Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 69

 

 

 

 

 

 

        01

 

 

 

 2020         01         22                                    2020/ШЦТ/69

  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: Г.Ганбагана;

шүүгдэгч: Д.Х, Б.Л, А.Б, тэдгээрийн өмгөөлөгч Ч.Эрдэнэбат, У.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Х, Б.Л, А.Б нарт холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

1. Монгол Улсын иргэн, 2000 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ***  сургуулийн авто машин ашиглалт авто аж ахуйн 2 дугаар курсын оюутан, ам бүл 3, эмэг эх, өвөг эцэг нарын хамт   хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Д.Х

2. Монгол Улсын иргэн, 2000 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Төв аймаг төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, *** дээд сургуулийн 1 дүгээр курсын оюутан, ам бүл 4, эцэг, эх дүүгийн хамт  хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, А.Б

3. Монгол Улсын иргэн, 2001 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 3,  эмэг эх, эгчийн хамт   хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Б.Л

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Б.Л, Д.Х, А.Б нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 22-ны шөнийн 22 цагийн орчим ***  дүүргийн 10 дугаар хороо, 16 дугаар сургуулийн хажууд насанд хүрээгүй буюу 15 настай Х.Б-н эзэмшлийн 503.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг 8 плас” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Хмэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 23-26/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 27-30/, мөрдөгчийн илтгэх хуудас /хх-ийн 31/, насанд хүрээгүй хохирогч Х.Б-н  мэдүүлэг /хх-ийн 39-42/, гэрч А.О-н мэдүүлэг /хх-ийн 51-52/, гэрч А.Ц-н мэдүүлэг /хх-ийн 53-54/, “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 66-67/, хохирлын тооцоо /хх-ийн 132/, Д.Х-ын яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 3-4, 5-6/ мэдүүлэг, А.Б-н яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 9-10, 11-12/ мэдүүлэг, Б.Л-н яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 15-16, 17-18/ мэдүүлэг, Д.Х-н хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 81, 83, 84, 85-86, 88-89/, А.Б-н хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 93, 95-96, 97-108/, Б.Л-н хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 112, 114-115, 116-120/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Л, А.Б, Д.Х нар нь бүлэглэн 2019 оны 09 дүгээр сарын 22-ны шөнийн 22 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 16 дугаар сургуулийн хажууд насанд хүрээгүй буюу 15 настай Х.Б-н эзэмшлийн 503.000 төгрөгийн үнэ бүхий “Самсунг 8 плас” загварын гар утсыг илээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан үйл баримт дараах хэсэгт хамаарал бүхий нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:         

насанд хүрээгүй хохирогч Х.Б-н /хх-ийн  39-42/: “…Би 2019 оны 09 дүгээр сарын 22-ны шөнө 22 цагийн орчим гэрээсээ гараад ээжийн найз эгчийн гэрт очиж гар утас дээр нь фэйсбүүк суулгах зорилгоор явсан юм. Намайг гэрээс гарах үед манай хашааны гадаа үл таних гурван эрэгтэй хүүхэд зогсож байсан. Намайг явж байхад араас хараад байх шиг байсан. Би ээжийн найзын гэрт очиж гар утас дээр нь фэйсбүүк суулгаж өгөөд 5-10 минут болоод буцаад гэр лүүгээ явахад гадаа хүмүүс байхгүй байсан. Гэрийн хажуу талын дэлгүүр ороод зайрмаг аваад гараад байрны орцны гадаа явж байхад үл таних 3 хүүхэд гарч ирээд намайг бөөрөнхий захтай ноосон цамцтай хүүхэд дуудахаар нь “яасан бэ” гэж асуухад тэр гурав тойрон зогсоод намайг дуудсан ах миний урд зогсож надаас “утсаараа ганц яриулаач” гэж хэлэхээр нь “надад нэгж байхгүй” гэж хэлэхэд “тэгүүл дохиод өг” гэж хэлэхээр нь дохиж өгсөн. Намайг зогсож байхад залгасан дугаар буцаагаад залгахад тэр ах миний утсыг авсан. Хойд талд зогсож байсан хоёр хүүхдийн саарал өнгийн малгайтай цамцтай ах “тэр юу” гэж миний анхаарлыг сарниулсан. Намайг шууд цохиж тэр гурав зугтаасан. ...надаас утас авсан ах миний цээж хэсэгт нэг удаа цохисон...” гэх мэдүүлгээр,

 

гэрч А.О-ны /хх-ийн 51-52/: “...Би тэр өдөр тогны мөнгө тушаах гээд Бүрд төв рүү явж байхад өмнө нь манай ангид байсан А.Х-тай таарсан. А.Х  надад “утсаа ломбарданд тавих гээд сим картаа түр өгөөч” гэж хэлэхээр нь “наанаа хүлээж байгаарай, Бүрд төв рүү орчихоод гараад ирье” гэж хэлээд орсон. ...А.Х намайг дагуулаад Хүнсний 4-р дэлгүүрийн тэнд байдаг ломбард орсон. ...А.Х надаас иргэний үнэмлэх чинь байна уу гэхээр нь өгсөн...” гэх мэдүүлэг,

 

камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 27-300/,  

Д.Х-н яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 5-6/: “...2019 оны 09 дүгээр сарын 22-ны оройн 20:00 цагийн орчимд А.Б, Б.Л бид гурав 32-н тойргийн “***” маркетын тэнд уулзсан. Хангай хотхоны тэрүүгээр явж байхад 16 дугаар сургуулийн тэнд гар утас барьсан хүүхэд явж байхад А.Б тэр хүүхдээс ганц яръчихъя гэж гуйхад тэр хүүхэд “нэгж байхгүй” гэж хэлсэн. А.Б ядаж ганц дохичьё гээд би гар утсыг нь аваад 99447296 дугаар руу хаана байгаа талаар асууж ярьж дуусчихаад би нөгөө гар утасны эзэн хүүхдийг түлхээд зугтаасан. Бид гурав зугтаагаад коллежийн хажуугийн замаар гүйж байгаад нөгөө талын гудамжинд 10 минут хэртээ зогсож тайван болоод дээшээ 32 руу алхаад тэндээсээ салж харьцгаасан. ...тэр хүүхдийг хараад гурвуулаа гэмт хэрэг үйлдэх санааг гаргасан...” гэх мэдүүлгээр,

 

А.Б-н яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 11-12/: “...Би сар өдрөө санахгүй байна. Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо, 16 дугаар сургуулийн зүүн талд Д.Х, Б.Л бид гурвыг явж байхад тэр хохирогч хүүхэд явж байхаар нь би “утсаараа яриулчих” гэж гуйсан. Тэр хүүхэд А.Х-т өгөхөд утсаар ярьж дуусаад шууд зугтаасан. ...А.Х-ын ангийн хүүхдийн бичиг баримтаар 200.000 төгрөгийн барьцаанд тавиад мөнгийг нь 3-уулаа хувааж авсан...” гэх мэдүүлгээр,

 

Б.Л-няллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 17-18/ “...16 дугаар сургуулийн урд 1 хүүхэд гэр лүүгээ орох гээд явж байхад нь эхлээд А.Б“утсаараа ганц яриулчих” гэж хэлэхэд нөгөө хүүхэд “нэгж байхгүй” гэж хэлснээ “за ярьчих” гэж хэлээд А.Хүсэлбаярт утсаа өгсөн. А.Х  утсаар ярих гэж байгаа юм шиг болоод аваад зугтаасан...” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

           

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нар нь бусдын хөрөнгийг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар дээрэмдсэн, хохирогчийн алдсан эд зүйлсийн үнийг хөрөнгийн үнэлгээгээр тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх шүүх энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Бусдын эд хөрөнгийг өөрсдийн өмчлөлд авах зорилгоор үйлдлээрээ нэгдэж, бие махбодийн хүчирхийлэл, заналхийлэл үзүүлэхгүйгээр шунахай сэдэлтээр, илээр, үнэ төлбөргүйгээр авч буй Д.Х , А.Б, Б.Лнарын гэм буруугийн санаатай үйлдэл нь “Бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Д.Х, А.Б, Б.Л нарын бүлэглэн

бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэхгүйгээр хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон тул тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Насанд хүрээгүй хохирогч Х.Б-н “... миний гар утасны хохирлыг барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг хавтаст хэргийн 41 дүгээр талд авагдсан байх тул шүүгдэгч нарыг хохирогчид төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.

 

Шүүгдэгч Д.Х, А.Б, Б.Л нарын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарах ба шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан Д.Х, А.Б, Б.Л нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болно. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Д.Х, А.Б, Б.Л нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг илээр, хүч хэрэглэгүйгээр, хууль бусаар авч дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан шүүгдэгч Д.Х, А.Б, Б.Л нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 

 

3. Шүүгдэгч Д.Х, А.Б, Б.Л нар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Х, А.Б, Б.Л нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.МӨНХ-ЭРДЭНЭ