Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00959

 

Ц.Д, Ш.Д нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

          2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2017/03252 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 517 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Ц.Д, Ш.Д нарын

          Хариуцагч: “Э” ХХК-д холбогдох

          Гэрээнээс татгалзаж, 18.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын төлөөлөгч Ч.Э, хариуцагчийн өмгөөлөгч Ч.О, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

          Нэхэмжлэгч Ц.Д, Ш.Д нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ц.Дгийн нөхөр Ганбат нь Напока ХХК-тай 2010-12-03-ны өдөр 1012 тоот орон сууц худалдах-худалдан авах гэрээг байгуулж Хан-Уул дүүргийн 15 хороо Үйлдвэр /17014/ Туул голын гудамж ХД-67 дугаар байрны 12 тоотын 2 өрөө орон сууцыг 60 170 000 төгрөгөөр худалдаж авах, урьдчилгаа 30 хувийн төлбөр 18сая  төгрөгийг гэрээ байгуулсан өдөр, үлдэх 70 хувь 42 170 000 төгрөгийг орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ гарсны дараа банкны зээлээр төлөхөөр тохиролцсон. Урьдчилгаанд 18сая төгрөгийг 2010-12-03-ны өдөр төлснийг Э ХХК хүлээн авсан бөгөөд  Э ХХК гэж тайлбарласан. Гэтэл 2012-02-09-ний өдөр Напока ХХК санхүүжилтгүй болсон тул хөрөнгө оруулагч Э ХХК-тай гэрээгээ шинэчлэх хэрэгтэй болж тухайн үед Д.Ганбатын нэр дээр банкны зээл гарах боломжгүй болсон тул орон сууц худалдах-худалдан авах гэрээг өөрчлөн Д.Ганбатын оронд  Ц.Дг, Напока ХХК-ийн оронд Э ХХК-ийг оруулж, гэрээний бусад бүх нөхцөлийг хэвээр үлдээж 10/12 дугаар гэрээ болгон өөрчилсөн. Э ХХК-иас 2012-12-15-ны өдөр орон сууцны түлхүүр авч Ш.Дыг байрандаа түр оруулсан. Гэрээний дагуу орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ бэлэн болмогц өмчлөлийг шилжүүлэн авч, улмаар банкны зээлд хамрагдан, банкнаас Ц.Дд олгосон зээлийн санхүүжилтээр үлдэгдэл 42 170 000 төгрөгийг Э ХХК-д төлөхөөр хүлээх хооронд Э ХХК улсын бүртгэлийн гэрчилгээ гарган авч улмаар шүүхэд хандсанаар Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015-10-21-ний өдрийн 102/ШШ2015/06482 дугаар шийдвэрээр Хан-Уул дүүргийн 15 хороо, ХД-67 дугаар байрны 12 тоотоос Ш.Дыг албадан гаргуулах шийдвэр гарсан. Шүүхийн шийдвэрийн дагуу орон байрнаас албадан гаргах ажиллагаа явагдаж 2017-08-29-ний өдөр албадан чөлөөлүүлэн орон сууцыг Э ХХК буцаан авсан. Нэгэнт Э ХХК гэрээний зүйл болох орон сууцаа эргүүлэн авсан тул Ц.Д би хариуцагч Э ХХК-тай байгуулсан орон сууц захиалгаар барих гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрт төлсөн 18 сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. Ш.Д  нь  нэхэмжлэлээсээ татгалзаж байна гэжээ.

         Хариуцагч хариу тайлбартаа: Напока ХХК болон Д.Ганбат нар нь 2010-12-03-ны өдөр Орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Үйлдвэр-17041, ХД 67-р байрны 12 тоот хаягт байрлах 54.7 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцны барилгыг компани барьж 2011-01-21-ний өдөр ашиглалтад оруулснаар тус байранд иргэн Д.Ганбат, Ц.Д нар нүүж орсон. Гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөөгүй. Напока ХХК нь 2011 оны 3, 4, 8, 10, 12 дугаар саруудад тус тус гэрээний үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардаж, төлөөгүй тохиолдолд гэрээг цуцлахыг мэдэгдсэн. Ц.Д, Д.Ганбат нар нь орон сууц худалдах-худалдан авах гэрээний худалдан авагчийн эрх, үүргийг Ц.Дгийн нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргаснаар Э ХХК нь Ц.Дтэй 2010-12-03-ны өдрийн огноотой 10/12 дугаартай “Орон сууц захиалгаар барих гэрээ”-г байгуулсан. 2012-02-09-ний өдөр Э ХХК нь Д.Ганбат, Ц.Д нарт 2012-03-09-ний өдөр багтаан орон сууц худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 42 170 000 төгрөгийг төлөх, төлөөгүй тохиолдолд гэрээг цуцалж, гуравдагч этгээдэд худалдахыг мэдэгдэж Ц.Д, Д.Ганбат нар уг мэдэгдлийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Үлдэгдэл төлбөрийг төлөөгүй учир гэрээг Э ХХК-ийн санаачилгаар цуцалж, Д.Ганбат, Ц.Д нарт байрыг чөлөөлөхийг мэдэгдсэн ч чөлөөлөөгүй тул орон сууцнаас Ш.Дыг албадан гаргуулахаар нэхэмжлэл гаргаснаар 2018-08-29-ний өдөр байрыг чөлөөлүүлсэн. Д.Ганбат, Ц.Д, Д.Ганбатын ээж Ш.Д нар нь 2011 оноос хойш нийт 6 жилийн хугацаанд дээрх байранд амьдарч, ашигласаар ирсэн. 6 жил буюу 72 сар тэд 2 өрөө байрыг зах зээлийн хамгийн бага үнэ болох 500 000 төгрөгөөр түрээслэн амьдарсан бол 36сая төгрөгийг төлөх боловч ямар ч төлбөр төлөхгүйгээр 6 жил уг орон сууцыг ашигласан тул энэ хугацаанд ямар ч эд хөрөнгөнд элэгдэл хорогдол үүсдэг тул байрны үнэлгээ буурах үр дагавартай. Иймд Э ХХК нь нэхэмжлэгч нарын хууль бус үйлдлийн улмаас тухайн байрыг бусад этгээдэд худалдан борлуулж чадаагүй байрны үнэлгээ буурсан учир нэхэмжлэгч байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 18 000 000 төгрөгийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

          Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2017/03252 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э ХХК-иас 18сая төгрөг гаргуулж Ц.Дд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан Ш.Д Э ХХК-иас 18сая төгрөг гаргуулах шаардлагаас татгалзсаныг баталж, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар  Ц.Д, Ш.Д нар төлсөн 318 150 төгрөгөөс 247 950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс илүү төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвөөс,  Э ХХК-иас 247 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэн байна.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 517 дугаар магадлалаар Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2017/03252 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо: “...Ц.Д орон сууцны үлдэгдэл төлбөрийг 2012-03-09-ний өдрийн дотор багтаан төлөхөөр тохиролцон, төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хариуцагчийн санаачилгаар гэрээнээс татгалзах тухай мэдэгдэл байна. Энэ мэдэгдэл “Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг шийдвэрлэснээр Ш.Дыг орон сууцнаас албадан гаргуулах тухай шүүхийн 2015 оны 102/ШШ2015/06482 дугаар шийдвэр гарч, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж дууссанаар хэрэгжсэн... шүүх энэ талаар зөв дүгнэсэн...” гэжээ. Гэвч уг “Напока” ХХК болон Д.Ганбат нар 2010-12-03-ны өдөр гэрээ байгуулсан байдаг. Гэрээний зүйл болох Хан-Уул дүүрэг, 15-р хороо, 67-р байрны 12 тоот  2 өрөө орон сууцны барилгыг бүхэлд нь 2011-01-21-ний өдрийн 24/2011 тоот Улсын комиссын актын дагуу ашиглалтад оруулсан. Ингээд тус байранд Д.Ганбат, Ц.Д нар амьдрах боломжтой болж нүүн орсон ч  үлдэгдэл төлбөр төлөгдөөгүй. “Напока” ХХК  үлдэгдэл төлбөрийг төлөхийг шаардахад гэрээг Ц.Дгийн нэр дээр шилжүүлэх хүсэлт гаргасан. /ХХ-36/ Хүсэлтийн дагуу “Э” ХХК  Ц.Дтэй 2010-12-03-ны өдөр 10/12 дугаартай “Орон сууц захиалгаар барих гэрээ”-г байгуулсан. 2012-02- 09-нд “Э” ХХК Д.Ганбат болон Дуламсүрэн нарт 2012-03- 09-ний өдөр багтаан орон сууц худалдах-худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр 42,170,000 төгрөгийг банкны зээлээр төлөхөөр тохиролцож, төлөөгүй тохиолдолд гэрээг цуцалж гуравдагч этгээдэд худалдахыг мэдэгдэж, уг мэдэгдлийг хүлээн зөвшөөрч иргэн Ц.Д болон Д.Ганбат нар гарын үсэг зурсан. Иргэний хуулийн 225.1-д ...гэж хуульчилсан. “Э” ХХК-ийн зүгээс иргэн Д.Ганбат болон Ц.Д нарт үүргээ биелүүлэх нэмэлт хугацааг тогтоож өгсөн боловч гэрээний үлдэгдэл төлбөрийг 2012-03-09-ний өдөр төлөөгүй учир гэрээний 3.9, 2.3, 5.2.1, Иргэний хуулийн 225.1-р “Э” ХХК гэрээг цуцалж, дуусгавар болгосон. Мөн “Напока” ХХК нь 2012-03-25-ны өдөр Д.Ганбат,  Ц.Д нарт 2012-03-09-ний өдрийн мэдэгдлийн дагуу гэрээг цуцалж, байраа яаралтай чөлөөлж өгөхийг шаардсан /хх-38/. “Э” ХХК 2015 онд нэхэмжлэл гаргасан ч нэхэмжлэл “Орон сууц захиалгаар барих гэрээ”-тэй холбоогүй бөгөөд орон сууцнаас Ш.Дыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан байдаг. Ш.Д “Э” ХХК-тай гэрээ байгуулаагүй, ямар нэгэн харилцаа байхгүй этгээд бөгөөд 2012-03-09-ний өдөр гэрээ цуцлагдсан өдрөөс хойш орон сууцанд амьдарч буй Ш.Дыг хүчээр гаргаж болохгүй тул хуульд заасны дагуу орон сууцыг албадан чөлөөлүүлэхээр нэхэмжлэл гаргаж, хуулийн дагуу асуудлыг шийдсэн. Ш.Д  2017-11-17-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан байдаг. /ХХ-99/ Иймд “Орон сууц захиалгаар барих гэрээ”-ний 3.9, 2.3, 5.2.1-д заасны дагуу болон Иргэний хуулийн 225.1-р “Э” ХХК-ийн санаачилгаар 2012-03-09-ний өдөр цуцалж дуусгавар болгосон,  Ш.Д гэрээний тал биш, “Э” ХХК-тай ямар нэгэн харилцаа байхгүй тул магадлалын дүгнэлт  үндэслэлгүй юм.  Давж заалдах шатны шүүх “...Талууд худалдах-худалдан авах гэрээний 2.3 дахь заалтаар орон сууцны үлдэгдэл төлбөр болох 42.170.000 төгрөгийг үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээ гармагц банкны зээлээр төлөхөөр тохиролцсон байгаагаас үзэхэд хариуцагч тал үүргээ гүйцэтгэсний дараа  Ц.Дгийн төлбөр төлөх үүргээ биелүүлэхээр байна.  “Э” ХХК орон сууцны өмчлөгчөөр 2011-04-06-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлэн гэрчилгээ авсан байх бөгөөд гэрээний дагуу нэхэмжлэгчийн нэр дээр орон сууцны гэрчилгээг шилжүүлэн банкнаас зээл авах нөхцөл боломжоор хангасан гэдэг нь баримтаар нотлогдохгүй байна. Нэхэмжлэгч энэ үндэслэлээр гэрээнээс татгалзан шүүхэд хандсан нь Иргэний хуулийн 225.1 дэх хэсэгт заасанд нийцсэн..”  гэж дүгнэсэн ч энэ нь  няцаагддаг. Талуудын хооронд байгуулагдсан 10/12 дугаартай “Орон сууц захиалгаар барих гэрээ”-ний 2.3-т “Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гармагц банкны зээлээр-Нийт төлбөрийн 70% буюу 42,170,000 төгрөг” гэж заасан байна. Энэ нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гарсан байхыг ойлгох бөгөөд тухай орон сууцны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ 2011-04- 06-ны өдөр гарсан. Гэрээнд Ц.Дгийн нэр дээр орон сууцны гэрчилгээг шилжүүлэн банкнаас зээл авах нөхцөл боломжоор хангах тухай гэрээгээр зохицуулаагүй байна. Өөрөөр хэлбэл, “Э” ХХК  Ц.Дг зээл авах нөхцөл боломжоор хангах үүргийг хүлээгээгүй.  Мөн 2012-03-09-ний өдөр “Орон сууц захиалгаар барих гэрээ”-г “Э” ХХК-ийн санаачилгаар цуцалж, дуусгавар болсон тул Ц.Д нэгэнт дуусгавар болсон гэрээнээс татгалзах үндэслэлгүй юм. Иймд  “Э” ХХК нэхэмжлэгчийг банкны зээл авах нөхцөлөөр хангахаар харилцан тохиролцоогүй, гэрээ нэгэнт дуусгавар болсон тул нэхэмжлэгчийг банкнаас зээл авах нөхцөлөөр хангаагүй, нэхэмжлэлээс татгалзах эрхтэй хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна. Давж заалдах шатны шүүх”... гэрээнээс татгалзах нь шаардах эрх биш учир Иргэний хуулийн 74.1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа хамааралгүй... шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх хариуцагчийн тайлбар, татгалзлыг үндэслэлгүй ..” гэж үзсэн нь  няцаагдна. Нэхэмжлэгч 2017-08-14-ний өдөр “Э” ХХК-иас байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 18сая төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан. Нэхэмжлэгч 2017-11- 17-ны өдөр “Э” ХХК-тай 2010-12-03-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалгаар барих гэрээ”-с татгалзах тухай” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн. Нэхэмжлэгч хоёр шаардлага гаргасан байдаг. Гэрээнээс татгалзах нь нэмэгдүүлсэн шаардлага бус, харин үндэслэл гэж нэхэмжлэгч хариулсан. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн 2017-08-14-ний өдрийн нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийгээгүй, нэхэмжлэгч анх гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсан зүйл байхгүй. Иймд “Э” ХХК-иас байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 18 сая төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад хөөн хэлэлцэх хугацаа хамаарах бөгөөд хөөн хэлэлцэх хугацаа дуусгавар болсон. Иргэний хуулийн 74.1-р хуульд хөөн хэлэлцэх хугацаа хамаарахгүйгээр зааснаас бусад тохиолдолд өөр этгээдээс ямар нэг үйлдэл хийх буюу хийхгүй байхыг шаардах эрх хөөн хэлэлцэх хугацаатай байна. Энэ нь иргэн, хуулийн этгээдээс зөрчигдсөн эрхээ хамгаалуулахын тулд шүүх, арбитрт нэхэмжлэл гаргах эрх олгогдсон, хуулиар тогтоосон хугацааг хөөн хэлэлцэх хугацаа гэж ойлгохоор байна. Иргэний хуулийн 75.2.2-т заасан тусгай хөөн хэлэлцэх хугацаа нь иргэний эрх зүйн харилцааны объект болох үл хөдлөх хөрөнгийн өөрийн онцлогоос шалтгаалж гэрээний харилцаанд хэрэглэгддэг хөөн хэлэлцэх хугацаанаас илүү урт хугацаатай байдаг бөгөөд гэрээний үүрэг буюу нэхэмжлэлийн шаардлага нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлтэй шууд холбогдсон байх шаардлага тавигддаг. Харин  Ц.Д нь “Орон сууц захиалгаар барих гэрээ”-ний дагуу байрны урьдчилгаа төлбөрт төлсөн 18сая  төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан. Энэхүү нэхэмжлэл нь үл хөдлөх эд хөрөнгөтэй холбогдох бус харин гэрээнээс татгалзаж, урьдчилгаа төлбөрийг буцаан гаргуулах тухай гэрээтэй холбогдож байна. Иргэний хуулийн  75.2.1-р гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна. “Э” ХХК 2012-03-09-ний өдөр “Орон сууц захиалгаар барих гэрээ”-г цуцалсан бөгөөд гэрээг цуцалснаас хойш хөөн хэлэлцэх хугацааг тооцвол нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа 2015-03- 09-ний өдөр дуусгавар болжээ. Иргэний хуулийн 82.1-р хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн бол үүрэг гүйцэтгэгч үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрхтэй. Ц.Дгийн нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг гүйцэтгэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч 2016 онд шүүхэд 2010-12-03-ны өдрийн 10/12 дугаартай гэрээний 2.3-т заасан үүргээ биелүүлэхийг даалгуулах, төлбөр төлөх хугацааг нэхэмжлэгчид мэдэгдэхийг даалгуулах" тухай нэхэмжлэлийг гаргаж байсан. Тухайн нэхэмжлэлийг гаргах үед  хөөн хэлэлцэх хугацаа хэдийнээ өнгөрсөн байсан. Нэхэмжлэгч 2015-03- 09-ний өдрөөс өмнө гэрээтэй холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байгаагүй байна. “Э” ХХК нь 2015 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан хэдий ч тухайн нэхэмжлэл нь “Орон сууц захиалгаар барих гэрээ”-тэй холбоогүй байх бөгөөд орон сууцнаас иргэн Ш.Дыг албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл байх тул Иргэний хуулийн 79.1-д заасны дагуу хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэх үндэслэлгүй байна. Нэхэмжлэгч нь “Орон сууц захиалгаар барих гэрээ”-г цуцалснаас хойш 3 жилийн дотор тус гэрээтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргаж байгаагүй, мөн түүнчлэн нэхэмжлэлийн шаардлага нь гэрээний үүрэгтэй холбоотой нэхэмжлэл байх бөгөөд  шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул  шүүхийн дүгнэлт нь үндэслэлгүй байна. Иймд шүүх  хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд зааснаар үнэлээгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж хүчингүй болгож,  нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

       Ш.Д, Ц.Д нар 2017 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Э ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, 18,000,000 төгрөг шаардсан бөгөөд үндэслэлээ “...Напока ХХК-тай Д.Ганбат гэрээ хийж 2 өрөө орон сууц худалдан авах болж 18.000.000 төгрөгийг гэрээ байгуулсан өдөр төлсөн... хожим гэрээний талуудыг Д.Ганбатыг түүний эхнэр Ц.Дгээр, “Напока” ХХК-ийн хөрөнгө оруулагч “Э” ХХК-р сольж, гэрээний нөхцөл хэвээр үлдсэн... гэвч өмчлөх эрхийн гэрчилгээ өөрийн нэр дээр шилжүүлэх хооронд Э ХХК нь шүүхэд хандсанаар бид байрнаасаа гарсан...иймд урьдчилгаанд төлсөн 18,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна...” гэж тайлбарласан байна. 

        Анхан шатны шүүх хариуцагчаас 18,000,000 төгрөг гаргуулан Ц.Дд олгож, Ш.Д нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байв.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Д.Ганбат “Напока” ХХК нар гэрээ байгуулж, хожим талуудыг “Э” ХХК Ц.Д нар болгон өөрчилж, хариуцагч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 17041, ХД67 дугаар байрны 12 тоот, 54.7 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг ашиглалтад оруулах, Ц.Д 60,170,000 төгрөгийн 30 хувь 18,000,000 төгрөгийг урьдчилан төлөх, орон сууцны гэрчилгээ гармагц банкны зээлээр үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохиролцсон, нэхэмжлэгч тал 18,000,000 төгрөг төлж орон сууцанд нүүж орсон боловч  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 102/ШШ2015/06482 дугаар шийдвэрээр нүүж  гарсан нь тус тус тогтоогджээ.

       Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь түүнчлэн гэрээ биелснээс хойш олсон ашгийг харилцан буцаан өгөх үүрэгтэй юм.

       Хариуцагч орон сууцыг нэхэмжлэгчээс буцааж авсан тул гэрээний урьдчилгаанд төлсөн мөнгийг Ц.Д нар шаардах эрхтэй байна.

       Хариуцагч нь гэрээнээс татгалзсантай холбоотой хохирлыг шаардаагүй тул гомдолд дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн үнийн дүнг багасгах боломжгүй.

       Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

       1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 102/ШШ2017/03252 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 517 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдөр төлсөн 247.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ