Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 06

 

           

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

           Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямдаваа

            Улсын яллагч Г.Мөнхболд

            Шүүгдэгч Ч.Б, П.Г нарыг оролцуулан Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Г, Ч.Б  нарт холбогдох эрүүгийн 1940001690100 дугаартай хэргийг 2019 оны 12 сарын 05-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд төрсөн, яс үндэс халх, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, дүүгийн хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, П.Г.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд төрсөн, яс үндэс халх, 21 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, механик жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Ч.Б.

            Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

   Шүүгдэгч П.Г Ч.Б  нар нь 2019 оны 09 сарын 15-ны орой Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багт оршин суух иргэн М.П гэрийн гадаа бүлэглэн тус сумын харьяат иргэн М.Б биед халдан зодож, улмаар иргэн М.Б биед зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний судаслаг бүрхүүлийн урагдал, баруун, зүүн нүдний алимны салстын цус хуралт, хамар ясны хугарал, мурийлт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, зүүн хацар, шанаа хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

-Хохирогч М.Б 2019 оны 09-р сарын 26-ны өдөр өгсөн: “Би 2019 оны 09 сарын 15-ны орой 21 цагийн үед өөрийн төрсөн эгч болон М.П  гэрт айраг уухаар очсон. М.П эгч Дундговь аймаг руу айлын найранд яваад ирэхдээ айраг авчирсан гэж байсан болохоор айраг уух гэж ганцаараа очсон. Намайг М.П эгчийн гэрт ирэхэд М.П эгч, хүүхдүүд нь болох П.Г Баясгалан нар байсан, өөр хүн байгаагүй. Тэгээд айраг ууж байхдаа М.П эгчийн хүү П.Г загнаж зэмлэсэн. Учир нь манай эгч хэлэхдээ П.Г архи уугаад байгаа, гэртээ ирж агсам тавиад байгаа гэж хэлсэн болохоор ахын хувьд загнаж зэмлэсэн. Намайг загнаж байхад П.Г өөдөөс уурлаж байгаад гэрээсээ ганцаараа гараад явсан. П.Г гарч явсаны дараа би М.П эгчтэй ойр зуурын юм яриад айраг уугаад сууж байхад орой 23 цагийн үед П.Г ганцаараа гэртээ орж ирээд намайг гараад уулзья гэхээр нь би П.Г араас дагаад гарахад хашааны зүүн буланд 2 залуу зогсож байгаа харагдсан. Хэн гэдгийг нь таниагүй. М.П  гэрээс гараад хашааны гадаа гарч ирээд П.Г яасан миний дүү гээд асуутал ямар нэгэн үг хэлэлгүй миний нүүр рүү гараараа цохихоор нь П.Г бариад авсан чинь хашааны буланд зогсож байсан 2 залуу гүйж ирээд нийлж байгаад намайг газар унагаасан. Намайг газар унагааж байгаад П.Г нөгөө 2 залуутай нийлээд миний толгой тархи, нүүр, нуруу, гэдэс гээд хаа таарсан газар руугаа өшиглөцгөөсөн. Тухайн үед би нүүрээ хамгаалаад доошоо мөлхөөд хэвтсэн. Тэгсэн ч гэсэн миний нүүр рүү өшиглөөд байсан. Тэгж байхад М.П эгч гарч ирээд тэд нарыг хөөж надаас холдуулсан. М.П эгч нэгийг нь барьж холдуулахад нөгөөдүүл нь ирээд өшиглөөд байсан. Тэд нарыг надаас холдож явсан хойно босоод М.П эгчийн гэрт ороход миний хамраас цус гарсан байсан, мөн зүүн нүднээс нулимас гараад тогтохгүй байсан. Миний 2 нүд хөхөрч, хавагнасан. М.П эгчийн гэрт цусаа угааж тогтоогоод эхнэрээ дуудаж хамт харьсан. Гэртээ ирээд байхад миний бие дээрдэхгүй татах гээд байхаар нь эмнэлэгт очиж үзүүлсэн чинь дусал залгаад эмнэлэг дээр хонуулсан. Улаанбаатар хот руу явж үзүүлэх зөвлөгөө өгсөн. Би Улаанбаатар хотод ирээд өөрийгөө үзүүлэхэд миний зүүн нүдний судсан бүрхүүл гэмтсэн, хараа сайжрахгүй, юм харахгүй болно, эмчилгээ байхгүй гэж хэлсэн. Гэмтлийн эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэж хэлсэн. Миний 2 нүд хавдаж хөхөрсөн. Хамрын яс мурийж гэмтсэн. Мөн зүүн нүдний судсан бүрхүүл гэмтэж хараа муудаж, харах боломжгүй болж байгаа. Би маш их гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/

-Гэрч Б.Б 2019 оны 09-р сарын 26-ны өдөр өгсөн: “Би Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын төвд гэр хороололд нөхөр хүүхдүүдийн хамт амьдардаг. Манай нөхөр хөдөө мал дээрээ байдаг. 2019 оны 09 сарын 15-ны өдөр манай нөхөр хөдөөнөөс ирээд байсан юм. Тэгээд 2019 оны 09 сарын 15-ны орой 21 цагийн үед манай нөхөр гэрээсээ төрсөн эгчийнх рүүгээ айраг уухаар явлаа гээд ганцаараа явсан. Манай нөхөр айраг уухаар яваад гэртээ ирээгүй байж байгаад шөнө 2019 оны 09 сарын 16-ны 00 цаг өнгөрч байхад манай нөхрийн эгч М.П над руу утсаар яриад манай гэрт хүрээд ир Б  хүнд зодуулчихлаа гэж хэлсэн. Тэгээд Б гийн том эгч Л  нь манай гэрт манай нөхрийг хүргэж ирсэн. Манай нөхөр гэртээ орж ирэхэд нь өмсөж явсан хамаг хувцас нь дан цус болчихсон байсан. Нүүр ам нь битүү хавагнасан байсан. гэртээ ирээд манай нөхрийн бие дээрдэхгүй байхаар нь эмнэлэг рүү очоод үзүүлэхэд дусал залгаж хоносон. Бор-Өндөр сумын нэгдсэн эмнэлгийн эмч үзээд Улаанбаатар хот руу явж үзүүлж гэж хэлсний дагуу Улаанбаатар хотод очоод “Орбит” гэсэн нүдний эмнэлэгт үзүүлсэн чинь манай нөхрийн зүүн нүдний судсан бүрхүүл гэмтсэн гэж онош хэлсэн. Зүүн нүдний хараа муудаж, цаашлаад юм харахгүй болно гэж хэлсэн, ямар ч эмчилгээ байхгүй гэж хэлсэн. Одоо гэмтлийн эмнэлэгт үзүүлэх шаардгагатай” гэх мэдүүлэг /хх-ийн 08/

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 сарын 09-ний өдрийн №63 тоот: 

1.М.Б биед зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний судаслаг бүрхүүлийн /хориод/ урагдал, баруун, зүүн нүдний алимны салстын цус хуралт, хамарын ясны хугарал, мурийлт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, зүүн хацар, шанаа хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

            3.Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид зүүн нүдний гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Бусад гэмтлүүд энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

            5.Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 10/,

            -Шинжээч Ж.А 2019 оны 10 сарын 10-ны өдөр өгсөн: “М.Б биед учирсан “зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний судаслаг бүрхүүлийн /хориод/ урагдал”, “баруун, зүүн нүдний алимны салстын цус хуралт”, “хамрын ясны хугарал, мурийлт”, “баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь тус бүртээ гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            Харин зүүн хацар, шанаа хэсгүүдийн цус хуралт нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар гэмтлийн зэрэг тогтоогдохгүй. Дээрх гэмтлүүд нь М.Б биед нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд байсан. Гэмтлийн зэрэг тогтоох журамд дүгнэлтийг бичихдээ нэг цаг хугацаанд хэд хэдэн гэмтэл тогтоогдсон тохиолдолд дээрх тогтоогдсон гэмтлүүдийн аль хүндэд нь хамааруулж дүгнэлтийг гаргадаг. М.Б хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь түүний биед учирсан зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний судаслаг бүрхүүлийн /хориод/ урагдал нь эдгэрэл, эмчилгээний үр дүнгээс хамаарна. Харин баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсгийн цус хуралт зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд нь хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 11/

-Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 11 сарын 29-ний өдрийн № 20 тоот: 

            1.Талийгаачийн цогцост гэмтэл тогтоогдсонгүй.

            2.Талийгаачийн цусанд 4.3 промиллли спиртийн агууламж илэрсэн нь хүнд зэргийн согтолтын хэмжээ болно.

            3.Талийгаачид шинжилгээгээр үхэлд нөлөөлөх эмгэг өвчин тогтоогдсонгүй.

            4.Талийгаач нь спиртийн цочмог хордлогоор нас баржээ” гэх дүгнэлт /хх-ийн 63-64/

            -Яллагдагч П.Г  2019 оны 10-р сарын 24-ний өдөр өгсөн: “2019 оны 09 сарын 15-ны орой гадуур явж байгаад гэртээ ирсэн чинь манайд Б  ах, Ө эгч, ээж, хойд эцэг нар хамт архи уугаад сууцгааж байсан. Манай төрсөн дүү маань унтаж байсан. Энэ өдөр манай ээж Дундговь аймаг руу айлын найранд яваад ирсэн гэж байсан. Намайг гэртээ ороод сууж байхад Б  ах “намайг ээждээ тусалсан юм юу байна, энэ гэрт авч гийгүүлсэн юм юу байна” гэж хэлэхээр нь надад тийм зүйл байхгүй гэж хэлсэн. Тэгтэл манай ээж Б  ахад “наад хүүрээ алаад хаячихаач, зодчихооч” гэж хэлсэн чинь Б  ах юм хэлэхгүй байж байгаад миний нүүр рүү нэг удаа алгадсан. Тэгэхээр нь би Б  ахад юм хэлэхгүй сууж байтал манай аавыг янз бүрээр ярьж доромжилсон. Тэгэхээр нь миний уур хүрээд Б  ахтай хэрэлдсэн. Би Б  ахыг “та манай аавыг янз бүрээр хэлэх, доромжлох эрх байхгүй шүү” гэж хэлтэл Б  ах босож ирээд намайг заамдаж барьж аваад гаръя, үзье гээд гэрээс чирсэн. Тэгэхэд Ө эгч салгахаар нь би гэрээсээ гараад явсан. Би гэрээсээ гарч яваад найз Ч.Б тэй уулзаад тамхилсан. Ч.Б  бид 2 тамхилж байгаад ойролцоогоор 20-30 минутын дараа орой 23 цаг өнгөрч байхад манай гэр рүү хамт явъя гэж ярьсан. Би Ч.Б т ахдаа зодуулчихлаа, аавыг маань доромжлоод байна гэж хэлсэн. Ингээд Ч.Б  бид 2 манай гэрийн хашааны зүүн талын буланд ирж зогсоод би ганцаараа гэр рүү ороод Б  ахыг гараад ир, одоо үзье гэж хэлсэн. Тэгэхэд Б  ах гэрээс гарч ирэхээр нь би дагуулаад хашааны гадаа гаргаж ирээд уулзаад Б  ахад “та миний аавыг доромжлох эрх байхгүй шүү” гэж хэлээд нэг удаа алгадсан. Тэгтэл Б  ах намайг барьж аваад дараад ойчсон. Бид 2 газар хамт унаад байхад Б  миний үснээс үсдээд газарт 2-3 удаа толгойгоор маань мөргүүлсэн. Б  ах бид 2-ыг газар унаад байхад Ч.Б  ганцаараа гүйж ирээд миний дээрээс Б  ахыг татаж холдуулсан. Тэгтэл Ч.Б ийг ээж холдуулж байсан. Би Б  ахыг надаас салахаар нь босоод нүүр рүү нь 2 удаа өшиглөсөн. Тэгээд Ч.Б  намайг дагуулаад тэндээс холдсон. Ч.Б  бид 2 гэр хорооллын тоглоомын талбай дээр сууж байгаад шөнө салцгааж гэр гэр рүүгээ явж амарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/

            -Яллагдагч Ч.Б ийн 2019 оны 10-р сарын 24-ний өдөр өгсөн: “2019 оны 09 сарын 15-ны орой гэртээ байж байгаад тамхигүй болчихоод найз П.Г тамхи авч татах гээд гэрээсээ гарсан. Тэгэхэд манай найз өөдөөс гарч ирээд надтай гэр хорооллын автобусны буудал дээр таарч уулзаад тамхилсан. П.Г бид 2 тамхилж байхад П.Г надад хандаж “манайх руу орчихоод гаръя, утсаа үлдээсэн байна” гэж хэлсэн. Тухайн үед надтай таарч уулзах үед П.Г уйлчихсан байсан. Гэрт нь ирсэн ээжийнхэн хамаатны ах намайг зодсон, аавыг маань доромжилсон гэж хэлж байсан. Тэгэхээр нь би эмээгийндээ очиж хонохгүй юу гэсэн чинь гэрээрээ ороод утсаа авчихъя гэж хэлэхээр нь хамт явсан. П.Г хашааны гадаа очоод намайг хашааны буланд байж бай гээд үлдээгээд ганцаараа гэр рүүгээ орсон. Удалгүй П.Г Б  ахыг дагуулаад гараад ирсэн. Араас нь М.П эгч гарч ирж байсан. П.Г гэр рүүгээ утсаа авах гээд орсон хойно Тэмүүжин ирж надтай уулзаад зогсож байсан. Би М.П эгч, Б  ах, П.Г гурвыг гараад ирэхээр нь тэд нар руу очсон. Тэмүүжин хашааны буланд утсаараа тоглоод үлдсэн. М.П эгчийн хашааны гадаа М.П эгчтэй уулзаад зогссон, намайг М.П цааш нь явуулахгүй бариад байсан. Тэгтэл П.Г Б  ах 2 газар уначихсан, Б  ах дээр нь гарчихсан, П.Г толгойг газар мөргүүлж байхаар нь би гүйж очоод Б  ахыг цааш түлхэж холдуулсан. Намайг түлхэж холдуулахад Б  ах цаад талд газар унасан. Тэгэхэд М.П эгч намайг татаж, бариад алгадсан. Тэгтэл Б  ахыг газар унасан байхад нь П.Г өшиглөж байгаа харагдсан, хаашаа өшиглөснийг нь хараагүй. Тэгэхээр нь П.Г руу очоод болиулаад, П.Г дагуулаад цаашаа яваад явсан. Гэр хорооллын тоглоомын талбай дээр сууж байгаад шөнө салцгаасан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35/

            -Гэрч М.П 2019 оны 11 сарын 07-ны өдөр өгсөн: “Би Дундговь аймагт айлын найранд явж байгаад 2019 оны 09 сарын 15-ны орой 19 цагийн үед Бор-Өндөр суманд гэртээ ирсэн. Намайг гэртээ ирэхэд П.Г Ч.Б  2 хамт манай гэрт байсан. Би Дундговь аймгаас ирэхдээ хэдэн литр айраг авчирсан юм. Миний авчирсан айрагны 5 литрийг нь П.Г Ч.Б  2 хуваагаад уугаад дуусгасан. Тэгээд Ч.Б , П.Г 2 гэрээс гараад явсан, хаашаа явсаныг нь мэдээгүй. Тэгтэл манай дүү Б  над руу утсаар яриад “уух айраг байна уу, айраг авчирсан уу” гэж асуухаар 1, 2 литр айраг байна, ирээд уу гэж хэлсэн. Төд удалгүй Б  гаднаас ганцаараа орж ирсэн. Б  манайд ирэхдээ архи уучихсан, халамцуу байсан. Б г ирээд айраг ууж байхад гаднаас П.Г ганцаараа орж ирсэн. П.Г гэрт орж ирээд суусан чинь манай дүү Б  Гантогтоход хандаж “Ээждээ агсам согтуу тавьлаа, ээжийгээ дээрэлхэлээ” гэж хэлээд зэмлэсэн. Мөн танай аав чинь манай эгчийг зовоож байсан, одоо чи зовоох гэж байна уу, та нарт хэрэггүй болоо юу гэж загнасан. Тэгтэл П.Г Б гийн өөдөөс хэрэлдэж “миний аавыг доош нь хийлээ, доромжиллоо” гэж уурлахад Б  П.Г нүүр рүү нэг удаа алгадсан. Тэгсэн чинь П.Г Б  2 хоорондоо зууралдаад, заамдалцахаар нь би П.Г салгатал гэрээс гараад явсан. П.Г гэрээс гарч яваад 20-30 минут орчмын дараа ганцаараа орж ирээд Б  ах гараад ир, уулзъя гэж хэлсэн. Тэгэхэд Б  дагаад гарахаар нь би араас нь юу болох нь уу гээд гарсан. Тэгэхэд П.Г Б г дагуулаад гэрийн хашаанаас гаргаад дагуулж явж байгаад зүүн талын хашааны гадаа очиж байсан. Би араас нь гарсан болохоор анх тэнд очоод яасныг нь хараагүй. Намайг хашаанаас гараад Б  руу очиход Ч.Б , П.Г 2 нийлээд Б г газар унагаачихсан тал талаас нь өшиглөж байсан. Би П.Г боль гэж хэлээд бариад авахаар нь Ч.Б  очиж өшиглөөд байсан, Ч.Б ийг бариад авахаар П.Г очоод өшиглөөд байсан. Тэгээд би салгаж дийлэхгүй байсан болохоор Ч.Б ийг бариад ядаж чи зодохоо боль гэж гуйсан, ах дүү нар учраа олох биз, чамд хийсэн гэм байхгүй гэж хэлэхэд Ч.Б  дахиж Б г зодоогүй. Тэгж байгаад зодолдохоо болиод П.Г Ч.Б  2 яваад өгсөн, тэгэхэд хашааны зүүн талын буланд хамт явж байсан нэг залуу байсаныг харсан. Тэр залуу Б г зодоогүй, танихгүй залуу байсан. Тэгээд би Б г дагуулж гэр рүүгээ оруулаад нүүр амыг нь цэвэрлэсэн, хамар амнаас цус гарсан байсаныг нь цэвэрлэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 42-43/

            -Шүүгдэгч  П.Г   шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн:  “Гэмт  хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Цагдаагийн байгууллагад болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. М.Б биед хөнгөн гэмтэл учруулсан. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг,

            -Шүүгдэгч  Ч.Б ийн  шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн: “Гэмт  хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна. Цагдаагийн байгууллагад болсон асуудлын талаар үнэн зөв мэдүүлэг өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. М.Б биед хөнгөн гэмтэл учруулсан. Хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх мэдүүлэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхээс шүүгдэгч П.Г Ч.Б  нарыг гэм буруутайд тооцсон үндэслэлийн талаар:

Шүүгдэгч П.Г нь 2019 оны 09 сарын 15-ны орой Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багт оршин суух иргэн М.П гэрийн гадаа бусадтай бүлэглэн тус сумын харьяат иргэн М.Б биед халдан зодож, улмаар М.Б биед зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний судаслаг бүрхүүлийн /хориод/ урагдал, баруун, зүүн нүдний алимны салстын цус хуралт, хамрын ясны хугарал, мурийлт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, зүүн хацар, шанаа хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч  Ч.Б  нь 2019 оны 09 сарын 15-ны орой Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багт оршин суух иргэн М.П гэрийн гадаа бусадтай бүлэглэн тус сумын харьяат иргэн М.Б биед халдан зодож, улмаар М.Б биед зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний судаслаг бүрхүүлийн /хориод/ урагдал, баруун, зүүн нүдний алимны салстын цус хуралт, хамрын ясны хугарал, мурийлт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, зүүн хацар, шанаа хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлджээ. Энэ нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан:

-Хохирогч М.Б , гэрч Б.Б, М.П, хууль ёсны төлөөлөгч Б.Б нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүгдэгч П.Г Ч.Б  нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 сарын 09-ний өдрийн №63 тоот шинжээчийн дүгнэлт, шинжээч эмч Б.Ариунзаяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг зэргээр М.Б биед зүүн нүдний алимны доргилт, зүүн нүдний судаслаг бүрхүүлийн /хориод/ урагдал, баруун, зүүн нүдний алимны салстын цус хуралт, хамрын ясны хугарал, мурийлт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхины хэсэг, зүүн хацар, шанаа хэсгүүдийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна. 

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Г Ч.Б  нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.   

Тухайлбал шүүгдэгч  П.Г Ч.Б  нар нь бүлэглэн 2019 оны 09 сарын 15-ны орой Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багт оршин суух М.П гэрийн гадна хохирогч М.Б биед хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болох нь тус тус тогтоогдож байна.    

            Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2 дахь хэсгийн 2.4.1-д “гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан” гэж тодорхойлжээ. Шүүх эмнэлгийн шинжээч эмч дээрх шалгуур шинжийг үндэслэн М.Б бие махбодид учирсан гэмтлийг “хөнгөн” зэрэгт тооцсон нь үндэслэлтэй байх бөгөөд улсын яллагч, шүүгдэгч нарын зүгээс хүсэлт гаргаагүй тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явууллаа.

Хэрэгт авагдсан Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 10 сарын 09-ний өдрийн №63 тоот шинжээчийн дүгнэлтээр хохирогч М.Б биед хөнгөн хохирол учирсан болох нь тогтоогдсон байна.

  Хэнтий  аймгийн  Бор-Өндөр  сум  дахь  Сум  дундын  Прокурорын  газрын

хяналтын прокуророос шүүгдэгч П.Г Ч.Б  нарт холбогдох эрүүгийн хэргийг зүйлчлэн ирүүлсэн Эрүүгийн хуулийн зүйл, заалт тохирсон байна.

Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр өмгөөлөгч Г.Ганбадрахын шүүхэд гаргасан “дахин шинжээч томилуулах, хохирогчийг 3 хүн зодсон асуудлыг шалгуулах” тухай хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн.

Тухайлбал шинжээчийн 2019 оны 10 сарын 09-ний өдрийн 63 дугаартай “М.Б биед гэмтлийн хөнгөн зэрэг тогтоосон” дүгнэлт мөн 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 20 дугаартай “М.Б шүүх шинжилгээний задлан шинжилгээ” хийсэн акт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй гэж үзэх боломжгүй байна.

Мөн П.Г Ч.Б  нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааны явцад тухайн гэмт хэрэг үйлдэх үед байсан гэрч М.Пүрэвнарангаас хуульд заасан журмын дагуу мэдүүлэг авсан. Э.Тэмүүжинг гэмт хэрэгт холбогдсон талаар шалгасан байна.

М.Б  нь нас барсан гэх үндэслэлээр хэрэг бүртгэлтийн 194000203 дугаартай хэрэг 2019 оны 11 сарын 12-ны өдөр нээсэн бөгөөд одоо уг хэрэг нь эцэслэн шийдвэрлэгдээгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нэмэлт болон дахин шинжилгээ хийлгэх хүсэлт гаргах эрхтэй байна. Шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нар нь дахин дээрх хүсэлтийг гаргаагүй тул шүүгдэгч нарт холбогдох хэргийг шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Гэмт хэрэг үйлдэхэд шүүгдэгч П.Г Ч.Б  нарын хууль бус, зүй бус үйлдэл нь нөлөөлсөн байна.

Иймд шүүгдэгч П.Г Ч.Б  нар нь 2019 оны 09 сарын 15-ны орой ямар ч шалтгаангүйгээр хохирогч М.Б г зодож, бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл учруулсан болох нь дээр дурдсан баримтаар тогтоогдож байх тул бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн талаар

Гэмт  хэргийн улмаас хохирогч М.Б биед хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь “гомдолтой, эмчилгээний зардал нэхэмжилнэ” гэх мэдүүлгийг өгсөн боловч энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул нотлох баримтаа бүрдүүлж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч П.Г Ч.Б  нараас гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжлэх эрхтэй болно.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Г.Ганбадрах нарт  шүүх хуралдааны товыг Эүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасны дагуу хүргүүлсэн боловч шүүх хуралдаанд оролцохгүй гэх хүсэлтийг тус тус ирүүлсэн байх тул тэднийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч П.Г Ч.Б  нар нь бусдад төлөх төлбөргүй байна.  

Шүүгдэгч П.Г Ч.Б  нар нь “өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан” байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт холбогдох хэргийг өмгөөлөгч оролцуулахгүйгээр хянан шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухайд:

Шүүгдэгч П.Г Ч.Б  нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байгаа мөн улсын яллагчийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлттэй нийцэж байна.

Шүүгдэгч П.Г Ч.Б  нар нь урьд ял шийтгүүлж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. /хх-ийн 50, 53/

Шүүгдэгч П.Г Ч.Б  нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал”, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан “Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал” тогтоогдоогүй болно. 

Дээрх бүх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч П.Г Ч.Б  нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон хэрэглэж, улсын яллагчийн санал болгосон 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч П.Г Ч.Б  нарын шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан “торгох ялыг сонгож хэрэглэж өгнө үү. Улсын яллагчийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх боломжгүй байна” гэх хүсэлтийг шүүх хүлээж авах боломжгүй байна.

Учир нь шүүгдэгч П.Г Ч.Б  нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй нөхцөл байдал, сарын тодорхой орлогогүй нөхцөл байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг зэргийг харгалзан шүүгдэгч нарт торгох ял оногдуулах боломжгүй гэж шүүх дүгнэсэн.

Шүүгдэгч П.Г Ч.Б  нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл,

36.2 дугаар зүйлийн 4, 36.4, 36.4 дүгээр зүйлийн 2, 36.7, 36.8, 36.10,                       36.13, 38.1, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

Т О Г Т О О Х нь:

 

           1.Шүүгдэгч П.Г Ч.Б  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “бүлэглэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

              2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г Ч.Б  нарыг тус бүр 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

              3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г Ч.Б  нарт оногдуулсан 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын Засаг даргын Тамгын газарт өдөрт 4 цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.

              4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар П.Г Ч.Б  нар нь 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.         

               5.Шүүгдэгч П.Г Ч.Б  нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, шүүгдэгч нарын бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

              6.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б нь хохирогчийн эмчилгээтэй холбогдон гарсан зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

              7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5

дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Г Ч.Б  нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэн авсугай.

              8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.    

  9.Шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               М.ЭНХМАНДАХ