Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 221/МА2021/0164

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

  “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

   захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүгч А.Сарангэрэл Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Х, Б.Э нарыг оролцуулан онлайнаар хийсэн хуралдаанаар, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 50 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 50 дугаар шийдвэрээр: Татварын Ерөнхий хуулийн /2008 оны/ 41 дүгээр зүйлийн 41.1, 63 дугаар зүйлийн 63.1.1, Монгол Улсын автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйл, 6 дугаар зүйлийн 6.1, 7.1, Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг тус тус баримтлан “Т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэст холбогдох “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн татвар суутгасан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.З давж заалдах гомдолдоо: “Т” ХХК нь Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн татвар суутгасан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгох” тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд хандаж гаргасан билээ. Анхан шатны шүүхийн 50 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн бөгөөд маргааныг үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс тус шийдвэрийг эс зөвшөөрч, энэхүү гомдлыг давж заалдах журмаар гаргаж байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т "тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх захиргааны акт ил хууль бус болох шинжийг агуулаагүй байна” хэмээн дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно. Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна” гэж заасан бөгөөд татвар төлөгч нь тухайн автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч байх ёстой.

Гэвч анхан шатны шүүх Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж, зөвхөн Автотээврийн Үндэсний төвийн бүртгэлийг үндэслэн тухайн татвар суутгагдсан тээврийн хэрэгслүүдийн эзэмшигчийг нэхэмжлэгч хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй юм. Учир нь Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д “Хүсэл зоригийн дагуу эрх, эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар эзэмшил үүснэ”, мөн хуулийн 89.2-т “Өөр этгээдээс бүрэн эрх олгогдсоны дагуу түүний ашиг сонирхлын үүднээс эд хөрөнгийг тухайн үед өөрийн мэдэлд байлгаж байгаа этгээдийг эзэмшигч гэж үзэхгүй. Энэ тохиолдолд бүрэн эрх олгосон этгээд эзэмшигч байна” гэж тус тус заасны дагуу татвар суутган тооцсон тээврийн хэрэгслийн эзэмшигч нь тухайн  тээврийн хэрэгслийг бодитойгоор эзэмшиж, ашиглаж буй иргэн, хуулийн этгээд зээлдэгч юм.

Өөрөөр хэлбэл Иргэний хуульд заасны дагуу тухайн татвар суутгагдсан тээврийн хэрэгслүүдийн эзэмшигч нь тухай тээврийн хэрэгслийн өмчлөгч буюу бодитойгоор эзэмшиж, ашиглаж буй иргэд, хуулийн этгээд байдаг ба нэхэмжлэгч байгууллага нь тухайн тээврийн хэрэгслийг ямар нэгэн байдлаар эзэмшиж, ашигладаггүй болно.

Мөн нэхэмжлэгч байгууллага нь барьцаалан зээлдүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээд бөгөөд үйл ажиллагааны үндсэн чиглэлийн хүрээнд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасны дагуу зээлийн гэрээг байгуулж, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1-д заасны дагуу “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци”-г байгуулж, Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т “Үүрэг хүлээгч мөнгө төлөх үүргээ хугацаанд нь биелүүлж, шилжүүлсэн эд хөрөнгөө буцаан авсан буюу ийнхүү үүргээ биелүүлээгүй бол өмчлөлд шилжүүлсэн эд хөрөнгийг үүрэг гүйцэтгүүлэгч бодитойгоор гаргуулан авснаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ дуусгавар болно” гэж заасны дагуу татвар суутгагдсан тээврийн хэрэгслүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулдаг.

Гэрээний хугацаа дуусгавар болоход зээлийн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг зээлдэгчээс бодитойгоор гаргуулан авч эзэмшигч болсноор зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хангагдсанд тооцогддог. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 235 дугаар зүйлийн 235.4-т заасан нөхцөл байдал үүссэн тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийг эзэмших эрх үүсдэг ба бусад тохиолдолд зээлдэгч нь тухайн тээврийн хэрэгслийг эзэмшиж, ашиглаж, удирддаг юм.

Мөн нэхэмжлэгч болон зээлдэгч нарын хооронд байгууллагддаг зээлийн болон фидуцийн гэрээнд тухайн тээврийн хэрэгслийн татвар, хураамж, торгууль болон тээврийн хэрэгсэл ашигласнаас үүсэх гэм хорыг тухайн тээврийн хэрэгслийг эзэмшиж буй зээлдэгч хариуцахаар харилцан тохиролцсон байдаг.

Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 89.2, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, 235.4 дэх хэсгийг тус тус хэрэглээгүй ба Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэж, Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх захиргааны акт ил хууль бус болох шинжийг агуулаагүй гэх үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Нөгөөтэйгүүр Татварын Ерөнхий хууль /2008 он/-ийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Татварын хууль тогтоомжийн дагуу татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа, тодорхой эрх бүхий, эсхүл ажил үйлчилгээ эрхэлж, түүнчлэн газар, түүний хэвлий, байгалийн баялаг, ашигт малтмалын нөөц ашигласан, агаар, ус, хөрс бохирдуулснаас татвар төлөх үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгч байна”, мөн хуулийн 13.1-д “Татварын хуулиар татвар төлөх, татвар суутгах үүрэг хүлээсэн хувь хүн, хуулийн этгээд татварын албанд татвар төлөгчөөр бүртгүүлнэ” гэж тус тус заасны дагуу Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд заасан татварыг төлөх нэг л этгээд байх ёстой.

Гэтэл Автотээврийн үндэсний төвийн бүртгэлд нэхэмжлэгч байгууллагын нэр дээр бүртгэгдсэн тээврийн хэрэгслийг бодитойгоор эзэмшиж буй /зээлдэгч буюу эзэмшигч этгээд Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг төлөхөд татварыг нь суутган тооцдог атлаа бусад тээврийн хэрэгсэл эзэмшигч татвараа төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч байгууллагын данснаас үл маргах журмаар Татварын Ерөнхий хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.6, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсгийг тус тус зөрчиж, суутган авч байна. Татвар ногдох нэг эд хөрөнгийн татварыг хоёр этгээд төлөх үүрэгтэй байх нөхцлийг бүрдүүлсэн. Өөрөөр хэлбэл Автотээврийн Үндэсний төвийн бүртгэлд нэхэмжлэгч байгууллагын нэр дээр бүртгэлтэй бүх тээврийн хэрэгслийн татварыг төлөх үүрэг нь нэхэмжлэгч байгууллагад байгаа гэж үзсэн тохиолдолд тухайн тээврийн хэрэгслийн эзэмшигч /зээлдэгч/-ээс татварыг хураах, суутган авах эрхгүй бөгөөд анхан шатны шүүх дээрх ойлгомжгүй шийдвэрийг гаргасан байна.

“Т” ХХК нь Баянгол дүүрэг үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд Баянгол дүүргийн татварын хэлтэст татвар төлөгчөөр бүртгэлтэй хуулийн этгээд юм. Гэтэл Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс нь Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасныг зөрчиж, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар буюу харьяалал зөрчиж тухайн тээврийн хэрэгслүүдийн татварын суутган авсан нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх дээрх үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийлгүй орхигдуулсан юм. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэс нь дээрх байдлаар нэхэмжлэгч байгууллагын эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй бөгөөд Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 89.2, мөн хуулийн 235 дугаар зүйлийн 235.1, Татварын Ерөнхий хууль /2008 он/-ийн 12.1 дэх хэсгийг тус тус хэрэглэлгүйгээр маргааныг шийдвэрлэсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй юм.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 50 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээв.

Нэхэмжлэгч “Т” ХХК-иас Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн татвар суутгасан захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.

Хариуцагчаас “Т” ХХК-д “автотээвэр өөрөө явагч хэрэгслийн албан татварт үүссэн 19,288,491 төгрөг, авто зам ашигласны төлбөрт 7,941,008 төгрөг, агаарын бохирдлын төлбөрт үүссэн 252,500 төгрөг, нийт 27,481,999 төгрөг”-ийг барагдуулахаар шийдвэрлэсэн бөгөөд үүнийг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3, 47.1.6-д заасан илт хууль бус актын шинж агуулсан, автомашиныг бодитойгоор эзэмшээгүй, эзэмшигч бус этгээдээс автомашины татвар суутгасан нь үндэслэлгүй, харилцагч буюу зээлдэгчээс суутгах ёстой” гэж маргасан байна.

Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаас үзвэл, хариуцагч Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсээс нэхэмжлэгч “Т” ХХК-ийн Хаан банк дахь харилцах данснаас 16,337,699 төгрөгийг үл маргах журмаар суутган авсан байх бөгөөд нэхэмжлэгчээс тус компанийн эзэмшилд бүртгэлтэй автотээврийн хэрэгслүүдийн талаар болон татварын өрийн үнийн дүн болон тооцооллын асуудлаар маргаагүй байна. Харин дээрх автотээврийн хэрэгслүүдэд ногдох албан татварыг төлөх үндэслэлгүй, автотээврийн хэрэгслүүд “Т” ХХК-ийн эзэмшилд бүртгэлтэй эсэхээс үл хамаарч, бодитоор эзэмшиж, ашиглаж буй этгээд /зээлдэгч/ татварыг төлөх ёстой гэх гомдол үндэслэлгүй. Учир нь Агаарын бохирдлын төлбөрийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.4-д “автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшигч” гэж, Монгол Улсын Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуулийн 3 дугаар зүйлд “Монгол Улсын нутаг дэвсгэрт автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэл эзэмшиж буй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллага албан татвар төлөгч байна” гэж, 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын бүртгэлд байгаа автотээврийн болон өөрөө явагч хэрэгсэлд тэдгээрийг ашиглаж байгаа эсэхийг үл харгалзан албан татвар ногдуулна” гэж тус тус зааснаас үзвэл, тухайн авто тээврийн хэрэгслийг эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн аж ахуйн нэгж, байгууллага албан татварыг төлөхөөр байна.

Мөн хуулийн дээрх заалтуудаас үзвэл, автотээврийн хэрэгсэл эзэмшигч гэдгийг улсын бүртгэлд бүртгэлтэй иргэн, хуулийн этгээдийг ойлгох тул тухайн тээврийн хэрэгслийг эзэмшиж буй “Т” ХХК нь татвар төлөгч байх тул нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...бүртгэлийг үндэслэн тухайн татвар суутгагдсан тээврийн хэрэгслүүдийн эзэмшигчийг нэхэмжлэгч хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Нэхэмжлэгч “Т” ХХК нь автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг хуульд заасан хугацаанд төлөөгүй, татварын өр үүсгэсэн байх тул Татварын ерөнхий хуулийн /2008 оны/ 62 дугаар зүйлийн 62.2-д “Татварын өрийг бүрэн гаргуулах зорилгоор энэ хуулийн 62.1-д заасан ажиллагааг давхардуулан явуулж болно”, 63 дугаар зүйлийн 63.1-д “Хугацаанд нь төлөөгүй татварын өрийг эхний ээлжинд татвар төлөгчийн банк дахь дансанд байгаа мөнгөн хөрөнгөөс үл маргах журмаар гаргуулах бөгөөд уг мөнгөн хөрөнгө нь татварын өрийг төлөхөд хүрэлцэхээргүй бол уг данснаас төлөх баталгаажсан барьцаа, шүүхийн шийдвэртэйгээс бусад зарлагын гүйлгээг бүрэн буюу хэсэгчлэн зогсоож, дансны орлогоос татварын өрийг барагдуулна” гэж зааснаас дүгнэвэл хариуцагчаас үл маргах журмаар татварын өрийг барагдуулсан нь үндэслэл бүхий байна. 

Түүнчлэн нэхэмжлэгчээс “...нэхэмжлэгч болон зээлдэгч нарын хооронд байгууллагддаг зээлийн болон фидуцийн гэрээнд тухайн тээврийн хэрэгслийн татвар, хураамж, торгууль болон тээврийн хэрэгсэл ашигласнаас үүсэх гэм хорыг тухайн тээврийн хэрэгслийг эзэмшиж буй зээлдэгч хариуцахаар харилцан тохиролцсон байдаг. Гэтэл анхан шатны шүүхээс Иргэний хуулийн ... холбогдох зүйл заалтыг хэрэглээгүй, Захиргааны ерөнхий хуулийн 47.1.3, 47.1.6 дахь заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар үйлийн 47.1.3-д “тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан”, 47.1.6-д “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” бол захиргааны актыг илт хууль бус болохыг заажээ. Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл, нэхэмжлэгчийг автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараа хуульд заасан хугацаанд төлөөгүй үндэслэлээр тус компанийн эзэмшилд бүртгэлтэй автотээврийн хэрэгслүүдэд ногдох төлбөрийн өрийг үл маргах журмаар гаргуулж, татварын өрийг барагдуулсан нь үндэслэлтэй, өөрөөр хэлбэл маргаан бүхий захиргааны акт нь хуульд заасан илт хууль бус байх шинжийг агуулаагүй байна.

Хэрэв нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс зээлийн болон фидуцийн гэрээнд тухайн тээврийн хэрэгслийн татвар, хураамж, торгууль болон тээврийн хэрэгсэл ашигласнаас үүсэх гэм хорыг тухайн тээврийн хэрэгслийг эзэмшиж буй зээлдэгч хариуцах ёстой гэж үзэж байгаа бол гэрээнээс учирсан хохирлоо Иргэний журмаар шаардах эрх нь нээлттэй болно.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж, хэргийг шийдвэрлэсэн байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 50 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                               Н.ДОЛГОРСҮРЭН

 

 

ШҮҮГЧ                                               А.САРАНГЭРЭЛ

 

 

ШҮҮГЧ                                               Б.ТУНГАЛАГСАЙХАН