Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 128

 

Д.Дашгомбын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/05596 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Дашгомбо,

Хариуцагч Х.Үржинчимэг, Ж.Дүүрэнжаргал нарт холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 225 000 000 төгрөг гаргуулах, уг үүргийг барьцаа хөрөнгөөр гүйцэтгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

 

Хариуцагч Х.Үржинчимэг, Ж.Дүүрэнжаргал нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Д.Дашгомбо,

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батболд,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие  2013 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хариуцагч Х.Үржинчимэг, Ж.Дүүрэнжаргал нартай харилцан тохиролцож, тэдэнд 150 000 000 төгрөгийг, сарын 3 хувийн хүүтэй, 12 сарын хугацаатайгаар зээлдүүлсэн. Зээлийн гэрээний хугацааг зээлдэгч нарын хүсэлтээр 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл сунгасан. Гэрээний хугацаанд зээлийн хүүд  94 500 000 төгрөг, алдангид 7 200 000 төгрөгийг хариуцагч нар төлсөн. Бусад үүргээ биелүүлээгүй. Иймд хариуцагч нараас зээлд 150 000 000 төгрөг, алдангид 75 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Барьцаалсан хөрөнгөөр үүргийг хангуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй байна.

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,  186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Х.Үржинчимэгээс 217 800 000  төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 7 200 000 төгрөгийг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Х.Үржинчимэг дээрх үүргийг эс биелүүлбэл  Баянгол дүүрэг, 1-р хороо, Хос өргөө 2 хотхон /16030/ Энгельсийн гудамж, 21-р байрны 100 тоот дахь, хариуцагч нар хамтран өмчлөх эрх бүхий, 112.7 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, Баянгол дүүрэг, 1-р хороо, Хос өргөө 2 хотхон /16030/ Энгельийн гудамж, 22-р байрны зоорийн давхарт, 91 тоот, улсын бүртгэлийн Ү-2205049142 дугаарт бүртгэгдсэн,  хариуцагч Х.Үржинчимэг дангаар өмчлөх эрх бүхий,18 м.кв талбайтай, автомашины зогсоолыг албадан дуудлага худалдаагаар худалдаж үүнээс үүргийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх  албанд даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60  дугаар зүйлийн 56.2, 60.1 дэх хэсгийг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 641 950 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээр  641 950 төгрөгийг улсын орлогод төлүүлэх, хариуцагч Х.Үржинчимэгээс  1 246 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тус тус тогтоож шийдвэрлэжээ.

Хариуцагч Х.Үржинчимэг, Ж.Дүүрэнжаргал нар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, хариуцагч нарыг шүүх хуралдаанд оролцуулаагүй, өмгөөлөгчөөр эрх ашгаа хамгаалуулах, мэтгэлцэх эрхийг хангаагүй.Мөн талуудын хооронд байгуулсан гэрээ болон нэхэмжлэгч талын тайлбарыг нотолгоо болгож, шинээр томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгчийг нөхцөл байдалтай танилцах, нотлох баримт бүрдүүлэх зэрэг эрхийг эдлүүлэлгүй, хэт нэг талын эрх ашгийг хамгаалсан гэж үзнэ.

Зээлийн гэрээтэй холбоотой нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөхөөр бэлтгэсэн байсан. Шүүх үндсэн зээл, хүүгийн хэмжээг тооцолгүй, хэт өсгөсөн нөхцөл байдлыг шалгаагүй, зөвхөн хариуцагч ирээгүй шалтгаанаар нотлох баримт бүрдүүлэх талаар анхаараагүйгээс хууль зүйн үндэслэлтэй шийдвэр гарч чадаагүй.

Хариуцагч тал төлбөрийн хэмжээг хүлээн зөвшөөрөөгүй бол нэхэмжлэлийн дүнг шударгаар тооцоолох боломжийг хуулиар олгосон байхад шүүх шийдвэрээ гаргасанд гомдолтой байна. Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэлийн шаардлагаас 150 000 000 төгрөгийг төлөх боломжтой гэж үзэж байсан. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг дахин хянаж шийдвэрлүүлж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн шаардлагад нийцсэн, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байна.

Нэхэмжлэгч Д.Дашгомбо хариуцагч Х.Үржинчимэг, Ж.Дүүрэнжаргал нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 225 000 000 төгрөг гаргуулж, уг үүргийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлдээ 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ хариуцагч зөрчсөн тул дээрх гэрээний дагуу төлбөрийг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулна гэсэн ба хариуцагч нэхэмжлэлийн хувийг гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх үүрэгтэйгээ танилцсан боловч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн эсэх талаар тайлбар гаргаагүй байна.

Нэхэмжлэгч Д.Дашгомбо хариуцагч Х.Үржинчимэг, Ж.Дүүрэнжаргал нарын хооронд 2013 оны 08 дугаар сарын 07-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч Д.Дашгомбоос зээлдэгч Х.Үржинчимэг нь 150 000 000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй зээлж, уг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор мөн өдрөө барьцааны гэрээ байгуулж, Х.Үржинчимэг, Ж.Дүүрэнжаргал нарын өмчлөлийн 4 өрөө орон сууц болон автозогсоолыг барьцаалсан, түүнээс хойш зээлийн гэрээг 2014 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс мөн оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүртэл тус тус сунгасан үйл баримт хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүсчээ. /хх 6-12/

Хариуцагч Х.Үржинчимэг, Ж.Дүүрэнжаргал нар зээлийн төлбөрийг зээлийн гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу хугацаанд нь төлөх үүргээ зөрчсөн тул зээлдүүлэгч буюу нэхэмжлэгч Д.Дашгомбо нь гэрээний үүргийг Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нараас шаардах эрхтэй байна.

Мөн талууд зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцон алданги төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 232.6 дахь хэсэгт нийцсэн тул шүүх энэ талаарх нэхэмжлэлийн шаардлага болох 75 000 000 төгрөгөөс хариуцагч нарын алдангид төлсөн 7 200 000 төгрөгийг хасч, үлдэх хэсгийг хангаж шийдвэрлэсэн нь хууль болон гэрээний заалтад нийцсэн байна.

Талуудын хооронд байгуулагдсан барьцааны гэрээ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан, хүчин төгөлдөр гэрээ байх тул барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан нийцнэ.

Хариуцагч Х.Үржинчимэгт шүүх нэхэмжлэлийн хувийг гардуулан өгч,  эрх, үүргийг танилцуулсан тул тэрээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2, 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан үүргээ биелүүлээгүй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулахад саад болохгүй /хх 36,37/ ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацааг сунгаж, шүүх хуралдааныг хариуцагч талын хүсэлтээр хойшлуулж байснаас үзвэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх хариуцагч талын эрхийг шүүх хязгаарласан, эрхийг нь зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй.

            Түүнчлэн хариуцагч нараас итгэмжлэгдсэн төлөөлөгч Б Амаржаргалыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөрийгөө төлөөлүүлэхээр итгэмжлэл олгосон тул итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйл, 36 дугаар зүйлд зааснаар хариуцагчийн эрх, үүргийг хэрэгжүүлэх ёстой бөгөөд  итгэмжлэгдсэн төлөөлөгч 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн шүүх хуралдааныг “өвчтэй” шалтгаанаар хойшлуулахыг хүссэн боловч, уг хүсэлтэд хавсаргасан эмнэлгийн баримт нь үндэслэлгүй болохыг эмнэлгийн магадлагааг бичсэн эмч А.Тайван хүлээн зөвшөөрсөн тул шүүх хүсэлтийг хангахаас татгалзан, нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагч талын эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт нийцсэн байна. /хх 68,69,70,71/

Дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2016/05596 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 497 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Н.БАТЗОРИГ

                                    ШҮҮГЧИД                                           Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

                                                                                                А.ОТГОНЦЭЦЭГ