Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 99

 

Г.Болдсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06532 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Г.Болдсайхан,

Хариуцагч Ж.Мянганд холбогдох,

 

Гэрээний үүрэгт 9 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгч Г.Болдсайханы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Г.Болдсайхан,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Ганболд,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундралмаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Ж.Мянгантай 2016 оны 03 дугаар сарын 16-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулан гарын үсэг зурж, төлбөрийг 30 хоногийн хугацаатай төлж дуусгахаар тохиролцон болно. Гэрээнд заасан 6 500 000 төгрөгийг 30 хоногийн дотор төлж барагдуулахгүй бол хоногт 0.5 хувийн алданги тооцно гэж харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээнд зааж өгсөн боловч, өнөөг хүртэл мөнгөө өгөхгүй байна. Иймд Ж.Мянганаас 6 500 000 төгрөг, алданги 2 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ундралмаа шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч Г.Болдсайханаас 6 500 000 төгрөгөөр талхны үйлдвэрийн тоног, төхөөрөмж худалдан авсан нь үнэн. Энэ хугацаанд мөнгийг эргүүлэн төлөх гэсэн боловч боломжгүй байсан. 6 500 000 төгрөгийг өгнө, харин үүнээс гадна нэмж нэхэмжлээд байгаа мөнгийг зөвшөөрөхгүй байна гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Мянганаас 6 500 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч
Г.Болдсайханд олгож, нэхэмжлэлээс 2 500 000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй
болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 158 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Ж.Мянганаас 118 950 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г.Болдсайханд олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Г.Болдсайхан давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн алдангийг хэрэгсэхгүй болгосон хэсэгт дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Шүүх гэрээнд заасан алдангийг үндэслэлгүйгээр хассан гэж үзэж байна. Миний бие Ж.Мянгантай тоног, төхөөрөмж худалдах, худалдан авах тухай гэрээ байгуулж эд хөрөнгө шилжүүлж өгөх талаар болон төлбөр төлөх хугацааг харилцан тохиролцож тогтоосон ба энэ тухайгаа бичгээр баталгаажуулан, нотариатаар гэрчлүүлсэн. Түүнчлэн худалдан авагч гэрээний төлбөрийг 30 хоногийн дараа төлөх, гэрээний зүйлийн үнийг өөрчлөхгүй байх, худалдагч өөр хүнд худалдахгүй байх болон худалдагч тал буцаахгүй байх зэрэг үүргийг хүлээх талаар тохиролцсон.

Миний бие энэхүү гэрээний үүргээ бүрэн биелүүлсэн байхад худалдан авагч буюу хариуцагч Ж.Мянган нь гэрээгээр хүлээсэн үүргээс нэгийг ч биелүүлээгүй ба биелүүлэхээс үргэлж зайлсхийж ирсэн. Тухайлбал, хэд хэдэн тээврийн хэрэгсэл эзэмшдэг, байнгын орлоготой, амьдралын боломжтой атлаа надад үргэлж элдвээр худлаа хэлж намайг хохироож байсан тул хэдэн cap хүлээсний эцэст арга буюу шүүхэд хандсан болно.

Гэвч хариуцагч Ж.Мянган нь миний нэхэмжлэлээр явагдсан шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мөн адил хүндрүүлж байснаас гадна миний бие гадаад улсад явж байгаад мэдээгүйн улмаас оролцож чадаагүй, шүүх хуралдаанд худал тайлбар гаргах байдлаар хууль бус үйлдэл гаргасан байсан. Гэтэл анхан шатны шүүх түүний хэлсэн үндэслэлгүй, нотлогдоогүй, бодит байдалд нийцэхгүй үгэнд тулгуурлаж гэрээний дагуу тооцсон алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт заасан анзын хэмжээ илт их байсан гэсэн үндэслэлээр хасч тооцсоныг зөвшөөрөхгүй байна. Учир нь, Ж.Мянганыг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй үеэс нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар алдангийг тооцоход 3 000 000 орчим төгрөг болох боловч миний бие түүнээс хасч 2 500 000 төгрөгийг үндсэн төлбөрийн хамт гаргуулахаар шүүхийн журмаар нэхэмжлэл гаргасан.

Иймд анхан шатны шүүх алдангийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож байгааг зөвшөөрөхгүй байгаа тул шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.

ХЯНАВАЛ:

Шүүх нэхэмжлэгчийн алданги төлөхөөр тохиролцсон гэрээний заалтын дагуу 2 500 000 төгрөг шаардсан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсгийг оновчтой зөв хэрэглээгүйг хэрэгт авагдсан баримтын хүрээнд зөвтгөх нь зүйтэй байна.

            Нэхэмжлэгч Г.Болдсайхан нь 9 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр байгуулсан худалдах, худалдан авах гэрээний үндсэн төлбөрт 6 500 000 төгрөг, алдангид 2 500 000 төгрөгийг  хариуцагч Ж.Мянганаас гаргуулна гэснийг хариуцагч үндсэн төлбөрт 6 500 000 төгрөг төлөхийг зөвшөөрч, алдангийг эс зөвшөөрч маргажээ.

            Талууд 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь гэрээнд заасан тоног, төхөөрөмжийг худалдан авагчид шилжүүлж, худалдагч нь 6 500 000 төгрөгийг 30 хоногийн дотор төлж барагдуулахаар, гэрээнд заасан хугацаанд төлбөр төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0,5 хувийн алданги төлөхөөр харилцан тохиролцож, гэрээнд гарын үсэг зурсан болох нь зохигчдын тайлбар, хэргийн баримтаар тогтоогдсон, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний үүрэг үүсчээ. /хх 4/

            Худалдагч буюу нэхэмжлэгч Г.Болдсайхан гэрээний дагуу тоног төхөөрөмжийг худалдан авагч талд шилжүүлсэн боловч гэрээнд заасан хугацаанд хариуцагч Ж.Мянган нь гэрээний төлбөрийг төлөөгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон байна.

            Иймд нэхэмжлэгч Г.Болдсайхан нь хариуцагч Ж.Мянганаас гэрээний үндсэн үүрэг болох тоног, төхөөрөмжийн үнэ 6 500 000 төгрөгийг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй тул уг шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь зөв болно.

Гэрээний 1.2-т төлбөрийг хугацаандаа төлөөгүй бол гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс хоног тутам 0.5 хувийн алданги тооцохоор Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцүүлэн харилцан тохиролцсон байх бөгөөд хариуцагчийг Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй байх тул нэхэмжлэгч нь хариуцагчаас алданги шаардах эрхтэй.

Хариуцагчийн төлбөр төлж чадахгүйд хүрсэн бодит нөхцөл, шилжүүлэн авсан тоног төхөөрөмж хуучин, шууд ашиглах боломжгүй байсан гэх тайлбар зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан үзвэл  шүүх Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8 дахь хэсэгт зааснаар багасгах боломжтой байх тул хариуцагчаас алдангид 1 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь хууль болон гэрээний заалтад харшлахгүй.

Анхан шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтын дагуу хэргийн нөхцөл байдлыг зөв үнэлсэн боловч алдангид 2 500 000 төгрөг шаардсаныг бүхэлд нь хасч, нэхэмжлэлийн энэ хэсгийг хэрэгсэхгүй болгосон нь анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан түүнийг “багасгах”  заалтыг зөв тайлбарлан хэрэглээгүй гэж үзэхээр байна.

            Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 101/ШШ2016/06532 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “6 500 000 төгрөг” гэснийг, “7 500 000 төгрөг” гэж, “2 500 000 төгрөгийн” гэснийг, “1 500 000 төгрөгийн” гэж,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “118 950 төгрөг” гэснийг, “134 950 төгрөг” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2. Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 55 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                                    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                           Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ