Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 100

 

 

 

2020        01         31                                   2020/ШЦТ/100 

 

 

 

                                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: О.Доржмаа;  

шүүгдэгч: Б.А, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б.А-д холбогдох эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1972 оны 02 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт  , ял шийтгэлгүй, Б.А

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Б.А нь 2019 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө такси үйлчилгээнд явж байсан О.Баярцогтын жолоодон явсан автомашинаар үйлчлүүлээд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр “Миний зах”-ын орчим буухдаа таксины төлбөрөөс үүдэн О.Баярцогттой маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд нь хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, баруун нүдний доод зовхи, хүзүүний цус хуралт, зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын үед болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч О.Баярцогтын /хх-ийн 5/ мэдүүлэг, гэрч У.Ариунаагийн мэдүүлэг /хх-ийн 9-10/, Б.Аийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 21-22/ мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 14423 дугаартай дүгнэлт /хх-ийн 12/, Б.Аийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 26, 27-38, 39-42/, О.Баярцогтын хүсэлт /хх-ийн 52/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон

хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө иргэн О.Баярцогтын жолоодон явсан автомашинаар үйлчлүүлээд Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Миний зах”-ын орчим буухдаа таксины төлбөрөөс үүдэн иргэн О.Баярцогттой маргалдаж, улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

хохирогч О.Баярцогтын /хх-ийн 5/: “...2019 оны 12 дугаар сарын 2-ноос 03-нд шилжих шөнө ...Натурын гэрлэн дохион дээрээс үл таних эрэгтэй хүн гар өргөхөөр нь авсан. ...Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт байрлах “Миний зах”-ын үүдэнд ирсэн. Би нөгөө үл таних эрэгтэйд хандаж “та одоо таксиныхаа мөнгийг өгчих” гэж хэлэхэд машинаас буугаад “намайг буугаад ир” гэж хэлсэн. Би буугаад очсон чинь надад хандаж “чи намайг 3500 төгрөгөөр луйвардах гэлээ” гэж хэлсэн. Би үл таних эрэгтэйд “үгүй ээ, би танд 35000 төгрөг биш, 3500 төгрөг гэж хэллээ шүү” гэж хэлсэн. Энэ үед үл таних эрэгтэй миний хамар руу баруун гараараа нэг удаа цохиод дараа нь хоолой гараараа боогоод “чамайг алчихна шүү” гэж хэлээд бөөр рүү 2-3 удаа өвдөглөж цохиход нь би “ахаа та больчихоо, та хүүхдээ дуудаач ээ” гэж хэлээд эхнэр, хүүхдийг нь дуудуулсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч У.Ариунаагийн /хх-ийн 9-10/ “...2019 оны 12 дугаар сарын 02-ны 23 цаг 30 минутад манай ээж “нөхөр чинь согтуу манайд хонохгүй гараад явлаа” гэж хэлсэн. Байрны гадаа нөхрөө хүлээгээд зогсож байтал нөхөр ирэхгүй байсан. ...нөхөр маань над руу гар утсаар холбогдоод “Миний дэлгүүрийн урд талд байна” гэж хэлсэн. Би хүүтэйгээ хамт алхаад очиход нөхөр үл таних таксины жолоочтой хамт зогсож байсан. Тэр 2 тухайн үед зодоон цохион хийгээгүй зогсож байсан. Таксины жолооч хэлэхдээ “би энэ хүнд хамраа цохиулсан” гэж хэлсэн...” гэх мэдүүлгээр,

 

     Б.Аийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 21-22/: “...2019 оны 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах “Миний” дэлгүүрийн гадаа таксинаас буугаад гэр рүүгээ орох гэж байсан. ...Бид хоёрын дунд үл ойлголцол үүссэн. Машинаас буугаад таксины жолооч бид хоёр барьцалдсан. Би тухайн залуугийн гарыг тавиулах гээд нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон...” гэх мэдүүлгээр,

 

    О.Баярцогтын биед “хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, язарсан шарх, баруун нүдний доод зовхи, хүзүүний цус хуралт, зулгаралт” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсан болохыг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 14423 дугаартай дүгнэлт /хх-ийн 12/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

     Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчийг зодсон болохыг шүүгдэгч, хохирогчийн хэн аль нь зөрүүгүй гэрчилж мэдүүлсэн, хохирогч нь бусдад зодуулсны улмаас гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол /гэмтэл/ учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

Шүүхийн тогтоолын тодорхойлох хэсэгт дурдагдсан байдлаар хүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан Б.Аийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Ийнхүү шүүгдэгч Б.Аийн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн” гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж түүнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэслэлтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч О.Баярцогтын “...гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй...” гэсэн байр суурь хавтаст хэргийн 52 дугаар талд авагдсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд шүүгдэгч Б.Аийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу /1 нэгж=1000 төгрөг/ 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Б.А-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч Б.А торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

4. Шүүгдэгч Б.А нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Б.МӨНХ-ЭРДЭНЭ