Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 061

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Эрдэнэтуяа,

шүүгдэгч Ж.Т-, түүний өмгөөлөгч И.Чимэдбадам /ҮД:0464/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

   Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б- овогт Ж-ын Т-д холбогдох эрүүгийн 1910023400024 дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Ж.Т- нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо “...” дэлгүүрийн гадна талд М.Ө-ыг нөхөртэйгөө хардаж улмаар түүний үснээс нь зулгааж, толгой руу нь 3-4 удаа гараараа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Ж.Т- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Эрүүгийн 1910023400024 дугаартай хэргээс:

 

Хохирогч М.Ө-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-20-р хуудас/,

Гэрч Б.И-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №11811 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 37-р хуудас/,

Шүүгдэгч Ж.Т-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч Б.С-ийн мэдүүлэг /хх-ийн 35-р хуудас/, Хан-Уул дүүргийн ... дүгээр цэцэрлэгийн тодорхойлолт /хх-ийн 49-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 50-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 51-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 52-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 53-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 54-57-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Ж.Т- нь 2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо “...” дэлгүүрийн гадна талд хохирогч М.Ө-ыг нөхөртэйгөө хардаж, түүний үснээс нь зулгаах, толгой руу нь 3-4 удаа гараараа цохих, алгадах гэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч М.Ө-ын ...2019 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр 15 цагийн үед Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо Нийслэлийн ерөнхий боловсролын .... дугаар сургууль дээр багш нараас 2000 төгрөг хураагаад явж байтал жижүүр И-, биеийн тамирын багш С- нар гадаа хамт машин дотор харагдахаар нь очоод жижүүр И-ид “багш нарын баяртай холбогдуулаад 2000 төгрөг хурааж байгаа” гэхэд “надад задгай мөнгө байхгүй байна, машинд суучих” гээд суулгаад эцсийн буудлын дэлгүүрийн үүдэнд зогсоод бүхэл мөнгөө С багшид өгч дэлгүүр оруулсан. И- багш арын суудал дээр миний хажууд сууж байхдаа надад “яагаад манай хүүхдийн үсний найранд ирээгүй юм бэ” гэж хэлсэн. Тэр үед өөдөөс улаан хүрэн өнгийн машин ирж зогсоод машинаас И- жижүүрийн эхнэр, ээж хоёр буугаад ирсэн. И- машинаас буугаад “ээж, эхнэр хоёр ирж байна” гээд урдаас нь угтаад очсон. Би ирэхээр нь “мэнд мэдье” гэж бодоод сууж байтал И- жижүүрийн ээж нь машины арын зүүн талын хаалгыг онгойлгоод миний үснээс зулгаагаад машинаас гаргах гээд татаад хажуугаар нь цохиод байсан. Улмаар миний үснээс зулгааж байгаад машинаас намайг гаргасны дараа эхнэр нь толгой руу 3-4 удаа цохиж, 2-3 удаа алгадаад элдэв янзаар харааж зүхсэн. И- ээжийгээ холдуулаад дараа нь эхнэрээ салгаж авсан. Эхнэр нь И- жижүүртэй урьд нь 8 сараас хойш хардаж байгаа, машинд хамт сууж байхыг хараад хардсаны улмаас намайг зодсон. И-ийн хадам ээж нь надад гэмтэл учруулаагүй, хэл амаар доромжилсон. Би толгойгоо 2-3 удаа бариулсан. Өөр эмчилгээ хийлгээгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 16-20-р хуудас/,

 

Гэрч Б.И-ийн ...Ө- багш “2000 төгрөг хураана” гэхээр нь надад бүхэл мөнгө байсан тул тэрээр хариулж өгөх мөнгөгүй болохоор нь дэлгүүрийн гадаа ирж зогссон. Би машинаас буугаад хойд хаалгаар ороод суусан чинь манай эхнэр хойд хаалга онгойлгоод Ө- багшийн үснээс нь зулгаасан. Би “болиоч” гээд хаалгыг нь хаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №11811 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ...М.Ө-ын биед тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгджээ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 37-р хуудас/,

Шүүгдэгч Ж.Т-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн “... Манай нөхөр И- Ө- нар машины арын суудал дээр сууж байхаар нь миний уур хүрээд хардаад Ө- багшид “та хоёр явдаггүй гээд байсан чинь яасан бэ” гээд Ө- багшийн үснээс нь зулгаасан...гэх мэдүүлэг /хх-ийн 45-46-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч Ж.Т- нь хохирогч М.Ө-ыг нөхөртэйгөө хардан түүний үснээс зулгаах, толгой руу нь цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, дагзны хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, баруун зүүн гуянд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн хангасан байна.

 

           Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж.Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ж.Т- болон түүний өмгөөлөгч И.Чимэдбадам нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

           Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Ө-ын биед хөнгөн гэмтэл учирсан байх боловч хохирогч нь хор уршигтай холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй ба хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 63-р хуудас/ гэснийг нь тогтоолд дурдав.

 

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Ж.Т- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг хохирогч М.Ө-, шүүгдэгч Ж.Т- нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Ж.Т- нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй ял шийтгэлгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Т-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Ж.Т-д торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

 Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Т-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                     ТОГТООХ нь:

            1. Б- овогт Ж-ын Т-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Т-ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Т-д мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ж.Т- нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОДБАЯР