Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 02 өдөр

Дугаар 100

 

“Хаан банк” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Ц.Ичинхорлоо, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/06433 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК,

Хариуцагч Б.Мөнхтүвшинд холбогдох,

 

Зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 87 856 567 төгрөг гаргуулах, фидуцийн гэрээний дагуу тээврийн хэрэгсэл гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Б.Мөнхтүвшингийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэбаатар,

Хариуцагч Б.Мөнхтүвшин,

Хариуцагчийн өмгөөлөгч С.Тунбаяр,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Байгалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Мөнхтүвшин нь 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ЗГ/584 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 200 000 000 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 18 сарын хугацаатай, LX570 суудлын автомашин худалан авах зориулалтаар зээлсэн бөгөөд зээлийн барьцаанд Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, 17/1 дүгээр байрны подвальд 01 байршилтай 67.2 м.кв талбайтай автозогсоол, Ү-2206008642, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баянгол хороолол, 408 дугаар байрны зоорийн давхарын 24 тоотод байршилтай 18 м.кв талбайтай автозогсоол Ү-2204036360, LX-570 суудлын автомашин саарал өнгөтэй, арлын дугаар JTJHY7AX2E4131878, NORTH BENZ тусгай зориулалттай миксер автомашин, арлын дугаар LBZF46B2AA059875, УНХ 76-54 зэрэг хөрөнгүүдийг барьцаалуулсан.

Зээлдэгч үндсэн зээлд 115 550 149 төгрөг, зээлийн хүүд 61 705 021 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 168 828 төгрөг, нийт 177 424 000 төгрөг төлсөн байна. Зээлдэгчтэй байгуулсан зээлийн гэрээ 2015 оны 10 дугаар сарын 03-ны өдөр дууссан бөгөөд 2014 оны 09 дүгээр сарын 29, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр тус тус зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулан зээлийн гэрээг 18 сараар сунгаж, зээлийн эргэн төлөх хуваарьт хугацаанд өөрчлөлт оруулсан боловч зээлдэгч 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрөөс хойш зээлийн төлбөрийг төлөөгүй, зээлдэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах хүсэлт тавьсан бөгөөд банк гэрээг цуцлахыг зөвшөөрч байгаа болно. Иймд банк шүүхэд 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн ЗГ/584 тоот зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл 84 449 850 төгрөг, зээлийн хүүгийн төлбөрт 3 351 155 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 35 262 төгрөг, нотариатын үйлчилгээний төлбөрт 20 300 төгрөг, нийт 87 856 567 төгрөг гаргуулах, зээлдэгч зээлийн төлбөрийг сайн дураар барагдуулаагүй тохиолдолд барьцаалуулсан барьцаа хөрөнгө, фидуцийн гэрээгээр шилжүүлсэн хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй байна.

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Б.Мөнхтүвшингээс зээлийн гэрээний төлбөрт 87 856 567 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-д олгож, хариуцагч үүргээ сайн дураар эс биелүүлвэл фидуцийн гэрээгээр “Хаан банк” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн арлын дугаар JTJHY7AX2E4131878 бүхий LX-570 суудлын автомашин, арлын дугаар LBZF46B2AA059875, УНХ 76-54 улсын дугаартай, NORTH BENZ тусгай зориулалттай миксер автомашиныг бодитоор гаргуулан нэхэмжлэгчид олгуулахыг хариуцагч Б.Мөнхтүвшинд даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас барьцаа хөрөнгөөр үүргийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 597 233 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээн, хариуцагч Б.Мөнхтүвшингээс 597 233 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Б.Мөнхтүвшин давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нь хариуцагчийг хүсэлтээ гаргаж өгсөөр байтал түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэжээ. Миний бие хууль, эрх зүйн мэдлэг дутмаг тул хуульч Ж.Нямбаярыг итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцуулахаар итгэмжлэлээ шүүхэд гаргаж өгсөн. Гэтэл Ж.Нямбаяр нь АНУ-д эмчлүүлэхээр яваад эзгүй байх хугацаанд уг хэргийг анхан шатны шүүх шийдвэрлэсэн байна. Миний бие шүүх хуралдаанд өөрийн эхнэрээр Ж.Нямбаярыг гадаадад байгаа тул шүүх хуралдааныг хойшлуулж өгөөч гэсэн хүсэлт явуулсаар байтал миний хүсэлтийг үл хэрэгсэн банкны талд шийдвэр гаргасан байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.2-т заасан зохигч тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчийн шүүх хуралд биечлэн оролцох эрхийг хангалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

            Нэхэмжлэгч “Хаан банк” ХХК хариуцагч Б.Мөнхтүвшинд холбогдуулан 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан барьцаат зээлийн гэрээний үүргийг зөрчсөн гэх үндэслэлээр зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрт 87 856 567 төгрөг гаргуулах, фидуцийн гэрээнд заасан тээврийн хэрэгсэл гаргуулах, барьцаа хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасантай холбоотой хариу тайлбар, татгалзлыг хариуцагч талаас ирүүлээгүй байна.

            Зохигчдын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ЗГ/584 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээнд 2014 оны 09 дүгээр сарын 29, 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хугацаа сунгах, зээлийн хүү болон эргэн төлөлтийн хуваарийг өөрчилсөн талаарх баримтыг нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан, уг баримтуудтай хариуцагч танилцсан боловч няцаасан тайлбар, баримтаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацааны дотор гаргаагүй болно.

Иймд шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд дүгнэлт хийж талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэг заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэснийг буруутгах боломжгүй юм./хх 7-9, 10,11/

            Мөн дээрх барьцаат зээлийн гэрээний дагуу 2014 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр барьцааны гэрээ байгуулж, зээлдэгч буюу хариуцагч Б.Мөнхтүвшингийн өмчлөлийн 67.2 м.кв, 18 м.кв тайлбай бүхий 2 автозогсоолыг барьцаалснаас гадна, мөн өдрийн фидуцийн гэрээгээр LX-570 суудлын автомашин, Northbenz тусгай зориулалтын миксер автомашиныг “Хаан банк” ХХК-ийн өмчлөлд шилжүүлсэн байна./хх 14-15, 16-17/

            Барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн зээлийн төлбөрөө хугацаандаа төлөхийг  нэхэмжлэгч “Хаан банк” ХХК-иас хариуцагчид хүргүүлсэн  мэдэгдлүүд, зээлийн төлбөрийн тооцоолол болон нэхэмжлэгчийн тайлбараар хариуцагч Б.Мөнхтүвшин гэрээний үүргээ зөрчсөн нь тогтоогдсон болно. /хх 18,19,20/

            Иймд нэхэмжлэгч “Хаан банк” ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч Б.Мөнхтүвшингээс зээлийн төлбөрт 87 856 567 төгрөгийг шаардах, уг үүргээ биелүүлээгүй тохиолдолд фидуцийн зүйлийг бодитоор шилжүүлэхийг шаардах болон барьцаа хөрөнгөөр хангуулахыг шаардах эрхтэй тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас зээлийн гэрээний үүрэг болох фидуцийн гэрээний зүйлийг гаргуулах тухай шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1,  235 дугаар зүйлийн 235.4 дэх хэсэгт нийцсэн байна.

            Харин зээлийн төлбөрийг үүрэг гүйцэтгэгч сайн дураар төлөөгүй тохиолдолд фидуцийн зүйлийг бодитойгоор гаргуулах нь барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхийг үгүйсгэх үндэслэл болохгүй.

Үүргийг гүйцэтгэх хугацаа болоход үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1 дэх хэсэгт зааснаар барьцааны зүйлийн үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардах эрхээ хэрэгжүүлэх үндэслэл буюу үүргийг хугацаандаа гүйцэтгээгүй, уг үүрэг дуусгавар болоогүй гэх нөхцөл, байдал хэргийн баримтаар тогтоогдсон байхад шүүх барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах  шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь буруу, түүнчлэн уг шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлд хамаарах хуулийн зохицуулалтыг баримтлаагүй нь алдаатай боловч энэ талаар нэхэмжлэгчийн зүгээс гомдол гаргаагүй тул талуудын мэтгэлцэх зарчмын үүднээс шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Түүнчлэн хариуцагч Б.Мөнхтүвшин нь өөрийг нь шүүхэд төлөөлөх бүрэн эрхийг Ж.Нямбаярт итгэмжлэлээр олгосноор шүүх нэхэмжлэлийг итгэмжлэгдсэн төлөөлөгчид гардуулан өгч,  эрх, үүргийг танилцуулсан тул хариуцагчийг төлөөлөх бүрэн эрх бүхий этгээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад саад болохгүй.

            Хариуцагч Б.Мөнхтүвшин 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн шүүх хуралдааныг хойшлуулахыг хүсэхдээ итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2016 оны 12 дугаар сарын 02-ныг хүртэл эзгүй байхыг дурдсанаас гадна үнэлэх боломжгүй баримтыг хүсэлтэд хавсаргасан тул шүүх хүсэлтийг хангахаас татгалзан, нэхэмжлэгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасанд нийцнэ.   /хх 25, 27,28, 35-37/

            Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/06433 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 597 233 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                    ШҮҮГЧИД                                           Ц.ИЧИНХОРЛОО

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ