Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 00171

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Нарийн бичгийн дарга                   С.Төртулах

             Улсын яллагч                                 Н.Улсболд

                         Шүүгдэгч                                       Л.Т нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Л.Тад  холбогдох 1932000000208 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1986 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт *дүгээр зөрлөгт амьдардаг, урьд нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2007 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №65 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 02 жил 06 сарын хорих ялаар шийтгүүлж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 02 жил, 06 сарын хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнссэн, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /*/ Хурниад овогт Лхагважавын Т.

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Л.Т нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны хажууд А.Өбыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Л.Т мэдүүлэхдээ: ... Хийсэн зүйлдээ гэмшиж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч А.Өб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Жоохноо надад “Агаа хоёулаа уулзая та сая намайг зодоод хөөгөөд гэрээсээ гаргачихлаа шдээ хоёулаа ийшээ гараад уулзая” гэж хэлээд намайг дагуулаад манай гэрийн цонхноос жаахан холдуулаад эргэж хараад баруун гараараа миний зүүн нүд, хацар луу цохиод би газар саваад унасан юм. Тухайн үед миний толгой манараад гал бутраад л явчихсан юм. Тэгээд унасны дараа Жоохноо миний дээр гарч сууж байгаад намайг толгой тархи руу гараараа цохиод байсан. Тэгээд би Жоохноод чи намайг аллаа шдээ нүүр ам байхгүй боллоо гэхэд Жоохноо миний өөдөөс би чамайг алнаа гээд хоолой шахаад миний амь тэмцэж би орилоод байж байтал Цогтоо гэдэг хүн ирээд машиныхаа гэрэл тусангуут Жоохноо миний дээрээс босоод явчихсан юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-13 дугаар хуудас/

Гэрч Б.Ц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 22 цагийн үед болов уу гэж бодож байна. Би гэрээс гараад машинтайгаа тамхи авах гээд сумын соёлын төвийн хажуугаар тойроод эргэтэл ХААН банкны хажуу талын байрны гадаа гэрлийн үзүүрт хоёр хүн ноцолдож байгаа харагдсан юм. Тэгэхээр нь би тэр хоёр хүн рүү гэрэл тусгаад яваад очтол Жоохноо /Т/ гэдэг залуу Баадай /Өб/ ахын дээр нь гараад суучихсан нүүр лүү гараараа цохиод зодож байсан юм. Тэгээд би машинаас бууж Жоохноог салгаад цагдаа дуудсан юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 14 дүгээр хуудас/

Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №200 дугаартай дүгнэлт: ...

 

1. А.Өбын биед зүүн хацар, толгой баруун талд зулгаралт, урууланд цус хуралт, зүүн чихний ар хэсэг, зүүн хацар, урууланд зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрхи гэмтэл нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

З. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 17 хуудас/

 

Л.Т мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Би 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 21 цагийн үед байх архи уучихсан соггтуу үедээ Баадай /А.Өб/ ахын гэрт нь орсон юмаа. Тэгээд би Баадай ахаас архи нэхээд 1 шил архи авахуулаад тэр архийг уугаад ухаан мэдрэлээ алдчихсан байна лээ. Нэг мэдэхэд Баадай ахын дээр нь гарчихсан зодож байсан юм. Намайг нэг сэргэхэд Баадай ах гэрээсээ чирээд гаргаж байсан. Тэрний дараа би Баадай ахыг зодсон юм аа. Би архи их уучихсан согтуу байсан болохоор зарим нэг зүйлээ сайн санахгүй байна гэх мэдүүлэг /ХХ-ийн 22 дугаар хуудас/

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 25 дугаар хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 32-35 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.Т нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны хажууд А.Өбыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Хохирогч А.Өб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Жоохноо надад “Агаа хоёулаа уулзая та сая намайг зодоод хөөгөөд гэрээсээ гаргачихлаа шдээ хоёулаа ийшээ гараад уулзая” гэж хэлээд намайг дагуулаад манай гэрийн цонхноос жаахан холдуулаад эргэж хараад баруун гараараа миний зүүн нүд, хацар луу цохиод би газар саваад унасан юм. Тухайн үед миний толгой манараад гал бутраад л явчихсан юм. Тэгээд унасны дараа Жоохноо миний дээр гарч сууж байгаад намайг толгой тархи руу гараараа цохиод байсан. Тэгээд би Жоохноод чи намайг аллаа шдээ нүүр ам байхгүй боллоо гэхэд Жоохноо миний өөдөөс би чамайг алнаа гээд хоолой шахаад миний амь тэмцэж би орилоод байж байтал Цогтоо гэдэг хүн ирээд машиныхаа гэрэл тусангуут Жоохноо миний дээрээс босоод явчихсан юм гэх мэдүүлэг /ХХ-ийн 12-13 дугаар хуудас/

 

Гэрч Б.Цын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 14 дүгээр хуудас/, Шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн №200 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 17 хуудас/, Л.Тын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 22 дугаар хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Л.Тыг хохирогч А.Өбын биед хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд Л.Т нь 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Хараа 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Хаан банкны хажууд А.Өбыг зодож, түүний биед зүүн хацар, толгой баруун талд зулгаралт, урууланд цус хуралт, зүүн чихний ар хэсэг, зүүн хацар, урууланд зөөлөн эдийн гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдож байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Т нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэв.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч нь хохирол төлбөр төлөгдсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул энэ хэрэгт хэлэлцэгдэх хохирол төлбөргүй байна гэж дүгнэв. 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй зэргийг тус тус дурьдаад.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хурниад овогт Лхагважавын Тыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Тыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгж буюу 450000 /дөрвөн зуун тавин   мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт  зааснаар ялтан Л.Тын торгох ялыг 05 /тав/ сар хүртэлх хугацаанд тав хуваан хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  зааснаар ялтан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Л.Тыг нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүйг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Л.Тад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

8. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Ж.ЭРДЭНЭБАТ.