Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 00006

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 

             Улсын яллагч                                 Н.Улсболд

             Нарийн бичгийн дарга                   С.Төртулах

              Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мб

  Шүүгдэгчийн өмгөөлөгч                 С.Сувдаа

             Шүүгдэгч                                        Х.Ц нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын прокурорын газрын Хяналтын прокурор, Хууль цаазын дэд зөвлөх Н.Улсболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Х.Цд холбогдох 1932001750216 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

                                            Биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, халх, 1963 оны 05 дугаар сарын 01-ний өдөр Ховд аймгийн Булган суманд төрсөн, 57 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, өндөр насны тэтгэвэрт байдаг, ам бүл 2, ээжийн хамт * оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, Ончууд овогт Хувцагааны Ц РД:/*/

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 

Х.Ц нь 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Ноёдын №50 тоотод хамтран амьдрагч Б.Бмийг цонхоор орох гэхэд нь оруулахгүй гэх шалтгааны улмаас түлхэж унагаасны улмаас биед нь гавал тархины битүү гэмтэл учирч, улмаар эмчлэгдэж байгаад нас барсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

  Үүнд: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Ц мэдүүлэхдээ: ... 2019 оны 08 сарын 14-нд би Төв аймгийн Борнуур суманд байдаг охиныдоо 9 хоног байж байгаад Зүүнхараад гэртээ ирсэн юм. Намайг гэрт ирхэд хамтран амьдрагч талийгаач Б.Бм жаахан архи уусан, нилээн бухимдсан байж байсан. Бид хоёр үргэлжлүүлээд нэг шил архи нэмж уусан. Маргааш нь намайг үг хэлээр доромжлоод  байхаар нь би “чи зүгээр гэрээс гар” гээд түлхэж гэрээс  гаргаад хаалгаа түгжчихсэн. Тэгээд байж байтал талигаач цонхон дээр ирээд цонхоор гэрт орох гээд авирхаар нь би цонхны салхивчнаас барьчихсан байхаар нь гарыг нь тавиулаад би цаашаа түлхчихээд би эргэж хараагүй юм. Тэгээд нилээд хугацаад байж байгаад харсан чинь амнаас нь цагаан хөөс сахарчихсан байж байхаар нь би түргэн дуудсан... гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мб шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: ... Би 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр ажлаа хийж байхад аав чинь ухаангүй эмнэлэгт байна гээд ах нар ирсэн. Би ажлаа орхиод наашаа машинтай дүүтэйгээ гарсан. Эмнэлэгт ирхэд ухаангүй байсан. Тэгээд тухайн үед юу болсон гэхэд аавын дүүд хэлсэн. Бүр түргэн дуудхаас өмнө. Манай аавын 2 дүү, дүүгийнх нь эхнэр гээд түргэнтэй цуг 3 хүн очсон. Тэгхэд ухаангүй гадаа хэвтэж байсан. Бие нь хөрсөн. Нилээн удаан хэвтсэн шинжтэй. Яасан гэхэд танай ах чинь архи уугаад согтуу гадаа унтсан. Би орохгүй юм уу хөгшөөн гэхэд амнаас нь цагаан хөөс сахраад тэгсэн байна гэж ах эгчид хэлсэн байдаг. Түргэн ирээд манай эгч ахын хажууд үзлэгээ хийсэн. Тэгээд эмнэлэгт ирхэд энэ хүн цуг ирсэн гэсэн. Орой нь ирээд маргааш өглөө нь ирсэн.  Ирхэд аав ухаангүй байсан. Манайхан бүгд байсан. Эмчтэй нь уулзсан. Эмч нь харвалт л гэсэн. Гадны нөлөө байна уу гэхэд ямар ч шарх сорви цус гарсан, хөхөрсөн зүйл байхгүй учраас эмч нар ч тэгсэн, цагдаа ч тэгсэн. Тэгээд эмнэлэгт эм тариа хийж байгаа юмаараа хийгээд эмч нар байгаа нь энэ, гаднаас эм тариа ийм тийм аваад ир гээд авхуулаад байсан. Амралтын өдөр бас таарчихаад эмч нар нь цуглаж өгөхгүй. Утсаар ярьж байж тэгээд үзээд. Хамгийн гол нь харвалт гэдэг утгаар явж чадахгүй. Түргэний машин хот руу явж чадахгүй гэсэн. Би эмчээс энэ янзаараа байвал яах вэ гэхэд 7 хоног л байлгана. Тэрнээс дээш байлгаж чадахгүй гэхээр нь ийм байгаа учраас би хот руу авч явна гээд авч явсан. Авч явах замдаа өнгөрвөл чи хариуцна шүү гээд гарын үсэг зуруулсан. Эмнэлгээс бага эмч гаргаж өгсөн. Жижиг машинаар чирч гулдраад явсаар байгаад хот ороод 1-р эмнэлэгт тархины зураг авхуулаад хариу гархаас өмнө шууд сэхээнд оруулсан. Тэгээд зураг нь гараад эмчтэй нь уулзаад энэ бол харвалт биш. Гадны нөлөөтэй байна. Та нар арай эрт ирсэн бол амжих байлаа. Биеийн байдал их муу байна шүү. Өнөөдөртөө тэсэх нь үү. Хэцүү байна. Гэхдээ манайх хүлээж авахгүй. Гэмтлийн эмнэлэг хүлээж авах юм байна гэсэн. Тэр орой гаднаас эм тариа зөөсөн. Эмч нар хүнд шүү л гэж байсан. Тэгээд маргааш өглөө 8 цагт түргэний машинаар гэмтлийн эмнэлэг ороод очоод хагалгаа бэлэн байсан. Шууд хагалгаанд ороод сэхээнд орсон. Ухаан ороогүй 4 дэх хоногтоо орчихож байгаа болохоор ухаан ороогүй. Гэмтлмйн эмч нартай уулзхад хоног алдсан байна. Цусны нөжрөлтийг бага дээр нь хагалгаанд оруулаад авсан бол аврах хангалттай боломж байсан. Одоо хүлээх л үлдлээ. 2-3 эмнэлэг дамжсан болохоор уушигний хатгаа тусаад тэр нь хүндрээд тэрэнд нь антибиотек хэрэглээд сайхан болоод, сайхан боллоо доо гэхийн хооронд бие нь дийлэхгүй өнгөрсөн. Манай аав ээж салаад 12 жил болсон. Баталгаагаа салгасан юм байхгүй. Хамгийн гол нь 16 хоног би өөрөө шөнжингөө эм тариа зөөгөөд явж байхад энэ хүн нэг удаа ирсэн. Үүдэнд халад өмсөөд тэр тасаг руу шууд гүйгээд орсон. Эмчээ та яах гэж оруулж байгаа юм бэ гэхэд эхнэр нь гэсэн шүү дээ гэсэн. Ухаангүй хүнийг аппараттай хүнийг алгадаад битий маяглаад бай, сэр, ямар хоол идэх юм бэ чи, чамайг сэрчихсэн гэж байна лээ шүү дээ, худлаа намайг хархаар унтаад байна гээд орилоод байсан. Би эмчид нь уурлаад энэ хүнийг дахиж битий оруулаарай гэхэд чи Бмийн хүүхэд биш шүү дээ гээд байсан.  Энд ирсэний өдөр цуг хоносон та явж амар гэсэн. Би хоол унд эм тариаг нь зөөгөөд явж байхад  орой нь согтуу ирээд эмнэлгээр дүүрэн юм болсон. Цагдаа дуудна шүү гэж байж эмнэлгээс энэ Ц гэдэг хүн явж байсан. Би анх мэдүүлэг өгөхдөө энэ хүнийг аавыгаа алдчихаад би мөнгөөр аавыгаа үнэлэхгүй гэсэн. Би өөрийнхөө машиныг зараад ч хамаагүй болгоод одоо яах вэ аавын дүү нар нутагт нь оршуулъя гэсэн. Би үгүй хотод оршуулна гэсэн. Хамгийн гол нь энэ хүнд харамсаж байгаа нь тухайн үед зүгээр би түлхчихсэн юм аа эсвэл согтуу уначихсан юм гэж хэлсэн байсан бол хоног алдахгүй тэр өдөр машинтайгаа давхиад үзүүлчих байсан. Тэгэхэд 3-4 хоног алдуулсан. Би тухайн үед мэдүүлэг өгөхдөө би гомдолгүй гэсэн мөртөө манай талийгаачийн дүү нар тэр хүмүүс чинь гомдолтой шүү гээд эхний мэдүүлгэнд тэгж өгсөн. Миний аавын утасны 99911176 гэсэн дугаарыг аваадах гэхэд сим нь байхгүй би хугалаад хаясан гэсэн. Би эхлээд тоогоогүй байсан чинь тэр дугаараас танай аав чинь энд сууж байна миний хажууд сууж байна. Чи Бмийн хүүхэд биш л юм байна шүү дээ. Бм надад гомдолгүй гэж байна. Чи аавтайгаа ярих уу гэсэн. Дүү нар луу бас  манай ээж рүү хүртэл ярьсан. Би тэр дугаарыг устгуулъя гэхээр болдоггүй юм байна лээ. Тэр дугаараар хүн хүн рүү ярьсан байгаа юм. Ээж гэрлэлтийн баталгаатай байсан учраас би бүр ээжийг дагуулж очоод тэр дугаарыг устгуулж байсан. Манай ээж 49 хоног болоогүй болохоор зул барьж байгаад гэр орноо шатаачихсан. Ээжийн байшин шатсан. Надад хүнд асуудал зөндөө асуудал болж байхад энэ хүн ээж рүү яриад дүү нар луу яриад байсан. Ядаж над руу яриад эгч нь ийм юм болчихоод уучлалт гуйх юм болов уу гэж би зөндөө их харсан. Энэ хүнийг би буруутгасан муу муухайгаар энэ хүнийг яриагүй. Олон сар болход зөндөө харсан. Би өөрөө байцаагдаж байгаа юм шиг л байсан. Зүүнхараад өөрөө ирж мэдүүлэг өгч хуралд ороод явж байхад ямар ч санаа зовох юм байхгүй. Энэ хүнийг хүлээж шүүх хурал болж байгаа юм уу хаашаа юм бэ. Ямар ч хүндэтгэх бодож санах юм байхгүй. За өнгөрсөн гэсэн шиг юм бодоод байгаа юм. Би тэрэнд нь л гомдоод байгаа юм. Энэ хүнээс гарсан зардлыг нэхэмжлэхгүй, гомдолгүй... гэв.

Хохирогч Б.Мб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Миний аав нэг эмэгтэйтэй ханилан суугаад 6 жил орчим хамт амьдарсан. Тэгж байгаад 2013 оны үед гэр бүл салаад түүнээс хойш ганцаараа амьдарч байгаад одоо энэ Х.Ц гэх эмэгтэйтэй 5-6 жил хамтран амьдарч байсан. Миний аав эрүүл мэндийн хувьд сайн. Даралтны эм ч ууж үзээгүй хүн. Х.Ц нь архи уудаг аавтай хамт архи уугаад байдаг байсан. Миний аав Зүүнхараагийн эмнэлэгт цус харвалт гэсэн оноштойгоор 2 хоног ухаангүй хэвтсэн. 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Улсын клиникийн 1 дүгээр төв эмнэлэгт ухаангүй байдалтайгаар хүргэгдэж тархиндаа гэмтэлтэй гэх онош тогтоогдож гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэж тархины хагалгаанд орсон боловч ухаан оролгүй байсаар 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 09 цаг 55 минутанд нас барсан. Оршуулгын зардал болон эмчилгээний зардал гээд тооцвол 6-7 сая төгрөг болсон. Х.Ц гэх хүнтэй хамгийн сүүлд хамт байсан гэдэг. Аавыг ямар учраас гэмтээсэн талаар Х.Ц анхнаасаа түлхсэн, цохьсон бол түлхсэн цохьсоноо, эсвэл уначихсан бол уначихсан гэдгийг нь хэлсэн бол нас барахгүй ч байж магадгүй байсан. Тэгж хэлэхгүйгээс болоод цус харвалт гэсэн онош тогтоож цаг хугацаа алдсан” гэх мэдүүлэг /Хх-ийн 27-29-р хуудас/

Гэрч Г.Өб мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Би тухайн хүний биед үзлэг хийхэд гэмтлийн гэх ямар нэгэн шарх илэрээгүй, цус харвасан юм болов уу гэхээр яг харвалтын гэх шинж илрээгүй. Ингээд лаборторийн шинжилгээ хийлгэхэд ерөнхийдөө хэвийн анхаарал татах өөрчлөлт байгаагүй. Шөнө тухайн хүний эхнэр гэх Ц гэх эмэгтэй согтуу ирээд нөхрийнхөө нүүр, ам руу нь алгадаад ам хамраас нь чимхээд одоо бос битгий мяглаад бай гээд зохисгүй байдал үзүүлээд байхаар нь цагдаа дуудсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 32-33-р хуудас/

Гэрч Д.Ц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “... намайг очиход байшингийн гадаа хурхирсан байдалтай эрэгтэй хүн байсан. Хажууд нь эхнэр нь гэх Ц гэдэг эмэгтэй байсан. Ц гэдэг эмэгтэй намайг очиход нөхөр бид 2 хамт архи уусан. Манай нөхөр гэнэт их архи уугаад согтчихлоо тэгээд хачин хурхирч унтаад байна. Тасарчихсан юм болов уу их олон хоног дараалан архи ууж байна гэж ярьж байсан. Б.Бм гуайг байшингийн цонхны урд харалдаа газарт шороо болсон дрож хивс дээр хэвтүүлсэн дээрээс нь хөнжлөөр хучисан байсан. Намайг очиход харанхуй байсан бөгөөд Б.Бмийн биед үзлэг хийхэд биед нь тэмтрэх нүдээр харж ажиглах зэргээр биед нь үзлэг хийсэн тэгэхэд түүний биед гэмтэл шарх илрээгүй. Хөнжилийг нь сөхөөд хархад нэвширсэн архи үнэртэж байсан. Нүцгэн биед нь ил харагдах гэмтэл шарх харагдаагүй..., Би Бм гуайн гар хөлийг хөдөлгөхөд ямар ч идэвхигүй байсан. Ийм байхаар нь архи ууж байгаад цус харвалт өгсөн байх гэж анхан оншилсон. Бм гуайн амнаас архи маш ихээр үнэртэж байсан ба өмдөндөө шээсэн байсан” гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-36-р хуудас/

Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №10198 дугаартай дүгнэлт  “...

Б.Бмийн биед гавлын баруун чамархай ясны шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн хатуу бүрхүүлийн дээрх цусан хураа, тархи дарагдал /мэс заслын дараах байдал/ тархины баруун зулай, чамархай, дагз хэсгийн тархины эдийн голомтлог цусархаг няцрал, баруун чамархайн булчинд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Тархины гэмтэл нь цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлээс хамаарна” гэх дүгнэлт /ХХ-ийн 39-40-р хуудас/

Цогцост хийсэн шүүх эмнэлгийн №1886 дугаартай шинжилгээ “... Талийгаач Б.Бмийн цогцост чамархай ясны чулуулаг, хайрст хэсгийн шугаман хугарал, баруун чамархай, суурийн дунд, ар хонхорын хатуу хальсан дээрх , доорх цусан хураа, баруун дух, чамархай, зүүн дух, чамархайн дэлбэнгийн тархины эдийн няцрал, баруун дух, зүүн дагзны дэлбэнгийн аалзан хальсан доорх цус харвалт, баруун чамархайн булчин, баруун бугалганы цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэлүүд нь талийгаачийг нас барахаас өмнө үүссэн байна. Дээрх гавал тархины гэмтэлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал толгойн баруун талаас чамархай хэсэгт хүч үйлчилсэнтэй холбоотойгоор үүсгэгдэнэ. Баруун бугалганы цус хуралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас хэвтрийн байдал орж уушигны хатгалгаагаар хүндэрч нас баржээ” гэх дүгнэлт /ХХ-ийн 48-55-р хуудас/

Шинжээч эмч Н.Энхцолмон мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... Хохирогчийн тархинд учирсан гэмтэл нь дээрх хэмжээний өндрөөс баруун чамархай хэсгээрээ унахад үүсэх боломжтой. Хэдийгээр зүлгэрхэг хөрстэй ч гэсэн газар хатуу байж болно. Гавлын ясны бат бөх байдлаас давсан хүчээр гараараа цохьсоноос /хэд хэдэн удаа/ шалтгаалан үүснэ гэж үзэж болно...хохирогчийг зогсож байхад нь түлхэхэд унахадаа хатуу биет дээр толгойгоороо унахад дээрх гэмтэл мөн үүсэх боломжтой юм” гэх мэдүүлэг /ХХ-ийн 59-60-р хуудас/

Х.Ц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: ... бид 2 архи уугаад сууж байхад бид 2 маргасан. Намайг чи 8-9 хоног хаагуур яваад ирж байгаа юм гээд хардах маягтай хэлснээ ал минь, точиг минь гэж хэлсэн тэгэхээр нь би яв гээд түлхээд гэрээс гаргасан энэ үед орой 20 цагийн үе болж байсан байх тэгээд хаалгаа цоожилсон байсан чинь байшингийн гал тогооны өрөөний цонхны дээд талын салхивч онгорхой байсан тэрүүгээр орох гээд гараараа салхивчнаас бариад авахаар нь  би гарыг салхивчнаас салгаад цээж рүү түлэхчихээд яваад өгсөн тэгээд би жоохон байж байгаад гарсан чинь гадаа дэвссэн байсан хивсэн дээр амнаас нь цагаан хөөс гарсан байдалтай хэвтэж байхаар нь гэр лүү оруулааад байшинруугаа оруулаад хэвтүүлээд эмнэлэгт мэдэгдсэн” гэх мэдүүлэг  /хх-ийн 80-81-р хуудас/

Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 19-25-р хуудас/

Мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /ХХ-ийн -26-р хуудас/

 

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 85 дугаар хуудас/, Шүүгдэгч Х.Цгийн ял шийтгэгдсэн эсэх талаарх ял шалгах хуудас /89 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлд “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор дараах байдлаар хянан шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Х.Ц нь 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Ноёдын №50 тоотод хамтран амьдрагч Б.Бмийг цонхоор орох гэхэд нь оруулахгүй гэх шалтгааны улмаас түлхэж унагаасны улмаас биед нь гавал тархины битүү гэмтэл учирч, улмаар эмчлэгдэж байгаад нас барсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Хохирогч Б.Мбын мөрдөн байцаалтанд өгсөн “... Миний аав нэг эмэгтэйтэй ханилан суугаад 6 жил орчим хамт амьдарсан. Тэгж байгаад 2013 оны үед гэр бүл салаад түүнээс хойш ганцаараа амьдарч байгаад одоо энэ Х.Ц гэх эмэгтэйтэй 5-6 жил хамтран амьдарч байсан. Миний аав эрүүл мэндийн хувьд сайн. Даралтны эм ч ууж үзээгүй хүн. Х.Ц нь архи уудаг аавтай хамт архи уугаад байдаг байсан. Миний аав Зүүнхараагийн эмнэлэгт цус харвалт гэсэн оноштойгоор 2 хоног ухаангүй хэвтсэн. 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдөр Улсын клиникийн 1 дүгээр төв эмнэлэгт ухаангүй байдалтайгаар хүргэгдэж тархиндаа гэмтэлтэй гэх онош тогтоогдож гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэж тархины хагалгаанд орсон боловч ухаан оролгүй байсаар 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 09 цаг 55 минутанд нас барсан. Оршуулгын зардал болон эмчилгээний зардал гээд тооцвол 6-7 сая төгрөг болсон. Х.Ц гэх хүнтэй хамгийн сүүлд хамт байсан гэдэг. Аавыг ямар учраас гэмтээсэн талаар Х.Ц анхнаасаа түлхсэн, цохьсон бол түлхсэн цохьсоноо, эсвэл уначихсан бол уначихсан гэдгийг нь хэлсэн бол нас барахгүй ч байж магадгүй байсан. Тэгж хэлэхгүйгээс болоод цус харвалт гэсэн онош тогтоож цаг хугацаа алдсан...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 27-29-р хуудас/, Гэрч Г.Өбын мөрдөн байцаалтанд өгсөн “...Би тухайн хүний биед үзлэг хийхэд гэмтлийн гэх ямар нэгэн шарх илэрээгүй, цус харвасан юм болов уу гэхээр яг харвалтын гэх шинж илрээгүй. Ингээд лаборторийн шинжилгээ хийлгэхэд ерөнхийдөө хэвийн анхаарал татах өөрчлөлт байгаагүй. Шөнө тухайн хүний эхнэр гэх Ц гэх эмэгтэй согтуу ирээд нөхрийнхөө нүүр, ам руу нь алгадаад ам хамраас нь чимхээд одоо бос битгий мяглаад бай гээд зохисгүй байдал үзүүлээд байхаар нь цагдаа дуудсан ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 32-33-р хуудас/, Гэрч Д.Цгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...намайг очиход байшингийн гадаа хурхирсан байдалтай эрэгтэй хүн байсан. Хажууд нь эхнэр нь гэх Ц гэдэг эмэгтэй байсан. Ц гэдэг эмэгтэй намайг очиход нөхөр бид 2 хамт архи уусан. Манай нөхөр гэнэт их архи уугаад согтчихлоо тэгээд хачин хурхирч унтаад байна. Тасарчихсан юм болов уу их олон хоног дараалан архи ууж байна гэж ярьж байсан. Б.Бм гуайг байшингийн цонхны урд харалдаа газарт шороо болсон дрож хивс дээр хэвтүүлсэн дээрээс нь хөнжлөөр хучисан байсан. Намайг очиход харанхуй байсан бөгөөд Б.Бмийн биед үзлэг хийхэд биед нь тэмтрэх нүдээр харж ажиглах зэргээр биед нь үзлэг хийсэн тэгэхэд түүний биед гэмтэл шарх илрээгүй. Хөнжилийг нь сөхөөд хархад нэвширсэн архи үнэртэж байсан. Нүцгэн биед нь ил харагдах гэмтэл шарх харагдаагүй..., Би Бм гуайн гар хөлийг хөдөлгөхөд ямар ч идэвхигүй байсан. Ийм байхаар нь архи ууж байгаад цус харвалт өгсөн байх гэж анхан оншилсон. Бм гуайн амнаас архи маш ихээр үнэртэж байсан ба өмдөндөө шээсэн байсан ...” гэх мэдүүлэг /ХХ-ийн 34-36-р хуудас/, Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №10198 дугаартай дүгнэлт /ХХ-ийн 39-40-р хуудас/, Цогцост хийсэн шүүх эмнэлгийн №1886 дугаартай шинжилгээ /ХХ-ийн 48-55-р хуудас/, Шинжээч эмч Н.Энхцолмонгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 59-60-р хуудас/, Х.Цгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /ХХ-ийн 80-81-р хуудас/, Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 19-25-р хуудас/, Мэдүүлэгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /ХХ-ийн 26-р хуудас/ болон тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримт болох шүүгдэгчийг  яллагдагчаар мөн хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Прокуророос шүүгдэгч Х.Цг 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 1 дүгээр баг Ноёдын №50 тоотод хамтран амьдрагч Б.Бмийг цонхоор орох гэхэд нь оруулахгүй гэх шалтгааны улмаас түлхэж унагаасны улмаас биед нь гавал тархины битүү гэмтэл учирч, улмаар эмчлэгдэж байгаад нас барсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн үндэслэлээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч Х.Ц болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэгт гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул дээрх зүйл, хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “хөнгөн” гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нь хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн саналтай, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал буюу 1963 онд төрсөн, 57 настай, өндөр насны тэтгэвэрт байдаг, өндөр настай ээжийнхээ хамт амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийг журамлан шүүгдэгч Х.Цд дээрхи зүйл, хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авах боломжтой байна гэж үзлээ.

Шүүгдэгч Х.Цгийн үйлдсэн “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” дээрх гэмт хэргийн улмаас бусдын амь нас хохирсон нь шууд учирсан хохиролд, талийгаач Б.Бм нь нас барж түүнийг оршуулахад гарсан зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаварт буюу хор уршигт тооцогдох юм.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Мб шүүх хуралдаандээр нийт 1429320 төгрөгний хохирол төлбөртэй холбоотой нотлох баримт шинээр гаргаж хавтаст хэрэгт хавсаргасан боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мөрдөн байцаалтанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ илэрхийлсэн байх тул шүүгдэгч Х.Цгаас гаргуулбал зохих хохирол төлбөргүй гэж шүүх дүгнэлээ.

Шүүхээс шүүгдэгч Х.Цд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д заасан анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид шууд эмнэлгийн, бусад туслалцаа үзүүлсэн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт Х.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурьдаад:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ончууд овогт Хувцагааны Цг Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Цд хорих ялыг оногдуулахгүйгээр 01 /нэг/ жил 06 /зургаа/ сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д заасан “согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох” хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ авсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дах хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн мөн энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг анхааруулсугай.

4. Энэ хэрэгт Х.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хилийн хориг тавигдаагүйг тус тус дурьдсугай.

            5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Х.Цд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүхийн шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ж.ЭРДЭНЭБАТ.