Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 934

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Дамдинсүрэн даргалж, шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийж,

Нэхэмжлэгч: “А” ХК

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрийн “А” ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “А” ХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Уранбилэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “А” ХК-ийн захирал Б.Шатар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 239 дүгээр тогтоолоор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох Уул уурхайн сайдын 2014 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 203 дугаар тушаалын дагуу тогтоосон талбайд Ашигт малтмал, газрын тосны газраас зарласан хайгуулын тусгай зөвшөөрлийг цахимаар олгох журмын дагуу 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр амжилттай оролцож улмаар 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр Төв аймгийн Архуст, Эрдэнэ сумдын нутаг дэвсгэрийн L-48-24 кодтой планшейтэд заасан өргөдлийн бүртгэлийн NE-027228 /XA-020280-001-NE/ дугаарт бүртгэгдсэн “Бор толгой” нэртэй газар 364.01 гектар талбайд өргөдөл гарган бүртгүүлсэн.

Уг өргөдлийг хянан үзээд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан.

Ийнхүү татгалзахдаа уг талбай нь Төв аймгийн Засаг дарга Д.Б*******ын 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 173 дугаар саналын хуудсанд гол булаг давхардсан үндэслэлээр “дэмжихгүй” гэсэн санал ирүүлснийг үндэслэсэн.

Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Ой, ус, тусгай хамгаалалттай газрын кадастрын хэлтсийн 2017 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 06б/576 дугаар албан бичигт Төв аймгийн Архуст сумын нутаг дэвсгэрт орших XA-020280-001-NE дугаар бүхий өргөдлийн талбай нь “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай” хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д заасан Засгийн газрын 2012 оны 194 дүгээр тогтоолоор баталсан /Засгийн газрын 2015 оны 289 дүгээр тогтоолоор өөрчлөлт орсон/ гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын энгийн хамгаалалтын бүс, ойн сан, улсын тусгай хамгаалалтын газрын хилийн заагтай тус тус давхцалгүй байна гэсэн.

Өргөдөл хүлээн авахаас өмнө хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбай мөн гэж үзэн сонгон шалгаруулалт явуулж, манай компаниас цаг хугацаа, хөрөнгө мөнгөний зардал гарсны дараа өргөдлийг хүлээн авч бүртгэчхээд дээрх үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа нь ойлгомжгүй, төрийн байгууллагуудын уялдаа холбоо, ажлын зохион байгуулалтгүйн улмаас иргэн, хуулийн этгээд хохирч үлдэх ёсгүй юм. 

Нэгэнт хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдлийн сонгон шалгаруулалт зарлаж байгаа бол тус талбай нь Ашигт малтмалын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.2-д заасны дагуу тусгай хэрэгцээнд авсан газарт хамаарч байгаа эсэхийг хэн шалгах ёстой гэхээр зохион байгуулж буй захиргааны байгууллага өөрөө нарийн шалгаж, тогтоох ёстой бөгөөд үүнийг нь Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журмын 3 дугаар зүйлийн 3.1-д “Ашигт малтмалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх заалтад заасны дагуу сонгон шалгаруулалтын талбайг ялган багцалж нийтэд зарлана”, 3.2-д “Кадастрын асуудал хариуцсан нэгж нь энэ журмын 3.1 дэх хэсэгт заасан талбайд тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт явуулах бэлтгэлийг хангана”, 3.3-д “Төрийн захиргааны байгууллага сонгон шалгаруулалт явуулах талаар тухайн талбай байрших аймаг, нийслэлийн Засаг даргад бичгээр мэдэгдэх бөгөөд түүнд Ашигт малтмалын тухай хуулийн 17.1, 24.3-д заасны дагуу хийгдсэн талбайн зургийг хавсаргана”, 3.4-д “Засаг дарга нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-д заасны дагуу хариуг төрийн захиргааны байгууллагад өгнө”, 3.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга дэмжсэн хариу өгсөн, Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д зааснаас бусад үндэслэлээр татгалзсан, Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-д заасан хугацаанд хариу өгөөгүй бол тухайн талбайд төрийн захиргааны байгууллагын дарга сонгон шалгаруулалт явуулах тушаал гаргаж, сонгон шалгаруулалт явуулна” гэж тус тус зохицуулан журамласан байхад энэ үүргээ биелүүлээгүй атлаа тавьсан шаардлага, журмын дагуу гаргасан өргөдлийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж байгаа нь өөрийн буруутай үйлдлээ бусдад нялзаасан хууль бус шийдвэр болсон байх тул Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, манай компанийн гаргасан өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Монгол Улсын Их хурлаас 2014 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Ашигт малтмалын тухай хуульд оруулсан нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, Ашигт малтмалын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.11-д заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбилцлыг тогтоох” тухай 511 дүгээр тогтоолыг тус тус батлан гаргасан.

Дээр дурдсан хуулийн нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын тогтоолыг үндэслэн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн шинээр олголтыг өргөдлийн болон сонгон шалгаруулалтын журмаар олгох ажлыг төрийн захиргааны байгууллага зохион байгуулж хэрэгжүүлэн ажиллаж байна.

“А” ХК нь Төв аймгийн Архуст, Эрдэнэ сумдын нутаг Бор толгой нэртэй 364.01 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гарган NE-027228 /XA-020280/ дугаарт бүртгүүлсэн байна.

Кадастрын хэлтсээс “А” ХК-ийн өргөдөлд Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3, 19.1.4-д заасны дагуу шүүлт хийж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн мөн хуулийн 19.3-д заасны дагуу санал авах мэдэгдлийг Төв аймгийн Засаг даргад 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 6/9810 дугаар албан бичгээр хүргүүлсэн байна.

Уг саналд Төв аймгийн Засаг дарга 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01/66 дугаар албан бичгээр NE-027228 дугаартай өргөдөлд дурдсан солбицол бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй санал ирүүлсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.5, Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйл, 92 дугаар зүйлийн 92.2, 94 дүгээр зүйлийн 94.1, Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 17 дугаар зүйлийг тус тус үндэслэн Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрээр NE-027228 дугаартай өргөдөлд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй бөгөөд Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн Шийдвэрийн дагуу мэдэгдэл хүргүүлэх тухай 7/5268 дугаартай албан бичгээр тус компанид мэдэгдэл хүргүүлсэн байна.

Иймд “А” ХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрийн “А” ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “А” ХК-ийн ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

“А” ХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст холбогдуулан гаргасан “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрийн “А” ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “А” ХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хүссэн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

“А” ХК нь Төв аймгийн Архуст, Эрдэнэ сумдын нутагт орших Бор толгой нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасныг Ашигт малтмалын газрын /хуучин нэрээр/ Кадастрын хэлтэс 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, өргөдлийн бүртгэлийн NE-027228 дугаарт бүртгэсэн байна. 

Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга “А” ХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн талбайд тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.3-д заасны дагуу Төв аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 12 дүгээр сарын 09-ний өдрийн 6/9810 дугаар мэдэгдлийг  хүргүүлжээ. 

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Төрийн захиргааны байгууллага энэ хуулийн 19.1-д заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана: ... 19.2.2.хүсэлтэд дурдсан талбай нь энэ хуулийн 19.1.4-д заасан талбайтай давхцаагүй бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтойг мэдэгдэх;” гэж зааснаас үзвэл Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хуулийн хугацаанд тусгай зөвшөөрөл олгох боломжтой талаар шийдвэр гарган Төв аймгийн Засаг даргад мэдэгдэл хүргүүлсэн нь 20 өдөрт багтаан шийдвэр гаргах зохицуулалтыг зөрчөөгүй байна. 

Төв аймгийн Засаг дарга 2016 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 173 дугаар саналаар тус аймгийн Архуст, Эрдэнэ сумдын нутаг дэвсгэрт Бор толгой нэртэй 364.01 гектар талбайд тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” гэснийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрээр “А” ХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16-д “ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэх, шийдвэрлэх;”, 19 дүгээр зүйлийн 19.6-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.2.2, 19.2.5-д заасан саналыг дэмжсэн хариу өгсөн бол төрийн захиргааны байгууллага тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр гаргаж, тусгай зөвшөөрлийн эхний жилийн төлбөрийг мөн хуулийн 34.1-д заасан хугацаанд төлөх тухай өргөдөл гаргасан этгээдэд мэдэгдэнэ.” гэж тус тус заасантай нийцжээ. 

Учир нь хуулийн дээрх зохицуулалтыг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс аймаг, нийслэлийн Засаг дарга “дэмжсэн” санал өгсөн бол тусгай зөвшөөрөл олгох бөгөөд харин “дэмжихгүй” санал өгсөн бол тусгай зөвшөөрөл олгохоос татгалзана гэж ойлгоно. 

Иймд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга хуульд заасан 20 өдрийн дотор тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэхийг шийдвэрлэн аймгийн  Засаг  даргаас  санал  авч  2017  оны  460  дугаар  шийдвэрээр  хайгуулын 

 

тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсаныг буруутгах хуулийн үндэслэлгүй байна.  

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан Уул уурхайн сайдын 2015 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 10 дугаар тушаалаар батлагдсан “Тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтын журам” энэ хэрэгт хамааралгүй юм. Учир нь тус журам нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.12, 20 дугаар зүйлийн 20.1, 24 дүгээр зүйлийн 24.2, 26 дугаар зүйлийн 26.9, 49 дүгээр зүйлийн 49.7-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг явуулах зорилготой бөгөөд нэхэмжлэгч шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар гаргасан өргөдөлтэй холбогдуулан нэхэмжлэл гаргажээ.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно.” гэж зааснаас үзвэл аймаг, нийслэлийн Засаг даргаас ирүүлсэн “дэмжихгүй” санал нь хуульд нийцсэн байх учиртай бөгөөд Засаг даргын саналын хууль зүйн үндэслэлтэй эсэхийг төрийн захиргааны байгууллага дүгнэх үндэслэлгүй болох нь доорх байдлаар тогтоогдож байна. 

Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин наймдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газар төрийн хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийн дагуу дараахь үндсэн бүрэн эрхийг хэрэгжүүлнэ: 1/ Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж хангах;...”, Засгийн газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Засгийн газар Монгол Улсын хуулийг биелүүлж, аж ахуй, нийгэм, соёлын байгуулалтыг удирдах нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлнэ.” гэж тус тус заасны дагуу Үндсэн хууль, бусад хуулийн биелэлтийг улс даяар зохион байгуулж, хангах нь Засгийн газар болон гүйцэтгэх эрх мэдлийн бүх байгууллагад хамаарах үүрэг юм.

Ашигт малтмал, газрын тосны газар нь Засгийн газрын тухай хуулийн 183 дугаар зүйлийн 1-д заасны дагуу байгуулагдсан Засгийн газрын агентлаг бөгөөд Үндсэн хууль болон бусад хуулийг биелүүлэх үүрэгтэй төрийн захиргааны байгууллага тул Засаг даргаас ирүүлсэн “дэмжихгүй” санал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх чиг үүрэггүй юм.

Харин Үндсэн хуулийн Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ.”, Дөчин есдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана.”, Шүүхийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Шүүх хүчин төгөлдөр болсон, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ.” гэж тус тус зааснаар шүүх хүн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн эсэхийг тухайн этгээдээс гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хүчин төгөлдөр болсон, албан ёсоор нийтлэгдсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэх замаар шүүх эрх мэдлийг хэрэгжүүлдэг. 

Засаг даргын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан гаргаж буй санал нь гадагш чиглэсэн, нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн тодорхой нэг тохиолдлыг зохицуулж, эрх зүйн үр дагавар бий болгосон байдлаараа Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны актын шинжийг бүрэн агуулжээ.

Захиргааны хэргийн шүүх нь захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар гаргасан нэхэмжлэлийн хүрээнд хуулиар харьяалуулсан хэргийг хянан шийдвэрлэдэг тул өөрт харьяалагдаагүй асуудлаар буюу аймгийн Засаг даргын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжээгүй санал болон иргэдэд газар эзэмшүүлсэн захирамжийн үндэслэлд дүгнэлт өгөх боломжгүй юм.

Дээрх нөхцөл байдлуудаас дүгнэвэл хариуцагч Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэс хуульд заасан хугацааны дотор хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талаар шийдвэр гаргаж, аймгийн Засаг даргаас санал авахаар мэдэгдэл хүргүүлэхэд Төв аймгийн Засаг дарга тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй санал ирүүлснийг үндэслэн тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэр Ашигт малтмалын тухай хуульд нийцсэн байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.2, 19.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “А” ХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 460 дугаар шийдвэрийн “А” ХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, “А” ХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн  70200 /далан мянга хоёр зуун/  төгрөгийг  улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1–д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.ДАМДИНСҮРЭН