Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2021/0163

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  М.Б-ын гомдолтой захиргааны

хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гантогтох, гомдол гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, М.Б-ын гомдолтой, Монгол Алтай нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны Ногооннуур сум дахь байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 10 дугаар шийдвэрээр:Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан гомдол гаргагч М.Б-ын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Монгол Алтайн нурууны тусгай хамгаалалттай газрын захиргааны Ногооннуур сум дахь байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 0179607 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дүгээр заалт болон үндэслэх хэсгийн зарим хэсгийг эсэргүүцэж байна. Анхан шатны шүүх гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг хангаж шийдвэрлэсэн боловч шийдвэр гаргахдаа хариуцагчийг дэмжиж, гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг улам дордуулан хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэнд гомдолтой байна.

Анхан шатны шүүх нь гомдол гаргагч М.Б-тад Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгийн шийтгэл ногдуулахдаа гомдол гаргагчийн үйлдсэн зөрчилд ногдуулсан шийтгэл тохироогүй, гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж дүгнэжээ. Дараа нь М.Б-тад хаваржааны хашаа байшин барихдаа зохих зөввшөөрөлгүй барьсан тул Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1.1-д заасан, эсхүл 1.2 дахь хэсэгт зааснаар 3,000,000 төгрөгийн шийтгэл ногдуулах ёстой байжээ гэж эрх зүйн байдлыг дордуулсан. Харин шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохдоо хэрэглэсэн Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт заасан “Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол нөхөн төлбөрийн хэмжээг тогтооно” гэж заасан байх тул мөн хуулийн 7.17 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд холбож тайлбарлах байсан. Учир нь энэ заалтад мөн хохирлыг тогтоон нөхөн төлбөрийг гаргуулахаар шаардсан байдаг.

Анхан шатны шүүх Зөрчлийн тухай хуулийн 1.5 дугаар зүйлийг зөв тайлбарлаж хэрэглээгүй. Зөрчил үйлдсэн хөөн хэлэлцэх хугацааг энэ хуулиар зохицуулсан байсан мөртлөө зөрчлийн үйлдлийн цаг хугацаа, үр дагаврын хувьд үргэлжилсэн, байнгын давтагдах шинжтэй тул үйлдэгдэж дуусаагүй, таслан зогсоогоогүй мэтээр хууль бусаар дүгнэжээ. Зөрчлийн тухай хуулийн энэ зүйл заалтад хөөн хэлэлцэх хугацаа тасалдах, үргэлжлэх, давтагдах талаар энэ хуулиар зохицуулсан зүйл заалт байхгүй юм. Бараг л шүүгч М.Б нь гэмт хэрэг үйлдсэн мэтээр ойлгож, энэ зөрчилд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хамааруулахгүйгээр хэзээ ч шийтгэл ногдуулж болох талаар дүгнэж хариуцагчийг дэмжиж гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулан дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй. Түүнээс гадна анхан шатны шүүх Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.3 дахь хэсгийг буруу хэрэглэн тайлбарласан. Улсын тусгай хамгаалалтын газар нутгийг хариуцсан улсын байцаагчийн эрх үүргийг Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 31 дүгээр зүйлд тодорхойлон тусгайлан заагаад өгсөн байгаа. Харин учруулсан хохирол нөхөн төлбөрийг гаргуулах талаар хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу Монгол Улсын ерөнхий прокурорын 2017 оны “Журам батлах тухай” А/75 дугаар тушаалаар баталж өгсөн болохоор энэ хуулийг шийдвэрийн үндэслэл болгосон нь үндэслэл муутай байна. Дашрамд дурдахад анхан шатны шүүхийн шүүгч гомдол гаргагчийг баярлуулан шаардлагыг хангасан дүр эсгэж, шийдвэрийн үндэслэх хэсгээр бараг шахуу гомдол гаргагч М.Б дахин хүндрүүлсэн зүйл заалтаар шийтгэл хүлээлгэж болох тухай хууль эрх зүйн байдлыг зааварчилж, зөвлөсөн байдалтай буруу дүгнэлт хийж, шийтгэлийн хуудсыг хүчингүй болгоход зөвхөн Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 1.2 дахь хэсгийг баримтлан хэрэглэсэн нь буруу гэж үзээд хүлээн зөвшөөрөхгүй байна.

Гомдол гаргагчаас шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасан болохоос ногдуулсан шийтгэл нь хөнгөдсөн байна гэж гомдол гаргаагүй гэдгийг давж заалдах шатны шүүх анхаарна уу. Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх хэсэгт өөрчлөлт оруулж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх Зөрчлийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн буюу хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргаж чадаагүй гэж дүгнэж байна.

Анхан шатны шүүх нь нэхэмжлэгч М.Б-тын гаргасан зөрчил нь тогтоогдсон, зөрчил хянан шалгах ажиллагаа хууль ёсны дагуу явагдсан, зөрчлийн хөөн хэлэлцэх хугацаа өнгөөрөөгүй гэсэн хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэн боловч М.Б-ын гаргасан зөрчилд байгаль хамгаалагч нь Зөрчлийн тухай хуулийн 7.17.2 дахь хэсэгт зааснаар шийтгэвэр оногдуулсан нь буруутай гэж үзэж байгааг зөвшөөрөхгүй байна. Учир нь Зөрчлийн тухай хуульд улсын тусгай хамгаалалттай газруудад хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан тохиолдолд, мөн хуулийн 7.17.1-д “Тусгай хамгаалалттай газах нутагт захиргааны хэм хэмжээний акт, стандарт, дэглэм, горим зөрчсөн,  1.2 менежментийн төлөвлөгөөнд тусгагдаагүй үйл ажиллагаа явуулсан бол учруулсан хохирол, нөхөн төлбрерийг гаргуулж хүнийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гучин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно. Тусгай хамгаалалттай газар нутагт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн харицлага хүлээлгэрхгүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэж тус тус хуульчилсан байна.

Нэхэмжлэгч М.Б-ын зөрчил гаргасан обьект нь Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газар буюу Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Улаан чулуут багийн Сийлхэмийн нурууны “Бахлуур" байгалийн цогцолборт газрын хязгааралтын бүсэд хамаарагдаж байгаа талаар талууд маргахгүй байгаа юм. Ингэхээр байгаль хамгаалагч, байгаль орчны улсын байцаагч нь аливаа этгээд хяналт Тусгай хамгаалалттай газар нутгийн хуулиар хязгаарлалтын бүсэд хориглосон үйл ажиллагаа явуулсан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 7.17.1, 7.17.2 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулах эрхтэй.

Анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгт “...гэхдээ хариуцагчаас М.Б-ын энэ зөрчилд маргаан бүхий шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2-т заасан “Тусгай хамгаалалттай газар нутагт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол учруулсан хохирол, нөхөн төлбөрийг гаргуулж хүнийг таван зуун нэгжтэй хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэснийг үндэслэн шийтгэл ногдуулсан нь хууль бус, гомдол гаргагчийн үйлдсэн зөрчилд нь ногдуулсан шийтгэл нь тохироогүй, гомдол гаргагчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж шүүхээс дүгнэлээ” гэсэн нь учир дутагдалтай буюу хууль зүйн хувьд алдаатай дүгнэлт гэж үзэж байна.

Харин М.Б-ын гаргасан зөрчлийн шинж чанар, зөрчил гаргагчаас зөрчлөө хүлээн зөвшөөрсөн байдлаас хамаарч байгаль хамгаалагч, байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Х нь Зөрчлийн тухай хуулийн 7.17.1 дэхь хэсэгт заасан хүнд торгуулийн санкцтай зүйл ангийг хэрэглэхгүйгээр мөн хуулийн 7.17.2 дахь хэсэгт зааснаар шийтгэл оногдуулсан нь зөрчил гаргагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн асуудал ба өөрөөр хэлбэл байгаль орчны хяналтын улсын байцаагч нь зөрчил гаргагч М.Б-ын эрх зүйн байдлыг дордуулсан заалт буюу Зөрчлийн тухай хуулийн 7.17.1 дэхь заалтыг хэрэглээгүй гэж үзэж байна.

Нөгөө талаас зөрчил гаргагч М.Б нь зөрчил гаргасан талаар албан ёсны тайлбар өгч гарын үсэг зурсан, гаргасан зөрчил нь нотлогдсон, тэрээр шийтгэлийн 500,000  төгрөгийг  сайн  дурын үндсэн дээр  холбогдох улсын  төсөвт

 

тушаасан байдал зэрэг нь М.Б-ын гаргасан гэх зөрчилд оногдуулсан шийтгэл нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх уг зөрчилд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.5-т заасан “Зөрчлийн тухай хуульд хохирол төлүүлэх, нөхөн төлбөр гаргуулахаар заасан бол хохирол, нөхөн төлбөрийн хэмжээг тогтоох” гэсэн дүгнэлтийн хувьд М.Б нь байгалийн цогцолборт газарт байшин барьсан ба уг байшинд нүүж очоогүй, газарт мал бэлчээрүүлж байгаагүй учраас зөвхөн дан ганц байшин барьснаар хохирол, нөхөн төлбөрийг тогтоох, нөхөн төлүүлэх асуудал хөндөгдөхгүй гэдгийг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх нь М.Б-ын гаргасан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн 7.17.1. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 18 дугаар зүйл, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсгийг баримталсан нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Ер нь тусгай хамгаалалттай газарт аливаа этгээд Зөрчлийн тухай хуульд заасан хориглосон үйл ажиллагаа явуулсан тохиолдолд зөвхөн Зөрчлийн тухай хуулийн 7.17.1, 7.17.2 дахь хэсэгт зааснаар тухайн бүс нутгийг хариуцаж буй улсын байцаагч шийтгэвэр оногдуулахаар хуульчилсан байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй байна.

Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаартай шийдвэрийн хууль зүйн үндсийг хянан үзээд давж заалдах гомдлыг хүлээн авч, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгөхийг хүсэж байна.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтын талаар зөв дүгнээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Маргаан бүхий акт болох Монгол Алтай нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны Ногооннуур сум дахь байгаль орчны хяналтын улсын байцаагч А.Х-ын 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0179607 дугаар шийтгэлийн хуудсаар Монгол Алтай нурууны улсын тусгай хамгаалалттай газрын харьяа Ногооннуур сумын Улаанчулуут багийн Сийлхэмийн нурууны “Бахлуур”-ын байгалийн цогцолборт газарт дур мэдэн буюу ямар нэгэн байгууллагын шийдвэр, зөвшөөрөлгүйгээр малын хашаа, байшин барьсан” гэж Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгожээ.

Монгол Улсын Их Хурлын 2000 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” 29 дүгээр тогтоолоор Байгаль орчны тэнцлийг хадгалах, түүх, соёлын үнэт зүйлсийг хамгаалах, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд ач холбогдол бүхий зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авахаар тогтоож, “...Баян-Өлгий аймаг дахь ....Ногооннуур сумдын зарим газар нутгийг хамарсан Сийлхэмийн нурууг Байгалийн цогцолборт газрын...” гэж, Сийлхэмийн нуруу гээд цогцолборт газрын хилийн заагийг хавсралтаар баталсан бөгөөд тус тогтоолын хавсралтын 4 дэх хэсэгт Сийлхэмийн нурууны байгалийн цогцолборт газрын хилийн заагийг зааж өгсөн байна. Нөгөөтэйгүүр Байгаль орчны сайдын 2001 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн “Хилийн заагийг батлах тухай” 261 дүгээр тогтоолоор Сийлхэмийн нурууны байгалийн цогцолборт газрын орчны бүсийн хилийн заагийг хавсралтаар баталж өгсөн бөгөөд хавсралтын “А” хэсэг буюу онцгой бүсэд хамаарч байна.

Тусгай хамгаалалттай газрын нутгийн тухай хуулийн 13 дугаар зүйлд “Байгалийн унаган төрхөө харьцангуй хадгалсан, түүх, соёл, шинжлэх ухааны болон танин мэдэхүй, экологийн хүмүүжилд ач холбогдол бүхий улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийг байгалийн цогцолборт газар гэнэ” гэж, 14 дүгээр зүйлд “Байгалийн цогцолборт газрыг байгалийн хэв шинж, ургамал, амьтны аймгийн байршил, түүх, соёлын дурсгалыг нь хадгалах шаардлага, аялал, жуулчлал хөгжүүлэх нөхцөл зэргийг харгалзан дараахь бүсэд хуваана” гэж онцгой бүс, аялал, жуулчлалын бүс, хязгаарлалтын бүс гэж хуваасан байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, гомдол гаргагч М.Б-ын байшин, малын хашаа барьсан “Бахлуур” гэх газар нь Сийлхэмийн нурууны “Б” хэсгийн онцгой бүсэд хамаардаг, тухайн газарт гомдол гаргагч нь зохих зөвшөөрөлгүйгээр байшин малын хашаа барьсан болох нь тус тус тогтоогдож байх ба эрх бүхий албан тушаалтны оногдуулсан шийтгэл үндэслэлтэй.

Учир нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 18 дугаар зүйлд “Байгалийн цогцолборт газарт энэ хуулийн 15, 16, 17 дугаар зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно”, 1/ “энэ хуулийн 12 дугаар зүйлийн 1-8, 11-т заасан үйл ажиллагаа явуулах”, 2/ “онцгой бүсэд энэ хуулийн 12 дугаар зүйлийн 9, 10-т заасан үйл ажиллагаа явуулах”, 3/ “батлагдсан ерөнхий төлөвлөгөө, зураг төсвийг зөрчиж суурингийн нутаг дэвсгэрийг тэлэх, барилга байгууламж барих” гэж байгалийн цогцолборт газарт хориглох үйл ажиллагааг зааж өгсөн бөгөөд 11 дүгээр зүйлд хязгаарлалтын бүсийн дэглэмийг тогтоож, өгсөн хязгаарлалтын бүсэд байгаль орчинд нь сөрөг нөлөөгүй арга хэлбэрээр зохих зөвшөөрөлтэйгээр үйл ажиллагаа явуулахаар зааж, 12 дугаар зүйлд дархан цаазат газарт энэ хуулийн 10, 11 дүгээр зүйлд зааснаас өөр зориулалтаар дараахь үйл ажиллагаа явуулахыг хориглоно гээд 9 дэх хэсэгт “өвөлжөө, хаваржаа, намаржаа, зуслангийн барилга байгууламж барих, зохих зөвшөөрөлгүйгээр мал бэлчээрлүүлэх”-ыг хориглосон байна.

Дээрхээс үзвэл, гомдол гаргагч М.Б нь байгалийн цогцолборт газрын онцгой бүсэд ордог “Бахлуур” гэх газарт малын хашаа, байшин барьсан нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 9/ дэх хэсэгт заасныг зөрчсөн бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн “уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэхийн тулд намаржаа, хаваржааны байшин, малын хашаа хороог барих, мал бэлчээрлүүлэх зэрэг үйл ажиллагаа явуулахыг байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсэд хуулиар хориглоогүй” гэх дүгнэлт үндэслэлгүй байна.

Түүнчлэн гомдол гаргагч М.Б нь тухайн газарт уламжлалт аргаар мал аж ахуй эрхлэх зорилгоор байшин, хашаа хороо барьж газрыг ашиглахдаа Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 33 дугаар зүйлийн 1-д “Дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад тодорхой зориулалт, хугацаа, болзолтойгоор байгаль орчинд сөрөг нөлөөгүй арга, хэлбэрээр гэрээний үндсэн дээр ашиглуулж болно” гэж, 36 дугаар зүйлийн 1-д “Төрийн захиргааны төв байгууллага нь дархан цаазат газрын болон байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүс, байгалийн нөөц газар, дурсгалт газраас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар ашиглуулах тухай шийдвэрийг хамгаалалтын захиргаа болон сум, дүүргийн Засаг даргын саналыг үндэслэн гаргана” гэж, Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.8-д “Газар ашиглах тухай хүсэлт гаргах, түүнийг хянаж шийдвэрлэх, газар ашиглах гэрээний агуулгыг тогтоох, түүнийг байгуулахад...” хуульд заасан журмыг баримтална” гэж тус тус заасан бөгөөд зохих эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр, хууль зөрчиж, дур мэдэн байшин, хашаа хороо барьсан зөрчил гаргасан гэх хариуцагчийн хариу тайлбар үндэслэлтэй.

Маргааны үйл баримт, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл, гомдол гаргагч М.Б нь тусгай хамгаалалттай газар нутагт хуулиар хориглосон үйл ажиллагаа явуулсан нь тогтоогдсон тул маргаан бүхий шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулсан нь Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасантай нийцсэн гэж үзлээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 121.1.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 10 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 9/, 18 дугаар зүйлийн 2/, Зөрчлийн тухай хуулийн 7.17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан гомдол гаргагч М.Б-ын Монгол Алтай нурууны улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны Ногооннуур сум дахь байгаль орчны хяналтын улсын байцаагчид холбогдуулан гаргасан, “Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай” 0179607 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдлыг хангасугай. 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.2-т зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарласан гэсэн үндэслэлээр хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 5 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                                       Э.ЗОРИГТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                                       Б.ТУНГАЛАГСАЙХАН