Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 897

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийж,

Нэхэмжлэгч: “У” ХК

Хариуцагч: М******* Улсын Засгийн газар

Нэхэмжлэлийн шаардлага: “Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 391 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 8 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, Г.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “У” ХК-ийн гүйцэтгэх захирал Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “У” ХК нь Увс аймгийн өмч хувьчлалын 1991 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор байгуулагдсан.

М******* Улсын Засгийн газрын 1997 оны 160 дугаар тогтоол, Төрийн өмчийн хорооны 1998 оны 361 дүгээр тогтоолын дагуу явагдсан битүүмжилсэн дуудлага худалдаанд оролцож ялагчаар тодорсон тул Төрийн өмчийн хорооны 1998 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 739 дүгээр тогтоолоор иргэдийн өмч болон хувьчлагдаж,  2004 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хуульд заасны дагуу 0******* дугаарт бүртгүүлж, улсын бүртгэлийн 1******* дугаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ авсан.

Өнөөдрийг хүртэл үр тариа олон наст өвс, төмс хүнсний ногоо таримал тэжээл тариалж үйл ажиллагаагаа хэвийн явуулж байна.

М******* Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 391 дүгээр тогтоолын 2 дахь заалтаар орон нутгийн өмчлөлд байгаа улсын төсвийн хөрөнгөөр баригдсан усны нөөцөд тохируулга хийх, хуваарилах зориулалт бүхий услалтын системийн барилга байгууламжийг 2 дугаар хавсралтаар “М******* *******” төрийн өмчит үйлдвэрийн газрын балансад шилжүүлэх асуудлыг аймаг, нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралтай зөвшилцөн шийдвэрлэхийг Төрийн өмчийн хороонд даалгаж, уг тогтоолын 2 дугаар хавсралтын 8-д Баруунтурууны услалтын систем гэж оруулсан байна.

Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 391 дүгээр тогтоол нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6 дахь хэсэгт зааснаар Захиргааны акт илт хууль бус акт гэж үзэж байна.

Хувьчлагдсан иргэний өмчийг төр шууд ингээд авах хуулийн зохицуулалт өнөөдөр М******* Улсад үйлчилж байгаа хууль тогтоомжид байхгүй.

Иймд Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 391 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 8 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Засгийн газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.М, Г.Б, Д.Д******* нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “*******ны нөөцөд үр дүнтэй менежмент хийх, бохирдол, хомсдлоос хамгаалах, зохистой ашиглах, хүн амыг эрүүл ахуйн шаардлагад нийцсэн усаар хангах нөхцөлийг бүрдүүлэхэд ус хангамжийн эх үүсвэр, түүний дотор толгойн барилга байгууламж, усан сан, боомтын найдвартай ажиллагаа, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, хамгаалалтыг төрөөс ханган ажиллах зайлшгүй шаардлагатай байдаг бөгөөд *******ны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7-д “Хүн амын төвлөрсөн ус хангамж, ариутгах татуурга, усны нөөцөд тохируулга хийх, хуваарилах зориулалт бүхий толгойн барилга байгууламж төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагын өмчлөлд байна.” гэж хуульчлан зохицуулсан. Энэхүү зохицуулалтыг хэрэгжүүлэх бэлтгэл ажлыг хангах зорилгоор *******ны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Засгийн газрын 2013 оны 9 дүгээр сарын 28 ны өдрийн хуралдааны тэмдэглэлийг үндэслэн Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны А/273 дугаар тушаалаар Улсын төсвийн хөрөнгөөр болон бусад санхүүжилттэйгээр баригдсан усны барилга байгууламжуудын байршил, хүчин чадал техникийн үзүүлэлт, ашиглалтын нэгдсэн тоо  бүртгэл,  үзлэг,  тооллого  явуулах  ажлыг  2 үе  шаттайгаар зохион байгуулахыг 

 

“М******* *******” ТӨҮГ-ын захиралд, шаардлагатай хүн хүч, техник хэрэгсэл, мэдээллээр хангаж оролцохыг Байгаль орчны газар, Сав газар, Тусгай хамгаалалтын газрын дарга нарт үүрэг болгосон байна.

“М******* *******” ТӨҮГ-аас томилогдсон ажлын хэсгийн дүгнэлтэд Увс аймгийн Баруунтурууны услалтын барилга байгууламж нь 1986 онд улсын төсвийн хөрөнгөөр баригдсан, 2000 га талбай нь Увс аймгийн “У”, “******* *******" ХХК-ийн эзэмшилд, үлдсэн 2000 га талбай нь орон нутгийн иргэдийн эзэмшилд байгаа болохыг дурдсан байна.

Энэхүү үзлэг тооллогын нэг гол зорилго нь дээрх хуулийн заалтыг хэрэгжүүлэх хүрээнд улсын төсвийн хөрөнгөөр баригдсан усны барилга байгууламж түүний дотор толгойн барилга байгууламжийн ашиглалтын байдлыг тодорхой болгож цаашид төрийн хяналтанд байлгах, улмаар Засгийн газрын 2013 оны 391 дүгээр тогтоолыг боловсруулах үндэслэл болсон юм.

*******ны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.6.-д “Зохих зөвшөөрлийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын өөрийн хөрөнгөөр барьж байгуулсан, сэргээн засварласан усны барилга байгууламж нь тэдгээрийн өмчлөлд байж болох бөгөөд харин усны нөөц нь нийтийн ашиглалтад байна” гэж заасан байдаг.

Төрийн өмчийн хорооны 1998 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 361 дүгээр тогтоолоор Увс аймгийн “У” хувьцаат компанийн төрийн мэдлийн 51 хувийн хувьцааг битүүмжилсэн дуудлагын худалдаагаар худалдахаар шийдвэрлэж, 1998 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 739 дүгээр тогтоолоор дуудлагын худалдааны ялагчид өмчлөгчийн эрхийг шилжүүлсэн байна. Өөрөөр хэлбэл Төрийн өмчийн хорооны дээрх тогтоолоор тусгайлан эд хөрөнгийн өмчлөх эрхийг шилжүүлээгүй, харин хувьцааны өмчлөх эрхийг шилжүүлсэн байна.

Иймд Засгийн газрын 2013 оны 391 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 8-д заасан Баруунтурууны услалтын систем нь нэхэмжлэгч "У” ХК-ийн хөрөнгөөр баригдсан эсэх, өмчлөлд нь байдаг эсэх, улсын бүртгэлд бүртгэлтэй эсэхийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д заасны дагуу шүүх судлан тогтоож, хуулийн хүрээнд шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“У” ХК-иас М******* Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан “Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 391 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 8 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Төрийн өмчийн хорооны 1998 оны 361 дүгээр тогтоолоор  “У” ХК-ийн нийт хувьцааны 51 хувь буюу 249523 ширхэг хувьцааг битүүмжилсэн дуудлага худалдаагаар худалдахаар шийдвэрлэснийг үндэслэн дээрх хувьцааны үнийн хуульд заасан хугацаанд бүрэн төлсөн тул мөн оны 739 дүгээр тогтоолоор “У” ХК-ийн дээр дурдсан хувьцааг өмчлөх эрхийг Б.С*******, М.Б*******, Б.Б нарын иргэдэд шилжүүлэн олгосон байна. 

Ийнхүү тус компанийн хувьцаа шилжүүлэх үед “У” ХК-ийн өмчид услалтын системийн толгойн барилга бүртгэлтэй байсан бөгөөд уг барилга, төв шугам, услалтын системийн далд монтаж зэргийг үл  хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлд 2004 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр бүртгүүлж, 0******* дугаар гэрчилгээ авчээ.

Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын 2013 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн А-296 дугаар тушаалаар  Улсын хэмжээнд усны мэдээллийн сан бүрдүүлэх зорилгоор улсын төсвийн хөрөнгөөр болон бусад санхүүжилтээр баригдсан усны барилга байгууламжуудын байршил, хүчин чадал, техникийн үзүүлэлтийн нэгдсэн тоо бүртгэл, үзлэг, тооллого, явуулах ажлыг зохион байгуулахыг “М******* *******” ТӨҮГ-т үүрэг болгосны дагуу “*******ны барилга байгууламжийн нэгдсэн үзлэг, тоо бүртгэл явуулсан ажлын тайлан”-д Баруунтурууны услалтын систем багтсан байна.  

М******* Улсын Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 391 дүгээр тогтоолоор Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3/, 30 дугаар зүйлийн 2, *******ны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.7  дахь хэсгийг тус тус удирдлага болгон орон нутгийн өмчлөлд байгаа улсын төсвийн хөрөнгөөр баригдсан усны нөөцөд тохируулга хийх, хуваарилах зориулалт бүхий услалтын системийн барилга байгууламжуудыг 2 дугаар хавсралтаар “М******* *******” төрийн өмчит үйлдвэрийн газрын балансад шилжүүлэх асуудлыг орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөн шийдвэрлэхийг Төрийн өмчийн хороонд зөвлөжээ. 

Гэтэл уг тогтоолд хувийн өмч болох “У” ХК-ийн өмчлөлд бүртгэлтэй Увс аймгийн Баруунтуруун сумын Баруунтурууны услалтын систем багтсан нь Үндсэн хуулийн Тавдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална.”, 3 дахь хэсэгт “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно.”, Арван зургадугаар зүйлийн 3/-д “хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, өв залгамжлуулах эрхтэй. Хувийн өмчийг хууль бусаар хураах, дайчлан авахыг хориглоно. Төр, түүний эрх бүхий байгууллага нь нийгмийн зайлшгүй хэрэгцээг үндэслэн хувийн өмчийн эд хөрөнгийг дайчлан авбал нөхөх олговор, үнийг төлнө;” гэж заасан өмчлөгчийн эрхийг зөрчиж байна. 

Мөн Засгийн газрын 2013 оны 391 дүгээр тогтоолд үндэслэсэн Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн заалтууд нь төрийн өмчийн талаарх Засгийн газрын бүрэн эрхийн заалтууд бөгөөд уг хуулийн заалтаар хувийн өмчийн асуудлыг шийдвэрлэснийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй;” гэж зааснаар илт хууль бус болохыг тогтоох нь зүйтэй гэж үзлээ. 

Харин *******ны тухай /1995 оны/ хуулийн 23 дугаар зүйлийн 2, *******ны тухай /2004 оны/ хуулийн 36 дугаар зүйлийн 36.7, *******ны тухай /2012 оны/ хуулийн 32 дугаар зүйлийн 32.7 дахь хэсгүүдэд тус тус заасан хүн амын төвлөрсөн ус хангамж, ариутгах татуурга, усны нөөцөд тохируулга хийх, хуваарилах зориулалт бүхий толгойн барилга байгууламж төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой байгууллагын өмчлөлд байх заалт зөрчигдсөн гэж үзэж байгаа бол энэ талаар хуульд заасан журмын дагуу шийдвэрлэх эрх нь нээлттэй болохыг дурдах нь зүйтэй. 

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.2, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 3/, 30 дугаар зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “У” ХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Засгийн газрын 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 391 дүгээр тогтоолын 2 дугаар хавсралтын 8 дахь заалтыг илт хууль бус болохыг тогтоосугай.

2. Захиргааны  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн  47  дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/  гаргуулж, нэхэмжлэгч “У” ХК-д олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Н.ДАМДИНСҮРЭН