Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 27 өдөр

Дугаар 066

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Сарантуяа хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Мижиддорж /томилолтоор/,

хохирогч С.З-, Э.У-,

шүүгдэгч А.А-, түүний өмгөөлөгч Б.Дашдорж,

гэрч Л.М- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Онон овогт А-ын А-д холбогдох эрүүгийн 1910006710777 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

 

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч А.А- нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны “...” рестораны үүдний өлгүүрт хохирогч С.З-ыг гараараа цохиж “зүүн зовхи, баруун шуунд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан, мөн Э.У-г гараараа цохиж “баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний алим, баруун зовхи, дух, эрүү, зүүн тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн хохирол тус тус учруулсан,

мөн шүүгдэгч А.А- нь хохирогч С.З-ын биед уг гэмтлийг учруулах явцдаа түүний срочкон цамцыг урсан, 60 см урттай 9 грамм алтан гинжийг тасалж, хохирогч С.З-од 985.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж гэмтээсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.А- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тоглолт үзээд гарах үед маргаан гарч хохирогч С.З-ыг нэг удаа цохиж унагаасан. Тэр үед З-ын эхнэр У- бид хоёрыг салгах гэж ирэхэд нь түүний нүд рүү тохойгоороо цохисон. Хохирогч нарыг гэмтээснээ хүлээн зөвшөөрч байна. Харин бусдын эд хөрөнгийг гэмтээсэн гэх зүйлийг сайн мэдэхгүй байна. Надад хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Хохирогч С.З- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр тоглолт үзээд тарсан. Бүжигчин, жүжигчин Б-тай мэндлээд хамт зургаа авахуулсан. Гэтэл А.А- намайг цохиж унагаасан. Мөн миний хоолойг боосон учраас би манарсан. Би А.А-гаас нийт 6.425.000 төгрөг авсан тул одоо гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэв.

Хохирогч Э.У- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр “...” хамтлагийн тоглолт үзээд тараад бүжигчин Б-тай зургаа авахуулсан юм. Зураг удаан авахуулснаас болоод маргаан гарсан байх. Би өлгүүрээс хувцсаа авч өмсөөд эргээд хартал манай нөхөр З- А.А-гийн доор орчихсон байсан. Би “хүүе” гээд очиход А.А- намайг цохисон. Тэгээд юу болсон талаар мэдэхгүй байна. Тухайн үед миний эрүүл мэндийн байдал муу байсан. Би сар гаран эмнэлгээр явсан. Миний нүд гүйцэт эдгэрээгүй тул цаашид эмчилгээ хийлгэх байх. Харин одоогоор нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Гэрч Л.М- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би З-од 9 грамм жинтэй, 50 гаран см урттай гинж өгч байсан. З-той уулзахад миний өгсөн гинжийг заримдаа зүүгээд, заримдаа зүүгээгүй байдаг байсан. Тухайн гинжийг зүүсэн үед хүзүүнээс мултрах боломжгүй. Харин түгжээг нь тайлаад мултлах боломжтой гэв.

 

Эрүүгийн 1910006710777 дугаартай хэргээс:

 

Хохирогч С.З-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23, 119-121 дүгээр хуудас/

Хохирогч Э.У-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/

Гэрч М.Б-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 32-34-р хуудас/

Гэрч Б.Э-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 35-37-р хуудас/.

Гэрч О.З-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 38-40 дүгээр хуудас/,

 Гэрч Л.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 122-123-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №3234 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 48-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №3233 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 52-р хуудас/,

Шинжээч эмч Ш.Ц-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/,

“Ашид Билгүүн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 125-р хуудас/,

Шүүгдэгч А.А-гийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 106-107-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч А.Н-ийн  мэдүүлэг /хх-ийн 44-р хуудас/, гэрч Э.А-ийн мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 69-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт  /хх-ийн 73-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 70-р хуудас/,  зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч А.А-гийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

          Шүүгдэгч А.А- нь 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “...” ресторанд “...” хамтлагийн тоглолт үзээд гарч явсан хохирогч С.З-ыг өлгүүрийн хажууд шалтгаангүйгээр зодож биед нь “зүүн зовхи, баруун шуунд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл, уг зодооныг салгахаар очсон С.З-ын эхнэр хохирогч Э.У-г тохойгоороо цохиж “баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний алим, баруун зовхи, дух, эрүү, зүүн тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл тус тус учруулсан болох нь:

 

Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны “...” рестораны камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд “...Чимэглэсэн заал бүхий урт ширээтэй хувцасны өлгүүр хэсгээс хүмүүс хувцсаа авч нааш цааш явж байна. Тус заалны баганын цаана хар бараан өнгийн хувцастай 2 залуу /А-, З-/ ноцолдож байхад хажууд нь нэг эмэгтэй /У-/ байв. Наана нь зогсож байсан ягаан өнгийн цамцтай эмэгтэй /өлгүүриийн эмэгтэй/ гарч  хамгаалагч нарыг дуудахад хамгаалагч нар зодооныг салгаж бүгд ресторанаас гарав. ...Тус рестораны гадаа байх аюулгүй байдлын алба гэсэн бичиглэлтэй автомашины ойролцоо зогсож байсан хэсэг хүмүүс дотогшоо гүйн орж, удалгүй дотор зодоон хийж байсан хүмүүс гарч буй дүрс бичлэг,

 

Хохирогч С.З-ын ...2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “...” ресторанд ... хамтлагийн тоглолт үзээд оройн 23 цагийн орчимд тарсан. Тухайн үед өлгүүр дээр бүжигчин Б- гэх бүсгүйтэй мэндэлж, баярын мэнд хүргээд “хамт зургаа авахуулж болох уу” гэж зөвшөөрөл авч зургаа авахуулж байтал хар ногоон өнгийн цув, брюкен өмдтэй үл таних залуу /А-/ миний зүүн талын нүд орчимд гараараа цохиж, намайг шалан дээр унагаагаад 4-5 удаа дэвсэлж өшиглөсөн. Эхнэр У- бид хоёрыг салгах гэж ирэхэд нь А- түүний баруун нүд орчимд гараараа цохисон. Өлгүүрийн охин надад “таныг Б-гийн найз залуу зодчихлоо” гэж хэлсэн. А- миний хоолойг гараараа боож байхдаа зүүж явсан гинжийг минь тасалсан гэж бодож байна. Тухайн үед миний срочкон цамцны дээд хэсэгт сэмэрч урагдсан, манай эхнэрийн хүрэм цус болсныг хими цэвэрлэгээнд өгч цэвэрлүүлсэн. Миний зүүж явсан Сингапур алтан гинжийг 2015 онд баз хүргэн М- надад бэлэглэж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-23,119-121-р хуудас/,

 

Хохирогч Э.У-гийн ... 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “...” ресторанд ... хамтлагийн тоглолт үзээд тарж байхад манай нөхрийг нэг залуу /А-/ шалан дээр унагаачихсан дээрээс нь дэвсээд зодож байсан. Би очоод “болиоч ээ” гээд татсан чинь нөгөө залуу /А-/ эргэж хараад миний баруун нүд орчимд гараараа нэг удаа цохиход хамарнаас цус гоожоод тонгойсон. Тэр үед дахин миний толгой руу 2-3 удаа цохисон. Зодуулснаас болж миний баруун нүдний доод ханын яс цөмөрч хугарсан. Эмчид үзүүлэхэд “нүдний хавдар, хөхрөлт, улайлт дууссаны дараа хагалгаанд орох шаардлагатай” гэж хэлсэн. Миний нүд гэрэлд гялбаад харахад хэцүү байна. Би маш их гомдолтой байна...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р хуудас/

 

  Гэрч М.Б-гийн ...Би 2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “...” ресторанд найз С-, Г-, А- нарын хамт ... хамтлагийн тоглолт үзэхээр очсон юм. “Март-8” болж байсан учраас бид нар архи, согтууруулах ундаа хэрэглээд манай найз нар түрүүлээд гараад явсан. Би хамгийн сүүлд найз С-ийн хамт хувцсаа өлгүүрээс авахаар очсон. Нэг мэдсэн чинь би найзынхаа хамт дуудлагын жолооч дуудаад гэрийнхээ гадаа ирсэн байсан. Би А- гэх залууг зүс мэднэ. Манай найзын найз гэж танилцуулж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-34-р хуудас/

 

Гэрч Б.Э-гийн ...2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “...-палас”-т ажлаа хийх гээд очсон. Тухайн үед ... хамтлагын тоглолт орой 20 цагийн үед эхэлсэн. ...Хүмүүс эхнээсээ явж эхэлсэн. Хамгийн сүүлийн хүн 24 цаг өнгөрч байхад дундаж өндөртэй, сахалтай, хар өнгийн хувцастай залуу /А-/ Б-тай ирж хувцсаа авах гэж байтал хажууд байсан эхнэр нөхөр хоёр /З-, У-/  “Б-тай зураг авахуулъя” гээд авахуулж байтал тэр хоёрыг /З-, У-/  А- цохисон. Би хамгаалагч нарыг дуудаад зодооныг салгасан...гэх мэдүүлэг /хх-ийн 35-37-р хуудас/.

 

Гэрч О.З-ын ...2019 оны 3 дугаар сарын 08-ны өдөр “...” плазад очсон юм. Тоглолт дуусаад би гадаа машиныхаа хажууд байхад “...” плазагийн 1 давхарт хүмүүс ноцолдож эхлэхэд буух гэж байсан хамгаалалтын албаны хүмүүс бүгд дотогшоо орсон. Дотор эхнэр, нөхөр хоёр /З-, У-/ нэг залуутай /А-/ муудалцаад зодолдсон байсан. Тухайн үед эхнэр, нөхөр хоёр /З-, У-/ зодуулсан гээд орилсон. Харин зодсон гэх залуу /А-/ нь явсан юм шиг байсан. Эмэгтэйгийнх нь /У-/ нүүр хэсэгт цус болчихсон байсан. Харин эрэгтэйг /З-/ нь анзаарч хараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 38-40-р хуудас/,

 

Гэрч Л.М-ын ...Надад 2015 онд бэлгэнд 2 гинж ирснээс Сингапур 916-н сорьцтой, 9 орчим граммтай алтан гинжийг З- ахад амралтанд явж байхдаа дурсгал болгож бэлэглэж байсан. Цэргийн баярын дараахан З- ах эхнэртэйгээ /У-/ тоглолт үзэж байгаад хүнд зодуулаад гинжээ таслуулчихаад алга болгочихсон гэж ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 122-123-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №3234 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ...С.З-ын биед зовхи, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 48-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №3233 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ...Э.У-гийн биед баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний алим, баруун зовхи, дух, эрүү, зүүн тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 52-р хуудас/

Шинжээч эмч Ш.Ц-гийн ...С.З-ын биед учирсан зүүн зовхины цус хуралт гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин баруун шууны цус хуралт нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Э.У-гийн биед учирсан баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний алим, баруун зовхины цус хуралт нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Бусад эрүү, дух зүүн тавхайнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал нь дангаараа гэмтлийн зэрэгт хамаарахгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 55-56-р хуудас/ зэрэг баримтуудаар нотлогдож байна.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч А.А-г хохирогч С.З-ын срочкон цамцыг урсан, 60 см урттай 9 грамм алтан гинжийг тасалж,  985.000 төгрөгийн хохирол учруулан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн.

 

         Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч А.А- нь согтуурсан үедээ хохирогч С.З-ийг шалтгаангүйгээр зодож “хүний эрүүл мэндийн эсрэг” гэмт хэрэг үйлдэх явцдаа түүний өмсөж явсан цамцнаас татаж, чангааж улмаар цамцны энгэрийг урж гэмтээсэн нөхцөл байдал тогтоогдож байна. Харин хохирогч С.З-ын хүзүүндээ зүүж явсан  60 см урттай 9 граммийн жинтэй алтан гинжийг зориудаар тасалж, устгасан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

         Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4-т “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж заасан хэдий ч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг устгах, гэмтээх гэмт хэрэг нь “бага хэмжээнээс дээш буюу 300.000 төгрөгөөс дээш хохирол учирсан байхыг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.

        Шүүгдэгч А.А- нь хохирогч С.З-ыг зодох явцдаа түүний өмсөж явсан цамцыг хууль бусаар урж гэмтээсэн боловч “Ашид Билгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээгээр 35.000  төгрөгөөр үнэлэгдсэн байх тул хохирлын хэмжээ бага хэмжээнд хүрэхгүй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан “гэмт хэргийн шинжгүй”  үндэслэлээр хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж дүгнэв

 

         Шүүгдэгч А.А- нь хохирогч С.З-ыг цохиж, хөлөөрөө хавсарч унагаасан үйлдлийн улмаас хохирогчийн биед “зовхи, баруун шуунд цус хуралт” бүхий хөнгөн гэмтэл, хохирогч Э.У-г тохойгоороо нүд орчим руу нь цохисон үйлдлийн улмаас хохирогчийн биед “баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний алим, баруун зовхи, дух, эрүү, зүүн тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл тус тус учирсан ба шүүгдэгчийн үйлдэл, хохирогч нарын биед учирсан гэмтэл хоёр шалтгаант холбоотой байх тул шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч А.А- болон түүний өмгөөлөгч Б.Дашдорж нар нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдав.

 

           “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах, бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид нөхөн төлөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааж зохицуулсан.

Гэмт хэргийн улмаас хохирогч С.З-, Э.У- нарын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч С.З-, Э.У- нар нь хор уршигтай холбоотой эмчилгээний зардалд нийт 346.200 төгрөгийн /хх-ийн 130-131-р хуудас/ баримт, хохирогч С.З-ын эд хөрөнгөд учирсан хохирлын хэмжээг 985.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан хэрэгт авагджээ. /хх-ийн 125-р хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.З-, хохирогч Э.У- нар “хохиролд 6.425.000 төгрөг авсан тул гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч А.А-г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

         Гэмт хэргийн улмаас хохирогч Э.У-гийн биед “баруун нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, баруун нүдний алим, баруун зовхи, дух, эрүү, зүүн тавхайд цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учирсан тул эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

          Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч А.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан ба,

шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “миний үйлчлүүлэгчид ял оногдуулахдаа анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн хөнгөрүүлэх нөхцөл байдал болон тэрээр гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг харгалзан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 01 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү” гэсэн санал гаргав.

 

        Шүүгдэгч А.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ согтуурсан үедээ шалтгаангүйгээр нэг гэр бүлийн хоёр хүнийг буюу эхнэр, нөхөрийг хамтад нь зодож эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.А-д мэдэгдэх нь зүйтэй.

 

Шүүгдэгч А.А- нь цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.А-д Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. О овогт А-ын А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.А-г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч А.А-д мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.А- нь хохирогч С.З-, Э.У- нарт гэм хорын хохиролд 6.425.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, хохирогч Э.У- нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

 

6. Шүүгдэгч А.А- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

     7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР