Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 20 өдөр

Дугаар 044

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа,

хохирогч Л.Ц-,

шүүгдэгч С.Ц-, түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З- овогт С-ын Ц-эд холбогдох эрүүгийн 1910022960887 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч С.Ц- нь 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... худалдааны төвийн гадна Л.Ц-тэй “барилгын материал авчихаад тооцоогоо хийсэнгүй” гэх шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг заамдан авч, нүүрэнд болон цээжин цус газар нь гараараа маажиж, эрүүл мэндэд нь “баруун хацар, эрүү, хамрын зүүн угалз, зүүн хацар, баруун сарвуу, цээжний баруун дээд гадаргуун зулгаралт, баруун хөх, зүүн шууны цус хуралт, зөөлөн эдийн няцралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би Ц-г авсан барилгын материалынхаа тооцоог хийлгүй явчихлаа гээд түүний машины дээр очоод цонхыг нь тогшоод “худалдаж авсан барааны мөнгийг төл” гэхэд “хар ажилчин” гэж намайг доромжилсон. Үүнээс болж Ц- бид хоёр маргалдаж, улмаар харилцан зодолдсон. Тухайн зодооны улмаас зүүж явсан гинж нь алга гэж Ц- надаас нэхэмжилж байна. Гэтэл би Ц-г гинж зүүсэн эсэхийг хараагүй, мэдэхгүй байна гэв.

Хохирогч Л.Ц- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр барилгын материалын дэлгүүрээс цемент худалдаж авахдаа картаар төлбөрөө төлсөн. Би машиндаа суугаад хөдлөх гэж байхад Ц- миний машины цонхыг хүчтэй цохисноо “та мөнгөө төлсөнгүй” гэж хэлсэн. Тэгээд Ц- бид хоёр маргалдсан. Тэр үед Ц- миний цамцнаас зуурч зодолдсон. Удалгүй бид хоёр салаад би машиндаа суугаад явах гэж байгаад толиндоо өөрийгөө хартал энд тэнд цус болоод маажуулчихсан, фудволк урагдсан, хүзүүнд зүүлттэй байсан монетон гинж байхгүй байхаар нь Ц- дээр очоод “гинж байхгүй байна, олж өг” гэхэд тэрээр өөрийгөө ах дүү нартаа “намайг хар ажилтан гэж хэлсэн” гээд уйлж байсан. Тэгтэл  ах, дүү нар нь Ц-ийг өмөөрч надтай маргалдсан. Тухайн маргааны үед миний гинж алга болсон тул Ц-ээс нийт 670.000 төгрөг нэхэмжилсэн. Үүнээс 200.000 төгрөгийг авсан тул үлдэлдэл 470.000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Эрүүгийн 1910022960887 дугаартай хэргээс:

 

Хохирогч Л.Ц-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-19-р хуудас/,

Гэрч Б.Ё-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

Гэрч Г.Э-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

Гэрч С.Ц-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №11859 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-р хуудас/,

Шинжээч эмч Н.Энхцолмонгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/,

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 34-36-р хуудас/,

Шүүгдэгч С.Ц-ийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч С.Ц-ын мэдүүлэг /хх-ийн 28-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 52-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 53-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 54-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 55-57-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч С.Ц-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт. Хохирогч Л.Ц- нь Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... худалдааны төвд байрлах  шүүгдэгч нь хохирогч Л.Ц-гийн биед  “баруун хацар, эрүү, хамрын зүүн угалз, зүүн хацар, баруун сарвуу, цээжний баруун дээд гадаргуун зулгаралт, баруун хөх, зүүн шууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.Ц- нь 2019 оны 9 дүгээр сарын 29-ний орой 19 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг ... худалдааны төвд байрлах барилгын материалын дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхдаа тус дэлгүүрээр үйлчлүүлсэн хохирогч Г.Ц-г “худалдаж авсан материалынхаа үнийг төлөөгүй” гэж андуурч  маргаан үүсгэж улмаар хохирогчийн нүүрэн болон цээжин цус газар нь маажиж, биед нь “баруун хацар, эрүү, хамрын зүүн угалз, зүүн хацар, баруун сарвуу, цээжний баруун дээд гадаргуун зулгаралт, баруун хөх, зүүн шууны цус хуралт, зөөлөн эдийн няцралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Л.Ц-гийн ...Би машиндаа суугаад цонхоо хаагаад хөдлөх гэтэл цонх хүчтэй цохиод байхаар нь машинаасаа буугаад Ц- бид хоёр маргалдсан. Гэтэл намайг машин руу суухад араас түлхсэнийг нь санаад уурандаа түүний гуя руу нь өшиглөхөд тэрээр намайг үсдээд фудволк урж, цээж болон нүүрний баруун талын шанаа, хөхний ойр орчмоор маажсан. Бид хоёрыг зууралдаж байхад эрэгтэй хүн /Ё-/ ирээд салгаж байх хооронд Ц- намайг бас цохиод байсан. Тэр үед миний зүүж явсан гинж алга болсон. С.Ц- надад 200.000 төгрөг төлсөн. Одоо үлдэгдэл 470.000 төгрөгөө нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 16-19-р хуудас/,

 

Гэрч Б.Ё-ын ...Ц- Ц-г “тооцоогоо хийлгүй явчихлаа” гэж андуурч очоод “тооцоогоо хийсэн үү” гэж асууж байгаа харагдсан. Ц- машинаасаа бууж ирээд Ц-ийн хөл рүү өшиглөөд тэр хоёр зууралдаж, хоорондоо зодолдож эхлэхээр нь би очиж салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/,

 

Гэрч Г.Э-ын “...манай эхнэр тухайн асуудал болсон өдөр гинжээ алга болгосон. Би 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр эхнэртээ 500.000 төгрөгөөр худалдаж авч өгсөн. Гинж нь 3.5 грамм, нарийн сүлжээстэй гинж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 21-р хуудас/,

 

Гэрч С.Ц-ын “... тэр эмэгтэй миний фудволкийг урчихсан байна төлж өг гэж орилж байснаа хүзүүнд байсан гинж маань бас алга болчихсон байна олж өг” гэхээр нь  манай нөхөр болон бид нар бүгдээрээ тэр хавиар хайгаад олоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №11859 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Л.Ц-гийн биед баруун хацар, эрүү, хамрын зүүн угалз, зүүн хацар, баруун сарвуу, цээжний баруун дээд гадаргуун зулгаралт, баруун хөх, зүүн шууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 31-р хуудас/,

Шинжээч эмч Н.Энхцолмонгийн ...Хэрэг болсон гэх цаг хугацаанд дээрх гэмтэл нь үүссэн байх боломжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 41-р хуудас/,

 

“Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Монетон гинжийг 500.000 төгрөгөөр үнэлэв. /хх-ийн 34-36-р хуудас/,

 

Шүүгдэгч С.Ц-ийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн ... Цагаан машинтай эмэгтэй /Ц-/ машиндаа суугаад хөдлөөд явчихаар нь араас нь гүйж очоод цонхыг нь тогшоод түүнд “тооцоогоо хийгээч” гэж хэлэхэд машиныхаа цонхыг буулгаад “хар ажилчин чинь цонх хагаллаа ш дээ” гэхээр нь “тооцоогоо надтай хийх ёстой” гэхэд “танай даргатай чинь тооцоогоо хийчихсэн. Чи машины цонх хагалчихлаа” гэж надтай зүй бусаар харьцаад над руу салаавч гаргаж, намайг доромжилсон. Тэгээд машинаасаа бууж ирээд миний зүүн гуя хэсэгт өшиглөхөөр нь цээжин хэсгийн цамцнаас нь зуураад автал цамц нь урагдсан. Би тэр эмэгтэйг цохиогүй. Зууралдаж байх явцад түүнд дээрх гэмтлүүд учруулсанаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.

 

Шүүгдэгч С.Ц- нь хохирогч Л.Ц-г нүүр болон цээжин тус газар нь маажиж хохирогчийн биед хөнгөн гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

             Иймд шүүгдэгч С.Ц-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

           Шүүгдэгч С.Ц- болон түүний өмгөөлөгч Э.Алтан-Уяа нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

           “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан. Шүүгдэгч С.Ц- нь “хохирогчийн гинжийг хараагүй тул төлөхгүй” гэж маргаж байгаа боловч гэрч Г.Э-ын “...манай эхнэр тухайн асуудал болсон өдөр гинжээ алга болгосон. Би 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр эхнэртээ 500.000 төгрөгөөр худалдаж авч өгсөн. Гинж нь 3.5 грамм, нарийн сүлжээстэй гинж байсан” гэх /хх-ийн 21-р хуудас/ мэдүүлэг, гэмт хэрэг гарсны дараа хохирогч Л.Ц- буцаж ирж “гинжээ алга болсон талаар хэлж” зодоон болсон гэх газрын ойролцоо хайсан боловч олоогүй талаар гэрч Б.Ё-ын “...нөгөө эмэгтэй буцаж ирээд миний хүзүүнд байсан гинж алга болсон байна. Хайгаад олоод өг гэж хэлэхээр нь би Уртнасан, Энхжин хоёртой поржюктерын гэрэл тусгаад хайгаад олоогүй” гэх мэдүүлэг  /хх-ийн 24-25-р хуудас/, гэрч С.Ц-ын “... тэр эмэгтэй миний подволкийг урчихсан байна төлж өг гэж орилж байснаа хүзүүнд байсан гинж маань бас алга болчихсон байна олж өг” гэхээр нь  манай нөхөр болон бид нар бүгдээрээ тэр хавиар хайгаад олоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27-р хуудас/ зэргээс дүгнэхэд шүүгдэгч С.Ц- нь хохирогч Л.Ц-гийн өмсөж явсан фодволкны захаас татаж чангаах, цээжийг нь маажих зэргээр зодолдох явцад “хохирогчийн гинж алга болсон” гэж үзэхээр байна. Иймд хохирогч Л.Ц-гийн эрүүл мэнд учирсан хөнгөн гэмтэл болон эд хөрөнгөд учирсан хохирлыг шүүгдэгч С.Ц- төлж барагдуулах үүрэгтэй гэж үзнэ.

Гэмт хэргийн улмаас хохирогч Л.Ц-гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан гэм хортой холбоотой зардал /хх-ийн 13-14-р хуудас/ болон эд хөрөнгөнд учирсан хохирлын хэмжээг 500.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 34-36-р хуудас/ зэрэг баримтаар хохирогч нь нийт 670.000 төгрөгийн баримт хэрэгт авагджээ.

 

Хохирогч Л.Ц- нь шүүхийн хэлэлцүүлэгт “Би С.Ц-ээс  200.000 төгрөг авсан. Үлдэгдэл 470.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэж мэдүүлсэн тул хохирогч Л.Ц-гийн эрүүл мэнд болон эд хөрөнгөд учирсан хохирлоос төлөгдөөгүй үлдсэн 470.000 төгрөгийг шүүгдэгч С.Ц-ээс гаргуулж, хохирогчид олгохоор шийдвэрлэв.

 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч С.Ц-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Алтан-Уяагаас нь миний үйлчлүүлэгч тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирлын мөнгийг тодорхой хэмжээнд төлсөн, хохирогчийн буруутай үйлдлийн улмаас гэмт хэрэг гарсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгож өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

 

Хохирогч Л.Ц-д “С.Ц-ийн биед халдсан” үндэслэлээр 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1-т зааснаар 100 нэгжээр торгох шийтгэл оногдуулсан байна. /хх-ийн 58-р хуудас/

 

Шүүхээс шүүгдэгч С.Ц-эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгчийн гуя руу өшиглөсөн хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ тэрээр ам бүл-5, 1-5 насны 3 хүүхэдтэй хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Ц-эд мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч С.Ц- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. З- овогт С-ын Ц-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц-ийг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч С.Ц-эд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Ц- нь хохирогч Л.Ц-д 200.000 төгрөг төлсөн ба шүүгдэгч 470.000 /дөрвөн зуун далан мянга/ төгрөг гаргуулж хохирогч Л.Ц-д олгосугай.

 

5. Шүүгдэгч С.Ц- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч С.Ц-эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР