Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 123

 

 

 

2020          02         05                                  2020/ШЦТ/123

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: Э.Оюунтунгалаг;

шүүгдэгч: Т.Б, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэхүү;

шүүгдэгч-хохирогч: Б.Ц, түүний өмгөөлөгч Ц.Алимаа, Д.Отгончимэг;

гэрч: Б.Нямхүү, Х.Баатарчулуун, Б.Баярсайхан, Х.Мөнхтулга;

хохирогч: Г.Батцагаан нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

     Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Б, Б.Ц нарт холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Дорнод аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Орос хэлний багш мэргэжилтэй, “А брэнд” гэрэл зургийн студид зурагчин ажилтай, ам бүл 4, эцэг, эх, эгчийн хамт    урьд ял шийтгэлгүй, Т.Б

2. Монгол Улсын иргэн, 1992 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, “Рич ричо” ХХК-нд холбооны инженер ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт   урьд ял шийтгэлгүй, Б.Ц

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Т.Б нь 2019 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сант-Асар” төвийн В1 давхрын караокед үйлчлүүлж байхдаа мөн караокед үйлчлүүлж байсан иргэн Б.Ц-той маргалдаж, улмаар түүнийг гараараа нүүрэн тус газарт нь цохиж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

         

          яллагдагч Б.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сант-Асар” төвийн В1 давхрын караокед үйлчлүүлж байхдаа мөн караокед үйлчлүүлж байсан иргэн Г.Батцагаантай маргалдаж, улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж, зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжпэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.Б мэдүүлэхдээ: “Би 2019 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө төрсөн өдрөө тэмдэглэх гээд найзуудтайгаа караокед орсон. Тухайн үед бид тамхи татах гэж гараад Б.Цийн найз Х.Баатарчулуунтай зөрөхдөө муудалцсан ч хоёр талаас найзууд гарч ирээд эв зүйгээ ололцоод хоёр тийшээ салсан. Тэгээд өрөө өрөөндөө орж байгаад Х.Мөнхтулгатай хамт тамхи татах гээд гарсан чинь энэ хэд өрөө рүүгээ татаж оруулаад зодож цохиод эхэлсэн. Би арай гэж тэр дундаас гараад Г.Батцагааныг үүднээс дуудаж, өрөө рүү нь ороход Б.Ц Г.Батцагааныг цохиод, Б.Баярсайхан намайг цохиж, өшиглөсөн. Араас Оюунбат, Х.Нямхүү хоёр орж ирээд бид нарыг салгасан. Тухайн үед Б.Ц нь Г.Батцагааныг цохихоор нь би зөрүүлээд цохичихсон юм” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч-хохирогч Б.Ц мэдүүлэхдээ: “...2019 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө “Сант-Асар” төвийн В1 давхрын караокед хоёр найзтайгаа төрсөн өдрөө тэмдэглэж байсан. Тухайн үед пиво захиалаад Х.Баатарчулуун пакаль авахаар гартал нэг залуу шүргэлцээд муудалцаж, тэр үедээ ойлголцоод салсан. Бид нар хэнийг ч өрөөндөө татаж оруулаагүй. Х.Баатарчулууныг өөр өрөө рүү түлхэж оруулсан байдаг. Бид гурав 12-13 хүний эсрэг зодолдож, бусдыг зодох ямар ч боломжгүй. Манай найз Х.Баатарчулуун нь тухайн караокений менежерээр ажилладаг учраас бид хоёр үйлчлүүлэхээр орсон байдаг. Би тухайн үед хэнд ч гар хүрээгүй. Караокений ном хараад сууж байтал гэнэт хүн орж ирээд өшиглөсөн, буцааж цохих боломж байгаагүй, толгойгоо хамгаалаад доошоо хараад хэвтсэн.  Намайг олон хүн зодсон. Гэтэл ганцхан Т.Б байж байгаад гайхаж байна. Бусад хүмүүсийг шалгуулах талаар мөрдөгч болон прокурорт хүсэлт гаргасан боловч хүлээн авч хэлэлцээгүй. Уг хүсэлтийн хариуг хэргийг шүүхэд шилжих өдөр авсан. Хууль эрх зүйн мэдлэг дутмаг учраас дээд шатны прокурорт гомдол гаргаж чадаагүй. Би маш их бухимдаж байна. Эмчилгээний зардал нэхэмжилж байна. Мөнгө төгрөгөөс илүү энэ асуудлыг хурдан шийдвэрлэхийг хүсэж байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г.Батцагаан мэдүүлэхдээ: “Би 2019 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө найзуудтайгаа караокед орсон. Би найзууд дундаасаа согтолт багатай нь байсан. Би үүдэнд муудалцах үед байгаагүй. Дараа нь “нөгөө өрөөнд Мөнхтулгыг аваад орчихсон” гэхээр нь араас нь ортол Б.Ц хамар руу нэг цохисон. Тухайн караокений менежерт нь хэлээд цагдаа дуудуулсан. Удалгүй Оюунбат, Г.Нямхүү хоёр орж ирээд салгасан. Тухайн өрөөнд ороход манай найз Х.Мөнхтулга, Т.Б, Б.Ц 2 найзтайгаа байсан. Гэмтлийн эмнэлэг дээр очиж хамартаа оёдол тавиулсан. Мөнгөний боломжгүй байсан учраас томографид харуулж чадаагүй. Маргааш нь 1 дүгээр эмнэлэг орж хамраа татуулсан. Эмчилгээ хийлгэсэн баримтуудаа авч чадаагүй. Тэр үед 7 хоног ажилдаа яваагүй бөгөөд ажлаасаа гарсан байгаа. Цаашдаа хамраа бүрэн эмчлүүлмээр байна. Хэдэн төгрөгийн зардал гарахыг мэдэхгүй байна гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Х.Баатарчулуун мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр Б.Ц-н төрсөн өдөр байсан. Манай хоёр найз миний ажил дээр ирээд В1 давхрын караокед өрөө аваад хоёр, хоёр пиво захиалаад ууж байсан. Намайг коридорт явж байхад энэ гурван залуутай таарахад өдөж хоргоогоод байсан. Тэгээд хажуугийн өрөө рүү түлхэж оруулсан. Манай хоёр найз салгаад буцаж өрөөндөө орсон. Манай өрөөнд эхлээд гурван залуу орж ирсэн. Нэг нь надтай юм яриад байж байхад нөгөө нь Б.Циийг өшиглөсөн. Б.Ц тухайн үед хамгийн захад сууж байсан. Б.Ц доошоо хараад хэвтсэн байдалтай байсан. Удалгүй араас 8-9 үүлээ орж ирээд зодож цохисон. Хохирогч гэх залуу гаднаас орж ирээд “та нар намайг ийм болгочихлоо” гээд байхаар нь хүн андуурсныг нь мэдсэн. Тэгээд бид гурав “та нар хүн андуурсан байна” гэдгийг тайлбарлаж хэлсэн боловч ойлгоогүй. Гаднаас орж ирэхдээ цус нөж болчихсон хамар нь муруйсан байсан. Бид гурав янз бүрийн үйлдэл гаргаагүй. Караокены зөөгч залуу цагдаа дуудсан. Б.Цийн биед хэн гэмтэл учруулсныг тодорхой хараагүй. Би саарал ноолууран цамц, дотуур нь срочиктой, хар өмдтэй байсан.  Б.Ц ногоон цамц, саарал өмдтэй байсан. Б.Баярсайхан хар өнгийн өмдтэй байсан гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Баярсайхан мэдүүлэхдээ: “...Тухайн үед Б.Ц, Х.Баатарчулуун гэх хоёр найзтайгаа “Сант-Асар” төвийн В1 давхарт байрлах караокед өрөө аваад үйлчлүүлж байсан. Хоёр, хоёр пиво захиалаад пакаль ирээгүй учраас Х.Баатарчулуун авчрахаар гарахад нь эдгээр залуучууд замд өдөж хоргоогоод урд талын өрөө рүү түлхэж оруулаад маргаан үүссэн. Б.Ц бид хоёр орж салгаад буцаж өрөөндөө ороод суусан. Бид нарыг өөр хүмүүстэй андуураад байна гэж зөндөө хэлсэн. Удалгүй араас олуулаа орж ирээд бид гурвыг зодсон. Тэгээд хэсэг хугацааны дараа цагдаа ирсэн. Цагдаа ирэхэд Б.Ц бид хоёр шалан дээр хэвтсэн байдалтай байсан. Эхлээд Б.Цийг өшиглөсөн, 7-8 хүн байх шиг байсан. Миний биед зөөлөн эдийн гэмтэл учирсан.  Бид гуравт хүн цохиж, зодох тийм боломж байгаагүй. Б.Цийг хэн зодсоныг сайн анзаараагүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Х.Мөнхтулга мэдүүлэхдээ: “...Тухайн үед Б.Ц, Х.Баатарчулуун, Б.Баярсайхан нараас өөр хүмүүстэй зодоон хийж, маргалдсан зүйл байхгүй. Караокед бид нараас өөр хүмүүс үйлчлүүлж байсан талаар сайн санахгүй байна.  Т.Б бид хоёр тамхилахаар гарч явахад өрөө рүүгээ татаж оруулаад зодсон. “Бацаануудад зодуулах болоогүй, найзуудыгаа дууд” гээд Т.Болор-Эрдэнийг явуулаад намайг өрөөндөө авч үлдсэн.  Зодоонд Т.Б бид хоёр оролцсон. Бусад нь салгахаар орж ирсэн. Өрөө рүү таван хүн орсон.  Бид хоёрт зодолдохгүйгээр өөрсдийгөө хамгаалах боломж байгаагүй.  Зодоон эхлэх үед өрөөнд таван хүн байсан.  Миний шанаа руу цохихоор нь доошоо тонгойгоод суусан.  Намайг намхан залуу нь цохисон. Одоо энд байхгүй байна.  Тухайн өрөө рүү Т.Б бид хоёр эхэлж орсон. Т.Б буцаж гараад Г.Батцагаантай орж ирсэн. Надад гомдол санал байхгүй. Г.Батцагааныг хэн цохисоныг анзаараагүй. Гаднаас орохдоо хамар нь зүгээр байсан” гэв.    

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Б.Нямхүү мэдүүлэхдээ: “...Хажуу өрөөнд зодоон болоод байна гэхээр нь ортол Б.Баярсайхан болон нүдний шилтэй хоёр залуу зогсож байсан. Г.Батцагааны хамар нь язарчихсан, далийсан байдалтай байсан. Т.Б Б.Цийн дор нь орсон зодуулж байхаар нь Б.Цийг түлхээд Т.Болор-Эрдэнийг татаж босгосон. Тэгээд 2 минут орчмын дараа цагдаа ирсэн.  Тухайн үед бид нар 7-8-уулаа байсан. Эхлээд Т.Б, Х.Мөнхтулга араас нь А.Оюунбат бид хоёр орсон.  А.Оюунбат бид хоёр Б.Цийг салгахдаа зодсон асуудал байхгүй. Үнэнбаяр нь Т.Б-н найз охин гэв. 

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч хохирогч Г.Батцагаан /хх-ийн 5, 8-9/, хохирогч Б.Ц /хх-ийн 6, 11/, гэрч Б.Баярсайхан /хх-ийн 12/, гэрч Х.Баатарчулуун /хх-ийн 13/, гэрч Х.Мөнхтулга /хх-ийн 15/, гэрч Б.Нямхүү /хх-ийн 16/, гэрч А.Оюунбат /хх-ийн 17/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгий шинжээчийн 12150 дугаар /хх-ийн 19/, 12151 дугаар /хх-ийн 21/ дүгнэлтүүд, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-29/,  эд мөрийн баримтаар тооцох тогтоол /хх-ийн 31/, бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 34/, Б.Ц-ийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 43-44/, Т.Б-н яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 45-47/, Б.Ц-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 52-54, 63/, Т.Б-н хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 60-62, 64/, шүүхийн хэлэлцүүлэгт Б.Ц-ийн гаргаж өгсөн эрүүл мэндийн байдалтай холбоотой баримтууд болон хохирлын баримтууд хзэрэг  болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Т.Б нь 2019 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах  “Сант-Асар” төвийн В1 давхрын караокед үйлчлүүлж байхдаа өөр хоорондын таарамжгүй харьцааны улмаас тус караокед үйлчлүүлж байсан иргэн Б.Цийг зодож, түүнийг эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч Б.Ц нь 2019 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулах  “Сант-Асар” төвийн В1 давхрын караокед үйлчлүүлж байхдаа өөр хоорондын таарамжгүй харьцааны улмаас тус караокед үйлчлүүлж байсан иргэн Г.Батцагааныг зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Г.Батцагааны /хх-ийн 8-9/: “...Би тухайн үед найз Батмөнх, А.Оюунбат нартай тамхи татах гээд гарсан. Гадаа байж байтал Т.Б “Х.Мөнхтулгыг бариад авчихлаа” гэж хэлэхээр нь гайхаад караокены хамгийн наад талын өрөө рүү ороход Х.Мөнхтулга, Т.Б хоёр өрөөнд байсан 3 залуутай зодолдож байсан. Өрөө рүү ороход ногоон цамцтай, махлагдуу биетэй залуу миний хамар хэсэг рүү гараараа цохисон. Би арагшаа буйдан дээр унасан. Тухайн өрөөний шилэн хананд хамраа харсан чинь далийсан байсан. ...Т.Б үсээ гурвалжин самнасан хүнтэй зодолдож байсан. ...Б.Нямхүү, А.Оюунбаттай орж ирээд Т.Б, Х.Мөнхтулга нарыг салгасан. ...Зодоон болсны дараа миний араас А.Оюунбат, Б.Нямхүү, Номио, Ариука нар орж ирсэн. Тэд нар зодоонд оролцоогүй. Нөгөө залуучуудын нүдний шилтэй, сахалтай залуу нь зодоонд оролцоогүй. ...ногоон өнгийн цамцтай, махлагдуу биетэй залуу баруун гараараа миний хамар руу цохиж гэмтэл учруулсан...” гэх мэдүүлгээр,

 

таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 25-29/,

 

гэрч Х.Мөнхтулгын /хх-ийн 15/: “... Би “Сант Асар” төвийн В1 давхарт байрлах караокед А.Оюунбат, Батмөнх, Г.Батцагаан, Т.Б, Б.Нямхүү, Номин-Эрдэнэ, Үнэнбаяр нарын хамт орж үйлчлүүлсэн. Караокены өрөөнөөс тамхи татах гээд гарсан. Үл таних, сахалтай залуу Т.Б бид 2-ыг нэг өрөө рүү татаж оруулаад цохисон. Т.Б гарч яваад манай найз нарыг дагуулж орж ирээд нөгөө үл таних залуу бид 2-ыг салгасан. Г.Батцагаан нэг залуутай уначихсан байсан. Би Г.Батцагааныг салгаад өрөөнөөс аваад гарсан. Өөрсдийнхөө өрөө рүү явсан. Өрөөнд ороход Батмөнх найз охинтойгоо байсан. Би “эндээ байж бай, өрөөнөөсөө битгий гараарай” гэж хэлчихээд нөгөө хэд рүү очиход удалгүй цагдаа нар ирсэн. Миний тохой бага зэрэг улайсан,  баруун  гарын  шуу хэсэгт маажсан байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. ...Би тэнд байсан хүмүүсийг цохиж зодсон асуудал байхгүй” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Нямхүүгийн /хх-ийн 16/: “... “Сант-Асар” төвийн В1 давхарт байрлах

караокед найз А.Оюунбат, Батмөнх, Г.Батцагаан, Т.Б, Б.Нямхүү, Номин-Эрдэнэ, Үнэнбаяр, Ариука нарын хамт орж үйлчлүүлсэн. Т.Б, Г.Батцагаан, Х.Мөнхтулга нар тамхи татах гээд гарсан. Өрөөнд А.Оюунбат, Номин-Эрдэнэ, Үнэнбаяр, Ариука бид нар сууж байхад “хажуу талын өрөөнд нөгөө хэд чинь зодолдоод байна” гээд Номин-Эрдэнэ хэлсэн. А.Оюунбат бид 2 тэр өрөө рүү яваад ортол Г.Батцагааны хамраас цус гарчихсан байсан. Цаад талд нь Т.Б нэг залуутай зууралдаад байж байсан. Тэд нарыг А.Оюунбат бид 2 салгаад байж байхад цагдаа нар ирсэн. ...Би маргаанд огт оролцоогүй. ...тэр өрөөнд ороход Т.Б, Г.Батцагаан, Х.Мөнхтулга нар танихгүй гурван залуутай байсан. Тэр танихгүй хүмүүсийн өрөөнд А.Оюунбат бид 2-ыг орсноос хойш Номин-Эрдэнэ, Үнэнбаяр, Ариука нар орж ирсэн харагдсан...” гэх мэдүүлгээр,

 

               гэрч А.Оюунбатын /хх-ийн 17/: “...Т.Б, Х.Мөнхтулга бид 3-ыг коридорт явж байхад үл таних нэг залуу Т.Бтэй тулж зогссон. Т.Б “зөрчих үү” гээд хэлэхэд нөгөө залуу “энүүгээр явмаар байна” гээд Т.Болор-Эрдэнийг түлхэхэд тухайн залуугийн 2 найз нь гарч ирээд нөгөө залууг аваад өрөө рүүгээ орсон. Бид хоёр найзыгаа аваад өрөө рүүгээ орсон. Тэгээд өрөөндөө сууж байтал манай найз нар гараад явсан. Гэнэт бахиралдах чимээ гарахаар нь өрөөнөөсөө гараад нөгөө танихгүй залуучуудын өрөө рүү ороход Т.Бтэй гурвалжин үстэй, хар өнгийн хувцастай залуу барьцалдаад авсан, цамцнаас нь доош нь дарчихсан байсан. Би өрөө рүү оронгуутаа тэр залууг тэврээд цааш нь түлхээд салгасан. Араас манай зарим найз орж ирсэн. Удалгүй цагдаа нар ирсэн. ...Би маргаанд огт оролцоогүй. ...Тэр өрөөнд Г.Батцагаан, Т.Б, Х.Мөнхтулга нар нөгөө танихгүй 3 залуутай хамт байсан. Г.Батцагааныг хэн цохисныг хараагүй” гэх мэдүүлгээр,

 

Г.Батцагааны биед “хамрын нуруунд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхинд цус хуралт” бүхий  гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №12150 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 19/,

 

Б.Цийн яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 43-44/: “...2019 оны 10 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө “Сант-Асар” төвийн В1 давхарт байрлах караокед найз Б.Баярсайхан, Х.Баатарчулуун нарын хамт орж үйлчлүүлсэн. 6 шил пиво захиалсан. Х.Баатарчулуун пивоны пакал авах гээд тек рүү явсан. Үүдэнд маргаан болоод байх шиг байхаар нь Б.Баярсайхантай гарахад Х.Баатарчулууныг хэдэн залуучууд нэг өрөө рүү чирээд орсон. Араас нь ороод “болиочээ” гээд салгасан. Салгаад өрөөндөө ороод байж байтал хэдэн залуучууд орж ирсэн. Намайг нэг залуу нь нүүр рүү өшиглөсөн. Би толгойгоо бариад доош тонгойсон. Удалгүй цагдаа нар ирсэн. Би Г.Батцагааны биед учирсан гэмтлүүдийг учруулаагүй. Тухайн үед маргалдаад нааш цаашаа болж байх явцад юу болсныг мэдэхгүй байна” гэх мэдүүлгээр,

 

хохирогч Б.Ц-ийн /хх-ийн 11/: “...2019 оны 10 угаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө “Сант Асар” төвд өөрийн найз Б.Баярсайхан, Х.Баатарчулуун нарын хамт үйлчлүүлсэн. ...Манай найз Х.Баатарчулуун пивоны пакал авах гээд гарахдаа үүдэнд хүнтэй маргасан юм шиг байхаар нь гараад очтол Х.Баатарчулууныг хэдэн залуучууд өрөө рүү чирээд орсон. ...араас нь ороод “боль” гээд салгасан. Салгаад өрөөн дотроо орж ирээд байж байтал удалгүй хэдэн залуучууд орж ирсэн. Нэг залуу нь миний нүүр рүү өшиглөсөн. Би толгойгоо бариад доошоо тонгойсон. Удалгүй цагдаа ирчихсэн байсан. ...би тухайн үед ногоон өнгийн цамц, ногоон өнгийн өмд, бор ботинктой байсан...” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Баярсайханы /хх-ийн 12/: “... “Сант Асар” төвийн В1 давхарт байрлах

караокед найз Б.Ц, Х.Баатарчулуун нарын хамт орж үйлчлүүлсэн. Х.Баатарчулуун захиалга өгөх гээд гарсан. Маргаан болоод байх шиг байхаар нь Б.Ц бид 2 гарахад 3-4 залуутай маргалдаж байсан. Тэдгээр залуучуудыг түлхээд нэг онгорхой өрөө рүү орсон байсан. Араас караокены зөөгч ирээд “энэ та нарын өрөө биш” гэж хэлэхээр нь өөрсдийнхөө сууж байсан өрөө рүү орсон. Тэгээд байж байтал өрөөнд 10 гаруй залуучууд орж ирээд шууд зодоод эхэлсэн. Араас нь 2 эмэгтэй орж ирээд тэдгээр залуучуудыг салгах гээд байсан. ...андуурч орсон өрөөнд зодоон болоогүй. ...би хар өмд, хар сорочкон цамц, бор савхитай явж байсан. Харин Б.Ц ногоон цамцтай явж байсан...” гэх мэдүүлгээр,

гэрч Х.Баатарчулууны /хх-ийн 13/: “... “Сант Асар” төвийн В1 давхарт байрлах караокед найз Б.Баярсайхан, Б.Ц нарын хамт орсон. Би текнээс 3 ширхэг пакал авъя гэж хэлээд өрөө рүү орох гэсэн нэг залуу өрөө рүү оруулахгүй байсан. Би “холд орьё” гэж хэлтэл араас намайг түлхээд өөр хүнгүй өрөө рүү авч орсон. Тэгээд манай хоёр найз ирээд салгасан. Өрөөндөө ороод сууж байтал араас 9-10 залуу орж ирээд шууд зодоод эхэлсэн. Хамгийн цаана сууж байсан Б.Цийг шууд өшиглөөд эхэлсэн. ...би тухайн үед цагаан өнгийн сорочкон цамцтай, бор өнгийн ноосон цамц, хар өнгийн өмдтэй явж байсан. ...би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй...” гэх мэдүүлэг,

 

Б.Цийн биед “тархи доргилт, зүүн хацарт шарх, зүүн зовхи, хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хүзүүнд цус хуралт, хуйхны зөөлөн эдийн няцрал” бүхий гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №12151 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 21/,

 

бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 34/,

 

Т.Б-н яллагдагчаар мэдүүлсэн /хх-ийн 47/: “... “Сант-Асар” төвийн В1 давхарт байрлах караокед найз А.Оюунбат, Батмөнх, Г.Батцагаан, Х.Мөнхтулга, Б.Нямхүү, Номин-Эрдэнэ, Ариука, Үнэнбаяр нарын хамт орж үйлчлүүлсэн. Би өөрийн найз Х.Мөнхтулгатай караокены өрөөнөөс гарч ирэхэд коридорт нэг залуутай мөргөлцөж гараад маргалдсан. Манай найз нар гарч ирээд салгасан. Тэгээд өрөө өрөөндөө орцгоосон. Манай найз нар тамхи татах гээд гарсан. Х.Мөнхтулга бид 2 араас нь гарахад маргалдсан залуу караокены өрөөндөө татаж оруулаад бид 2-г махлагдуу биетэй залуу нь цохисон. Би түлхэж гараад найзуудыгаа дуудаад тухайн залуучуудын өрөө рүү ороход Г.Батцагааныг нэг ногоон цамц өмссөн залуу нэг удаа цохихоор нь би зөрүүлээд махлагдуу биетэй ногоон цамцтайгын нүүр хэсэг рүү нь 2 удаа цохисон. ...тухайн үед цуг явж байсан 2 эмэгтэй орж ирээд салгасан...” гэх мэдүүлэг зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

           

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, ххорондын хэрүүл маргааны улмаас зодоон болсон, хохирогч нар өөрсдийг нь зодсон шууд заасан, маргаж, зодолдсон хүмүүс өөр хоорондоо маргалдан тэмцэлдсэн байдалтай байсныг болон барьцалдаж авсныг гэрч нар гэрчилж мэдүүлсэн, маргаан зодооны улмаас Б.Ц, Г.Батцагаан нар гэмтсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр тэдний эрүүл мэндэд хөнгөн хохирол (гэмтэл) учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

              Үйлдэлээсээ учирч болох хор уршгийг ухамсарлан ойлгож, учрах хор уршгийг урьдаас мэдсэн, улмаар уг хор уршигт зориуд хүргэсэн буюу хүнийг зодож хөнгөн гэмтээсэн Т.Б, Б.Ц нарын тус бүрийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх тул тэднийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч нараас “Г.Батцагааныг хөнгөн гэмтээсэн хэрэгт Б.Ц оролцоогүй, хохирогч, гэрч нарын мэдүүлэг зөрүүтэй, эргэлзээтэй, гэмт хэрэг гарсан байдлыг бүрэн нотлоогүй, зодоонд олон хүмүүс оролцсон” гэх зэрэг хүсэлт, гомдлыг гаргаж байх боловч  шүүх шүүгдэгч, хохирогч, гэрч нарын хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, шүүх хуралдаанд өгсөн мэдүүлгүүдийг нягтлан шалгаж, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулж, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгчийн сэдэл, санаа зорилго зэрэгт дүгнэлт хийсний эцэст дараах байдлаар няцаалт өгсөн болно.

Тухайн үед өөр хоорондын таарамжгүй харьцааны улмаас өөрийг нь Б.Ц зодсоныг хохирогч Г.Батцагаан удаа дараагийн мэдүүлэгтээ тогтвортойгоор шууд зааж мэдүүлсэн, караокений өрөөнд  зодоонд оролцсон хүмүүс өөр хоорондоо маргалдан тэмцэлдсэн, тэдний тэмцэлдээнийг салгасан, тухайн үед Г.Батцагааны хамар гэмтсэн байсныг, Т.Б, Б.Ц, Г.Батцагаан, Х.Мөнхтулга, Б.Баярсайхан нараас өөр хүмүүс маргаж зодолдоогүй талаар хэргийн гэрч нар дэлгэрэнгүй мэдүүлцгээсэн байна.

Дээрх нөхцөл байдлууд нь Б.Ц, Г.Батцагааныг зодож гэмтээснийг, Г.Батцагаан өөр хүнтэй, өөр газар маргалдаж зодолдоогүй болохыг нотолж байх бөгөөд “хохирогч Г.Батцагааныг цохиогүй” гэх Б.Цийн тайлбар бодитой бус, хохирогч, хэргийн бусад гэрч нарын мэдүүлэгт эргэлзээ төрүүлэхээр ач холбогдолтой байж чадахааргүй байна.

  Мөн хэрэг учрал болоход дуудлагаар нэмэгдэж ирсэн цагдаагийн алба хаагч нарыг хэрэгт гэрчээр байцаалгах, тухайн караокед Т.Б нарын хамт байсан бүх хүмүүсийг хэрэгт холбогдуулан шалгах зэрэг өмгөөлөгч нарын гомдол үндэслэлгүй. Тухайн үед болсон маргаан, зодоонд оролцох бус харин салгаж эвлэрүүлэх оролдлого хийсэн талаар гэрч нар мэдүүлэгтээ нэгэнт дурьдсан байх бөгөөд Г.Батцагааны биед хэн, яаж гэмтэл учруулсан нь мөрдөн байцаалтаар шалгаж тогтоох хэргийн үйл баримтад хамааралтай эрх зүй, гэм буруугийн шинжтэй асуудал тул зодоон болоод дууссан хойно дуудлагаар нэмэгдэж ирсэн цагдаагийн алба хаагч нарыг бүгдийг байцаах нь үр дүнгүйгээс гадна  Г.Батцагаан тухайн үед өөрийг нь зодсон хүнийг танихааргүй хэт согтсон байсан гэж дүгнэх боломжгүй.

Иймд шүүгдэгч Б.Ц, түүний өмгөөлөгч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг, анхан шатны шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 Ийнхүү шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт дурьдагдсан байдлаар шүүгдэгч Б.Ц, Т.Б нарын тус бүрийн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлын төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

Шүүх хуралдаан хүртэл баримтаар нотлогдсон, хохирогч Б.Цоос хавтаст хэрэгт тусгуулсан нийт 259.250 төгрөгийн зардлыг шүүгдэгч Т.Бэс гаргуулан хохирогч Б.Цид олгох, хохирогч Г.Батцагаан гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын нөхөн төлбөрөө шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан шүүгдэгч Б.Ц-ид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 450.000 төгрөгөөр, шүүгдэгч Т.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу (1 нэгж=1000 төгрөг) 600.000 төгрөгөөр торгох ял тус тус шийтгэхээр шийдвэрлэв.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц, Т.Б нар нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлэх үүрэгтэй бөгөөд тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдаж байна.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болно. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Т.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч Б.Ц-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-ийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар,

 

 Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Т.Б, Б.Ц нар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдьсугай.

4. Шүүгдэгч Т.Б, Б.Ц нар нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б-эс нийт 259.250 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Цид олгож, хохирогч Г.Батцагаан нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын нөхөн төлбөртэй холбоотой шаардлага хангасан нотлох баримтаа бүрдүүлсний эцэст гэм буруутай этгээдээс иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Б, Б.Ц нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Б.МӨНХ-ЭРДЭНЭ