Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 128

 

  2020        02          06                                   2020/ШЦТ/128

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: Б.Мөнгөншагай;

хохирогч: Ө.Болортуяа, түүний өмгөөлөгч Х.Гантулга;

шүүгдэгч: Н.Б, түүний өмгөөлөгч Д.Батбаяр нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт тус тус яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Б-д холбогдох эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Архангай аймгийн Батцэнгэл суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, “Баялаг Арвижих ирээдүй” ломбардны захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт (гэрлэлтээ цуцлуулсан)   урьд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, уг ялыг Сүхбаатар дүүргийн шийдвэр гүйцэтгэх албаны 2019 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 19/138 тогтоолоор эдэлж дууссан, Н.Б

 

            Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

Яллагдагч Н.Б нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох эхнэр Ө.Болортуяаг;

  • 2014 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73 Их тойруу 9-5 тоотод хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн гурилын элдүүр модоор цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
  • 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Кингс кроун” бааранд хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн нүүрэн тус газар нь гараар цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
  • 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 77-51 тоотод хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж, баруун гарын сарвуу хооронд хутгаар хатгаж зодсон,
  • 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр согтуурсан байх үедээ Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны 77-51 тоотод гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар боох, толгой нүүр тус газарт гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
  • 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 77 дугаар байрны 51 тоотод хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж улмаар эрүүн тус газар нь гараар цохиж зодсон,

- 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 77 дугаар байрны 51 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас үүдэн маргалдаж, улмаар 2 бугалга, зүүн гарын шууг базах, цохих, 2 гарыг цүнхний оосроор ороож баруун хөлийн өвдөг рүү өшиглөх зэрэг үйлдлээр зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ: “...Би Ө.Болортуяатай 2006 онд гэр бүл болсон. Бид нар хамтдаа 13 жил амьдарсан байна. Энэ хугацаанд гэр бүлийн ахуйн маргаан гардаг байсан. Би Ө.Болортуяад эхэлж гар хүрч зоддог байсан асуудал байгаагүй. Ө.Болортуяа намайг маажих, нүүр урах, хазах зэргээр гэмтээж байсан. Бид 2-ын маргааны асуудлаар би тэр болгон өргөдөл гомдол өгч байсан зүйл байхгүй. 2019 оны 07 дугаар сарын 05-ны асуудлын эхлэл нь Ө.Болортуяа миний гар утсыг булааж авснаас эхлэлтэй. Үүнээс болоод л гарнаас нь базсан юм. Эхнэрээсээ уучлал гуйж байна. Харин би гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй, маргаан дандаа ахуйн шинжтэй байсан” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ө.Болортуяа мэдүүлэхдээ: “...Н.Б-тай 2006 онд гэр бүл болсон. Энэ хүн байнга архи ууж зугаа цэнгээн хөөж амьдардаг. Байнга согтуу агсам тавьж, доромжилж, ална хядна гэдэг. Гэр бүлдээ үнэнч бус, мөнхийн согтуу байдаг. Ийм амьдралаар 13 жил амьдарч ирсэн. Үнэхээр их гомдож байна. Хэлэх зүйл алга, шүүх үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд хохирогч Ө.Болортуяа /хх-ийн 18-20, 115/, гэрч Г.Нарангэрэл /хх-ийн 21,117/, гэрч Ц.Өлзийсайхан /хх-ийн 116/, гэрч Ц.Ганзориг /хх-ийн 24-25/, гэрч Б.Оюунсувд /хх-ийн 26-27/, гэрч Т.Мөнхжаргал /хх-ийн 28-29/, арван зургаан насанд хүрээгүй гэрч Б.Ариунболд /хх-ийн 30-31/ нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №8320, 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №10393 тоот шинжээчийн дүгнэлтүүд /хх-ийн 33, 37/, камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 40/, Н.Бы яллагдагчаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 46-47, 118, 129/, Н.Бы эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 67/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 636,  Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 177 дугаартай шийтгэх тогтоолын хуулбарууд  /хх-ийн 61-65, 71-74/, Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1448,  Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2153 дугаар прокурорын тогтоолын хуулбарууд /хх-ийн 69-70/, Н.Бы иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 68/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 81/, хохирогч Ө.Болортуяагийн гэрэл зургууд /хх-ийн 91-92, 94-96/, Н.Бы гэрэл зургууд /хх-ийн 99-103/,  ГССҮТ-ийн лавлагаа /хх-ийн 119-120/, шинээр Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 181/ШШ2019/02291 дугаартай шүүхийн шийдвэр зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

Прокуророос шүүгдэгч Н.Б-ыг өөрийн эхнэр Ө.Болортуяаг “2014 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73 Их тойруу 9-5 тоотод хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн гурилын элдүүр модоор цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Кингс кроун” бааранд хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн нүүрэн тус газар нь гараар цохиж зодон эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 77-51 тоотод хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж, баруун гарын сарвуу хооронд хутгаар хатгаж зодсон,

2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр согтуурсан байх үедээ Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 77 дугаар байрна 51 тоотод гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар боох, толгой нүүр тус газарт гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 77 дугаар байрны 51 тоотод хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж, улмаар эрүүн тус газар нь гараар цохиж зодсон,

2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 77 дугаар байрны 51 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас үүдэн маргалдаж, улмаар 2 бугалга, зүүн гарын шууг базах, цохих, 2 гарыг цүнхний оосроор ороож баруун хөлийн өвдөг рүү өшиглөн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан зэрэг үйлдлээр байнга зодсон” хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тус тус яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

 

Үүнээс гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Хууль тогтоогч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн нэг онцлог шинж нь тухайн зүйлд заасан үйлдлийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний эсрэг байнга үйлдсэн тохиолдолд хамаарахаар хуульчилсан болно. Эрүүгийн эрх зүйн онол болон практикт тодорхой үйлдэл, эс үйлдэхүйн давтамжийн шинжийг тодорхойлоход давтан, байнга гэсэн ойлголт хэрэглэдэг бөгөөд байнга гэдэг нь тоон илэрхийллийн хувьд гурав болон түүнээс дээш удаа үйлдэгдсэн байхыг авч үздэг хууль хэрэглээний ойлголт юм.   

 

Нөгөөтэйгүүр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1-д заасан бие махбодын, сэтгэл санааны, эдийн засгийн, бэлгийн зэрэг хүчирхийллийн аль нэгийг байнгын шинжтэй үйлдсэн тохиолдолд дээрх гэмт хэргээр зүйлчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл бүрдэнэ.

 

Иймээс гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийн бие даасан шинж болох гэр бүлийн хамаарал бүхий хүнийг зодсон гэх үйлдэл нь байнга буюу гурав ба түүнээс дээш давтамжтай үйлдэгдсэн үйлдэл байхыг шаардах ба Эрүүгийн хуулийн 11 дүгээр бүлэгт заасан өөр гэмт хэргийн шинжийг агуулаагүй, хохирол, хор уршиг учраагүй, эсхүл өөр салбар эрх зүйд тодорхойлсон хэм хэмжээгээр хариуцлага хүлээгээгүй байхыг багтаан ойлгоно.

 

Өөрөөр хэлбэл, хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр болон хүнд хохирол учруулсан шинжээр Эрүүгийн хуулийн холбогдох зүйл, хэсгээр тусдаа зүйлчлэгдээгүй, түүнчлэн Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4.1 дэх заалтад заасны дагуу хариуцлага хүлээгээгүй, гэр бүлийн хамааралтай байдлыг нь далимдуулан зодсон гурав ба түүнээс дээш удаагийн бие даасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд заасан шинжийг хангахаас гадна тухайн үед хуулийн дагуу гэмт хэрэгт эс тооцож байсан аливаа үйлдэл буюу эс үйлдлийг үндэслэж гэмт хэрэгт яллан шийтгэх ёсгүй гэсэн зарчмыг баримтлах учиртай.

 

Гэтэл Н.Б нь өөрийн эхнэр Ө.Болортуяаг 2014 оны 03 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо 73 Их тойруу 9-5 тоотод хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх эрүүгийн хэрэг нь Дүүргийн 1 дүгээр прокурорын газрын 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 1448 дугаар прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болсон, 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, “Кингс кроун” бааранд хувийн таарамжгүй харилцааны улмаас зодож бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэх эрүүгийн хэрэг нь Сүхбаатар дүүргийн прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 2153 дугаар прокурорын тогтоолоор хэрэгсэхгүй болсон, 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны 77-51 тоотод гэр бүлийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, улмаар боох, толгой нүүр тус газарт гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэх  үйлдэлдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээсэн байна.

 

Мөн  шүүгдэгч Н.Б нь өөрийн эхнэр Ө.Болортуяаг 2018 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 77-51 тоотод хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж, баруун гарын сарвуу хооронд хутгаар хатгаж зодсон, 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 77 дугаар байрны 51 тоотод хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж улмаар эрүүн тус газар нь гараар цохиж зодсон гэх хэргийн нотлох ажиллагаа зөвхөн хохирогчийн мэдүүлэгт тулгуурлан явагджээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүйг заасан.

 

Хэдийгээр хохирогчид худал мэдүүлэг өгвөл хүлээлгэх хариуцлагыг сануулсан байх боловч гэмт хэргийн улмаас эрүүл мэнд, бусад эрх, эрх чөлөөний  хохирол үзэж эрхээ сэргээлгэх шаардлага тавьж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн нэг тал болон оролцож буй этгээдийн мэдүүлгийг нөгөө талын гэм бурууг нотлох гол баримт гэж үзэх нь учир дутагдалтай.

 

Хохирогч Ө.Болортуяагийн “...2018 оны 02 дугаар сарын 10-ны шөнө 23 цагийн үед нөхөр Н.Б бид 2 хоорондоо маргалдсан, над руу хутга аваад дайрахаар нь би гараараа нүүрээ хамгаалж байгаад баруун гарын сарвуу хооронд хутгалсан. Би аавыгаа утсаар дуудаж хамт явж гараа оёулсан...” гэх (хх-ийн 115), гэрч Ц.Өлзийсайханы “...гэрт нь эхнэрийн хамт яваад очтол баруун гарын долоовор хурууны арын хэсэгт хутгалсан цус гарч байсан. Охиноо аваад гэмтлийн эмнэлэг рүү авч яваад оёулсан...” гэх мэдүүлгүүд нь (хх-ийн 116) хэргийн 119-120 дугаар хуудсанд авагдсан нотлох баримтуудтай (зөвхөн 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж эмнэлгийн тусламж авсан) зөрчилдсөн буюу нөхөртөө хутгалуулсны улмаас 2018 оны 02 дугаар сарын 10-ны шөнө Гэмтэл согог судлалын үндэсний төвд очиж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан гэх дээрх мэдүүлгүүд няцаагдаж байна.

 

2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 77 дугаар байрны 51 тоотод хувийн таарамжгүй харилцаанаас үүдэн маргалдаж улмаар эрүүн тус газар нь гараар цохиж зодсон гэх асуудлыг судлан үзхэд шүүгдэгч Н.Б, хохирогч Ө.Болортуяа нарын хооронд үүссэн маргаан, тэмцэл нь нэг тал давамгайлсан гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлаас нийгмийн шалтгаант шинж байдлаар ялгаатай байж эхнэр, нөхрийн хоорондын таарамжгүй харьцаанаас улбаатай ахуйн суурьтай гарсан байх тул шүүгдэгч Н.Быг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй.

 

Ийнхүү өмнө үйлдсэн гэмт хэрэгтээ эрүүгийн хариуцлага хүлээсэн, мөн тухайн үед хуулийн дагуу хэрэгсэхгүй болсон, эхнэр, нөхрийн хоорондын таарамжгүй харьцаанаас улбаатай ахуйн суурьтай гарсан,  дангаараа нотлох баримт болохгүй мэдүүлэгт үндэслэсэн дээрх  үйлдлүүдийг сүүлийн 2019 оны 07 дугаар сараас 04-ний шөнө эхнэрээ зодож хөнгөн гэмтэл учруулсан үйлдэлтэй нь давхардуулан дүгнэж, гэр бүлийн харилцаатай хүнийг байнга зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэргийн шинжид тооцож дүгнэсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заагаагүй үйлдлийн шинжийг төсөөтэй хэрэглэж болохгүй талаарх Эрүүгийн хуулийн 2.1 зүйлийн шаардлага, мөн Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй байх талаарх Эрүүгийн хуулийн 1.2 зүйлд заасан хууль ёсны зарчимд нийцээгүй, үндэслэлгүй яллагаа болжээ.     

 

Ийм учраас шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 Харин шүүгдэгч Н.Б нь 2019 оны 07 дугаар сарын 04-ний шөнө Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, 77 дугаар байрны 51 тоот гэртээ өөрийн эхнэр Ө.Болортуяаг бусадтай хардах, гэрээс явуулахгүй байх зэргээр сэтгэл санааны хүчирхийлэл үйлдэж улмаар зодож бие махбодийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна.  Үүнд:

 

хохирогч Ө.Болортуяагийн /хх-ийн 18/: “...2017 оноос хойш нөхөр бид 2 гэртээ ирж, очин тусдаа мьдарч байгаа юм. Ер нь нөхөр гэртээ амьдарч байгаа, би өөрийн аавындаа амьдарч байгаа юм. 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр манай хүү Ариунболд залгаад “аав утсаа авахгүй байна, та аавыг гэртээ ир гээд хэлчих” гэж хэлсэн. Тэгээд би ажлынхаа хажуу талын паб руу орсон чинь тэнд Соёмбо гээд найзтайгаа хамт архи уугаад сууж байхаар нь би ороод суусан чинь намайг “архи уу” гэхээр нь би “үгүй” гэхэд “юун сүртэй юм” гээд байсан. Тэгээд намайг “чи Соёмботой явдаг” энэ тэр гээд хардаад доромжлоод байсан. Би гэрт нь хүргэж өгөөд “би аавынх руу явлаа” гэсэн “явуулахгүй, сүүлийн удаа надтай унт, явуулахгүй” гээд цүнхий оосроор 2 гарыг ороогоод хөдөлгөхгүй барьж байгаад баруун хөлийн өвдөг рүү 1 удаа өшиглөсөн. Хоёр бугалганаас базаж энэ гэмтлийг учруулсан...” гэх мэдүүлгээр,

 

арван зургаан насанд хүрээгүй гэрч Б.Ариунболдын /хх-ийн 30-31/: “...Би гэртээ амарч байхад орой 22 цагийн үед аав, ээж 2 гаднаас орж ирсэн. Би тухайн үед том өрөөндөө зурагтаа үзээд сууж байсан. Тэгээд унтах гэж байхад аав, ээж 2 маргалдаад хэсэг хугацааны дараа чанга, чанга яриад маргалдаад байхаар нь тэр 2 дээр очсон. Аав, ээж 2 том өрөөнд маргалдсан. Намайг аав, ээж 2 дээр очих үед аав ээжийн үснээс нь зулгаагаад зогсож байсан...” гэх мэдүүлгээр,

 

Ө.Болортуяагийн биед “хоёр бугалга, зүүн шуу, баруун гуя, баруун өвдөгт цус хуралт” бүхий  мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэл учирсныг тогтоосон Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №8320 тоот шинжээчийн дүгнэлт /хх-ийн 33/ зэрэг хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.         

 

Дээрх нотлох баримтууд “хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч нь хохирогчтой нэг гэр бүлд багтаж хамт амьдарч байсан, тухайн хэрэг болсон өдөр шүүгдэгч нь хохирогчийн сэтгэл санаанд дарамт учруулах, бие махбодид хүч хэрэглэн халдсан гэр бүлийн хүчирхийлэлийн шинжтэй үйлдлийн улмаас зодсон болохыг арван зургаан насанд хүрээгүй гэрч болон хохирогч нар гэрчилж мэдүүлсэн, шүүх эмнэлгийн дүгнэлтээр хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсан болохыг тогтоосон” зэрэг үйл баримтуудыг агуулж байх тул энэ хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж шүүх үзсэн болно.

 

Өөрийн хамт амьдарч буй, гэр бүлийн харилцаатай байсан (эхнэрээ) хүнийг сэтгэл санааны хувьд дарамтад суурилсан харилцааны улмаас зодож, бие махбодийн хүчирхийлэл үйлдэн хөнгөн гэмтээсэн Н.Бы гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэн тохирох ял шийтгэл оногдуулах нь зүйтэй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Хохирогч Ө.Болортуяа шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул Н.Быг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх дүгнэв.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх шүүгдэгч Н.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж,  Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор шүүгдэгч Н.Быг 600 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй бөгөөд эд мөрийн баримтаар хуурагдсан CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээхээр тогтов. 

           

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  34.19, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Прокуророос шүүгдэгч Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэгт яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Шүүгдэгч Н.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Быг 600 /зургаан зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар

шүүгдэгч Н.Бд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт дөрвөөс дээшгүй цагаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Б нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

6. Шүүгдэгч Н.Б нь урьд цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хуурагдсан CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ