| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0016/Э |
| Дугаар | 050 |
| Огноо | 2020-01-22 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | П.Энхболд |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 050
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Боорчи хөтөлж,
улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор П.Энхболд,
хохирогчийн өмгөөлөгч Б.Хулангоо /ҮД:2867/,
шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Б.Онолтуяа /ҮД:0473/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М- овогт Г-ын Б-д холбогдох эрүүгийн 1910014350591 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
М- Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч Г.Б- нь 2019 оны 6 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ресторанд шалтгаангүйгээр иргэн Э.Б-ын нүүрэн тус газар цохиж түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Миний үеэл Ц-ий хурим дээр болсон юм. Хүлээн авалт дээр хохирогч Э.Б- манай найз А.Б-, миний үеэл Б.М- нартай маргалдсан. Гэтэл Э.Б-ын эхнэр Г.Г- намайг маргааныг тасалж өгөхийг гуйсан. Би тэднийг салгахаар очиход Э.Б-ыг намайг цохих гэж байна гэж болоод түүний нүүрэн рүү цохисон. Гэмт хэрэг гарсны дараа камерын бичлэгийг үзэхэд Э.Б- нь Б.М-ыг цохих гэж байсныг харсан. Тиймээс би өөрийгөө гэм буруутай үйлдэл хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрч хохирогчийн данс руу 570.000 төгрөгийг шилжүүлсэн гэв.
Эрүүгийн 1910014350591 дугаартай хэргээс:
Хохирогч Э.Б-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-16-р хуудас/,
Гэрч Г.Г-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/,
Гэрч А.Д-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,
Гэрч Г.Б-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-35-р хуудас/,
Гэрч Б.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №7206 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 47-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн №939 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-49-р хуудас/,
Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 177-178-р хуудас/,
Хохирогчийн хувийн байдалтай холбоотой баримтууд “...” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 64-р хуудас/, Голомт банкны дансны хуулга /хх-ийн 72-76-р хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 66-7, 181-189-р хуудас/,
А.Б-т холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох тухай Прокурорын 50 дугаартай тогтоол /хх-ийн 197-198-р хуудас/,
Шүүгдэгч Г.Б-гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 90-91-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 97-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 98-р хуудас/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 99-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 100-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 101-р хуудас/, дансны хуулга /хх-ийн 102-105-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 115-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Б-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч Г.Б- нь 2019 оны 6 дугаар сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 02 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...” ресторанд хохирогч Э.Б-ын нүүрэнд гараараа цохиж биед нь “хамар ясны хугарал, зүүн дээд үүдэн 1-р шүдний эмтрэл” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэгээс үзэхэд: ...Цагаан цамцтай залуу /Г.Б-/ бөөгнөрсөн хүмүүс рүү очиход Э.Б- нь Г.Б-гийн зүгт гараа далайж цохих үйлдэл хийж дайрах үед Г.Б- хохирогчийн нүүр рүү цохиход хүмүүс салгаж холдуулж буй дүрс бичлэг,
Хохирогч Э.Б-ын ...Би 2019 оны 6 дугаар сарын 09-ний орой 18 цаг 30 минутанд “...” ресторанд эхнэрийн найзын хуриманд очсон юм. Уг хуриманд манай эхнэр гэрч болсон. ...М- бид хоёр зууралдаад салаад байж байтал тэрээр над руу үгээр өдсөн. Би түүнд “яагаад зүгээр байхад алгадаж байгаа юм бэ” гэж хэлэхэд хажуунаас Г.Б- орж ирээд миний нүүрэн тус газар 1-3 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 15-18-р хуудас/,
Гэрч Г.Г-ийн ...Үл таних залуу /Б-/ манай найз Э.Б-ын хамар руу гараараа цохиход хамарнаас нь цус гарсан. Тэгээд хамгаалагч нар салгаад аваад явсан. Г-ын Б- гэх хүн Э.Б-ыг зодсон...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,
Гэрч А.Д-гийн ...Г.Б- нь танихгүй залууг /Б-/ цохиж байхыг хараагүй. Харин тэр таних залуугийн /Б-/ хамарнаас нь цус гарсан байдалтай байсан. Сүүлд сонсоход манай нөхөр Г.Б- цохисон гэж надад хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 31-32-р хуудас/,
Гэрч Б.М-ын ...Э.Б- намайг цохих гэж байхад нь Г.Б- намайг өмөөрч гараараа нэг удаа түүний нүүр рүү нь цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Материалаар хийсэн шүүх эмнэлгийн №939 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: Э.Б-ын биед хамар ясны хугарал, зүүн дээд үүдэн 1-р шүдний эмтрэл гэмтэл тогтоогдлоо. Хамар ясны хугарал гэмтэл нь үнэрлэх чадвартай шалтгаант холбоогүй болно. Дээрх гэмтэл нь хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 48-49-р хуудас/,
Шүүгдэгч Г.Б-гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн ...Э.Б- манай хамаатан Б.М-ыг цохих гээд баруун гараа далайхаар нь түүний өмөөрч би Э.Б-ын нүүр рүү баруун гараараа цохисон. Би Э.Б-ын биед учирсан гэмтлийг учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 90-91-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.
Шүүгдэгч Г.Б- нь хохирогч Э.Б-ын нүүрэнд гараараа цохисон үйлдлийн улмаас хохирогчийн биед “хамар ясны хугарал, зүүн дээд үүдэн 1-р шүдний эмтрэл” бүхий хөнгөн гэмтэл учирсан ба шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн биед учирсан гэмтэл хоёр шалтгаант холбоотой байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Б- болон түүний өмгөөлөгч Б.Онолтуяа нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдав.
“Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.
Гэмт хэргийн улмаас хохирогч Э.Б-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь хор уршигтай холбоотой эмчилгээний зардалд 524.831 төгрөгийн, шатахууны зардалд 123.000 төгрөгийн баримт /хх-ийн 66-71-р хуудас/, нийт 647.831 төгрөгийн хохирол нэхэмжилсэн баримт ирүүлсэн ба дээрх авагдсан баримтаас шатахуунд зарцуулсан 123.000 төгрөгийн баримтыг гэмт хэргийн улмаас учирсан зайлшгүй зардалд тооцох үндэслэлгүй тул нотлох баримтаас хасч тооцон, 524.831 төгрөгийн баримт нотлох баримт шаардлага хангаж байна гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Б- нь хохирогч Э.Б-ын 1201133069 гэсэн дугаартай “Голомт” банкны дансанд 570.000 төгрөг төлсөн баримт /хх-ийн 219-р хуудас/ авагдсан байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хэрэгт хохирогч Э.Б-ын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн баримт /хх-ийн 220-р хуудас/ “...” ХХК-ийн Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст гаргаж өгсөн тодорхойлолтонд Э.Б- нь 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 6 дугаар сарын 24-ний өдөр хүртэл ажлаа хийгээгүй /хх-ийн 64-р хуудас/ болохыг тодорхойлсон боловч хохирогч нь учирсан гэмтлээ эмчлүүлж байсан гэх эмнэлгийн магадлагаа зэрэг холбоотой баримт хэрэгт хангалттай авагдаагүй байна.
Иймд хохирогч Э.Б- нь эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба,
шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “миний үйлчлүүлэгчид ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан үзнэ үү” гэсэн санал гаргав.
Шүүхээс шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, баримтаар нотлогдсон хохирлыг төлж барагдуулсан байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Б-д мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Г.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.
Эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 2 ширхэг, КТГ-ын зураг 6 ширхэг, КТГ-ын зургийн тайлбар 2 ширхэг зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,
Харин хохирогч Э.Б-ын амбулаториорын эмчлүүлэгсдийн карт 2 ширхэг, “.....” эмнэлгийн Сиди 1 ширхэгийг эзэмшигчид нь буцаан олгохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. М- овогт Г-ын Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Б-д мэдэгдсүгэй.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б- нь хохирогч Э.Б-д эмчилгээний зардалд 570.000 төгрөг төлсөн ба хохирогч нь ажилгүй байсан хугацааны дутуу авсан цалин хөлс болон эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
5. Шүүгдэгч Г.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт хураагдаж ирсэн Сиди 2 ширхэг, КТГ-ын зураг 6 ширхэг, КТГ-ын зургийн тайлбар 2 ширхэг зэргийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж,
Хохирогч Э.Б-ын амбулаториорын эмчлүүлэгсдийн карт 2 ширхэг, “...” эмнэлгийн Сиди 1 ширхэгийг эзэмшигчид нь буцаан олгосугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР