Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 063

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Нарангэрэл /томилолтоор/,

шүүгдэгч П.Л- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я- овогт П-ын Л-д холбогдох эрүүгийн 1910006890756 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч П.Л- нь 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...”-ны үүдэнд иргэн Г.Ц-тэй “машин хааж зогссон” гэх шалтгааны улмаас маргалдан улмаар түүнийг түлхэж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч П.Л- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Эрүүгийн 1910006890756 дугаартай хэргээс:

 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 66-67-р хуудас/,

Хохирогч Г.Ц-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-17, 69-р хуудас/,

Гэрч П.О-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №3094 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-р хуудас/,

Шинжээч эмч Т.С-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-46-р хуудас/,

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 41-42-р хуудас/

“Хас үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайлан /хх-ийн 35-36-р хуудас/,

Шүүгдэгч П.Л-гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 79-80-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 51-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 52-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 53-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 54-р хуудас/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 55-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 56-р хуудас/, баклаврын дипломын хуулбар /хх-ийн 57-58-р хуудас/ Байнгийн асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт /хх-ийн 113-р хуудас/ шүүгдэгчийн ...ны хуулга зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч П.Л-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч П.Л- нь хохирогч Г.Ц- нар нь 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 12 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “...”-ны үүдэнд “П.Л- нь нийтийн эзэмшлийн талбайд автомашинаа байршуулан тавихдаа хохирогч Г.Ц-гийн машиныг хааж зогссон. Хохирогч нь автомашинаа гаргахаар П.Л- рүү утасдахад утсаа авсангүй” гэсэн шалтгаанаар маргалдах явцдаа хохирогч нь шүүгдэгчийн “Тоёота Приус-20” маркийн ... улсын дугаартай автомашины зүүн талын толийг хугалсан, шүүгдэгч нь хохирогчийг түлхэж унагааж үснээс нь зулгаасны улмаас эрүүл мэндэд нь “тархи доргилт, зулайн хуйханд үс халцралт, дух баруун тохойнд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 66-67-р хуудас/,

 

Хохирогч Г.Ц-гийн ...2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 12 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах ...ны авто зогсоол дээр ... улсын дугаартай “Приус 41” маркийн автомашинаа тавьсан. Тэгээд гоо сайханд ороод үйлчлүүлэх гэтэл “өнөөдөр цаг байхгүй” гэхээр нь цайны газарт хоол идчихээд автозогсоол дээр 12 цаг 30 минутын үед ирээд машин хааж зогссон машины дугаар руу 40 орчим минут залгасан боловч утсаа аваагүй. Тэгж байтал “Наадам центр”-ээс хоёр эмэгтэй хүн тортой юм барьчихсан ирэхээр нь “утсаа авахгүй яасан юм бэ” гэхэд нэг эмэгтэй нь “утас цэнэггүй болсон” гэхээр нь “утас чинь дуудаж байхад хүнээр тоглоод байгаа юм уу” гэхэд “өмхий авгай минь машинаас холд, чамд машин гэж байдаг юм уу, галзуу авгай чинь согтуу юм байна” гэхээр нь “наад машинаа аваад зайлаач” гэж хэлээд машины баруун урд талын хаалганы цонхонд гараа хүргэхэд “өмхий авгай минь зайл, чиний машин гэж ямар юм байдаг юм, хаанаас хулгай хийсэн юм бэ” гэж хэлээд үсдэхээр нь “пизда минь гараа тавь” гэж хэлэхэд намайг тавьсан. Би цагдаа дуудчихаад тэр хоёрыг явуулахгүй гэсэн чинь намайг түлхэж унагаагаад машинаа асаагаад яваад өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 13-17, 69-р хуудас/,

 

Гэрч П.О-ын ...2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 12 цаг 50 минутанд Хан-Уул дүүргийн 120-н мянгатын ...ны урд талд “Приус” маркийн ... улсын дугаартай машинаа орхиод “Милая” кафе руу орсон. Удалгүй гарч иртэл нэг эмэгтэй “машин хааж зогсоод” гээд хэл амаар доромжилсон. Бид хоёр уучлалт гуйсан боловч машинд суулгахгүй машиныг өшиглөөд байсан. Тэгээд холдуулж байгаад машиндаа суусан чинь машины толийг хагалсан. Л- эгч машинаасаа гартал өөдөөс нь дайраад байхаар нь түлхэхэд тэрээр газарт унасан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №3094 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ...Г.Ц-гийн биед тархи доргилт, зулайн хуйханд үс халцралт, дух баруун тохойнд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. /хх-ийн 28-р хуудас/,

Шинжээч эмч Т.С-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг Дээрх гэмтлүүдээс тархи доргилт  нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Бусад гэмтэл нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Мохоо зүйлийн нэг ба нэг бус удаагийн хүчин зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой...гэх мэдүүлэг /хх-ийн 43-46-р хуудас/,

Автомашинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зурагт: “Тоёота Приус-20” маркийн ... улсын дугаартай автомашины зүүн урд талын толь салсан /хх-ийн 41-42-р хуудас/

“Хас үнэлгээ” ХХК-ийн үнэлгээний тайланд: Толины гэр /зүүн/ 70.000 төгрөг, засах болон материалын зардал 13.000 төгрөг, нийт 83.000 төгрөг /хх-ийн 35-36-р хуудас/,

Шүүгдэгч П.Л-гийн ...2019 оны 3 дугаар сарын 06-ны өдөр 12-13 цагийн үед 120-н мянгатын ...ны арын автомашины зогсоолд машин таглаж тавиад “Милая” кафед орсон. 20 минутын дараа гарч ирэхэд таглаж байрлуулсан машины үл таних жолооч эмэгтэй /Ц-/ их уурлаж ёс бус үг хэллэгээр намайг доромжилсон. Би уучлалт гуйгаад машиндаа суух гэтэл машины хаалга таглаад явуулахгүй байсан. Би арай гэж машиндаа ортол улам их уурлаж машины доод хэсэг рүү өшиглөж байгаад миний “Приус 20” маркийн автомашины баруун талын толийг хугалсан. Энэ үед би машинаасаа буугаад холдуулж түлхэхэд тэр эмэгтэй /Ц-/ газар унасан...гэх мэдүүлэг /хх-ийн 79-80-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.

 

Шүүгдэгч П.Л- нь хохирогч Г.Ц-г үснээс нь зулгаасан, түлхэж унагаасан үйлдлийн улмаас хохирогчийн биед “тархи доргилт, зулайн хуйханд үс халцралт, дух баруун тохойнд зулгаралт, баруун өвдөгт цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл учирсан ба шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн биед  учирсан гэмтэл хоёр шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

            Шүүгдэгч П.Л- нь автомашинаа нийтийн эзэмшлийн талбайд байршуулан тавихдаа бусдын тээврийн хэрэгслийг хааж зогссоны улмаас маргаан үүсэж улмаар энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

 

            Иймд шүүгдэгч П.Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

           Шүүгдэгч П.Л- нь өөрөө өөрийгөө өмгөөлөх оролцохдоо хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Г.Ц-гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь хор уршигтай холбоотой 128.000 төгрөгийн баримт /хх-ийн 61-р хуудас/ ирүүлсэн ба шүүгдэгч П.Л- нь хохирогчид эмчилгээний зардалд 128.000 төгрөг төлсөн /хх-ийн 105-р хуудас/ байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч П.Л-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял  оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчээс “би байнгын асаргаатай бага насны хүүхдээ хардаг тул нийтэд тустай ажил хийх боломжгүй” гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

 

Шүүхээс шүүгдэгч П.Л-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ тэрээр ам бүл 7, нөхөр, 4 хүүхдийн хамт амьдардаг, шүүгдэгч нь 2015 оны 3 дугаар сарын 08-ны өдөр төрсөн 4 настай Д-ын Т- гэх өвчтэй хүүхдээ асардаг хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч П.Л- нь байнгын асаргаа сувилгаа шаардлагатай бага насны хүүхдээ хардаг, асаргааны мөнгөн тэтгэмжид сард 174.000 төгрөг авдаг ба шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр  тогтов.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.Л-д мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч П.Л- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Я- овогт П-ын Л-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л-г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч П.Л-д оногдуулсан 450.000 төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч П.Л-д мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Л- нь хохирогч Г.Ц-д 128.000 төгрөг төлсөн болохыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч П.Л- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч П.Л-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР