Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 15 өдөр

Дугаар 001/ХТ2018/00960

 

“Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

          2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03720 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 533 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: “Б” ХХК

          Хариуцагч: “Г” ХХК-д холбогдох

          Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 35.945.565 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагчийн төлөөлөгч Д.Ц хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

     Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

  Нэхэмжлэгч нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б ХХК 2016-11-15-ны өдөр Г ХХК-тай Бараа материал нийлүүлэх 11/01 дүгээр гэрээ байгуулан нийт 114,387,710 төгрөгийн бараа материал нийлүүлж 90,424,000 төгрөгийн барааны төлбөр авсан. Үлдэгдэл төлбөрт 2017-02-10-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ 2017/02-01 тоот гэрээ байгуулсан. Хоёр талын нягтлан бодогч нар тооцооны үлдэгдлээ баталгаажуулсан бөгөөд энэхүү төлбөрийг өнөөдрийг хүртэл төлөөгүй манай компанийг хохироосоор байна. Төлбөр барагдуулах гэрээний 1.3-т заасны дагуу төлбөрөө хугацаандаа төлөөгүйн алдангийг хоног тутамд 0,5 хувь байхаар талууд харилцан тохиролцсон бөгөөд гэрээний уг заалт болон Иргэний хуулийн 232.4 дэх заалтыг тус тус үндэслэн тооцоход хугацаа хэтрүүлсний алданги нь 11,981,855 төгрөг болж байна. Иймд нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөр 23 963 710 төгрөг, алданги 11 981 855 төгрөг, нийт 35 945 565 төгрөгийг Г ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагч хариу тайлбартаа: 114 387 710 төгрөгийн бараа авсан. Үүнээс 90 424 000 төгрөг төлсөн. Улмаар үлдэгдэл төлбөрийг төлөхөөр тохирсныг төлж чадаагүй. Улмаар төлбөр барагдуулах гэрээ байгуулсан боловч нийлүүлсэн бараанаас доголдол гарч эхэлсэн. 60 гаруй айлаас гомдол ирсэн тул бид алданги төлөхөөс татгалзаж байгаа. Алдангитай гэрээ хийснээс хойш эрхийн доголдолтой болох нь тогтоогдсон. Оршин суугчид угаалтуур, суултуур, ванн нь хэрэглээ даахгүй байгаа тухай гомдол гаргасан гэжээ.

        Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03720 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар Г ХХК-иас 35 945 565 төгрөг гаргуулж, Б ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 337 678 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 337 678 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 533 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03720 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагчийн төлөөлөгч Д.Цэнд хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Бид “Б” ХХК-тай 2016 оны 11/01 тоот “Бараа материал нийлүүлэх гэрээ” байгуулж ванн, ванны сифон, угаалтуур, суултуур, угаалтуурын холигч, ванны шүршүүртэй холигч, обой, плинтус, залгаа, ам дарагч, цагаан хаалга, орцны төмөр хаалга, галын хаалга, плита, уян зэрэг материал худалдан авсан бөгөөд тус гэрээний дагуу “Б” ХХК-иас нийлүүлсэн ваннууд зэвэнд идэгдсэн, паалан нь ховхорсон, угаалтуур, суултуур нь хагарч, цуурсан зэрэг доголдлууд их хэмжээгээр илэрсэн. Одоогоор уг асуудлаар 100 гаруй айлаас гомдол ирж, худалдагч талаас чанаргүй, цаашлаад ямар ч баталгаагүй бараа материал нийлүүлсэн тул 2017-11-17-ны өдөр Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд сөрөг нэхэмжлэл гаргасан. Шүүх  хариуцагч сөрөг нэхэмжлэл гаргасан эсэх болон сөрөг нэхэмжлэлийн талаар огт дурдаагүй.  Шүүхийн шийдвэрийг уншаад сөрөг нэхэмжлэл гаргасан эсэх, шүүхээс хэрхэн, яаж шийдвэрлэсэн эсэхийг мэдэх боломжгүйгээс гадна шийдвэрийн тогтоох хэсэгт багтах агуулгыг хуульчилсаар байхад сөрөг нэхэмжлэлийн талаар шүүхийн шийдвэртээ тусгаагүй  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Бидний зүгээс уг сөрөг нэхэмжлэлийг хүлээн авч, хэргийн оролцогчдын хууль ёсны эрх ашгаа хамгаалах бололцоог тэгш хангана хэмээн найдаж байсан боловч тус шүүхийн 2017 оны 101/Ш332017/19793 дугаар шүүгчийн захирамжаар дараах үндэслэлээр хүлээн авахаас татгалзсан. Захирамжид сөрөг нэхэмжлэлийн нэхэмжлэгч болон хариуцагч нар нь хэргийн оролцогч биш байна гэжээ.  Компанийн тухай хуулийн 83.8-д “гүйцэтгэх удирдлага нь …гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна.” гэж заасныг үндэслэн байгууллагынхаа албан ёсны хэвлэмэл хуудсан дээр сөрөг нэхэмжлэлд компанийн гүйцэтгэх удирдлагуудын нэрийг нь оруулахаас гадна “Б” ХХК-ийн зүгээс “Г” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу нэхэмжлэл гаргасантай холбоотойгоор манай байгууллагын хувьд ч тус нэхэмжлэлтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргасан байдаг. Үүнээс үзэхэд нэхэмжлэгч болон хариуцагч тал нь аж ахуйн нэгж гэдэг нь илэрхий байна. Гэтэл нэхэмжлэлийн агуулгыг үл харгалзан зөвхөн хэлбэрийг авч үзсэн.  Түүнчлэн сөрөг нэхэмжлэлийг тодорхойгүй, ямар үр дагавар шаардаж буй нь тодорхойгүй гэсэн. Нийлүүлэгч байгууллагаас худалдан авсан ванн болон бусад бүх бараа материалууд нь Монгол улсад мөрдөгдөж буй чанар, стандартын шаардлага хангаж байгаа эсэхийг тогтоолгох хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой юм. Өөрөөр хэлбэл, эрүүл ахуй, чанар, стандартын шаардлага хангахгүй байгаа тохиолдолд Иргэний хуульд заасны дагуу гэрээ байгуулагч талууд гэрээ цуцлах, нийлүүлэгч талын зүгээс шаардлага хангасан бараа материалаар сольж өгөх, цаашлаад “Б” ХХК үйлдвэрлэгч байгууллагатайгаа уг асуудлыг шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн талаар дүгнэлт хийхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн. Манай компанийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсанаар тус нэхэмжлэлд хавсаргасан доголдолтой бараа материалын зураг, шинжээч томилж бараа материалын чанарын шаардлагыг тогтоох зэрэг хэргийг тал бүрээс нь үнэн зөв, бодитой шийдвэрлэх боломжгүй болсон. Өөрөөр хэлбэл, бараа материалын доголдлын талаар баримт гаргаж өгөх боломжийг цаг хугацааны хувьд олгохгүйгээр хэргийг хэт нэг талыг барьж, алдаатай шийдвэр гаргасан бөгөөд шүүхийн өмнө эрх тэгш байх болон мэтгэлцэх зарчим хангагдаагүй. Мөн “... Зохигчид 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр 2017/02-01 тоот төлбөр барагдуулах гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний 1.3-т “энэхүү хавсралтаар тохирсон хуваарийн дагуу захиалагч тал төлбөрөө төлөөгүй тохиолдолд нийлүүлсэн барааны үлдэгдэл төлбөрөөс хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувиар алданги тооцно” гэж тохиролцсоны дагуу нэхэмжлэгчийн шаардсанаар алдангид 11.981.855 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 232.4, 232.6 дахь хэсэгт заасантай нийцжээ... Хариуцагч нь нэхэмжлэгчид Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасны дагуу доголдлын талаар гомдлын шаардлага гаргасан баримтгүй тул алданги төлөх үндэслэлгүй гэх хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй болно...” гэжээ. Манай компанийн хувьд чанар, стандартын шаардлага хангахгүй бараа материалыг солиулах /буцаах/ асуудал үүссэн тул Иргэний хуулийн 254.1-д “Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн эд хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй” гэж заасны дагуу доголдолтой бараа материалаа сольж өгнө үү хэмээн удаа дараа албан бичиг хүргүүлэхээс гадна манай компанийн заслын инженер М.Отгонцэцэг тус компанийн дэлгүүр дээр биечлэн уулзаж, барааны доголдлын талаар арга хэмжээ авч өгөхийг шаардаж байсан. Мөн хуулийн 243.1-д “Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан. Худалдагч талаас биет байдлын доголдолтой бараа бүтээгдэхүүн шилжүүлсээр байхад энэхүү хуулийг хэрэглээгүй. Бидний эцсийн зорилго хэргийг тал бүрээс нь шинжлэн судлуулж /гэрч асуулгах, үзлэг хийлгэх хүсэлт гаргах гэх мэт/ шударга ёсны зарчимд нийцүүлэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Өөрөөр хэлбэл, наад захын хэрэгцээ, шаардлага хангахгүй бараа материалын үндсэн төлбөрийг алдангийн хамт төлөх нөхцөл үүсээд байгаад гомдолтой байна. Иймд ...шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан болон давж заалдах шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        “Б” ХХК нь 2017 оны 08 дугаар сарын 01-ний өдөр “Г” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нийлүүлсэн барааны үлдэгдэл үнэ 23,963,710 төгрөг, алданги 11,981,855 төгрөг нийт 35,945,565 төгрөг шаарджээ.

       Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэн, нэхэмжлэлийг бүрэн хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

      Зохигч талууд 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр “Бараа материал нийлүүлэх” 11/01 дугаартай гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь өөрийн бараа материалыг нийлүүлэх, хариуцагч хүлээн авч үнийг төлөх үүрэг тус тус хүлээсэн байна.

      Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

      Хоёр шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхдээ Иргэний хуулийн 243 дугаар зүйлийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Гэрээ хүчин төгөлдөр байх тул гэрээнд заасан үүргийн биелэлтийг талуудын хэн аль нь шаардах эрхтэй юм.

      Нэхэмжлэгч 114,387,710 төгрөгийн бараа нийлүүлж, 90,424,000 төгрөг авсан нь тогтоогдсон ба үлдэгдэл үнэ 23,963,710 төгрөгийг шүүх хариуцагчаас гаргуулсан нь үндэслэл бүхий болжээ.

        Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ. Хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийнэ.

       Талууд 2017 оны 02 дугаар сарын 10-ны өдөр төлбөр барагдуулах тухай 2017/02-01 дугаартай гэрээ байгуулсан бөгөөд, уг гэрээгээр “...заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй бол хоног тутам 0,5 хувийн алданги төлөх...” гэж тохиролцжээ.

        Хариуцагч үндсэн үүргээс 23,963,710 төгрөг төлөөгүй тул нэхэмжлэгч алданги шаардсан нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1, 232.3-т нийцэж байна.

        Хоёр шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

        1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2017/03720 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 533 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай. 

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төлсөн 337.678 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ