Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 133

 

 

2020         02          07                                     2020/ШЦТ/133

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж,

нарийн бичгийн дарга: Ц.Чулуунчимэг;

улсын яллагч: Б.Мөнгөншагай;

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мөнхзулын өмгөөлөгч: Н.Жаргалсайхан;              

шүүгдэгч: Н.Б, түүний өмгөөлөгч Ш.Ганбат;

шүүгдэгч: Ч.Х, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Н.Б-г, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт Ч.Х-г холбогдуулан тус тус яллахаар дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

1. Монгол улсын иргэн, 1993 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Өвөрхангай аймгийн Зүүнбаян Улаан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто замын барилгын инженер мэргэжилтэй, “Ялгуусан” ХХК-д инженер ажилтай,  , урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Н.Б

 

               2. Монгол улсын иргэн, 1964 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 55 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, онгоцны нисгэгч мэргэжилтэй, Монголын Иргэний агаарын тээвэр ХК-д нисгэгч ажилтай, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт   урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Ч.Х

 

Прокуророос үйлдэж ирүүлсэн яллах дүгнэлтээр:

 1. Яллагдагч Н.Б нь “Ялгуусан” ХХК-ийн засвар, арчлалт хариуцсан инженер ажилтай ба 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг, Мандалговь сумаас 20 километр зайд зам засварын ажлыг хариуцан хийлгэхдээ Авто замын тухай хууль, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 216 дугаартай тушаалтаар батлагдсан “Автозам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлын техникийн шаардлага”-д заасан “зам засварын үед хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах” үүргээ биелүүлээгүй буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 5 дахь заалт “Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэд дараахь үүргийг хүлээнэ: а/ засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.20 тэмдэг тавьж анхааруулах,...” Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм MNS 4596:2014 стандартын 4.2.2 дахь заалт /1.3.а-4.1.е, 1.29.а-1.29.в тэмдэгүүдээс бусад анхааруулах тэмдгийг хөдөлгөөний зөвшөөрөгдөх дээд хурд, үзэгдэлтийн нөхцөл байдал, байрлуулах бололцоо зэргээс хамааруулан тухайн аюул бүхий  хэсгийн эхлэлээс суурин газрын доторхи замд 50 метрээс 100 метр, суурин газрын гаднах замд 150 мертээс 300 метрийн өмнө байрлуулна. Зайлшгүй тохиолдолд 6.1.а нэмэлт тэмдгийн хамт өөр зайд байрлуулж болох бөгөөд уг нэмэлт тэмдгээр тухайн аюул бүхий эхлэл хүртэлх зайг заана” гэсэн шаардлагын дагуу тэмдэг, тэмдэглэгээг байрлуулаагүйгээс 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 20 цагийн үед “Тоёота Прадо” маркийн 80-22 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон уг замаар зорчиж явсан Ч.Х нь замыг хаасан шороон далан дээгүүр давж тус компанийн ажилтан Б.Лхагвасүрэнг мөргөснөөс амь нас нь хохирсон гэх гэмт хэрэг,

2. Яллагдагч Ч.Х нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 20:00 цагийн үед “Тоёота Прадо” маркийн 80-22 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотоос Дундговь чиглэлд, Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг, Мандалговь сумаас 20 километр зайд асфальтан замаар зорчиж явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас зам засварын ажил хийхээр замыг хаасан шороон далан дээгүүр давсанаас тус компанийн ажилтан Б.Лхагвасүрэнг мөргөж амь нас хохироосон гэх гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Б мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны явцад бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

 

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.Х мэдүүлэхдээ: “...2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр урьд нь хамт ажиллаж байсан байгууллагын ойд уригдан 4 хүний хамт Дундговь аймаг руу Улаанбаатараас 16 цагийн орчим гараад 20 цагийн үед хэрэг болох газар очсон. Тухайн үед тоосонцор үүсчихсэн үзэгдэх орчин муу байгааг мэдээгүй. Би 80 километр цагийн хурдтай буюу хурд хэтрүүлээгүй явж байсан. Гэтэл хажууд сууж байсан хүн урд чинь гээд хэлтэл тооромж гишгэх завдалгүй шороон дээгүүр харайгаад цаана нь гарсан. Нилээн явж байгаад машинаа зогсоогоод хүмүүсээ гаргаад байж байтал Бямбаравдан явсан мөрөөрөө буцаж яваад эргэж ирснээ “хүн мөргөчихсөн байна” гэж хэлсэн. Би тэгээд очиж үзэн болсон үйл явдлыг мэдээд замын цагдаа дуудсан. Би тээврийн байгууллагад 35 жил нисгэгч багшаар ажиллаж байгаа. Энэ хугацаанд нислэгийн осол зөрчил гаргаж байгаагүй. Болсон үйл явдалд маш их харамсаж байна. Хохирогчийн ар гэрийхэнтэй байнга холбоотой байсан. Оршуулгын зардалд 6.500.000 төгрөг өгсөн. Яллагдагчаар татагдсаныхаа дараа цалингийн зээл авч сэтгэл санааны хохиролд нийтдээ 20.000.000 төгрөг өгсөн” гэв.

Мөрдөн байцаалтын шатанд зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, нөхөн үзлэгийн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч /1хх-ийн 4-10, 2хх-ийн 48-51, 52-54, 224-230/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 11-14/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 15-17/, эд зүйл хураан авсан тайлбар /1хх-ийн 18/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 20-22/, телекамерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-ийн 23-24/, эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол /1хх-ийн 25/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мөнхзулын мэдүүлэг /1хх-ийн 26/, гэрч Н.Элбэгдорж /1хх-ийн 28/, гэрч Л.Бүрэнжаргал /1хх-ийн 29-30/, гэрч Ч.Отгонбаяр /1хх-ийн 31-32/, гэрч Б.Бямбаравдан /1хх-ийн 33, 2хх-ийн 201/, гэрч З.Минжмаа /1хх-ийн 34, 107, 2хх-ийн 70-71/, гэрч Д.Отгонхишиг /1хх-ийн 37-38, 101/, гэрч Б.Наранчимэг /1хх-ийн 39-40, 105, 2хх-ийн 202/, гэрч Г.Нэргүй /1хх-ийн 41-42/ нарын мэдүүлэг, Дундговь аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 170100055 дугаар дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 45-49/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2017 оны 09 дүгээр сарын 13, 14-ний өдрийн 8727, 8728 дугаар дүгнэлт /1хх-ийн 50-51/, Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн дүгнэлтүүд /1хх-ийн 53, 55, 57/, Дундговь аймгийн авто тээврийн төвийн техникийн дүгнэлт /1хх-ийн 59/, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1хх-ийн 65/, яаралтай тусламжийн хуудас /1хх-ийн 66-67/, “Ялгуусан” ХХК-ийн анхан шатны зааварчилгын дэвтэрийн хуулбар /1хх-ийн 69-71/, гэрч Т.Нацагдорж /1хх-ийн 113/, гэрч А.Мөнх-Эрдэнэ /1хх-ийн 114, 115/, гэрч Э.Нэмэхбаяр /1хх-ийн 117-118/, гэрч Т.Ганбаяр /1хх-ийн 119-120/ нарын мэдүүлэг,  иргэний хариуцагч Д.Ганбаатрын мэдүүлэг /1хх-ийн 122-123/, шинжээч Б.Батцэнгэл /1хх-ийн 125/, шинжээч Д.Бямбасүрэн /1хх-ийн 126/, шинжээч Ш.Гэрэлт-Од /1хх-ийн 127/, шинжээч В.Балжинням /1хх-ийн 129, 2хх-ийн 235/, шинжээч Н.Шинэбаатар /2хх-ийн 243/ нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 132-135, 139/, Замын цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 143-145/, “Ялгуусан” ХХК-ийн тусгай зөвшөөрлийн хуулбар /1хх-ийн 181/, Улсын бүртгэлийн гэрчилгээ /1хх-ийн 188/, “Ялгуусан” ХХК-ийн үйл ажиллагаатай холбоотой баримтууд /1хх-ийн 189-224, 2хх-ийн 84-88/, амь хохирогчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 182-187/, хохирлын баримтууд /1хх-ийн 225-250, 2хх-ийн 1-18/, гэрч Э.Цэрэннадмид /2хх-ийн 58-59/, гэрч Б.Ууганбат /2хх-ийн 61-62/, гэрч О.Бат-Эрдэнэ /2хх-ийн 64-65/ нарын мэдүүлэг, Улаанбаатар-Мандалговь чиглэлийн А0101 дугаартай улсын чанартай хатуу хучилттай авто замын засвар арчлалтын ажлыг газар дээр нь шалгасан тайлан /2хх-ийн 67, 69/, нэмэлт шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 76/, Ч.Х хохирол хүлээлгэн өгсөн баримт /2хх-ийн 82, 3хх-ийн 94/, гэрч А.Гантулга /2хх-ийн 204/, гэрч Ш.Цэндбаатар /2хх-ийн 206/, шинжээч А.Мөнх-Эрдэнэ /2хх-ийн 208-209/, гэрч Б.Өнөрбаяр /2хх-ийн 210/, гэрч Д.Балжинням /2хх-ийн 212/, гэрч Э.Уртнасан /2хх-ийн 244/, гэрч Д.Болдбаатар /3хх-ийн 7-9/, гэрч Х.Ганбаатар /3хх-ийн 80/, гэрч А.Баттогтох /3хх-ийн 82/ нарын мэдүүлэг, баруун, зүүн талын тэмдэгийн жагсаалт /2хх-ийн 248-250/, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт /3хх-ийн 60-61/, Н.Б-н яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 163-164, 2хх-ийн 80-82/, Ч.Х-ийн яллагдагчаар мэдүүлсэн /3хх-ийн 73-74/ мэдүүлэг, Ч.Х-ийн хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 166, 170, 171-175/, Н.Б-н хувийн байдалтай холбоотой баримтууд /1хх-ийн 169, 176-180/, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мөнхзулын гаргасан тодорхойлолт 3 хуудас баримт зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

 

 Шүүгдэгч Н.Б нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг, Мандалговь сумаас 20 километр зайд зам засварын ажлыг хариуцан хийлгэхдээ Авто замын тухай хууль, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын 2011 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 216 дугаартай тушаалтаар батлагдсан “Автозам, замын байгууламжийн засвар, арчлалтын ажлын техникийн шаардлага”-д заасан “зам засварын үед хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах” үүргээ биелүүлээгүй буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 5 дахь заалт “Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэд дараахь үүргийг хүлээнэ: а/ засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.20 тэмдэг тавьж анхааруулах,...” Авто замын тэмдэг, тэмдэглэл, гэрлэн дохио, хашилт, чиглүүлэх хэрэгслүүдийг хэрэглэх дүрэм MNS 4596:2014 стандартын 4.2.2 дахь заалт /1.3.а-4.1.е, 1.29.а-1.29.в тэмдэгүүдээс бусад анхааруулах тэмдгийг хөдөлгөөний зөвшөөрөгдөх дээд хурд, үзэгдэлтийн нөхцөл байдал, байрлуулах бололцоо зэргээс хамааруулан тухайн аюул бүхий  хэсгийн эхлэлээс суурин газрын доторхи замд 50 метрээс 100 метр, суурин газрын гаднах замд 150 мертээс 300 метрийн өмнө байрлуулна. Зайлшгүй тохиолдолд 6.1.а нэмэлт тэмдгийн хамт өөр зайд байрлуулж болох бөгөөд уг нэмэлт тэмдгээр тухайн аюул бүхий эхлэл хүртэлх зайг заана” гэсэн шаардлагын дагуу тэмдэг, тэмдэглэгээг байрлуулаагүйгээс 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 20 цагийн үед “Тоёота Прадо” маркийн 8022 УНЗ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон уг замаар зорчиж явсан иргэн Ч.Х нь замыг хаасан шороон далан дээгүүр давж тус компанийн ажилтан Б.Лхагвасүрэнг мөргөснөөс амь нас нь хохирсон,

 

шүүгдэгч Ч.Х нь 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 20:00 цагийн үед “Тоёота Прадо” маркийн 8022 УНЗ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Улаанбаатар хотоос Дундговь чиглэлд Дундговь аймгийн Сайнцагаан сумын нутаг Мандалговь сумаас 20 километр зайд асфальтан замаар зорчиж явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас зам засварын ажил хийхээр замыг хаасан шороон далан дээгүүр давсанаас тус компанийн ажилтан Б.Лхагвасүрэнг мөргөж амь насыг нь хохироосон үйл баримт дараах хэрэгт хамаарал бүхий бүх нотлох баримтуудыг цогцоор нь дүгнэхэд тогтоогдож байна. Үүнд:

 

 хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мөнхзул /1хх-ийн 26/: “...Манай аав Улаанбаатар хотын “Ялгуусан” ХХК-д зам индүүддэг тээврийн хэрэгсэл жолооддог юм. 2017 оны 08 дугаар сарын 30-ны үед Дундговь аймагт асфальтан зам засах ажлаар явсан. 2017 оны 09 дүгээр сарын 08-ны оройн 22 цагийн үед манай ах над руу утсаар яриад “гараад ир, аавын чинь бие муудлаа” гэж хэлсэн.  Би очоод уулзахад “аав чинь Дундговь аймгийн нутагт машинд мөргүүлсэн байна” гэж хэлсэн. Бид нар Улаанбаатар хотоос ирэхэд аав машинд мөрүүлээд нас бараад, осол болсон газраас аваад явсан байсан. Манай аав ямар нэгэн архаг хууч өвчин байхгүй, өмнө нь өвдөж байсан өвчин байхгүй. Манай аав архи ерөөсөө амсдаггүй, тамхи татдаг байсан. Ажилдаа их хариуцлагатай ханддаг насаараа трактор жолоодож байсан хүн. Би дотны хайртай хүнээ алдсандаа гомдолтой байна. Манай ээж ажил хийддэггүй аав ганцаараа ажил хийж гэр бүлээ тэжээдэг байсан. Ажлаа хийж яваад осолд орсон болохоор буруутай хүнээр учирсан бүх хохирлоо нөхөн төлүүлж авна” гэх мэдүүлгээр,

 

гэрч Н.Элбэгдоржийн /1хх-ийн 28/: “…Би Улаанбаатар хотын харъяат “Ялгуусан” ХХК-д авто замын мастер ажил хийдэг. Манай компани Улаанбаатар хотоос Мандалговь хотын чиглэлд явсан авто замыг 100-ын овоо гэх газраас эхлэн засварын ажил хийж байгаа юм. Бид нар 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Мандалговь хотоос ертөнцийн зүгээр хойш 20 км-т замын эвдрэл янзлахаар 18 цагийн үед ирсэн. Бид нар зам нөхөх газрынхаа ертөнцийн зүгээр хойд талаасаа ирж байгаа зорчих хэсгийг хааж 2 ширхэг замын тумбэ тавьсан. Тумбэнийнхээ урд талд замын хөвөөн дээр “зам засварлаж байгаа” гэсэн тэмдэг газар ухаж суулгаад уг тэмдгийн урд талд нь ковшоор шороо зөөж хөндлөн хаалт хийгээд дээр нь зүүн гар талруугаа эргэх тэмдэг тавьсан байсан юм. Талийгаач Лхагвасүрэн замчин Отгонбаяр нар асфальт асгасан замыг индүүдэж байсан юм. Би замын ертөнцийн зүгээр урд талд шороон хаалт хийж байтал манай замчин Отгонбаяр нэг цагаан машин хаалт дайраад ороод ирлээ гэсэн. Би яваад очтол цагаан өнгийн машин шороон хаалтан дээгүүр гарч ирээд замын баруун талд замын хонхорт ороод зогссон байсан. Би хойшоо яваад очтол индүүний жолооч Лхагвасүрэн машинд мөргүүлээд ертөнцийн зүгээр толгой нь хойшоогоо харчихсан, доошоо харсан байдалтай хэвтэж байсан. Талийгаачийн 2 чихнээс цус гараад нэг хөл нь бяцраад өрөөсөн гутал нь сугарсан байсан. Хажууд нь машины урд буперийн хагархай байсан. Талийгаачийн урд талд ...“зам засварлаж байгаа” гэсэн тэмдэг нь хэвтэж байсан. Би Н.Б-д осол гарлаа гэж хэлээд түргэн тусламж, цагдаад дуудлага өгүүлсэн …” гэх мэдүүлгээр,

 

гэрч Б.Бямбаравдангийн /1хх-ийн 33/: “....Би 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр эхнэр Б.Наранчимэг, найз Ч.Х, З.Минжмаа, З.Минжмаагийн төрсөн эгч Д.Отгонхишиг, Алтантуяа бид нар Дундговь аймгийн Нисэх буудлын 60 жилийн ойд оролцохоор Улаанбаатар хотоос 14 цаг 50 минутын үед гараад явсан. Бид нар явж байгаад замдаа нэг зогсож цай уугаад хөдөлсөн. Бид нар Дэлгэрцогт сумаас урагш 20 орчим километрт явж байтал өөдөөс том тэрэг явж байсан. Эхний том тэрэг гэрлээ шилжүүлж зөрөөд дараагийн том тэрэг гэрлээ шилжүүлэхгүй явж байгаад хажуугаар нь зөртөл урд овоолсон шороо харагдсан. Машин дотор байсан хүмүүсийн нэг нь шороо гэж хэлсэн. Тэгээд тэр шороон дээгүүр гартал том тэрэгнүүдийн тоосонцор ч юм уу шороон дэгүүр гараад бужигнасан шороо ч юм уу мэдэхгүй юу ч харагдахгүй битүү тоос шороо бужигнаад шороон дунд явж байгаад замын хөвөөрүү ороод зогссон байсан. Би машинаас буутал нилээн байж байгаад зам засч байгаа хүмүүс “та нар тэмдэг харахгүй яасан юм” гэж хэлсэн. Тэр хүмүүс буцаж ирээд “та нар хүн дайрчихсан байна” гэхээр нь жолооч Ч.Х бид хоёр очиж үзэхэд нэг хүн хэвтэж байсан. Зам ангийн хүмүүс шороон хаалтаасаа хойш 10 метр орчим зайд тэмдэг байсан гэж заагаад байсан. Бид нарыг осол болсон газар луу дөхөж очиход гэрлийн гялбаанаас өмнө ямар нэг замын тэмдэг байхгүй байсан. Гэрлийн гялбаанд замын тэмдэг байсан үгүйг мэдэхгүй байна. Анхааруулах тэмдэгээ хол зайнаас хоёр гурван тэмдэг тавих шаардлагатай байна” гэх мэдүүлгээр,

 

гэрч Ч.Отгонбаярын /1хх-ийн 31-32/: “...Би тухайн үед осол болсон газрын зүүн талд зогсож байсан. Индүүний машины зүүн талд ус хаагаад зогсож байсан. Цагаан өнгийн жийп машиныг орж ирэхээс өмнө зам хаасан шороо сэтрээгүй зүгээр байсан.  Засмал замын засвар хийх газраа асфальтаа асгачихаад тэрний хойд талд шороогоо асгачихаад хүрз авч ирэх гээд явсан хойгуур тумбэ тавьсан байсан. Тэрнээс хойш талийгаач бид хоёр асфальтаа тэгшилсэн. Талийгаач 2017 оны 09 дүгээр 08-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй” гэх мэдүүлгээр,

 

гэрч Д.Отгонхишигийн /1хх-ийн 37-38/: “...нэг залуу гүйж ирээд та нар зам засаж байхад хардаггүй юмуу, та нар тавьсан тэмдэг хардаггүй юм уу гэсэн. Бид нар юун тэмдэг, гэрэл шороо хоёр л харагдлаа гэж хэлсэн. Тэр залуу хойшоо явснаа буцаж ирээд та нар хүн дайрчихсан байна шүү дээ гэж хэлсэн. Тэгээд би нар бид нар юу яриад байна юун хүн дамрдаг юм гээд шокын байдалд ороод үнэн юм болов уу гээд Хуяг, Бямбравдан хоёр очиж үзээд бид нар хүн дайрчихсан байна гэсэн. Тэр зам засаж байсан залуу цагдаа, түргэн дуудсан. Гэрлийн гялбаа, том машины тоос их байсан болохоор надад ямар нэг замын тэмдэг харагдаагүй” гэх мэдүүлгээ,

гэрч Г.Нэргүйгийн /1хх-ийн 41-42/: “...Би Улаанбаатар хотын Ялгуусан ХХК-д хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн инженер ажилтай. Би энэ байгууллагад 2011 оноос эхлэн ажиллаж байна. Манай байгууллагын хүмүүс 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэн зам засварын ажилд гарч Дундговь аймгийн нутаг дэвсгэрээс хойд талаас нь эхлэн зам засварын ажил хийсэн. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулиар ажилчидаа 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр сургалтанд хамруулсан. Манай байгууллага төлөвлөгөөний дагуу хүмүүстээ ажилд гарахаас нь өмнө зааварчилга өгч гарын үсэг зуруулдаг. Монголын авто замчдын үйлдвэрчний эвлэлийн холбоонд хүсэлт өгч мэргэжлийн хүмүүсээр сургалт ордог. Би өөрөө мөн давтан зааварчилгаа өгдөг. Талийгаач Б.Лхагвасүрэнд 2017 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилга өгсөн. Түүнээс хойш зааварчилга өгөөгүй. Манай ажилчид хэн нь хэдэн цагийн хооронд ажиллах нь хөдөлмөрийн гэрээнд нь заагдаад хүний нөөц дээр байдаг. Манай байгууллага ажилчиддаа хөдөлмөр хамгааллын хувцас гээд гэрэл ойлгогчтой өмд, цамц, хантааз бүх хүмүүстээ 2017 оны 06 дугаар сард ажил эхлэхэд нь өгсөн. Б.Лхагвасүрэн осол гарах үед өөрөө хөдөлмөр хамгааллын хувцсаа өмсөөгүй байсан. Бүх хүмүүст хувцас өмсөх шаардлага тавьдаг. 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Б.Лхагвасүрэнг ажилд гарахад нь би өөрөө эзгүй байсан болохоор зааварчилга өгөөгүй. Б.Лхагвасүрэн зааварчилга авалгүй ирсэн. Ажлын талбай дээр тухайн ажлыг хариуцан ажиллаж байгаа талбайн инженжер хариуцна. Манай байгууллага зам засварын ажил хийх, зам түр хаах талаар зөвөшөөрөл аваагүй” гэх мэдүүлгээр,

 

гэрч А.Мөнх-Эрдэнийн /1хх-ийн 114/: “...2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Дорноговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Мандалговь хотоос зүүн хойш 20 км-т асфальтан зам дээр 8022 УНЗ дугаартай “Тоёота прадо” маркийн тээврийн хэрэгсэл зам засварын ажил гүйцэтгэж байсан Б.Лхагвасүрэнг мөргөж амь насыг нь хохироосон гэх хэргийн газрын үзлэгт эрүүгийн ахлах мөрдөгч цагдаагийн хошууч Ш.Цэндбаатарын удирдсан бүрэлдэхүүнд техникийн шинжээчээр оролцсон. Осол болсон газарт овоолсон шорооноос баруун хойд талд 17,20 м газарт 1.20 буюу засварын ажил гэсэн тэмдэг, овоолсон шорооноос чанх хойш 9,50 метр газарт 3 ширхэг тумбэ дараалан байрлуулсан, овоолсон шорооны дээр зүүн эргэх тэмдэг /4.1 в/ тавьсан өөр ямар нэгэн анхааруулах тэмдэг тэмдэглэгээ тавиагүй байсан. А цэгээс хойш 150-300 метр зайд ямар ч анхааруулах болон мэдээлэх тэмдэг байгаагүй болно. Бид ослын газрын 200-300 метрт самналт хийсэн” гэх мэдүүлгээр,

 

         гэрч Т.Нацагдоржийн /1хх-ийн 113/: “...Манай “Ялгуусан” ХХК-ний замын инженер Н.Б хариуцан ажиллаж байсан. Овоолсон шороог Улаанбаатар хотоос Мандалговь сумын чиглэлд буюу зам засварынхаа ажлын хойд талд овоолсон. Уг шорооноос баруун хойд чиглэлд 17.2 метр зайд “зам засварын ажил хийж байна” гэсэн анхааруулах тэмдэг замын баруун талд байрлуулсан. Харин овоолсон шороон дээрээ зүүн тийшээ эргэх тэмдэг байрлуулсан. Ингэж байрлуулахдаа замын мастер Н.Элбэгдоржийн хамтаар байрлуулсан. Н.Элбэгдорж хаана байрлуулах талаар надад хэлж тэнд нь газар ухаж тэмдгийг байрлуулсан. Харин овоолсон шорооноос хойшоо нийт 9,5 метр зайд 3 ширхэг тумбэ цувуулан байрлуулсан. Овоолсон шорооноос хойш 150-300 метрт ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээ тавиагүй...” гэх мэдүүлгээр,

 

         гэрч О.Бат-Эрдэнийн /2хх-ийн 64-65/: “... “Ялгуусан ХХК” нь манай аймгийн нутаг дэвсгэрт зам засварын ажил гүйцэтгэж байгаа талаараа мэдэгдэж, зам хаах хөдөлгөөний чиг өөрчлөх хүсэлтийг 2017 оны 1 дүгээр сараас хойш өнөөдрийг хүртэл огт өгөөгүйгээ. “Ялгуусан ХХК”-д 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр ажил гүйцэтгэж байгаатай нь холбогдуулан аймгийн засаг даргын захирамжийн дагуу хөндлөнгийн хяналт шалтгалтыг байнгын ажлын хэсгийн бүрэлдэхүүн шалгахад овоолсон шороо зам дээр байсан. Зам засварын ажил хийж буй тэмдэг нь стандартын шаардлага хангаагүй овоолсон шороон дээр зоочихсон, уг тэмдэг нь зам завсарын ажлаас 4-5 метр зайд зам засварын ажил хийж байгаа хүмүүстэй их ойрхон тавьчихсан байсан...” гэх мэдүүлгээр,

 

           Замын цагдаагийн албаны шинжээч нарын “...Зам засварын ажил явуулж байсан “Ялгуусан” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3 дугаар хавсралтын 5 дахь заалт “Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэд дараах үүргийг хүлээнэ: а/ засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.20 тэмдэг тавьж анхааруулах” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна. Мөн тус хавсралтын 7 дахь заалт “Дор дурьдсан асуудлыг Замын цагдаагийн албатай тохиролцож зөвшөөрөл авна: в/ зам, гүүр, талбай, барилга байгууламж барих, өргөтгөх, засварлах ...” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.

          “Тоёота Прадо” маркийн 8022 УНЗ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ч.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэснийг зөрчсөн үндэслэлтэй.

               Шинжээчид уг зам тээврийн осол гарах шалтгааныг зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагын эрх бүхий албан тушаалтан болон уг замаар зорчиж байсан жолоочийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэмд заагдсан өөрт холбогдох дээрх заалт, шаардлагыг биелүүлээгүйгээс гарсан үндэслэлтэй гэж үзэж байна.

               Зам тээврийн ослын материалд авагдсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем болон фото зургийн үзүүлэлт, зам засварын ажил үйлчилгээ эрхэлж байсан ажилтнуудын мэдүүлэг /хх-ийн ... хуудас “...овоолсон шорооноос хойш нийт 9,5 метр зайд 3 ширхэг тумбэ цувуулан байрлуулсан, ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээ тавиагүй”/, хэргийн газрын үзлэгийн бүрэлдэхүүнд үүрэг гүйцэтгэсэн тус аймаг дахь Цагдаагийн хэлтсийн Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч А.Мөнх-Эрдэнийн мэдүүлэг /хх-ийн ...дугаар хуудас “...техникийн шинжээчээр оролцсон. Осол болсон газарт овоолсон шорооноос баруун хойд талд 17,2 метр газарт 1.20 буюу засварын ажил гэсэн тэмдэг, овоолсон шорооны дээр зүүн эргэх тэмдэг /4.1.в/ тэмдэг тавьсан өөр ямар нэгэн анхааруулах тэмдэг, тэмдэглэгээ тавиагүй байсан. А цэгээс хойш 150-300 метр зайд ямар ч анхааруулах болон мэдээлэх тэмдэг байгаагүй болно. Бид ослын газрын 200-300 метрт самналт хийсэн. 7 зэргийг үндэслэхэд замын ажил, үйлчилгээ эрхэлж байсан байгууллагын эрх, үүрэг бүхий албан тушаалтан нь зам засварын ажил үүрэг гүйцэтгэхдээ замын аюул бүхий хэсэгт ойртож байгааг болон түүнд зохицсон арга хэмжээг жолоочид урьдчилан анхааруулах зорилго бүхий 1.20 тэмдгийг замын суурингийн гаднах замд 150-300 метрийн өмнө байрлуулах, шаардлагатай тохиолдолд 6.1.а тэмдгийн хамт өөр зайд байрлуулж, уг нэмэлт тэмдгээр аюул бүхий хэсгийн эхлэл хүртэлх зайг тодруулах шаардлагыг биелүүлээгүй буюу тэмдэг тавиагүй байдал нөлөөлсөн үндэслэлтэй байна...” гэх 293 дугаартай дүгнэлтээр /1хх-ийн 143-145/,

 

               Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн “...Зам засварын ажил явуулж байсан “Ялгуусан”ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан нь зам засварын ажлыг гүйцэтгэхдээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3-р хавсралтын 5-д заасан “Зам дээр засварынажил,үйлчилгээ эрхэлж буй аж ахуйн нэгж, байгууллагын албан тушаалтан, иргэд дараахь үүргийг хүлээнэ: а/ засварын ажил, үйлчилгээ хийж байгаа үедээ хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, 1.20 тэмдэг тавьж анхааруулах, замын
тухайн хэсгийг хашиж тусгаарлах, түүнийг тойрч гарах чиг заасан тэмдэг тавих;”
гэсэн заалтыг мөн хавсралтын 7-д заасан “Дор дурдсан асуудлыг Замын
цагдаагийн албатай тохиролцож зөвшөөрөл авна: в/ зам, гүүр, талбай, барилга байгууламж барих, өргөтгөх, засварлах;” гэсэн заалтуудыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

               Жолооч Ч.Х нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

               Зам дээр засварын ажил, үйлчилгээ эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагын эрх бүхий албан тушаалтан болон уг замаар зорчиж байсан 8022 УНЗ улсын дугаартай “Тоёота Прадо” маркийн тээврийн хэрэгслийн жолооч Ч.Х нар нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн өөрт холбогдох заалтуудыг биелүүлээгүйн улмаас зам тээврийн осол гарах шалтгаан болсон байх үндэслэлтэй байна.

     Зам засварын ажил явуулж байсан “Ялгуусан” ХХК-ийн эрх бүхий албан тушаалтан нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1-р хавсралтын 2-т заасан “1.1. 1.2, 1.5-1.27 тэмдгийг хөдөлгөөнд аюул учруулж болзошгүй замын хэсэг эхлэх газраас суурин газрын доторхи замд 50-100 метр, суурин газрын гаднах замд 150-300 метрийн өмнө байрлуулна. Шаардлагатай тохиолдолд 6.1.a тэмдгийн хамт өөр зайд байрлуулж, уг нэмэлт тэмдгээр аюул бүхий хэсгийн эхлэл хүртэлх зайг тодруулна. Замын өгсүүр, уруу хэсгүүд залган үргэлжилж байгаа бол 1.10, 1.11 тэмдгийг аюул бүхий хэсгийн шууд өмнө байрлуулж болно. Зорчих хэсэг дээр түр хугацааны ажил хийх тохиолдолд 1.20 тэмдгийг уг хэсгээс 10-15 метрийн өмнө байрлуулж болно” гэсэн заалтыг биелүүлээгүй байдал нь тухайн зам тээврийн осол гарахад тодорхой хэмжээгээр нөлөөлсөн байх үндэслэлтэй байна” гэх 476 дугаар дүгнэлтээр /3хх-ийн 60-61/,

 

    Н.Б-н яллагдагчаар мэдүүлсэн /1хх-ийн 163-164/: “...2017 оны 09 дүгээр сарын 13-ны өглөө 08 цагт Дундговь аймгийн Сайнцагаан сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Мандалговь хотоос зүүн хойш 20 км-т зам засварын ажил эхэлсэн. Тэгээд үдээс хойш 16 цагийн орчим асфальт ирэхээр нь түүнийгээ 30 дахь км газраас дэвсээд 19 цагийн орчим 20 дахь км-т ирсэн. Энд ирээд 2 талдаа хоорондоо 2 км зайтай шороо овоолоод машинууд замын зүүн гар талаар нь шороон хэсгээр явж байсан юм. Осол болсон талд буюу хойд талд нь ковшоор шороо овоолоод шорооныхоо зүүн үзүүрт зүүн гар тийшээ эргэх тэмдэг овоолсон, шорооноос баруун хойд зүгт 17.3 метрт зам засвартай гэсэн тэмдэг зоож 3 ширхэг түмбэ тавьсан юм...” гэх мэдүүлгээр,

 

   Ч.Хийн яллагдагчаар мэдүүлсэн /3хх-ийн 73-74/: “...Би Дундговь аймагт баярт оролцох гээд 2017 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр Улаанбаатар хотоос өөрийн эзэмшлийн “Тоёота Прадо” маркийн 8022 УНЗ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод явсан юм. Тэгээд орой 20 цагийн орчим гадаа харанхуй болчихсон байсан. Дундговь аймгийн Сайнцагаан сум орох гээд 80 км/цагийн хурдтай явж байсан. Хөдөө орон нутгийн замд 80 км/цагийн хурдтай явдаг. Зам бага зэрэг өгсүүр зам байсан.  Гэнэт замд дээр овоолсон шороо гараад ирэхээр нь тоормос гишгээд хүүе гэхийн зуургүй нөгөө шороон дээгүүр машинтайгаа үсрээд явчихсан. Шорооны цаана буугаад машинаа зогсоогоод эхлээд машиндаа байсан хүмүүсийг буулгасан. Машиндаа 5 зорчигчтой явж байсан. “юу болов” гээд гайхаад байж байтал хамт явсан Бямбаравдан тэр хавиар явж байгаад над дээр ирээд “хүн мөргөчихсөн байна” гэж хэлэхээр нь очоод харсан чинь нэг хүн зам дээр хэвтэж байсан. Тухайн үед замыг шороогоор хаагаад зам засварын ажил хийгдэж байсан юм байна лээ. Би тэр үед зам засварын ажил хийгдэж байгааг мэдээгүй юм. ...Ер нь бол харамсалтай үйл явдал гарсан, одоо хүртэл харамсаж явдаг...” гэх мэдүүлэг болон зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, нөхөн үзлэгийн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч /1хх-ийн 4-10, 2хх-ийн 48-51, 52-54, 224-230/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1хх-ийн 11-14/, Зам завсарын ажлыг газар дээр нь шалгасан тайлан /2хх-ийн 67, 69/ зэрэг мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон гэж шүүх дүгнэв.

 

 Шүүгдэгч нар нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсныг хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэг, шинжээчдийн дүгнэлтээр тус тус тогтоосон, зам тээврийн ослын улмаас хохирогчийн амь нас хохирсныг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон байх тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Зам засварын ажил хариуцан хийлгэхдээ Авто замын тухай хууль, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайдын тушаал, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн дагуу тэмдэг, тэмдэглэгээг байрлуулаагүй шүүгдэгч Н.Бат-Эрдэний буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч хүний амь нас хохирсон нь авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, шүүгдэгч Ч.Х нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар атал Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 9.1-д заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган, хүний амь насыг хохироосон нь автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулж байх тул тэднийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Ийнхүү шүүгдэгч Н.Б-ий авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон,  шүүгдэгч Ч.Хийн автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруу шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох бармитуудаар хөдөлбөргүй нотлогдсон гэж дүгнэж тэдэнд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүлээлгэх үндэстэй.

 Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрийн асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Ч.Хаас амь хохирогчийг оршуулахтай холбогдсон зардал болон сэтгэл санааны хохирол, өмгөөлөгчийн хөлсөнд нийт 20.000.000 төгрөг, “Ялгуусан” ХХК-ийн зүгээс 36 сарын тэтгэмж болох 23.000.000 төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.Мөнхзулд нөхөн төлсөн байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “Н.Б, Ч.Хт нарт ямар нэгэн гомдол саналгүй, цаашид нэхэмжлэх зүйлгүй, хорих ял оногдуулалгүй тэнсэн хянан харгалзаж өгнө үү” гэсэн хүсэлт 3 дугаар хавтаст хэргийн 94 дүгээр талд,  мөн шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ дурьдсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдаж байна.

Шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан Н.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл хэмжээний доторх хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар, Ч.Х-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3  жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тус тус тэнсэж шийдвэрлэв.

Шүүгдэгч нар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч Ч.Х-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн үеэс эхлэн тоолохоор тогтов.

Хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй бөгөөд  эд мөрийн баримтаар хураагдсан

CD 3 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, засварын ажил гэсэн тэмдэг 1 ширхэг, цайвар өнгийн 149 см урт, 7.2 см диаметртэй турба 1 ширхэг, цайвар өнгийн хуванцар зүйлээр хийгдсэн тээврийн хэрэгслийн буперийн хагархай байж болохоор хэлбэртэй 64x42.5 см, 32x32.5 см хэмжээтэй 2 ширхэг зүйл, тээврийн хэрэгслийн буперийн нэмэлт гэрэл суулгадаг хэсгийн таг байж болох хар өнгийн хуванцар зүйл 2 ширхэг, гутлын улавч 1 ширхэг, хар өнгийн, дотор талдаа хиймэл үсэн дотортой, цахилгаантай, өсгийнөөсөө өлмий хүртэл ханзарсан баруун хөлийн гутал 1 ширхэг, шүүрэн дээрээ LD гэсэн бичигтэй тамхи 1 ширхэг, тээврийн хэрэгслийн гэрэл дохионы цайр байж болохоор голдоо нүхтэй хуванцар зүйл 1 ширхэг, нэг талдаа цайвар өнгөтэй, нөгөө талдаа хар өнгийн, тээврийн хэрэгслийн цайрны хагархай 5 ширхэг, хар өнгийн нэг талдаа цавуу мэт зүйл наалдсан резин 1 ширхэг, тээврийн хэрэгслийн эд ангийн хагархай байж болохоор хар өнгийн хуванцар зүйлийн жижиг хэлтэрхий 3 ширхэг, тээврийн хэрэгслийн гадна тал байж болох тунгалаг өнгөтэй хуванцар хагархай 2 ширхэг зэргийг устгаж, Ч.Х-ийн B ангиллын 289278 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто зам, замын байгууламжийн ашиглалт, засварын аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас хүний амь  нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

шүүгдэгч Ч.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Н.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр 1 дэх хэсэгт заасныг журамлан Ч.Хт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тус тус тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь зааснаар шүүгдэгч шүүгдэгч Н.Б, Ч.Х нар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.  

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Хт оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялын хугацааг хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн үеэс эхлэн тоолсугай.

 

5. Шүүгдэгч Н.Б, Ч.Х нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  CD 3 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээж, засварын ажил гэсэн тэмдэг 1 ширхэг, цайвар өнгийн 149 см урт, 7.2 см диаметртэй турба 1 ширхэг, цайвар өнгийн хуванцар зүйлээр хийгдсэн тээврийн хэрэгслийн буперийн хагархай байж болохоор хэлбэртэй 64x42.5 см, 32x32.5 см хэмжээтэй 2 ширхэг зүйл, тээврийн хэрэгслийн буперийн нэмэлт гэрэл суулгадаг хэсгийн таг байж болох хар өнгийн хуванцар зүйл 2 ширхэг, гутлын улавч 1 ширхэг, хар өнгийн, дотор талдаа хиймэл үсэн дотортой, цахилгаантай, өсгийнөөсөө өлмий хүртэл ханзарсан баруун хөлийн гутал 1 ширхэг, шүүрэн дээрээ LD гэсэн бичигтэй тамхи 1 ширхэг, тээврийн хэрэгслийн гэрэл дохионы цайр байж болохоор голдоо нүхтэй хуванцар зүйл 1 ширхэг, нэг талдаа цайвар өнгөтэй, нөгөө талдаа хар өнгийн, тээврийн хэрэгслийн цайрны хагархай 5 ширхэг, хар өнгийн нэг талдаа цавуу мэт зүйл наалдсан резин 1 ширхэг, тээврийн хэрэгслийн эд ангийн хагархай байж болохоор хар өнгийн хуванцар зүйлийн жижиг хэлтэрхий 3 ширхэг, тээврийн хэрэгслийн гадна тал байж болох тунгалаг өнгөтэй хуванцар хагархай 2 ширхэг зэргийг устгасугай.

 

7. Хэрэгт хураагдан ирсэн Ч.Х-ийн B ангиллын 289278 дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Б, Ч.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Б.МӨНХ-ЭРДЭНЭ