тал урьдчилгаатайгаа нийлээд 2,200,000.00 төгрөг төлсөн бөгөөд 2014 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс хойш төлөлт хийгээгүй, 3,500,000.00 төгрөгийн үлдэгдэл, алданги 1,599,500.00 төгрөг, нийт 5,099,500.00 төгрөг төлөх ёстой юм.
Иймд, Ц.Жамсрангаас 5,099,500.00 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Энэхүү нэхэмжлэлтэй хэрэгт 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдөр шүүхээс иргэний хэрэг үүсгэж, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулж, зохигч нарт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрх, үүргийг танилцуулсан баримтыг тус тус баталгаажуулсан нь тус нэхэмжлэл дэх баримтуудаас тодорхой харагдаж байна.
Хариуцагчийн зүгээс 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр бичгээр өгсөн хариу тайлбартаа Би 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдөр тус компаниас хивс цэвэрлэгч төхөөрөмж худалдан авсан нь үнэн. Төхөөрөмжийн нийт үнэ болох 5,700,000.00 төгрөгөөс 2,200,000.00 төгрөгийг төлсөн ба үлдэх 3,500,000.00 төгрөгийг дараах байдлаар төлнө. Үүнд:
Харин тус хугацааны алданги болох 1,599,500.00 төгрөгөөс миний хувьд 500,000.00 төгрөгийг төлөх боломжтой, энэ алдангийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлнө гэжээ.
Зохигчид 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж, хариуцагч Ц.Жамсран нийт 5,700,000.00 төгрөгийн үнийн дүн бүхий бараа бүтээгдэхүүнийг худалдан авахаар тохирч, урьдчилгаа төлбөрт 1,000,000.00 төгрөг төлж, үлдэх төлбөрийг гэрээнд заасан хувь хэмжээгээр хэсэгчлэн төлөхөөр болжээ.
Талуудын хооронд байгуулсан 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Худалдах, худалдан авах тухай гэрээ нь Монгол Улсын Иргэний хуулийн 189 дүгээр зүйл, 243, 232 дугаар зүйлд тус тус нийцэж, тус хуулийн 195, 196 дугаар зүйлд зааснаар талуудын хүсэл зориг нийцэж, эрх зүйн үр дагавар үүсгэхээр болжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зорилгоор талуудын эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамж гаргах хуулийн зохицуулалттай.
Хэрэгт цугларсан баримтаас үзвэл хариуцагч Ц.Жамсрангийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг үл хүлээн зөвшөөрч татгалзаагүй, аливаа хэлбэрээр мэтгэлцээгүй, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч, төлбөрийг тодорхой хугацааны дараа төлөх талаар түүний 2016 оны 03 дугаар сарын 07-ны өдөр гаргасан хариу тайлбарыг нэхэмжлэгчийн зүгээс хүлээн авч, талууд 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулж, доорх зүйлийг тохирчээ. Үүнд:
Талуудын хооронд байгуулсан 2014 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн Худалдах, худалдан авах тухай гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардах тухай нэхэмжлэлийн хүрээнд байгуулсан дээрх Эвлэрлийн гэрээ нь хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбар, нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчийн гаргасан тайлбарын хүрээнд нэхэмжлэлийн зарим шаардлагаасаа татгалзаж, талууд эвлэрч байгаа нь дээрх Эвлэрлийн гэрээ болоод хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай талуудын хүсэлт, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааны талаар танилцсан Тэмдэглэл зэргээс тодорхой харагдаж байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлд зааснаар энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд хуульд заасан нөхцөл бүрдсэн гэж дүгнэлээ.
Түүнчлэн энэхүү Эвлэрлийн гэрээ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохих ёсоор оролцож байгаа бүрэн эрхтэй этгээдүүд нэхэмжлэлийн хүрээнд байгуулж, эвлэрч байгаа нь Иргэний хууль зөрчөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.
Иймд, Төгөлдөр бьюти кэйр ХХКийн гаргасан Ц.Жамсранд холбогдох 5,099,500.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт талуудын Эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэв.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх заалтыг тус тус удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1.Төгөлдөр бьюти кэйр ХХКийн гаргасан Ц.Жамсранд холбогдох 5,099,500.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаасаа 1,099,500.00 төгрөгөөс татгалзаж, хариуцагч тал үлдэх 4,000,000.00 төгрөгийг Эвлэрлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх талаар тохиролцсон Эвлэрлийн гэрээг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Зохигч нарын 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдөр байгуулсан Эвлэрлийн гэрээг үндэслэн Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 96,550.00 төгрөгийн 50 хувь болох 48,275.00 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас, хариуцагчийн хүлээн зөвшөөрч төлөхөөр болсон 4,000,000.00 төгрөгт ногдох тэмдэгтийн хурааамжийн 50 хувь болох 39,475.00 төгрөгийг хариуцагч Ц.Жамсрангаас тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Энэхүү хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаатай холбогдуулан зохигч давж заалдах болон хяналтын шатны журмаар гомдол гаргахгүйгээс гадна тухайн асуудлаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл, гомдол гаргахгүй болохыг тус тус дурдсугай.
4.Захирамжийг зохигч сайн дураар биелүүлэхгүй тохиолдолд шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг сануулсугай.
ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР