Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 086

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Отгонсүрэн,

шүүгдэгч Ж.Э- нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ж-ийн Э-т холбогдох эрүүгийн 1910022400021 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Ж.Э- нь 2019 оны 9 дүгээр сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 4 дүгээр хэсгийн 25 тоотод иргэн Н.М-г зодож хүзүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ж.Э- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.

 

Эрүүгийн 1910022400021 дугаартай хэргээс:

 

Хохирогч Н.М-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 17-23-р хуудас/,

 

Гэрч Г.А-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч А.А-ий мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн З6-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №10997 дугаартай дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-р хуудас/,

Шинжээч эмч Н.Туяагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/,

 

Шүүгдэгч Ж.Э-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 48-50-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 55-р хуудас/, “Алтан тариа” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 56-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 58-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Ж.Э-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Ж.Э- нь согтуурсан үедээ 2019 оны 9 дүгээр сарын 08-ны орой Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 4 дүгээр хэсгийн 25 тоотод байх өөрийн гэртээ хохирогч Н.М-тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар түүнийг цохиж биед нь “хүзүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогч Н.М-гийн ...Би 2019 оны 9 дүгээр сарын 08-ны орой 23 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо 4 дүгээр хэсгийн ард байдаг хаягийг нь сайн санахгүй байна. Э- ахынд очиход Э- ах эхнэр А- тэр хоёр согтуу сууж байсан. ...Архи, пиво ууж дуусчихаад Э- ах эхнэртэйгээ маргалдаад зодох гээд байсан чинь том хүүхэд нь болох 12 настай А-э надад “аавыг болиулаач, ээжийг зодоод байна ш дээ” гэхээр нь тэр хоёрыг салгасан. Э- ахыг хажуудаа суулгаад “та болиоч, яагаад эхнэрээ зодоод байгаа юм бэ” гэхэд Э- ах афтерка барьсан гараараа миний хүзүү рүү цохихоор нь “намайг алвал ал” гэхэд дахин 2-3 удаа афтеркатай гараараа миний хүзүүн тус газар болон суга орчимд, баруун хөлийн гуянд тус тус нэг нэг удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 17-23-р хуудас/,

 

Гэрч Г.А-гийн ...Би ахынд зурагт үзэж байтал манай гэрт шуугиан гараад байхаар нь яваад ортол М- манай нөхөртэй /Э-/ бие биенээ заамдалдчихсан зогсож байхаар нь М-гийн араас татаад “пивоо аваад зайл” гэж хэлсэн боловч нөхөр Э-аас заамдаад тавихгүй байхаар нь фудволкийг нь  урчихсан. М- манайд агсам тавиад байхаар нь цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26-р хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч А.А-ий ...Би 2019 оны 9 дүгээр сарын 08-ны орой 19 цагийн орчимд гэртээ ирсэн. Би хичээлээсээ ирээд нэг хашаанд хамт байдаг аавын ахын гэрт нь орж хувцсаа солиод байж байтал гэрт хэрүүл маргаан болох шиг болохоор нь гэр рүү орсон. Гэрт ороход М- нилээн согтсон байхаар нь “та одоо гэр рүүгээ яв” гээд явуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн З6-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №10997 дугаартай дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: “...Н.М-гийн биед хүзүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 39-р хуудас/,

Шинжээч эмч Н.Туяагийн ...Тухайн гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсэх ба гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...гэх мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/,

Шүүгдэгч Ж.Э-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн: ...Дэлгүүрээс авсан архиа ууж дуусаад М- бид хоёр дахиад дэлгүүр явж 0.5 литрийн “Хараа” архи, 2.5 литрийн “Нийслэл” пиво аваад хашаандаа орж ирэхэд 19 цаг болж байсан. М- бид хоёр гэрт оролгүй нэг хашаанд хамт байдаг Э- ахын гэрт ороход Э- ах, эхнэр Б-, 10-15 насны 3 хүүхэдтэйгээ хамт байсан. Тэгээд Эрдэнэбилэг ах, М- бид гурав авсан 0.5 литрийн архиа хувааж ууж дуусаад М- бид хоёр гэртээ орсон. Би тухайн үед их согтсон байсан учраас сайн санахгүй байна. М-тэй маргалдаж солгой гараараа түүнийг цохисон санагдаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 48-50-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэмт хэргийн шалтгаант холбоо гэдэг нь гэмт хэргийн бүх шинжийг агуулсан гэмт этгээдийн үйлдлийн улмаас учирсан хохирол, хор уршиг хоёрын хооронд оршдог дотоод зүй тогтол бөгөөд материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэргийн заавал байх шинжид хамаардаг.

 

Шүүгдэгч Ж.Э- нь хохирогч Н.М-г гараараа цохисон үйлдлийн улмаас хохирогчийн биед “хүзүүнд зулгаралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учирсан ба шүүгдэгчийн үйлдэл, хохирогчийн биед  учирсан гэмтэл хоёр шалтгаант холбоотой байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

 

            Хохирогч Н.М- мөрдөн байцаалтанд “Ж.Э- нь эхнэр Г.А-г зодоод байхаар дундуур нь орж салгахад намайг автеркаар цохиж гэмтэл учруулсан” гэж мэдүүлсэн боловч гэрч Г.А-, насанд хүрээгүй гэрч А.А-э нар нь хохирогчийн “Ж.Э- нь эхнэр Г.А-г зодоогүй” гэж хохирогчийн мэдүүлгийг няцаажээ. Харин хохирогч Н.М-, шүүгдэгч Ж.Э- нар нь нийлж архидан согтуурсан байхдаа үл ялих зүйлээр шалтаглан маргаан үүсэж улмаар энэ гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болжээ.

 

            Иймд шүүгдэгч Ж.Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

           Шүүгдэгч Ж.Э- нь өөрөө өөрийгөө өмгөөлөх оролцохдоо хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Н.М-гийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан ба хохирогч нь хор уршигтай холбоотой нотлох баримт ирүүлээгүй бөгөөд тэрээр “гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” /хх-ийн 19-р хуудас/ гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүйд тооцов.

 

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Ж.Э-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял цаг оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгч нь эрүүгийн хариуцлагын талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

Шүүхээс шүүгдэгч Ж.Э-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа байдлыг харгалзан үзэхийн зэрэгцээ тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Э-т мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Ж.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Б овогт Ж-ийн Э-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Э-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ж.Э-т мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Ж.Э- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг  түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Ж.Э-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР