Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/01056

 

Ё.Нын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  

          2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 133/ШШ2017/00408 дугаар шийдвэр,

     Говь-Алтай  аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Ё.Н

          Хариуцагч:  Гт холбогдох

          Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.А, Г.О нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Ж, М.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г., нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

        Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие аймгийн нэгдсэн эмнэлэгт ажилд ороод 17 жил тасралтгүй ажиллаж ирсэн. Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн даргаар томилогдон ажиллаж байгаа дарга 2017-07-31-ний өдрийн Б/47-р   тушаал гаргаж,   ажлаас чөлөөлсөн нь хууль бус болсон.  Ё.Ныг ажлаас халахдаа сонсох үйл ажиллагаа явуулаагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4, 40.1.5-д заасан зохицуулалтууд бодит байдалд нотлогдоогүй. Ажил олгогчийн зүгээс өгсөн нэг сарын үүрэг даалгавар биелүүлж аппаратыг хүлээлгэж өгсөн байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 24, 25-д зааснаар сонсох үйл ажиллагаа огт хийгдээгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

       Хариуцагч  хариу тайлбартаа: Ё.Ныг Инженер техникийн тасгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлсөн. Ё.Н  2011 онд ЭМЯ-ны хөрөнгө оруулалтаар нийлүүлэгдсэн шинэ Ультразвук /физик эмчилгээний аппарат/-г авч яваад 2015 оны жилийн эцсийн тооллогоор шууд акталж, эд хариуцагчийн хөрөнгийн бүртгэлээс хасуулан, аймгийн Орон нутгийн өмчийн албанд актлуулахаар санал хүргүүлж, хувьдаа завших гэж байсныг 2016 оны жилийн эцсийн тооллогоор  захиргаанд гомдол ирснээр мэдэж,  байгууллагын өмч хамгаалах зөвлөл, дотоод хяналтын багын шалгалтаар хувьдаа завшсан нь нотлогдсон.  2017-01-06-ны өдрийн удирдлагын зөвлөлийн хурлаар хэлэлцэж, Ё.Наас тайлбар авахад "би авч яваад батериаг нь шатаасан төлж хохиролгүй болгоно" гэсэн боловч удаа дараа шаардуулж, 6 сарын дараа байгууллагыг хохиролгүй болгосон. Уг аппаратын үнэ 1.131.213 төгрөг. Түүнчлэн, 2012 онд "Алтайн хүдэр" ХХК-иас төслөөр нийлүүлэгдсэн Цусны плазмфрозерийн аппаратыг Өмч хамгаалах байнгын зөвлөлийн хурлаар "эвдэрхий" гэж асааж, шалгаж үзэлгүйгээр  байгууллагын хөрөнгө орлогод бүртгээгүй 2014.12.05-ны өдөр 15 цаг 35 минутанд цусны салбар төвөөс дагалдах хэрэгслийн хамт гарын үсэг зурж аван "Цогц" лабораторийн эрхлэгч Г.Долгормаад шилжүүлэн, албан тушаал хэтрүүлсэн.  Цагдаагийн хэлтсээс 2017-03-12 -ны өдөр хүлээлгэн өгсөн боловч дагалдах хэрэгсэл болох манжетикийг нь өгөөгүйгээс одоо болтол цусны плазмфрозерийн аппарат ашиглалтанд ороогүй, эмнэлгийн үйлчилгээнд хүндрэл учруулсаар байна. Уг аппаратын үнэ одоогийн зах зээлийн ханшаар 65сая төгрөг, тухайн үеийн ханш 48 сая төгрөг юм. Ё.Н нь эд хөрөнгийн хадгалалт хамгаалалтанд бүртгэлээр байнга хяналт тавих эрх бүхий албан тушаалтан юм. Тоног төхөөрөмжийг өөр байгууллага руу шилжүүлж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй ноцтой зөрчил гаргасан. Эд хөрөнгө хамгаалах байнгын зөвлөлийн хурлаас 2017-04-13-ны өдөр Удирдлагын зөвлөлийн хуралд Ё.Нтай холбогдох 5 асуудлыг шийдвэрлүүлэхээр хүсэлт уламжилсны дагуу 2017-04- 18-ны өдрийн удирдлагын зөвлөлийн хурлаас ажлаас чөлөөлөх шийдвэр гарсан.  2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Ё.Нт сонсох үйл ажиллагаа явуулан, өөрөө буруугаа хүлээсэн учир 01 сарын хугацаатай мэдэгдэх хуудас өгсөн. Гэтэл 2017-07-04-ны өдрөөс 31-ний өдөр хүртэл дотоод дүрэм, журам зөрчиж ерөнхий захирлаас чөлөө авалгүйгээр дур мэдэн ажил тасалсан.Иймд  хөдөлмөрийн гэрээг цуцалсан.  Ё.Н ноцтой зөрчлийг удаа дараа гаргасан. Байгууллагын дотоод журмын 6.2-т заасны дагуу мөн ноцтой зөрчил гаргасан. Мөн өөрийнхөө хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг буюу 8.1, 8.6-г зөрчисөн, ноцтой зөрчил гаргасан учраас ажлаас халагдсан. Ажлаас халсан шалтгааны үндэслэл нь Ультразвук  аппаратыг дур мэдэн авч явж шатаагаад хасуулсан  баримт хавтаст хэргийг 101 дүгээр хуудсанд байгаа. Алтайн Хүдэр ХХК-иас 6 тоног төхөөрөмж нийлүүлэгдсэн үүний нэг зах зээлийн үнэ 65сая төгрөгийн үнэтэй Цусны плазмфрозерийн аппаратыг хувийн эмнэлгийн Цогц лабораторийн эрхлэгч Долгормаад  шилжүүлсэн нь тогтоогдож уг аппаратыг 2017-03- 12-ны өдөр буцааж өгсөн. Иргэн А.Бадмаанямбууг инженер техникийн техникчийн ажилд оруулж өгнө гэж 2 сая төгрөгийн хахууль авсан. Энэ талаар иргэн Дондов нотолно. Энэ хүн нэгдсэн эмнэлэгт 3 удаа гомдол гаргаж, хүүхдийн амь амьдралаар тоглосон. А.Бадмаанямбуу нь мөн ажлаас халагдсан байгаа. Энэ хүн 2017-07- 04-ний өдрөөс 31-ний өдөр хүртэл чөлөө зөвшөөрөлгүй ажил тасалсан. Манай байгууллагын дотоод журмын 4.2-т цалинтай, цалингүй чөлөөг ерөнхий эмч олгоно гэсэн журам байгаа. Дотоод хяналтаар нэгдсэн эмнэлгийн даргын тушаалаар удирдамжтай шалгалт явуулахад 66 төгрөгийн үнэтэй, ажиллаж байсан тоног төхөөрөмжийг актлах саналыг явуулсан. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгогож өгнө үү гэжээ.

         Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 133/ШШ2017/00408 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн инженер техникийн тасгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хүссэн Ё.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

        Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр магадлалаар Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 133/ШШ2017/00408 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “...Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар Ё.Ныг Говь-Алтай аймгийн Нэгдсэн эмнэлгийн инженер техникийн тасгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож,  хариуцагчаас 3.456.168 төгрөг олгосугай...” гэж, тогтоох хэсгийн 2 дахь заалтыг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ё.Н нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 140.449 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай...” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2 дахь хэсэг, Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шийтгэл төлөх журмын 2е-д заасны дагуу нийгмийн даатгалын шимтгэлийг төлөхийг ажил олгогч Гт даалгасугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

       Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч  нар хяналтын  гомдолдоо: “...Үүнд: Нэхэмжлэгч Ё.Н нь нөхрийнхөө оношийг тодруулахаар Улаанбаатар хотод эмчлүүлсэн гэж байгаа боловч уг онош нь тодорсон эмчилгээ хийлгэж байсан бөгөөд 13А маягтыг эмнэлгээс албан ёсоор өгөөгүй, Ё.Н нь өөрөө хуурамчаар бүрдүүлж авч явсан нь илэрсэн. Уг баримтынхаа үндсэн дээр Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэн эмчлүүлж холбогдох эмнэлгээсээ 13Б маягт авсан боловч уг маягт мөн хуурамчаар бичүүлж авсан. Эмнэлгээс гараад сувилалд хэвтсэн гэх боловч уг сувилал нь Ахмадын сувилал бөгөөд мөн албан ёсоор эмчлүүлсэн бичиг баримт байхгүй. Иймд дээрх баримтуудыг иргэний хэрэгт холбогдуулан хуурамчаар бүрдүүлж, цуглуулж шүүхэд өгсөн байгаа тул хууль хяналтын байгууллагад өгч, хэрэг бүртгэлт нээлгэн шалгуулж байна. Мөн бусдыг ажилд оруулж өгнө гэж мөнгө авсан асуудал нь баримтын хүрээнд нотлогдсон хэдий ч шүүхээр гэм буруу тогтоогдоогүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй бөгөөд аймгийн цагдаа, прокурорын газарт гомдол гаргаснаар хэрэг бүртгэлт нээн шалгаж байна. Хүнд өвчин зовлон тохиолддог нь үнэн боловч нэхэмжлэгчийн нөхрийн өвчин тэр дундаа насанд хүрсэн хүний тухайд үнэхээр сахиур шаардлагатай өвчин мөн эсэх тухайн хүн нь сахиуртай байсан эсэхийг эмнэлгийн бичиг баримт өвчний түүхэнд заавал дурдсан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн нөхөр нь сахиуртай байгаагүй нь түүний өвчний түүхээс тодорхой харагдаж байгаа. Иймд магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Ё.Н 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Гт холбогдуулан нэхэмжлэл гаргаж, инженер техникийн тасгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг шаарджээ. /хх 1-н 1/

       Хариуцагч хариу тайлбартаа “...Ультразвукбуюу физик эмчилгээний аппаратыг дур мэдэн авч явж актлуулах гэж байсныг илрүүлж төлүүлсэн... 65.000.000 төгрөгийн үнэ бүхий цусны плазмфрозерийн аппаратыг хувийн эмнэлэгт  шилжүүлсэн...А.Бадмаанямбууг ажилд оруулж өгнө гэж  2.000.000 төгрөгийн хахууль авсан... 2017-07-04-с 31-ний өдөр хүртэл ажил тасалсан... иймд нэхэмжлэл үндэслэлгүй..” гэсэн тайлбар өгсөн байна.

       Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх өөрчилж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       1. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа нэхэмжлэлийн талаар  үндэслэлгүй дүгнэлт хийснээс гадна Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. 

       а/. Говь-Алтай аймгийн нэгдсэн эмнэлгийн дарга 2017 оны 07 дугаар сарын 31-ны өдөр Б/47 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131.1.3, 40.1.4, 40.1.5, дотоод журмын 6.6.2, хөдөлмөрийн гэрээний 8.1, 8.6,  удирдлагын зөвлөлийн 2017 оны 04 дүгээр хурлын шийдвэрийг үндэслэн, Ё.Ныг инженер техникийн тасгийн эрхлэгчийн ажлаас чөлөөлсөн байна. Ажил олгогч тушаалын үндэслэлийг “...ажилтан итгэл алдсан, ажил тасалсан...” гэж тайлбарлажээ.

       Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж “...Ё.Н байгууллагын эд хөрөнгийг дур мэдэн хувьдаа ашиглах, бусдад шилжүүлэх зөрчил дутагдалд…сахилгын зөрчил гарснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулахаар заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн...” гэсэн дүгнэлт хийхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. 

       Мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан нь тогтоогдсон бол ажил олгогч өөрийн санаачилгаар ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж болно. 

       Хэрэгт авагдсан баримтаар Ё.Нын хөдөлмөрийн гэрээгээр хүлээж байгаа ажил үүрэг нь ажил олгогчийн мэдлийн буюу өмчлөлийн тодорхой хэмжээний эд зүйлийн бүрэн бүтэн байдлыг хангаж хамгаалах, эд хөрөнгийг тогтоосон журмын дагуу зарцуулах, ашиглах эрх мэдлийг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн байх тул ажил олгогч түүнийг “эд хөрөнгө хариуцсан ажилтан” гэж үзсэн нь буруу биш байна. 

       Ё.Н нь байгууллагын эд хөрөнгийг зохих журмын дагуу хадгалаагүй, хүлээн аваагүй, хяналт тавиагүй, ашиглах журам зөрчсөн буюу ажил олгогчийн итгэл алдсан буруутай үйлдэл гаргасан нь тогтоогджээ.

       Ажил олгогч ажилтныг итгэл алдсан гэсэн үндэслэлээр ажлаас нь халсан тул энэ тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.2 дахь хэсгийн зохицуулалт хамаарахгүй.

       б/. Ё.Н байгууллагын дотоод журмын 4.2-т заасны дагуу чөлөөл авсан нь хэрэгт буй баримтаар тогтоогдоогүй тул хариуцагч нэхэмжлэгчийг хөдөлмөрийн гэрээний 8.6-д заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцсэн байна.

       Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

       2. Анхан шатны шүүх Ё.Нын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо хэрэгт буй баримт тус бүрт үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

       1. Говь-Алтай аймгийн аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 04 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Говь-Алтай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 133/ШШ2017/00408 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 140.449 төгрөгийг захирамжаар буцааж олгосугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ