Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 053

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Отгонсүрэн,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Ц.Эрдэнэбат нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б- овогт Б-гийн Б-д холбогдох эрүүгийн 1910025690889 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн орчимд иргэн Ж.П-ийн цүнхтэй 240.500 төгрөгийн эд зүйлсийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хохирогчийг араас нь дагаж явж байгаад цүнхийг нь булаасан. Гэтэл хохирогч цүнхээ өгөхгүй байхаар нь татаж аваад явсан гэв.

 

Эрүүгийн 1910025690889 дугаартай хэргээс:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 5-8-р хуудас/,

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 11-13-р хуудас/,

Хохирогч Ж.П-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/,

“Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 24-р хуудас/,

Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/,

шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бариимтууд гэрч С.Б-гийн мэдүүлэг /хх-ийн 22-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 27-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 28-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 31-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Б-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Б.Б- нь 2019 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн ойролцоо хохирогч Ж.П-ийн эд зүйлийг авах зорилгоор довтолж цээж рүү нь цохиж хүч хэрэглэн цүнхэд байсан 226.500 төгрөгийн үнэ бүхий эд зүйлс, бэлэн 14.000 төгрөг, нийт 240.500 төгрөгийн хохирол учруулан дээрэмдсэн болох нь:

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэлд: ...Наадамчдын зам ... дугаар сургуулийн автобусны буудлын явган хүний гарцын босоо тэмдэгнээс ертөнцийн зүгээр зүүн тийш зам дагуу 5 дахь гэрлийн шонгоос зүүн тийш 11 метрийн зайд хар өнгийн хүрээтэй нүдний шил байсныг П- гэх эмэгтэй “энэ миний нүдний шил мөн байна” гэв. ...Замын хажуу хэсэгт үргэлжлүүлэн хийхэд ...ертөнцийн зүгээр баруун тийш замын үерийн даланд бор шаргал өнгийн жижиг цүнх, эд зүйл байв. /хх-ийн 5-8-р хуудас/,

 

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 11-13-р хуудас/,

 

Хохирогч Ж.П-ийн ...Би 2019 оны 11 дүгээр сарын 08-ны орой 23 цагийн орчимд ... дугаар сургуулийн хойд талын автобусны буудал өнгөрөөд явж байхад үл таних 40 орчим насны эрэгтэй /Б-/ араас ирээд “хаашаа явж байгаа юм бэ” гэж асуухаар нь “машин хүлээж байна” гэхэд надтай хамт алхаж байгаад намайг барьж аваад цээжний доод хэсэгт нэг удаа цохиж цүнхтэй эд зүйлийг минь булаагаад зугтаачихсан. Би зүүн тийшээ гүйгээд машинд гар өргөж зогсоогоод тухайн машины жолоочоор цагдаад дуудлага өгүүлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 15-17-р хуудас/,

 

“Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд: Нэр бүхий 9 ширхэг эд зүйлсийг нийт 226.500 төгрөгөөр үнэлэв./хх-ийн 24-р хуудас/,

 

Шүүгдэгч Б.Б-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн ...2019 оны 11 дүгээр сарын 08-наас 09-нд шилжих шөнө гэртээ харихаар Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр ... дугаар сургуулийн орчимд явж байхдаа үл таних 50 орчим насны эмэгтэйг /П-/ дагаж яваад төв замын хажууд цүнхийг нь булааж авсан. Би цүнхийг нь булааж авахдаа тэр эмэгтэйн /П-/ цээжин тус газар нь зөөлхөн түлхсэн. Түүнийг бага зэрэг хойшоо болохоор нь цүнхийг нь аваад тэр чигтээ зугтсан. Тэгээд Нисэхийн тойрог чиглэн гүйж байгаад цүнхэн дотроос нь “самсунг” маркийн цагаан өнгийн гар утас, “Нокиа” маркийн гар утас, бэлэн 10.000 төгрөгийг нь аваад бусад эд зүйлсийг цүнхтэй нь хамт замын хажууд байх нүхэн гарцанд хаясан...гэх мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбатаас “бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн” талаар маргаагүй боловч “хохирогчийн цүнхийг булаахдаа хүч хэрэглээгүй” тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

 

Дээрэмдэх гэмт хэрэг нь хохирогчийн эд хөрөнгийг авах зорилгоор довтолгоон эхэлж, саад тотгорын эсрэг халдлага эхэлснээр бусдын амь бие, эрүүл мэндэд аюултайгаар хүч хэрэглэсэн, идэвхитэй үйлдлээр илэрдэг. Тухайлбал хохирогчийг цохих, боох гэх зэргийг ойлгоно. Довтлох гэдэг нь эд хөрөнгийг авах зорилгоор хохирогчийн эсэргүүцэх хүчийг алдагдуулж байгаа идэвхитэй хөдөлгөөнөөр илрэх буюу өөрөөр хэлбэл гэнэдүүлж довтлох, цохих ухаан санааг нь самууруулах зэргийг ойлгох ба сэдэлт нь шунахай сэдэлттэй байна.

 

          Энэ хэргийн үйл баримтаас үзвэл шүүгдэгч Б.Б- нь хохирогч Ж.П-ийн эд хөрөнгийг авах зорилгоор довтолж цээжин тус газар нь нэг удаа цохиж биед нь хүч хэрэглэн цүнхтэй эд зүйлийг нь дээрэмдсэн байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн “хүч хэрэглээгүй тул хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэсэн саналыг үндэслэлгүй гэж дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч Б.Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

                  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцохоор тодорхойлж зохицуулсан ба шүүгдэгчийн үйлдсэн дээрх дээрмийн гэмт хэргийн улмаас:

         Хохирогч Ж.П-эд 25.000 төгрөгийн үнэтэй эмэгтэй хүний цүнх, 100.000 төгрөгийн үнэтэй “Самсунг эс-4” маркийн гар утас, 30.000 төгрөгийн үнэтэй эмэгтэй хүний косметик, 5.000 төгрөгийн үнэтэй тэмдэглэлийн дэвтэр, 10.000 төгрөгийн үнэтэй нүдний шил, 1.500 төгрөгийн үнэтэй гар утасны цэнэглэгч, 15.000 төгрөгийн үнэтэй Очир чулуу, 30.000 төгрөгийн үнэтэй “Нокиа” маркийн гар утас, 10.000 төгрөгийн үнэтэй иргэний үнэмлэх, виза карт зэргийг хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн тайланд нийт 226.500 төгрөгөөр үнэлсэн /хх-ийн 24-р хуудас/ ба цүнхэнд байсан 14.000 төгрөг, нийт 240.500 төгрөгийн хохирол учирсан байна.

              Мөрдөн байцаалтын шатанд хохирогч нь “эд зүйлээ бүрэн хүлээж авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйл байхгүй” /хх-ийн 17-р хуудас/ гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т зааснаар 02 жил 06 сарын хорих ял оногдуулах, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Эрдэнэбатаас учруулсан хохирлыг биет байдлаар буцааж өгсөн, хохирогчийн биед ямар нэгэн гэмтэл учруулаагүй, тэрээр хэргийн зүйлчлэлийн талаар маргаж байгаа боловч гэмт хэрэг үйлдсэн талаараа маргадаггүй тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хорих ялыг 01 жилийн хорих ял оногдуулж хөнгөрүүлж өгнө үү” гэсэн санал гаргав.

 

Шүүхээс шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг биет байдлаар төлж барагдуулсан, хохирогч нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй гэсэн санал гаргасан, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 01 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б- овогт Б-гийн Б-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолж дээрэмдэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ыг 01 /нэг/ жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 01 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, эдлэх ялыг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс тоолсугай.

 

5. Шүүгдэгч Б.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Б.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР